Monday, 17 October 2011

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙГ БҮГД ЭРХЛЭН ШИЙТГЭГЧ ЯАМНЫ БҮТЭЦ, ЭРХЛЭН ХАРИУЦАХ АЖЛЫН ТУХАЙ.

 ХХ зуун гарахад Манж Чин улсын байр суурь ганхаж, түүний бүрэлдүүнд байсан Монгол, Хятад, Уйгур, Түвэд зэрэг олон угсаатан цөм үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд улам бүр идэвхтэй оролцож, тэдэнд Манжийн эзэн хаант төрийг түлхэн унагаах нийтлэг зорилт байвч уг зорилгыг биелүүлсний дараа тус тусын үндэсний тусгаар тогтнолыг сэргээхийг зорьсон хандлага улам бүр мэдэгдэхүйц болж байв.
Сайн ноён хан Т. Намнансүрэн, Эрдэнэ дайчин чин ван М. Ханддорж тэргүүтэй Халхын угсаа сурвалж өндөр, алтан ургийн том ноёд Монгол улсаа туурга тусгаар улс болгож, Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан өргөмжилж, эрдэнийн сууринд залсаныг та бүхэн мэдэх тул илүүц зүйл нуршихыг хүссэнгүй. Тусгаар тогтнолоо олж авсан монголчууд улс орныхоо төр засгийг төвхнүүлж, эдийн засаг, соёлыг урагш давшуулах зорилт болгон Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүүх зэрэг таван яамыг нээж, тэдгээрийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг нарийн сайн зохион байгуулж, тусгаар тогтносон Монгол улсыг бие даасан улс болгохоор Монголын сурвалжит ноёд эрмэлзэж байсан нь тун илэрхий.
Богд эзэн хаан Олноо Өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд буулгасан зарлигтаа: “Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ха /Ханддорж/-д үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тавигтун” хэмээсэн. Энэхүү зарлиг буусан өдрөөс эхлэн Хаант Монгол улсын Гадаад Хэргийг Эрхлэн Шийтгэгч Яамны анх байгуулагдсан огноо гэж судлаачид үздэг.
Анхны сайд Эрдэнэ Дайчин Чин ван Ханддорж

Монгол улсын төрийн захиргааны төв байгууллагуудын гүйцэтгэх үүргийн онцлогийг харгалзан хаанаас Олноо Өргөгдсөний хоёрдугаар оны цагаан сарын шинийн долоонд гаргасан зарлигийн дагуу Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам зэрэг дэвийн хувьд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны дараа буюу “Дэд зэрэг”-т эрэмблэж, Дотоод яамнаа аливаа бичгийг илгээхдээ “өргөн илгээв” хэмээх хэрэглэхээр болжээ.
“Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг” хэмээх эрх зүйн актаар Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны үүрэг, бүтэц зохион байгуулалтыг зохицуулж байжээ. Уг эрх зүйн актанд Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, дэд сайд нар  гадаад улсад харилцан холбогдох аливаа хэргийг хэрхэн шийдэх мөн энэхүү яамны үүрэг, орон тоог тодорхойлохын зэрэгцээгээр дотоод зохион байгуулалт нь чухам ямар нэгжээс бүрэлдэх, хэн юуг хариуцан эрхлэхийг тодорхой заасан байдаг.
Гадаад яамны орон тоо нь сайд, дэд сайд, эрхэлсэн түшмэл, дэс түшмэл, эх зохиогч, жинхэнэ бичээч, орос үсэг орчуулагч түшмэл, бичээч, хэлмэрч, мөн нярав, хаалгын дарга, зарлага, хаалгач, галч зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Бусад яамдын адилаар Гадаад яаманд ажиллах түшмэд, албан хаагчдыг сонгон авдаг байсан ба тэргүүн сайдыг Богд эзэн хаан өөрөө монгон, зарлигаар томилдог байв. Харин Дэд сайд, эрхэлсэн түшмэл, дэс түшмэлийн албанд ажиллуулахдаа сайдууд хаан эзэнд айлтган зарлигаар томилуулдаг аж. Эх зохиогчоос доош түшмэлийг эхний удаа яамны бичээч буюу орон нутагт төрийн алба хашиж туршлагатай болсон хүмүүсээс сонгон тавиад огцруулах, зэрэг бууруулах, хэрэв төрийн түшмэдийн ёс зүй, сахилга батыг онц хүндээр зөрчсөн тохиолдолд цээрлүүлэх эсэхийг шийдвэрлэдэг журамтай байжээ.
Гадаад яамны тэргүүн сайд нар

