Sunday 30 October 2011

Монгол улсыг тусгаар улс болгох тухай Хүрээнд суугаа Орос улсын консулд явуулсан бичиг

Өргөн илгээв сонсгон явуулах учир байцааваас энэ хэр цаг төр урьд лугаа огт адилгүй их түгшүүртэй болсон аж. Манай Монгол урьд Манж хааны өршөөлөөр шар шашин улс төрийг дээш бадруулан бататгаж бүхий цагт дуртайяа дагаар орсон нь ойрноос нээрээ буй боловч үнэн үгүй дор хүрч манай Монголчуудад элдэв зовлон зүдгүүрийг цагаар нэмэгдүүлсэн нь хэн алины нүд чихэнд илэрхий тодорхой ер тухлавч барахгүй болсон дээр одоо өмнө газар их л самуун дэгдэж олон мужид шинэ төр байгуулан өөртөө улс болон тогтож бүхий чимээ машид олон болсон ба Манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчүүхэн болсон учирт манай олон Монгол аймаг чухам яахин хүмүүжвээс сайн болохыг хүрээнээ хуралдсан Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйс, гүн, засаг, хамба, Шанзудба, Да лам нар бат зөвлөлдөж бүгдээрээ аврал итгэл хамгийг айлдагч Очир дарь багш Богд гэгээнтний алтан өлмийн хүрдний өмнө нь бишрэхүйгээр мандал өргөж эрс тодорхойгоор заан соёрхохыг хүсэж энэ өвлийн тэргүүн сарын шинийн найманаа айлтгасанд мөн өдөр хойш сурган соёрхсон нь таны ийнхүү асуусан нь маш сайн ер аливаа юмыг цаг хэмжээ үгүй нь огт үгүй бөгөөд Манж Хятадын ийнхүү байдал цөм цаг болсон тул болой.
Харин одоо манай Монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шар шашныг бататган дэлгэрүүлж өөрсдөө бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээр нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чармайн зүтгэхүйд харгалзмой. Бас би лам олон Монгол шавь нар цөмийг нэгэн адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар надад бишрэн мөргөхөөр ирдэг  олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил яаран сонсогвоос зохимой. Энэ тухайд Хүрээний олон орон дацан аймаг хийгээд олон хошуу шавь бүхий хүрээний сүмүүд өөр өөрийн сахиусыг сайн тахиж гаргалт өргөлтийг гүйцэтгэ. Ловончинбогийн Сонболүндэв, Пунцагхүсэм, Жанлавцогзол, Гандансүлдэв эдгээрийг аль олон шар хар олон нийтээр эв тангаргаа хичээж маань мэгзэм Дэмчигдоржийн дайв шамдан унш гэм үгүй сайн хэмээн айлджээ.
Үүнд бидний ван, гүн, лам нар дахин зөвлөлдөж манай Монголчууд болбоос угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин журмаар өөрсдөө улс болон өөрийнхөө хэргийн эрхээ бусдаар эрхлүүлэхгүй шинэ төр байгуулан тогтоож зөвлөн тогтоосон. Үүнд манай монгол Манж Хятад түшмэдэд захирагдахгүй тэдний эрх мэдлийг шууд хасаж биесийг уг нутагт буцаахаар бичиг өгсөн нь дан ганц тэдний эрх мэдлийг хасаж буцаахаас өөр энгийн номхон шударгаар наймаалан суух иргэнийг учиргүйгээр халдан зовоох санаа бус болой. Харин дэмий цуу үг задруулан олны санааг үймүүлж огт үл болмой. Хуучин хэвээр зарласан нь хүрээний ойр газар суулгаж сургууль хийлгэн цагийн түгшүүртэйд дээд дор болбоос Богд лам эхлэн шар шашнаа хамгаалмой. Доорд дор болбоос олон иргэд ба газар орноо харгалзан сахисугай хэмээжээ. Бүү олноор сэжиглэн айхтун. Гагцхүү харгисаар халдахаар ирэхүй нь болбоос харин даруй гэсгээн цаазалмой. Хааяа зальхай ард шинэ төр байгуулах хэрэгт зөрчилхийлэн явах ба муу хөгжөөн булаах хулгах сүйтгэх зэрэг элдэв зүй бусаар хэрэг дэгдээн явах ба жич бас цахилгаан мэдээ болбоос олон улсын элдэв хэргийг нэвтрүүлэх нь нэн чухал тул хэн хүн эвдэх таслахад хүргүүлвээс тус тус зэрэг нэмүүлэн хүндэт шийтгэмой. Бүү зөрчигтүн нийтээр мэдтүгэй. Битгий худал ташаа дор үзэгтүн сэжиглэлгүй харилцан эвтэй найртайгаар нам гүм суухыг дахин давтан тодорхойлон захисугай хэмээн Монгол, Орос, Төвд иргэн шар хар олон хүн нийтэд ухуулах бичиг гаргаж зохих олон газруудад наалдуулсан. Үүний зүй нь их Орос улсын генерал  консул сайд танд мэдэгдэн явуулъя Үүний тул иргэн илгээв.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван гурван
Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлж, хянан тохиолдуулсан
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан Г.Насанбуян
Түүхийн баримтын төвийн архивч Г.Ганзул

Богд гэгээнийг эрдэнийн сууринд залахтай холбогдлуулан аймаг, шавь, ноёд түшмэдэд мэдэгдсэн бичиг


Ерөнхийлөн шийтгэх газраас.
Аймаг шавийн түшмэдэд тушаагаад уламжлан мэдэгдүүлэх нь.
Дээд сүмээс нааш залрахад олон лам ноёд олон хуврагийг авч жагсаан номын ёсоор хөгжим үүсгэн ордонд залруулаад, жич: зүүн ордноос төрийн ордонд залрахад Богд эрдэнэ сэцэн ноёнтанд шар торго дэвсэж, шадар сайд сойвонгууд хоёр талд, шадар сайд донир нар өмнө удирдан Бойнзамба бойпор барин лам ноёд ордоны үүдний хоёр этгээдэд хүж барин жагсаж Эрдэнэ сэцэн ноёноо тогос шүхэр  нэмэн барьж дотогш залрахад лам нар, донир бараа бологчоос дээш ноёд засгаас дээш ордноо бараалхан бусад нь ордны гадна цөм төв хичээнгүйгээр жагсаад,  эрдэнийн сууринаа залармагц ноёд лам нар бүгдээр өөр өөрийн жагссан газартаа төрийн ёсоор гурав мөргөхийн сацуу өргөх зоогийн сүү, цай, хошоод завъяаг соёгба нар залж ирмэгц сойвонгууд тосож аваад хундага сэлтийг өргөх ноёд лам нар хүн тутам нижгээдээр барин жагсаж сөгдөөд ерөөлийг айлтгах Да лам Цэрэнчимэд төв өмнөд дор сөгдөн шар цагаан хадаг нижгээдийг ерөөлийн хамт бариад, уншин айлтгаж гүйцмэгц өргөх зүйлийг удаа дараагаар мутарт дэвшүүлэн өргөсний дараа гурав сөгдөж ес мөргөмой.

Хишиг тараах зарлиг буулгахуй дор мөн бүгдээр гурав сөгдөж ес мөргөөд лам нараас хамба, цорж, шанзудба, да лам нар, ноёдоос хан, ван, бэйс хүртэл дараалан мөргөхүй дор тамга шагнан өгөхөд мутраар шагнамой. Шагнагдсан хүн тамгыг зүүн гарт өргөж баруун гарыг газар тулж гурав мөргөмой. Энэ тухайд есөн бэлгийн малыг ордны төвийн хаалганы гадна барин жагсмой. Энэ даруй сангийн яамны эрхэлсэн сайдын газраас хүн томилож хураалгамой. Зоог сүү цайны буултыг ордоны дотор бараалхсан лам ноёдод бараа бологчдод малгайтай түгээн хүртээмой. Ёслон өргөж түгээх идээг залрахын урьд ширээний дээр бэлдэн бүтээж тавиад ерөөл айлтгахуй дор бүтээлгийг авмой. Хундага өргөх хүн сүү, цай, сархад, айраг, таташ таргийг дараагаар өргөмой. Энэ хооронд их цард бэлдсэн идээнээс гурван мөнгөн цард дээж авч өргөөд шадар сайд сойвонгууд урьд адил бараа болон их дуганд залруулмой. Донир нар дагамар хоёр зэрэгцүүлэн улаан эсгий нэгийг дараа дор дэвсмой. Ширээнээ залармагц сойвонууд хуучин ёсоор бараа болмой.
Шадар сайдууд бэлдсэн дэвсгэр дор суумой. Ноёд лам нар язгуурын суудаг газартаа бараа болмой. Олон түшмэд ба дагагсад өөр өөрийн хувиа хянан зэргээ бодож зэрэгцэн чихцэлдэх үгүй болтугай, түшмэд ба алба бүхий лам нар төрийн ордны гадна ойр сөгд, ноёд лам нарын олон дагагсад ногоон лаврангийн өмнө хөндлөн гишгүүрээс давж болохгүй үүнийг бүгдээр мэдтүгэй хэмээн ухуулан зарлая.

Он арван нэгэн сарын шинийн найман.
Хундага өргөхөд         Чин ван Ханддорж,  Гүн Намсрайжав
Тамга өргөхөд             Да гүн Чагдаржав
Өргөмжлөлд                Сайн ноён Намнансүрэн,  Жанжин бэйс Гомбосүрэн
Мандалд                        Түшээт хан Дашням,  Сэцэн хан Навааннэрэн
Бурханд                          Хамба номун хан Пунцаг,  Дэд хамба Содномдаржаа
Номд                               Манзушир Царидорж,  Жалханз Дамдинбазар
Суварганд                       Ноён номун хан Жигмэддорж, Эрдэнэ хамба 
                                                            Лувсанцэрэн-данбатоми
Долоон эрдэнийг            Шанзудба Бадамдорж,  Мэргэн хамба Дэмбэрэлдаш
Түмэн оны хангагчийг     Да жүн ван Гомбосүрэн, Мэргэн ван Ананд-Очир
Ерөөл айлтгахад                                Да лам Цэрэнчимэд

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлж, хянан тохиолдуулсан
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан Б.Отгонбаатар
Түүхийн баримтын төвийн сан хөмрөгч Э.Шижиртуяа

Ерөнхий сайд Бодоо, Шадар сайд Чагдаржав хоёрыг цаазлахын өмнө нүүр тулгаж байцаасан протокол

Дамбын Чагдаржав
Догсомын Бодоо
 Цэргийн зөвлөлийн гишүүн сайд, цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын тушаалаар Ерөнхий сайд Ардын намын дэд дарга Догсомын Бодоо, Тэргүүн шадар сайд, Ардын Түр Засгийн газрын анхны ерөнхий сайд байсан Дамбын Чагдаржав нарыг баривчлан сургагч Сорокин дөрвөн удаа эрүүдэн байцаасан байдаг. Ардын намын анхны Ерөнхий сайд асан Бодоо нарт хилс хэрэг тулган байцаасан протоколынхоо төгсгөлд гарын  үсэг зуруулалгүй хурууны хээг нь даруулсан байх юм. Энэ удаад элдвийг нуршилгүй Бодоо,Чагдаржав нарыг
нүүрэлдүүлэн байцаасан түүхэн баримтыг толилуулъя. Бодоо, Чагдаржав нарт тулгасан ял нь Богдтой найз нөхрийн холбоотой. Дамбийжанцан лугаа харилцсан. Улаан намын ноёрхлоос татгалзаж Англи лугаа адил засаглалыг байгуулахыг санаархсан, Ардын засгийг устгах гэсэн, Автономит засгийг тогтоохыг санаархсан. Америкийн элчинд захидал бичсэн, Цагаан намын цэргийнхэнтэй сүлбэлдсэн зэрэг үндэслэлээр ял тулгаж цаазалсан байна.

Нүүрэлдүүлсэн байцаалт


Дотоодыг хамгаалах газрын сургагч Сорокин би Бодоо, Чагдаржав хоёрыг нүүр тулгаж байцаасан нь:
Бодоогоос асуусан үг: Таны биеийг хөдөөнөөс ирэхэд Чагдаржав таны биеийг Дамбийжанцантай холбоотой болохын тулд баруун зүг яв гэж хэлсэн үү? гэхэд
Бодоогийн хэлсэн нь: -Хэлсэн үнэн.
Чагдаржаваас асуусан нь: -Та Бодоод ийнхүү хэлсэн нь үнэн үү?
Бодоогийн хэлэх нь: -Хэлсэн үнэн.
Бодоогоос асуусан нь: -Баруун аймгийг хөдөлгөж нааш явуулан орос, буриадын мэдлээс салгаж болно гэж Чагдаржав танд хэлсэн үнэн үү?
Бодоогийн хэлэх нь: -Хэлсэн үнэн.
Чагдаржаваас асуусан нь : -Ийм хэлсэн нь үнэн үү гэхэд,
Чагдаржав хариу хэлэх нь: -Би орос, буриадаас салах хэмээн хэлсэнгүй. Гагцхүү Хятад лугаа холбоо байгуулж хуучин автономит засгийг байгуулъя гэсэн нь үнэн.
Бодоогоос асуусан нь: -Чагдаржав Бодоо танд Хүрээний газар хувьсган байлдах цэрэг бэлэн буй ба Улиастайд мянган хүний зэвсэг бий гэж хэлсэн нь үнэн үү? гэхэд,
Бодоогийн хариу хэлэх нь: -Хэлсэн үнэн.
Чагдаржаваас, ийм хэлсэн нь үнэн үү? гэхэд Чагдаржавын хариу хэлэх нь: -Бууны тухай хэлсэн үнэн. Юу гэвэл Хатанбаатар вангийн цагаантнаас булаан авсан зэвсэг энд буй гэсэн. Энэ Хүрээнд хувьсган байлдах бэлэн цэрэг бий гэж хэлсэн нь худал билээ.
Бодоогоос асуусан нь: -Чагдаржавт та гагцаар баруун аймагт явах гэсэн нь үнэн үү? Бас Замын гаргашийг хэн өгөх гэсэн лээ? гэвэл,
Бодоогийн хариу хэлэх нь: -Үнэн. Замын гаргашийг Тогтох гүн өгөх гэж байсан.
Чагдаржаваас асуусан нь: -Бодоод та ийнхүү хэлсэн нь үнэн үү? гэвэл,
Чагдаржав: Үнэн, Бодоо аль газарт ч хамаагүй явна хэмээн хэлж байсан.
Бодоогоос асуусан нь: -Бодоо та баруун тийш явахдаа Дотоод яамны дэд сайд Жамьян-Очиртай учрах, энэ хэргийг тэр мэдэх учиртай хэмээн Чагдаржав танд хэлсэн үнэн үү? гэвэл,
Бодоо: үнэн гэв.
Чагдаржаваас: Энэ үнэн үү? гэвэл,
Чагдаржав хариу хэлэх нь: -Бодоо над хэлсэн. Баруун зүгт би халуун рашаанд эхнэр лүгээ хамт явна. Эндээс гараад замдаа Жамьян-Очир лугаа учирна гэж Бодоо өөрөө хэлсэн нь үнэн.
Бодоогоос: -Чухам баруун зүгт та өөрөө одох гэсэн буюу эсхүл Чагдаржав таныг одуулах гэсэн буюу? гэвэл,
Бодоогийн хариу хэлэх нь: -Чагдаржав намайг явуулах гэсэн.
Чагдаржав хэлэх нь: -Би явуулах гэсэнгүй. Бодоо өөрөө явна гэсэн.
Бодоогоос асуусан нь: Чагдаржавын Да Шенхүү пүүсээр дамжуулан Хятад лугаа холбоотой болох гэснийг та мэдсэн үү? гэвэл,