№                   Тэргүүн сайдын нэр              Алба хашсан он    Алба хашсан хугацаа
1                       М.Ханддорж                          1911–1915               4 жил
2                       Б.Цэрэндорж                         1915-1919               4 жил

Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам үндсэн 3 хэлтэсээс бүрдэх бөгөөд эрхэлсэн түшмэл, дэс түшмэл дээрхи хэлтсийн ажлыг хянаж эрхлэн явуулна.
-Өмнөд хэлтэс эх зохиогч түшмэл 2, жинхэнэ бичээч 4, хятад бичиг орчуулагч түшмэл, хятад бичээч тус бүр нэг нэгэн хүн ажиллаж, Дундад иргэн улстай холбогдох хэрэг зүйлийг эрхлэн явуулахаас гадна Монгол улсад буй Дундад иргэн улсын харьяат нар, худалдаачин, хувийн үйлдвэр эрхлэгчдийн асуудлыг зохицуулах ажил эрхэлнэ.
-Умарт хэлтэст эх зохиогч түшмэл 2, жинхэнэ бичээч 4, орос бичгийн орчуулагч түшмэл, орос бичгийн бичээч тус бүр нэг хүн ажиллаж Орос улстай харилцах бүх асуудал, Монголд суугаа Орос иргэдийн  зарим асуудлыг хариуцдаг байв.
-Төв хэлтэст эх зохиогч түшмэл, жинхэнэ бичээч тус бүр хоёр хүн ажиллаж, олон улстай байгуулсан гэрээ, бичиг, зураг, цахилгаан, чухал албан бичиг хадгалах, Монгол улсын яамдтай гадаад улсын зарим асуудлыг зөвлөлдөн нийлж хэлэлцэх зэрэг төрийн ихээхэн хэргийг эрхлэн шийтгэдэг байсан аж.
Гадаад яамны шууд харьяа байгууллага орон нутагт болон гадаад орнуудад байгаагүй, харин Оростой байгуулсан гэрээний үндсэн дээр цахилгаан мэдээний газар, уурхайн баялгийг эрхлэх зарим ажил мөн сургуулийн хэргийг хамаарч байв.
Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны үйл ажиллагаа нь Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсаар зөвшөөрүүлэх, тэдэнтэй найрамдалт харилцаа тогтоох, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх, гадаад бодлогыг идэвхитэй явуулахад чиглэгдэж байв. 1911 онд Монгол тусгаар улс болсон тухайгаа нэн тэргүүнд Манж Чин улсад албан бичиг хүргүүлжээ. 1912 онд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаа “манай Монгол улс нийт бүгдээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдагдахгүйгээр сахих учир нэгэнт Чин улсаас салаад өөртөө тогтнож өөрөө эзэрхэх улс төр байгуулан Халх Монголын шарын шашны эзэн Жибзундамба лам юугаан Монгол улсын хаан эзэнд өргөмжлөн шашин төрийг хослон бариулсан явдлыг эрхэм яамнаас олон гадаад улсад зарлах ажаамуу” хэмээн бичиг илгээсний дагуу Хаант Орос Улс, Франц, Англи, Герман, Америкийн Нэгдсэн Улс, Бельги, Дани, Голланд, Австри зэрэг улсын Гадаад яаманд мэдэгдээд “гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж найрамдлыг зузаатгана уу” хэмээн санал дэвшүүлэв. Үүний үндсэн дээр 1912 оны 10 дугаар сарын 21-нд Монгол-Оросын хооронд найрамдлын гэрээ, худалдааны протокол байгуулагдаж, 1913 оны эхээр Монгол-Түвэдийн гэрээнд гарын үсэг зурав. Дурдсан гэрээ бичгүүдэд найрамдалт харилцаатай байхын сацуу эдийн засгийн /Түвэд улстай соёлын харилцаатай/ харилцаагаа улам өргөжүүлэх санаа тусгагдсан байна. Дараах жилүүдэд байгалийн баялаг ашиглах, цахилгаан мэдээний газар байгуулах, санхүүгийн зээл авах, цэргийн сургалт, зэвсгийн тусламж авах, Орост хүн явуулж сургах зэргээр хөрш оронтой байгуулсан гэрээг хэрэгжүүлжээ.
1913 онд Бүгд ерөнхийлэн захирах яам байгуулагдаж Дотоод зэрэг таван яамны өөр өөрсдийн эрхлэн шийтгэх хэргийг ялган салгаж өгчээ. Үүнд “...Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэгч яамны эрхлэн шийтгэх хэргийг товчилвоос гадаад улс лугаа найрамдлын ба худалдаа нэвтрүүлэх, гэрээ бичиг байгуулах хэрэг тохиолдох бүр Зарлигийг гуйн айлтгаад тусгайлан бүрэн эрх барих сайдыг томилон гаргаж, нарийвчлан хэлэлцэн тогтоож сонсгон айлтгаад нийтээр явуулан тушааж дагаж явуулмой. Жич бусад аль ч улсын хэрэг шийтгэх газар ба мөн тэдний сайдууд түшмэл лүгээ аливаа хэргийг ам ба бичгээр харилцан хэлэлцэж шийтгэмүй. Мөнхүү бусад улсын сайдууд түшмэл ба цэрэг албаны хүн нарыг сайшаан хөхиүлэх хэрэг тохиолдвоос айлтгаж хишиг хүртээлгэмүй. Бас аливаа гадаад улсын засгийн хэрэг шийтгэх газар ба худалдааны хүн нар, манай Монгол улсын харьяат олон газраа төмөр зам, цахилгаан тэрэг байгуулах ба худалдааны пүүс, байшин орон, байгуулах, бас ч олон зүйлийн уурхай нээх, уул дэлхийн ашгийг авахыг гуйх зэрэг хэргийг бүрнээ эрхлэж гүйцэтгэн шийтгэмүй. Аливаа Монгол, Орос харилцан холбогдсон зарга заальхай, хулгай худал, хүний амины зэрэг хэргийг Оросын консул сайд лугаа хамт нийлэн шүүн шийтгэх буюу эсхүл зохих газруудад явуулан тушааж гүйцэтгэн шийтгэмүй. Дундад иргэн лүгээ гэрээ бичиг байгуулахуйн янар аливаа харилцан холбогдсон хятадын зарга заальхай, хулгай худлын зэрэг хэргийг цөм эрхлэн шийтгэмүй. Хааяа хүний амины зэрэг хүнд чухал хэрэг тохиолдвоос Шүүх таслах яам лүгээ хамт нийлэн шүүн шийтгэмүй. Манай улс нэгэнт Гаалийн яам байгуулсны тулд, гааль хураах хэргийг цөм Гаалийн яам эрхлэх боловч, гадаадаас гааль хураах нь багагүй тул, Гадаадын яам Гаалийн яамыг хавсарч шийтгэмүй...ХА-3, Д-1, ХН-413, 4-р нугалбар”.
1915 онд Хиагт хуралдсан Орос, Монгол, ДИУ гурван улсын бага хурлын шийдвэрээр Монголын бүрэн эрхт байдлыг цуцлаж ДИУ-ын харьяат автономит улс болгосноос Гадаад яамны үйл ажиллагаанд томоохон  өөрчлөлт орсон нь лавтай.
Гадаад яамны үүрэг, үйл ажиллагааны чиглэл 1911-1919 онд бага зэрэг өөрчлөгдөж байсныг тоймлон өгүүлье. Үүнд
1. 1911 оны 12 дугаар сарын 29-нөөс 1919 оны 11 дүгээр сарын 22-ныг дуустал 7 жил 10 сар 25 хоног үйл ажиллагаа явуулахдаа эхний хагаст нь буюу анх байгуулагдсан өдрөөсөө 1915 оны 6-р сарын 6-ныг дуустал 3 жил 5 сар 10 хоногт өөрийн үндсэн үүрэгт ажилд хамааралтай асуудлыг бүрэн эрхтэй хариуцаж Богд хаанд толилуулан шийдвэрлүүлж байлаа.
2. Хиагтын гурван улсын бага хурлаас Монголыг ДИУ-д автономит эрхтэй харьяалуулах болсноос эхлээд хятадын цэргийн эрхтнүүд Монголын автономит эрхийг цуцлаж ДИУ-ын дотоод бүтцэд багтаасан 1919 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэл 4 жил 5 сар 5 хоногт тус яам гадаадын худалдааны пүүс, гадаад иргэдийн асуудал зэрэг зүйлүүдийг хамаарч байв.

No comments:

Post a Comment