Бодоогийн хариу хэлэх нь: -Үнэн. Чагдаржав над хэлсэн.
Чагдаржаваас асуусан нь: -Та энэ хэргийг хэлсэн нь үнэн үү? гэвэл
Чагдаржав хариу хэлэх нь : -Үгүй. Би Да шенхүү хэмээх пүүсийг мэдэхгүй.
Бодоогоос асуусан нь: -Та энэ Чагдаржавын Да Шенхүүг дамжуулах гэсэн хэргийг хэнээс мэдсэн билээ? гэвэл,
Бодоогийн хэлэх нь: -Чагдаржав над хэлсэн нь: Жалханз хутагт, Да лам хоёрын алиныг одоо мартав. Тэр хоёрын нэг нь Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай холбоотой болох гэж байсан хэмээн хэлэхэд, Да Шенхүү гэж хэн болохыг Чагдаржаваас асуувал, худалдааны дарга хэмээн хэлсэн.
Чагдаржаваас: Үнэн үү? гэж асуувал,
Чагдаржав: -Үнэн. Жалханз хутагт чингэж хэлж байсан.
Чагдаржавыг Жалханзтай юу хэлэлцсэнээ илрүүлэгтүн! гэвэл,
Чагдаржав хэлэх нь: -Жалханз хутагт Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай хэлэлцэж автономит засгийг хэлэлцэж болно хэмээн хэлж байсан нь үнэн гэхэд,
Хэдийд болохыг Чагдаржаваас асуувал: -Энэ зун цаг гэв.
Бодоогоос асуусан нь: -Сономын тухай Чагдаржавтай юу хэлэлцэж, ямар хэрэг хийх гэж байсан билээ? гэвэл,
Бодоогийн хариу хэлэх нь: -Чагдаржав надаас асуусан, энэ пүүс хэдий баян аваас Хятад лугаа холбоотой болох хэрэгт тус болж чадах уу? хэмээн ..асууж байсан,.
Чагдаржаваас асуувал: Ийнхүү хэлсэн үнэн үү? гэвэл,
Чагдаржав хэлээгүй гэв.
Та хоёрын хэн нь худал өгүүлсэн билээ? гэвэл,
Бодоо: -Би үнэн хэлсэн гэв.
Чагдаржав: -Энэ тухай юу ч хэлээгүй гэв.
Бодоогоос асуусан нь: -Та Сономын пүүсэнд орсон уу? гэвэл Хариу: -Орсон. Чагдаржав танай пүүсэнд ирэв үү, юу хэлэлцэв.Урагш хүн явуулах тухай асуув уу? гэвэл
Чагдаржаваас асуусан нь: -Та тэдний пүүсэнд явсан уу? хэмээн асуувал
Чагдаржав хариу хэлэх нь: -Явсан үнэн. Тэдний пүүс асуусан нь “Та Богдын дэргэд байх хүн тул гаалийн хэргийг баахан хөнгөн болгохын тулд Хятадтай  найртай байлгахыг бодохгүй юу? хэмээн хэлэхэд Чагдаржав би “чадахгүй” гэсэн.
Бодоогоос асуусан нь: Дамбийжанцангийн мэдэлд орсон баруун хошууг ятган эгүүлэхийн тулд эндээс олон цэрэг явуулбал зохино. Юу гэвэл эндээс олон цэрэг очоод урваж тэнд орох гэснийг санах буюу? Хэн танд ийнхүү хэлсэн билээ? гэвэл ,
Бодоогийн хариу хэлсэн нь: -Энэ үгийг Чагдаржав над хэлсэн гэхэд
Чагдаржаваас: Үнэхээр Бодоод чингэж хэлсэн буюу? хэмээн асуувал,
Чагдаржав хариу хэлэх нь: -Үгүй, харин Бодоо чингэж над хэлсэн гэв.
Хэн нь худал мэдүүлнэ хэмээн асуувал:
Бодоо: -Би үнэн мэдүүлсэн. Гагцхүү Чагдаржав бас хэлж байсан. Данзан сайд, Ламжав гүн хоёр энэ хэргийн учрыг хэлэлцэж байхад
Данзан хэлсэн хэмээх нь: тэр хошууны тэргүүлэгчийг барьж авбал зохино гэхэд, Ламжав найрамдлын ёсоор номхотгож болно хэмээн хэлж байсныг хэлсэн.
Чагдаржав хэлсэн нь: -Хэрэв би хэлсэн болов ч Тогтох гүнгийн үгээр хэлсэн.
Чагдаржаваас асуусан нь: -Бодоо танд ийн хэмээн хэлсэн үнэн үү? Дамбийжанцантай эвлээд Улиастайг авч Хятадтай холбоо байгуулбал ардын засагтай хэлэлцэж болох ба автономийг Хятадаас авбал ямар засагтай болохыг бид өвсөөн \ өөрсдөө гэсэн үг байж магадгүй Г.Д\ мэднэ хэмээн хэлсэн нь үнэн үү? гэвэл
Чагдаржав хэлсэн нь: -Үнэн гэв.
Бодоогоос асуусан нь: -Эдгээр үгсийг хэлэлцсэн нь үнэн үү? гэвэл
Бодоо хариу хэлэх нь: -Би хэлээгүй, харин Чагдаржав над хэлсэн гэхэд,
Чагдаржав та үнэнээ мэдүүл! гэхэд,
Чагдаржав: Бодоо над хэлсэн гэв.
Бодоогоос асуусан нь: -Таны биеийг Ерөнхий сайд байх цагт Чагдаржав таны тамга дарсан сул цаас хэдэн хуудас ав хэмээн хэлсэн нь үнэн үү? гэхэд,
Бодоо: -Үнэн гэв.
Чагдаржаваас асуусан нь: -Үнэхээр Бодоод хэлсэн буюу? гэвэл
Чагдаржав: -Үнэн гэв.
Чагдаржаваас: -Тамгатай сул цаас авч хэрхэх гэсэн билээ? гэвэл, Чагдаржав хэлэх нь: Миний бие Лхасад мөргөхөөр одох хэмээн санасан тул хамгаалах бичиг авахын тулд хэрэглэх гэсэн.
Бодоогоос асуусан нь: -Чагдаржав мөргөхөөр одох гэж тэмдэгт цаас хэрэглэх гэсэн нь үнэн үү? гэвэл
Бодоо хариу хэлэх нь: -Одоо ямар хэргийн учир хэрэглэх гэснийг мэдсэнгүй, гагцхүү үүнийг гуйсан нь үнэн.
Сургагч Сорокин хэлсэн нь: -Над өөр асуух зүйлгүй. Та нарт өөр мэдүүлэх зүйл бий юу? гэвэл.
Бодоогийн хэлэх нь: -Чагдаржав, замын гаргашийг бүтэмж гэлэн, Балжир гавж нараас гаргуулан, Бодоо намайг Бээжинд явуулах гэсэн. Би ямар хэргээр явуулахыг мэдсэнгүй. Бодвол, улс төрийн хэрэг буй заа гэж бодсон.
Чагдаржаваас асуусан нь: -Та Бодоог ийнхүү явуулах гэсэн буюу?” Гэвэл,
Чагдаржав хариу хэлэх нь: -Би явуулах гэсэн нь биш, гагцхүү Бүтэмж, Балжир нар Бодоо бид хоёрыг явуулах гэж байсан нь үнэн, өөр мэдүүлэх үгийн зүйл үгүй гэжээ.

Saturday 29 October 2011

ӨНДГӨН СҮРГИЙН НУТАГ


Монголын шарын шашны тэргүүн анхдугаар богд Жавзандамба хутагтын нөлөөгөөр Монгол, хятад хоёр ард түмнийг хооронд нь заагласан манжийн Энх- Амгалан хааны зарлиг XVII зууны сүүлчээс XIX зууны сүүлч хүртлэх хугацаанд Монголчуудад ч холбогдолтой хэвээр байв. Ингэж заагласан нь Хятад, Монгол ард түмнүүд дарлан мөлжигч дээдсийнхээ эсрэг хүчээ нэгтгэн тэмцэхээс болгоомжилсон хэрэг байжээ. Гэтэл энэ зарлиг хятадын ард түмнийг Монголчуудаас хөндийрүүлэх буюу өөрөөр хэлбэл хятад хүнийг Монголчуудын эсрэг үзлээр хүмүүжүүлэх, Монголчуудыг бас хятадын эсрэг үзлээр хүмүүжүүлэхэд аль алинд нь нөлөөлсний дээр Хятадын үндэсний үзлийг дэвэргэхэд ч дайран дээр нь давс нэмсэн зарлиг болжээ. Тийм ч учраас XVII зууны дунд үед Ар монголд үндэсний эрх чөлөөний бослого гарахад тэр зүгт II Богд Жавзандамба хутагтыг хандахад хүргэсэн байна. Үүнээс болж Манж Чин улсын төр Монголын шарын шашны тэргүүнийг Чингис хааны угсааны хүнээр тавихаас цээрлэж, I, II богдууд Чингис хааны угсааны хүмүүс байсан явдлыг далимдуулан бурхны шашны хутагт хувилгаадыг “дахин төрүүлдэг” номлолын дагуу III Богдоос эхлэн Монголын Богдын хойд дүрүүдийг заавал төвдөөс төрүүлдэг улс төрийн бодлого үйлчлэх болжээ. Үүний зэрэгцээгээр Монголд бурхны шашны бурангуй үзлийг улам хүчтэй дэлгэрүүлэхийн тулд Манж чин улсын улс төрийн бодлогоор бурхны номуудыг хятад нутагт олшруулан хэвлэх, бурхдыг болон бурхны шашны хэрэглэлийг мөн энд /У-тайд/ цутгуулж, Монголд түгээх, Сүм хийдийн барилгыг хятад урчуудаар голлон бариулах зэрэг үйл ажиллагааг Манж чин улсын төр өөгшүүлэн дэмжиж байсан бөгөөд Монголчууд ч бурхны шашинд итгэл бишрэл ихтэй болж, эрэгтэйчүүдийн дийлэнхи хувь нь нийгмийн хөдөлмөрөөс зайлан сууж, монгол хүн амын үржил ч бараг зогсож, Монгол үндэстэн бүрмөсөн мөхөхөд хүрч байлаа. Ийм үед Манж чин улс дэлхийн хөгжингүй орнуудын улс төр, эдийн засгийн хүрээлэлд татагдан орж Хятадын ард түмэн харийн түрэмгийллийн эсрэг хэд, хэдэн удаа зэвсэг барин босч Манж чин улс туйлдан тамирдаж байхад Монголын умард их хөрш Орос оронд 1861 онд хамжлагат ёсыг халж капитализм хөгжиж эхлэв. XVII зууны үеэс оросууд баруун, зүүн Сибирь, алс дорно дахиныг эзэлсэн тэр цагаас орос монгол хоёр орны хувьд сайн хөршийн харилцаа тогтов. Үүнд Монгол орны газарзүйн байдал нөлөөлж Монголчуудын хүн ам, хүрээ, хийдийн нягтшил умард хэсэгтээ Тэс голын адаг хавьд (хөдөөд) хамгийн шигүү байхад хятадтай залгаа нийлсэн өмнө ба баруун өмнө талаар бас сийрэг, хятадын залгаа нутаг ч мөн сийрэг хүн амтай зарим газраа эзэнгүй нутаг нилээд байв. Тийм болоод ч Хятадын залгаа нутгийн хөгжлийн төвшин дорой байхад Монголын умард хязгаартай зах нийлсэн Оросын Эрхүү, Дээд үдийн хязгаар, Байгаль нуурын өвөр тал Оросын Сибирь нутагтаа хамгийн их хөгжсөн (төмөр замтай, фабрик заводтой) бүс нутаг байв. Энэ бүс нутгийг нийслэл хүрээ, цааш нь Хятадын чуулалт хаалгатай холбосон хөгжлийн босоо тэнхлэг бүрэлдчихсэн байв. Энэ байдал Нийслэл хүрээ, тэнд суудаг VIII Богд Жавзандамба хутагтын хувьд ч нөлөөлсөн байна. 
VIII Богд Жавзандамба
 Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамба хутагт нь 1870 онд Төвдийн Лхас хотод томоохон түшмэлийн гэрт төрсөн их хүрээнд 1874 онд (монгол тооллоор 5 настайдаа ) ирсэн. Тэр цагаас хойш Европын тоглоомууд, зургуудыг хачин их сонирхдог болж их хүрээнд суудаг оросын консул Я. И. Шишмаров хийгээд орос худалдаачдын сонирхлыг тун их татдаг хүүхэд байжээ. 1887 онд хутагтын эх Ойдовдулам нь Их хүрээнд өөд болоход 17 настай залуу богд шадар туслагчид /зөвлөхүүд/-тайгээ үлджээ. Тэрээр Бээжингээс Манж Чин улсын эзэн хаанаас зөвшөөрөл авалгүйгээр их хүрээнээс гарч хөдөө явах, архидан наргих, эхнэр хүүхнүүдтэй танилцаж, жороо морь унаж зугаалдаг хүн байжээ. Өнгөрсөн зууны 90-ээд онд VIII богд нь Эрхүү хотод байсан амьтны хүрээлэнгээс сургуультай заан нэг бас сургуультай буржгар үстэй хав нохой тавыг тус тус худалдан авчээ гэж бичсэн бол Жавзандамба хутагтыг 22 настай асанд нь Юлиус Прис бичихдээ: “тэрвээр түрүү дүрүүдээсээ огт ондоо бөгөөд Монголчуудын хувьд гэгээрсэн хүн. Орчин цагийнхаа гэсэн бүхнийг ихэд сонирхдог, шинийг сэддэг хүн гэдэг нь үзтэл илт байна.” гэжээ. “Өндгөн сүргийн нутаг” гэдэг энэхүү тусгай хамгаалалтын бүс их хүрээнд XIX зууны үе буюу VIII Жавзандамба хутагтын үед бий болжээ. 1855-1892 оны үеийн “Их хүрээ” гэдэг газрын зурагт Туул голын хөвөөнд 1837 онд V Богдод зуны ордон болгож байгуулдсан цагаан сүм буюу Гунгаадэжидлин хийд ба Дамбадаржаагийн рашааны /ганцхан/ сүмийг тэмдэглэсэн байтал цагаан сүмийн хойд талд барьсан малын хашааг тэмдэглээгүй байна. Энэ нь VIII Богд 1874 онд их хүрээнд залагдан ирснээсээ хойш цагаан сүм, 1838 онд байгуулсан Гандан дахь өвлийн ордуудад гол төлөв сууж байсан бөгөөд зөвхөн шашин төрийн ёслолын үед зүүн хүрээний төв орд, баруун өргөөнд очдог байсантай холбоотой бөгөөд 1912 онд зурсан “Монголын нийслэл” хот зурагт цагаан сүмийн хойдох малын хашааг тэмдэглэж байгаа нь VIII богд хүрээнд ирснийхээ дараа энд малын хашаа бариулснаас зайлахгүй. VIII Богд 23 настайдаа 1893 онд цагаан сүмийг анхдугаар богдын уран бүтээлийн сүм болгон үлдээж, өвөг дээдсээ дээдэлдэг монгол ёсыг баримтлан зүүн талд нь өөртөө өвийн шинэ ордон бариулахдаа хойд талд нь малын хашаа бариулснаар өндгөн сүргийн нутагт малын хоёр хашаатай болжээ. Өндгөн сүрэг гэдэг нь VIII богд Жавзандамба хутагт болон түүний гэр бүлийнхний өдөр тутмын хэрэгцээний морь, тэмээ, үхэр, хонь ямаа маллаж айраг, хоормог, сүү, цагаан идээ бэлтгүүлж, ордны дотоод хэрэгцээнд авч хэрэглэдэг байсан ба энэхүү тусгай хэрэгцээний малыг Туул гол, Дунд голын хоорондох хэдэн булгын савд адуулан малладаг байсан учир их л энхрий нандин сүрэг гэсэн утгаар ийнхүү нэрлэж, дээрх хоёр голын хоорондох нутгийг "өндгөн сүргийн бэлчээр" хэмээн үзэж энэхүү бүс нутагт бусдын морь малыг оруулах явдлыг цээрлэдэг учир тусгай цагдаа хамгаалалттай байсан гэдэг. Өндгөн сүргийн нутаг нь дээр үеэс рашаан ус элбэгтэй, эндээс Туул,  Дунд голууд уруу эх авч урсдаг ундрага сайтай булагуудтай байсан учир энд дээр үеэс VIII богдын багш Балданчоймбол Ёнзонгийнх ирж зусдаг газар байсныг өргөтгөж VIII богд өөртөө орд барьсны дараахнаас зүүхэн талд нь бас багшийнхаа зусланг өргөтгөж, Сэцэн хан аймгийн хөвчийн жонон вангийн хошуунаас тодруулж их хүрээнд залж ирүүлсэн Цагаан дарь эх бурхны амьд дүр (ирээдүйн хатан нь болох) Гимаагийн Цэндийн охин Дондогдуламыгаа анагаахаар зуны ордон бариулах ажил хийжээ. 1911 онд 12 дугаар сарын 31-нд 1911 оны 3 сараас өрнөсөн үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж VIII богдыг "Монгол улсын хэмжээгүй эрхт, шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст хаан" хэмээн зарлахад, цагаан дарь эх бурхны бүрэлбаатай хэмээн зарлагдаж ирсэн Дондогдуламыг VIII богдын хатан “Улсын эх дагина” хэмээн зарлан хатны ширээнд залжээ. Энэ үеэс VIII богдын өвлийн ордонд өөрчлөлт орж Манж чин улсын хааны жишгээр хааны ордны өмнөх их хаан, төр, шашны туг мандуулах суурь зэргийг бэлтгүүлж хаан, хатны суух орд харшуудыг өргөтгөн шинэ барилгууд барих ажилд оржээ. VIII богд хаан болсныхоо дараа 1912 онд Нийслэл хүрээнийхээ зургийг зуруулж 1913 оноос тусгаар тогтносон Олноо Өргөгдсөн Монгол улсынхаа олон аймаг хошуу, улсынхаа газар нутгийн зургийг зуруулж, улсынхаа хүн ам, мал хөрөнгийн нэгдсэн тоо бүртгэл хийх, төрийн тамга, туг сүлдийг сэргээж тахиж , төрийн сүлд дууллаа зохиолгох зэрэг төрийн арга хэмжээнүүдийг авч явуулжээ. Өндгөн сүргийн нутагт VIII богд хааны шинэ ордны зүүн хойд талд Богдын ээж хэмээн бүр XVII зууны үеэс үе улиран хэдэн үеэр хүндэлж ирсэн “Далай ээж” хэмээх алдартай нэг хатагтайнх суудаг байв. Далай ээж нь 1635 онд халхын Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас хөвгүүн Занабазарыг анх мэндлэх үед энэ ноёны нэгэн шивэгчин эмэгтэй бас хүүхэд төрүүлсэн байж тохиожээ. Тэгээд Түшээт хааны хатан Ханджамцын хөх сүү багатай, хүүхдээ цатгаж чадахгүй байсан учир эхийн сүүгээр хүүхдээ цатгахын тулд сайхь шивэгчин эмэгтэйд Занабазарыг хөхүүлдэг байжээ. Тэр цагаас хойш олон жилийн дараа сүүг нь хөхөж өссөн эмэгтэйг анхдугаар богд өндөр гэгээн Занабазар “Сүүн далай ээж” хэмээн өргөмжилж (хамжлага) шавьтай болгосноор Богдын их шавийн Далай ээжийн отог буй болж одоогийн Төв аймгийн Угтаал цайдам сумын нутагт байсан энэ отгийн эзэн Далай ээж 1924 он хүртэл олон үе залгамжалсан гэдэг түүхтэй. Түүнээс гадна VIII богдын хаанд өргөмжлөсний дараа төрийн улсын эзэн хааны орд харшийн хамгаалалтын шадар цэргийн ангийг буй болгож төрийн эзний шинэ ордны баруун талд шадар цэргийн хуаранг байгуулсан байдаг. VIII богд хааны шадар цэргийн нэгэн анги 1921 оны 8 дугаар сард жанжин Д.Сүхбаатарын цэрэгтэй хамт явж одоогийн Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутгийн зүүн Бүрхэд оросын цагаантан Хоботовын цэрэгтэй тулалдаж ялалт байгуулжээ. Жанжин Сүхбаатар энэ ялалтынхаа үеэр цагаантны цэргээс олзолсон пулемет буу нэгийг сумтай нь хамт богдын шадар цэрэгт шилжүүлж өгчээ. 1925 онд Богдын шадар цэргүүдийг Монгол ардын цэрэгт нийлүүлээд хуаранд нь өдөрт 50 литр хятад хар архи үйлдвэрлэх хүчин чадалтай “Монопол” архины үйлдвэр байгуулсан нь одоогийн “АПУ” компанийн үндэс болжээ. Бас VIII богд Эрхүүгийн амьд амьтны хүрээлэнгээс худалдаж авсан, заан болон бусад амьтдаар суурилж байгуулсан “Норовлин сүм” хэмээх монголын анхны амьтны хүрээлэн, Богдын шинэ ордны зүүн урьд талд нэгэн булаг дээр байжээ. Энэчлэн VIII богд хаан дэлхийн их гүрнүүдийн эзэн хаадын жишгээр ордондоо дэлхийн олон орны амьтны чихмэл, түүхт дурсгалт зүйлийн арвин их цуглуулгын сантай байсан. 1924 оны 5 сард өөд болсны нь дараа энэ цуглуулгаар Монгол улсын үндэсний музейн суурь болж хөгжжээ. VIII богд Монгол улсын хаан болсныхоо дараагаар тус улсын хэмжээнд нэрд гарсан дуучин, хөгжимчин, сийлбэрчин, мужаан , уран дархан, барималчин зураач зэргийг ордондоо цуглуулж тэдний алдарт бүтээл, туурвил хийх замыг тавьж өгсөн байдаг. 1913онд 7 сард VIII Богд хаан болон хатан Дондогдулам нарын санаачлагаар хааны ордны дэргэд “Сангай аймаг” гэдэг нэртэй тусгай хамтлагыг байгуулж тэнд уран зураач, дархан, хатгамалчин дуучин хөгжимчин зэрэг 120-иод авьяастнуудыг цуглуулж тэднийг хатан Дондогдуламын удирдлагаар ажиллуулж эхэлсэн1 байна. Энэ хамтлагт алдарт зураач Засагт хан аймгийн засагт ханы хошууны Балдоогийн Шарав, алдарт дуучин Түшээт хан аймгийн дайчин вангийн хошууны Самбуу, Хар дархадын цагаан адуутын тээхний Цэрэндэмбэрэл, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт дархан Чуганц, мөн хошууны харьяат алдарт дархан Дашаагийн Шар зэрэг суут зураач урчууд, дархан мужаан, дуучин хөгжимчин, зээгт наамалч, хатгамалчид, бас Монгол улсын хамгийн өндөр хүн болох алиа марзан зэрэг онцлогтой хүмүүсийг цуглуулж алдаршуулж байжээ. Нэгэн жишээ хэлэхэд Д. Шарын бүтээл 1 метр гаруй диаметр бүхий дүүжин цаг VIII богдын зуны ордны хашаан дотор байсан хиймэл нуурын арал дээрхи шилэн ордонд байсныг Улаанбаатар хотын захиргааны жижүүр байсан өндөр настан Шир Машина гуай үзэснээ ярьж байсан. Жавзандамба хутагтын их шавийн хар дархадын зүүн отгийн харьяат дүвчин Цэрэндэмбэрэлийн голлож зохиосон VIII богдын бага хатан Гэнэнпилийн тухай “Хандармаа” гэдэг дуу зохиогдсон байдаг. 1923 оны зун Сэцэн хан аймгийн жонон вангийн хошууны Дэчинчойлин хийдийн дэргэд 18 настай 33 хүүхэн цуглуулж нүцгэлж лагшин /фигур/ үзлэг хийхэд Наваанлувсангийн охин Цэенпил шалгарч VIII богдын бага хатан болсон гэдэг. Түүнд зориулж Богдын ордонд үйлчилдэг хүмүүсийн дундаас зохиож гаргасан энэ дууны үг нь: 
"Эрэн-аан таван бурхныг Тэргүүн дээрээ байгуулсан 
Эрхт дагинын гэгээн гэж Эрдэнэ богддоо бараа болсон 
Аръяан дүрийн хандаамаа 
Арван наймтай хандаамаа 
Хандаамаагийн алдар нь Дайчин доржийн хандаамаа 
Дахилт: Ногоон торгон дэджигийг Цээжиндээ асаасан 
Номхрон үгүй уурыг Номын орон болгосон
Хүрэн торгон мадъёгийг Хүйснээс доогуур асаасан 
Хүсэл ихтэй тачияалыг Хүрэл тээрэмд оруулсан 
Барс цоохор гутлыг Бойвондоо асаасан 
Балран харанхуйлах мунхгийг Баясгалангийн орон болгосон" гэж байжээ.
Тэр бүхнээс гадна Өндгөн сүргийн нутагт ялангуяа 1911 оноос хойш зарим ноёд, эрх хэмжээ болон бусад шалгаанаар хүч түрэн нутаглаж суух явдал ч мэр сэр гарч байв. Жишээлбэл: олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Сайнноён хан Т. Намнансүрэн VIII Богд Жавзандамба хааны сэрүүн ордны хойно өөртөө хоёр давхар орд бариулсны дээр Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах яам /засгийн газрын ордны/ барилга бариулсныг нь хожим хятадын түрэмгийлэгчид 1919 онд зугаа цэнгээний газар болгон доромжилж байсан гэдэг. 1919 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хятадын түрэмгийлэгчид Монголын тусгаар тогтнолыг өөрсдийн сайн дураар устгахыг шаардсан бичигт Богд хааны засгийн газрын тэргүүн сайд Эрдэнэ Шанздав Бадамдорж, Гадаад яамны сайд хичээнгүй гүн Цэрэндорж, Цэргийн яамны сайд чин ван Жамъяндорж нар гарын үсгээ зурж Гадаад Монголыг хятадын бүрэлдэхүүнд оруулж, өөртөө засаг эрхийг сайн дураар устгасан тухай Сюи-Шү-Жанд илэрхийлэл гардуулжээ. VIII Богд Жавзандамба хаан илэрхийлэлд гарын үсгээ зурахаас татгалзжээ. Үүний төлөө хятадын түрэмгийн цэргүүд энэ өдөр генерал Сюй-Шү-Жань-ий тушаалаар VIII Богд хааны өвлийн орд уруу гал нээжээ. (ийнхүү гал нээсний мөр нь түүхэнд мөнхөрч үлдсэн байдаг)

ЗҮҮН ХҮРЭЭ ГУЧИН АЙМАГ, ГАНДАН ХИЙД



Нийслэл хүрээний гол хэсгийг шарын шашны лам нарын хороолол буюу зүүн хүрээ хэмээн нэрлэдэг байлаа. “Хүрээ” гэдэг нэрийн талаар түүхч Л.Дүгэрсүрэн тайлбарлахдаа “Хүрээ ” гэдэг үг дээр үеэс гаралтай. Монголчууд хэдэн зуун өрхөөр тойрон буудалладаг байсныг хүрээ гэдэг байжээ. “Эрт үед ямар нэгэн аймаг аль нэгэн газар цагираг мэт тойрон буудаллаж, түүний дунд ахлагчийн гэр байдаг байсан, түүнийг хүрээ гэж нэрлэж байжээ” гэж XIV зууны үед түүхч Рашид-эд-Дин бичжээ. Түүнийг Оросын Монголч эрдэмтэн Владимирцов мөн зөвшөөрөн бичжээ. Монголд байгуулагдсан хийд мөн тэр хуучин журмыг дагаж ихэнхдээ гол төвд нь гол их дуган ордууд бий болж, түүнийг тойрон бусад дуган сүм лам нарын байр барьдаг байснаас хүрээ хийд голдуу дугуй хэлбэртэй байжээ. Тийм учраас хүрээ гэдэг үг томхон хийдийн нэр болжээ. Ийм учраас би энд зөвхөн “Зүүн хүрээ” гэдэг нэрийн учрыг тайлбарлахын зэрэгцээ энэ нэрийн үүсэл хөгжлийн түүхийг товч өгүүлье.
Монгол аймгуудын Ноёлог, баялаг хүмүүсийн дотор ч өмчийн бас үүнийг дагаад эрх хэмжээний ялгарал гарч цөөнх нь “Хан ”, “Мэргэн”, “Баян”, гэх мэт цол хэрэглэж “баатар”, “хүнлэг ” , “дошгин” , “дайчин” , “галзуу” гэх мэтийн ямагт довтлох, байлдах, тулалдах үйл хэрэгт холбогдсон сүрлэг цолтон олширч бас “сэцэн”, “билэг”, “тайш”, “хан хөвгүүн”, “тамган”, “бөө”, “бэг” зэрэг тушаалтан, цолтон гарч ирсэн нь тэр бүхний амь нас, эд хөрөнгө зэргийг хамгаалж явдаг тодорхой хүрээлэгчдийг буй болгосноор нүүдэлчдийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл бэлчээр газар мал, хоёр овгийн бүлэг хүмүүсийн хамтын өмч байсан анхны хүй нэгдлийн нийгмийн нөхцөлд Монголчууд нь овог төрлөөрөө хамтран хүрээгээр нүүж, бас хүрээгээр бууж, дайсны довтолгооноос дээдсийгээ хамтран хамгаалж байх тийм өвөрмөц соёлыг буй болгожээ. Энэ соёл нь Ази тивийн төв дунд үүсч бүрэлдсэн эсгий туургатны гол соёл бөгөөд гал голомтоо буюу гал тэнгэрээ дээдлэн шүтэж гол дундаа авч түүнийг хүрээлсэн соёл юм. Үүнийг өвөрлөгч нутгийн эрдэмтэн Н. Шаралдай зэрэг түүхчид “дугуй соёл” хэмээн нэрэлдэг билээ.
Дугуй соёл нь урьд, хойд зүүн баруун дөрвөн талдаа үүдтэй бөгөөд эдгээр үүднүүдийн хоорондын дөрвөн хэсэгт зэвсэгт хамгаалагчид гарч олон давхар хүрээ хамтран дотогшлон гал голомтоо хүрээлэн хамгаалах зорилготой зохион байгуулгатай байжээ. Монголчуудын энэ соёл XIII зууны үед Оросын Москва хотын гудамж хорооллын зохион байгуулалтанд нөлөөлж “Московская кольцовая дорога”-г үүсгэсэн бол ХХ зууны дунд үед эргээд Москва хотынхноос суралцан Улаанбаатар хотын “Их тойруу” , “Бага тойруу” гудамжнуудыг үүсгэсэн байдаг.
Эртний Монголчуудын эсгий туургат гэрүүд “Хүрээгээр нүүж” “Хүрээгээр буудаг” энэ соёл XVIII-XIX зууны үеэс хот суурин байгуулалтын “Хүрээ дэг” нэртэй үндэсний зураг төслийн голлох арга болон хөгжиж, Монголын их хүрээний болон хүрээ дэгтэй төв орон нутгийн бусад зарим хүрээ хийдийг барьж байгуулах үндсэн төсөл болон хэрэгжсэн байна.
1838 онд их хүрээний баруун дэнж дээр V богдын овгийн ордыг барьж Гандантэгчилэн хийдийг байгуулснаар энэ дэнж дээр их хүрээний нэгэн адил хүрээ дэгтэй өөр нэгэн шинэ хүрээ их хүрээний дэргэд үүссэн байна. Энэхүү шинэ хүрээг Монголчууд их хүрээний баруун хаяанд үүссэнээр нь Түшээт хан аймгийн баруун, зүүн хүрээ хэмээн нэрэлсэн шигээ Богдын баруун, зүүн хүрээ хэмээн нэрлэж их хүрээний төв дундахыг Зүүн хүрээ, Гандантэгчилэн хийдийг тойрсон хүрээг баруун хүрээ хэмээн нэрлэх болсон байна. Тийм ч учраас Гандан хийд, зүүн хүрээ хоёрын нийт лам нарын сүм-захиргааны зохион байгуулалт нэгдмэл, өөрөөр хэлвэл Гандан хийд дээр суудаг лам нар нийтээрээ зүүн хүрээний гучин аймгуудад хуваагдан захирагддаг байснаар Гандан хийдийн хүрээнд суудаг зүүн хүрээ гучин аймгийн лам нар өдөр бүр энэ дэнжээс зүүн хүрээн дэх аймгийнхаа дуган сүмд ирж хурал номын ажилд оролцдог байжээ. Түүнээс гадна хөдөө орон нутагт байсан зүүн хүрээтэй ижил хүрээ дэгтэй хүрээ хийдийн лам нар Нийслэл хүрээнд ирээд бас өөр өөрийн аймгийн дуганд харьяалагдаж, энд байх хугацаандаа тэр аймгийнхаа лам нарын гэр хашаанд сууж, сүм захиргаанд нь захирагддаг байсан байна. Энэ бүхнээс үзэхэд Нийслэл хүрээний гучин аймаг гэдэг нь Монгол улсын хэмжээнд байсан “Хүрээ дэгтэй” бүх хүрээ-хийдүүдийн дунд төвлөн удирдах шинжтэй байжээ. Зүүн хүрээний гучин аймгийн байрлалыг түүний их үүдний баруун тал буюу Богд эзэн хааны төв ордны өмнөх хүндэтгэлийн шөргөн хашааны баруун өмнөөс тоочвол: Энэхүү 30 аймаг бүгд тус тусдаа ямар нэгэн засварын дуган сүмтэй, аймаг бүхэнд сахиусны гонх, хийморийн дарцаг, мөргөлийн вандан, өргөлийн тавиур байсны дээр аймаг бүрийн хаалганы бариул дээр “Зээ бадын” толгойн дүрс урласан байв. Энэ нь Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн эзэн лусын хааны толгойн дүрс гэдэг бөгөөд их хаан умард хятадад дайтаж яваад нэгэн өдөр шар далайн эрэг дээр амарч байх зуураа их далайн лусын эзэн хаан уснаасаа цухуйн ирээд-Чингис хаанд харагдаж:
- Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна. Харин ганцхан миний далайг л эзэлж хэзээ ч чадахгүй гэж хэлээд далд орчихжээ.
Тэгээд л тэр цагаас хойш далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж түүний толгойн дүрийг Монголчууд биширч тэр амьтанаар орд харш, дуган сүмийнхээ үүдийг мануулдаг болсны дээр хөөргөнийхөө хоёр бөөрөнд зэн бадын дүрсийг сийлбэрлэдэг болсон гэдэг домогтой.
Бас “Хүрээ дэг”тэй хүрээ хийдүүдийн лам нарын аймгуудын байрлал нь хийдийнхээ гол үүдний баруун хаяанд буй шүтээний аймгаас эхэлж цогчин дуган, гол орд харш, дуган сүмүүдийг нар зөв тойрч гол үүдний зүүн хаяанд буй Өрлүүд аймгийн байрлалаар төгсдөг байжээ.Зүүн хүрээний эдгээр 30 аймгийн 22-ын лам нарын гэр хороолол зүүн хүрээ, Гандан хийд хоёрт хуваагдаж, Гандантэгчилэн хийдийн тойронд суусан лам нар зүүн хүрээнд байгаа аймгийнхаа дуганд ирж хурал, номын ажилд оролцдог (гандан хийдэд нэгч аймгийн дуган сүм байхгүй) байснаас үзэхэд Гандантэгчилэн хийд бол мөн чанартаа зүүн хүрээний салшгүй хэсэг нь байсан бөгөөд энэ байдал 1837, 1838 оны үед V богдын өвлийн ордыг энэ дэнж дээр шилжүүлэн барьсантай уялдаж Гандэнтэгчилэн хийд үүсэн бүрэлдсэнтэй ч холбоотой. Бас зүүн хүрээний олонхи аймгуудын лам нарын хашаа Гандан хийдийн дэвсгэрт баригдах болж, зүүн хүрээний лам нарын гэр хорооллын өргөжилт саарсан байна.
Зарим түүхт хүмүүсийн байрлалыг ХХ зууны эхэн үеийн байдлаар судалж үзвэл Мандшир хутагт Цэрэндорж, Дилов хутагт Жамсранжав нар Гандан хийдийн дэнж дээр, сэтгүүлч лам Бодоо зүүн хүрээний шүтээний аймгийн урдаасаа гуравдах гудамжинд Наваандондов гэгч айлын хашаанд, 1912 онд Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошуунаас ирсэн Х.Чойбалсан, Бодоогийнд, Жавзандамба хутагтын их шавийн Чандмань отгийн лам Д.Чагдаржав Сэцэн тойны аймагт, Богдын шадар сайд лам Пунцагдорж да лам Дүйнхорын аймагт тус тус суудаг байжээ.
Зүүн хүрээ 30-н аймгийн байршилын зураг

Зүүн хүрээний гучин аймгийн дуган сүмийн хэлбэр, байршлыг одоогийн байдлаар харьцуулж үзвэл ийм байна. Зүүн хүрээ 30 аймгийн нэр - Дуган сүмийн хэлбэр - Одоогийн байршил: 1. Шүтээний аймаг - Модон гэр дуган - Байгалийн түүхийн музейн зүүн тал, 2. Дондовлин аймаг - Томхон эсгий гэр - Мөн музейн зүүн хойно, 3. Жадарын аймаг - Дөрвөлжин тагтай шавар орой бүхий монгол сүм - Сүхбаатар дүүргийн ноын сан, 4. Тойслун аймаг - Жадарын аймагтай ижил - Сүхбаатар дүүргийн ноын сангийн баруун талд, 5. Дуйнхар аймаг - Жадарын аймагтай ижил - Сүхбаатар дүүргийн эмнэлэг, 6. Сэцэн тойны аймаг - Шүтээний аймагтай ижил - СУИС байр, 7. Андуу нарын аймаг - Шүтээний аймагтай ижил - Хонда засварын газар, 8. Дашдандэрлин аймаг - Шүтээний аймагтай ижил - Баянбүрд цогцолбор, 9. Маха маяа аймаг - Шүтээний аймагтай ижил - 4-р бүрэн дунд сургууль, 10. Жасын аймаг - Шүтээний аймагтай ижил - Дөлгөөн нуур цогцолбор, 11. Номчийн аймаг - Төмөр дээвр бүхий модон гэр - Дөлгөөн нуур цогцолбор, 12. Сангай аймаг - Эсгий бүрээстэй модон гэр - Авто засварын газар, 13. Зоогой аймаг - Эсгий бүрээстэй модон гэр - Үйлдвэр урлалын дээд сургууль, 14. Дугарын аймаг - Модон гэр дугантай - Нарлаг буудал, 15. Мэргэн хатны аймаг - Эсгий гэр дугантай - Хамалеон төв, 16. Чойнхорлин аймаг - Модон гэр дугантай - Монгол 3-р бүрэн дунд сургуууль, 17. Бизьяагийн аймаг - Мэргэн хамбын аймагтай ижил - Биеийн тамирын дээд сургууль, 18. Хүүхэн ноёны аймаг - Жадарын аймгийн ижил - Ардын эрх сонины байр, 19. Дархан эмчийн аймаг - Жадарын аймгийн ижил - Гаалын ерөнхий газар, 20. Эрхэмийн аймаг - Модон гэр дугантай - Одоо буй (одоогийн зүүн хүрээ Дашчойлин хийдийн шүтээний дуган), 21 Эх дагинын аймаг - Модон гэр дугантай - Одоо буй (одоогийн хуучин Циркийн байр), 22 Вангай аймаг - Модон гэр дугантай - (Одоо дашчойлин хийдийн гол дуган), 23. Хувилгааны аймаг - Модон гэр дугантай - Чингис хаан дээд сургууль, 24. Барга аймаг - Модон гэр дугантай - Дизайн урлагийн сургууль, 25. Нандилин аймаг - Модон гэр дугантай - Залуучууд буудал, 26. Бандидын аймаг - Модон гэр дугантай - МУИС II байр, 27. Жамьяан сүнгийн аймаг - Модон гэр дугантай - МУИС II байр, 28. Мэргэн номын аймаг - Модон гэр дугантай - МУИС хойд талд, 29. Лам нарын аймаг - Модон гэр дугантай - МУИС ийн төв байрны хойно, 30. Өрлүүд нарын аймаг - Модон гэр дугантай - МУИС-ийн төв байр.
Гандан буюу Баруун хүрээнд байсан зүүн хүрээ 30-н аймгийн лам нарын гэр байрын зураг

1820-1825 оны үед их хүрээний баруун талаар баруун дамнуургачин хэмээх харийн худалдааны иргэдийн хороолол үүссэн явдал өөр шашинтай харийн хүмүүсийг салхины дээд талд гаргахгүй гэсэн шарын шашны лам нарын дургүйцлийг хүргэв. Энэхүү дургүйцлээс болоод хүрээг дахин нүүлгэх юмуу эсвэл хутагтыгаа баруун дамнуургачны салхин дороос зайлуулж өөр “ариун” нутагт залах гэсэн эрмэлзлэлд хөтлөгдсөн хүмүүс V богд Жавзандамбад шинэ ордыг барьж түүнийг Гандангийн дэнж дээр залах үеэр их хүрээ 61 жил суурьшсан нутгаасаа нүүх болмогц тэнд байсан Дашчоймбол, Гунгаачойлин, Идгайчойлин, Ламирам, Бадам-Его дацангууд зүүн хүрээний нутгаас нүүж Гандантэгчилэн сүмийн хойд талаар ирж буухад, Дэчингомбо зурхай мамба жүд дацангууд Цогчинтойгоо хамт сэлбийн хүн чулууны хонхороос Толгойтын аманд нүүн очсон байна. Тэгээд 10-аад жилийн дараа 1855 онд тэндээс дахин нүүж ирээд мамба нь Богдын шар ордны ар тал, зурхай, жүд хоёр нь цогчин дуганыхаа баруун талаар ирж буусан байдаг. Харин майдарын дуган 1839 онд нүүлгүй (1834 онд анх байгуулагдсан3 газраа чулуун барилга учир нүүх бололцоогүй учир) нутаг дээрээ үлдээд 1855 онд хүрээ эргэж ирснээр дахин бэхэжсэн байдаг. (хүрээний нутгийг хамгаалж байсан бололтой.)

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулав

 Олон зуун жил харь үндэстний дарлалд байсан Монгол орон 1911 оны цагаагчин гахай жил Манж Чин улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр тэр үеийн томоохон гүрнүүд АНУ, Англи, Франц, Герман, Австри-Унгар, Орос, Япон, Хятад зэрэг улсуудад элч төлөөлөгч заран, дипломат аргыг хэрэглэсэн хэдий ч өөрсдийнх нь тусгаар тогтнох эсэх нь эргэлзээтэй байсан Төвд улс л манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Үүнээс хойш төдий л  удалгүй 1913 онд Орос-Хятад 2 талын нууц хэлэлцээрээр Монголыг Хятадын нэг хэсэг хэмээн тогтож, үүнийгээ шинэхэн эмхлэгдсэн, хүчин мөхөс манай улсад 1915 оны Хиагтын 3 улсын гэх хэлэлцээрээр тулган хүлээлгэсэн нь эдүгээ түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлджээ. Энэ хэлэлцээрээр Монголыг ХЯТАДЫН АВТОНОМИТ УЛС хэмээн тогтсон бөгөөд үүнийг монголчууд Хятадын ивээл дэх улс, харин Оросууд жинхэнэ сонгодог автономит хэмээх ойлголтоор нь хандаж байсан бол Хятадууд харин өөрийн жирийн муж мэтээр ойлгож байв.
1917 онд Орост хувьсгал гарч, хаант засгийг түлхэн унагаснаар Хиагтын хэлэлцээрийн нэг субъект нь үгүй болж, үүнийг далимдуулан 1919 онд Хятадын цэрэг Монголд нэвтрэн автономит засгийг унаган, Монголыг Хятадын муж хэмээн зарлажээ. 1920 онд Монголд Барон Унгерны цэрэг орж ирэн, түүний араас Зөвлөлт Оросын улаан цэрэг нэвтрэн Монголд нөлөөгөө тогтоохоор өрсөлдсөний дундаас Монголчууд 1921 онд de facto байдлаар тусгаар тогтнолоо олжээ. Гэсэн ч дотооддоо үймээн самуунтай байсан Орос улс 1924 онд цэргээ гарган, хэрэг дээрээ Хятадын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн боловч Хятад улс мөн л иргэний дайны хөлд нэрвэгдэн, энэ хооронд ЗХУ Коминтерны тусламжтайгаар Монголыг Сталинизмын замаар хөтлөн, нөлөөгөө тогтоов. Эндээс дүгнэхэд жижигхэн Монголын маань хувь заяаг Орос, Хятад хэмээх 2 том хөрш нь дангаараа шийдэж ирсэн байна.
1945 онд дэлхийн 2-р дайн эцэс болсноор социалист, капиталист системийн хоорондох үзэл суртлын тулаан, түүхэн дэх хэллэгээр "хүйтэн дайн"-ын эхлэл тавигдлаа. Энэ нь ердөө л ЗХУ болоод АНУ гэх том гүрэн дэлхийг хэрхэн хуваан засаглах талаар зөрүүтэй байр суурьтай байснаас үүдсэн хэрэг. Эл үед нэгэн чухал үйл явдал тохиосон нь Нэгдсэн Үндэстний гэх байгууллага буй болсон явдал юм. Учир нь тусгаар тогтнолын хувьд ЗХУ, дараагаар нь Хятад улс хүлээн зөвшөөрснөөс өөрөөр бусад улс орнуудтай харилцаагүй байсан шинэ залуу БНМАУ энэ байгууллагад элссэнээр улсынхаа тусгаар байх нөхцөл болоод баталгааг олж авахад тунчиг хэрэгтэй цаг үе байсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол улс тусгаар тогтносон улс болсон хэдий ч улс төрийн хувьд бүрэн тусгаар тогтнож чадаагүй байлаа.
Тиймээс НҮБ хэмээх энэ байгууллагад Монгол улс элсэхийн тулд анхлан байгуулагдсан 1946 оноос эхлэн 1947, 1948, 1949, 1952, 1955, 1956, 1957, 1961 онуудад нийт 5 өргөдөл гаргаж, 9 дэх удаагийн оролдлогоороо буюу 1961 оны 10-р сарын 25-нд Хятадын төлөөлөгчийг байхгүй байхад нь санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны 10 сарын 27-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон юм. Тус хуралдаанд Монгол улсыг төлөөлж Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д. Цэвэгмид тэргүүтэй Б. Жаргалсайхан, Б. Дашцэрэн, Б. Ванчиндорж нарын хүмүүс төлөөлөгчдөөр АНУ руу явсан билээ.
Түүхт олон тэгш ой давхцан буй энэ цаг үед ач холбогдлоороо эн тэнцэх нэгэн ой бол НҮБ-д элссэний 50 жилийн ой юм. Энэ түүхэн үйл явдлыг сануулах үүднээс тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газраас НҮБ-д элсэх тухай өгсөн анхны өргөдөл болон тухай үед төлөөлөгчөөр очсон Ю. Цэдэнбалаас Х. Чойбалсанд илгээсэн цахилгаан мэдээ зэргийг та бүхний оюунд мэдлэгийн талх болгон өргөж байна. Дор НҮБ-д элсэх тухай Монгол улсын анхны өргөдлийг бүрэн эхээр нь сийрүүлэв.
Нью-Йорк хот
Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгби Ли танаа
Эрхэмсэг ноён оо!
Нийтийн амгалан ба аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт, түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн талбарт улс түмэн хоорондоо хамтран ажиллах үйл хэрэгт Нэгдсэн Үндэстэний Байгууллага чухал ач холбогдолтой болохыг үзээд  Нэгдсэн Үндэстэний Байгууллагын үндэс суурь болсон зарчмуудад урамшин, энэ зарчмуудыг бүрэн зөвшөөрч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүнд элсүүлэн авах тухай хүслийг Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Их Хуралд уламжилж өгөхийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь таниас хүсэх завшаан тохиолдов.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүслээ Аюулгүйн зөвлөл ба Ерөнхий Их Хуралд илэрхийлэхийн хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн нь өөрийн их хөрш Зөвлөлт Холбоот Улсад эд материалын тус нэмрийг үзүүлэн, нэгдсэн үндэстэний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзмой.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм аа.
Нэгдсэн Үндэстэний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурал мэдэхгүй бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар үнэхээр итгэж баймой.
Үүний хамт Нэгдсэн Үндэстэний Байгууллагын дүрмээс үүсэн гарах бүх үүргийг манай улс өөртөө хүлээж авах ба энэ дүрмийн бүх зүйлүүдийг дагаж гүйцэтгэхэд бэлхэн байгаа гэдгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмнөөс илэрхийлэх нь чухал хэмээн би бээр үзмой. 
Ерөнхий нарийн бичгийн дарга ноёноо                                                                                                Энэ дашрамыг ашиглан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Монголын ард түмэн ба хувиасаа Нэгдсэн Үндэстэний Байгууллага ба танд төгс амжилтыг хүсье.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Х.Чойбалсан
Улаанбаатар хот

1946 оны 6-р сарын 24-ны өдөр хэмээжээ.

Тэгвэл төлөөлөгчөөр явсан Ю.Цэдэнбалаас Ерөнхий сайд Х.Чойбалсанд АНУ-аас явуулсан цахилгаан мэдээг толилуулъя. Тус мэдээнд:
Маршал Х.Чойбалсан Танаа
Аюулгүйн зөвлөлийн хурлууд дээр суулцав. Удтал маргалдан ярьсаны эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүн болгохын төлөө 6 улс гар өргөв.
Харин Америк, Англи, Голланд улсууд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Улс Үндэстний гишүүн болгохгүй гэж гар өргөсөн ба мөн Австрали, Египет 2 улс саналаа өгсөнгүй болно.
Удахгүй нутагт буцахаар нүүнэ.
Цэдэнбал, Нью-Йорк, 1946 оны 9 дүгээр сарын 3.

Эцэст нь нэг зүйлийг улс төрийн агуулгагүйгээр сонирхуулахад манай улс НҮБ-ын гишүүнээр элсэхийг хүссэн 9 удаагийн оролдлого бүрт АНУ, Англи хэмээх улс дандаа татгалзсан хариу өгч байжээ. Харин хаа очиж өнөө терроризм дэлгэрсэн гэх Пакистан зэргийн улс манайхыг тууштай дэмжиж ирсэн нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Эдгээр баримт Монгол Улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно.

Лодойн Хантөгс

БНМАУ-ын анхны баатар Ш. Гонгор

1936 оны "Улсын баатар Гонгор" зурагт хуудас

 Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хийсэн олон арван тулалдааны үед БНМАУ-ын анхны баатрууд төрөн гарсан билээ.1936 оны 1 дугаар сарын 28-ны шөнө Булан дэрсний харуулаас зүүн хойш 3 км орчмоор Япон-Манж гогийн талаас 10 морьтон манай улсын хилийг зөрчин орж ирсэн бөгөөд энэ үед уг газар манааны үүрэг гүйцэтгэж байсан салааны туслах Ш.Гонгор, байлдагч Базарсад, Очир нар хил зөрчигчидтэй тулгаран байлджээ. Харуулын ахлагч, бага дарга Гонгор дайсан цөмрөн довтолсныг харуулын даргад мэдэгдэхээр байлдагч Очирыг явуулж, байлдагч Базарсадаар морьдоо бариулан  өөрөө хил зөрчигчидтэй буудалцаж нэг хүнийг нь устгаж бусдыг нь ухруулжээ.
Ийнхүү дайсны халдлагыг амжилттай няцаасан явдлыг өндрөөр үнэлж БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 1 дугаар сарын 29-өдрийн хурлын тогтоолоор “... нөхөр Гонгор нь бидний Монголчуудын баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээн... манай хувьсгалт цэргийн баатар зоригтойг гадаадын эзэрхэг түрэмгий дайсан этгээдүүдэд... үзүүлж чадсан учир ” Цэргийн гавъаны 1 дүгээр зэргийн одон тэмдэгээр шагнасан бөгөөд БНМАУ-ын баатар цолыг анх түрүүн хүртээжээ.

Энэхүү үйл явдал нь тухайн үеийн улс орны батлан хамгаалах бодлогын нэгээхэн илрэл байсан бөгөөд ард түмний урам зоригийг сэргээсэн явдал болжээ. Тухайн үед уг үйл явдалыг сурталчилсан олон ажил өрнөсний нэг нь зураач В.Одгийв гуайн зурсан зурагт хуудас юм. Зураач “Улсын баатар Гонгор” хэмээх зурагт хуудасыг 1936 онд зурсан байна. Тус түүхэн үйл явдлын 75 жилийн ой энэ онд тохиож буй.

БНМАУ-ын баатар Ш. Гонгор эх орны дайны үед зээр бэлтгэх  их авыг хошуучлан фронтод бэлэг хүргэхэд оролцжээ.  Мөн баатар Ш. Гонгор “Анхдугаар хичээл” уран сайхны кинонд өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд “Тамсагбулагийн хязгаарт” гэдэг ном бичжээ.
ҮТА. КГЗДАБТ

Улсын анхдугаар Их Хурлыг хуралдан, Үндсэн хууль батласан талаархи тойм

1923 оны эцэс гэхэд аймаг, хотуудад ардын төлөөлөгчдийн хурал байгуулан, Улсын Их Хурлыг зарлан хуралдуулах бэлтгэлийг хангасан байна.
Энэ учраас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1923 оны 12 сард хуралдсан 47 дугаар хурал, 1924 оны 1 дүгээр сарын 11-нд хуралдсан Ардын Засгийн Газрын 52 дугаар хурлаас Улсын Түр Цагийн Хурлыг тараахаар шийдвэрлэн, 1924 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 11 цагт одоогийн Улаанбаатар зочид буудлын орчимд байсан МАХН-ын Төв Хорооны 2 давхар байшинд нээгджээ.

Их хуралд 4-н аймаг, дөрвөд, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхай, Нийслэл Хүрээ, буриад хошуу, Дарьганга, Ховдын тариачин хошуу, Ардын цэргийн ангийн гээд нийт 90 хүн сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцсон байна. Үүнээс 6-нь лам хүн байв.
Уг Их Хурлаар
1.    Ардын Засгийн Газар, Яамдын 1921-1924 онд гүйцэтгэн явуулсан ажлын тайлан
2.    Аймгууд болон тусгай хошуудын илтгэл
3.    Засгийн Газраас гаргасан хууль дүрмийг батлах
4.    Үндсэн Хуулийн төслийг хэлэлцэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Хурлын төлөөлөгчид идэвхтэй оролцон давхардсан тоогоор 250 гаруй санал шүүмжлэл гарган, 200 гаруй асуулт асуусан байна. Энэ нь уг хурал хэр ардчилсан шинж чанартай болсныг харуулсан хэрэг байлаа.
Ийнхүү 1924 оны 11 сарын 26-нд Анхдугаар Их Хурлаар 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг батлажээ. Тус Үндсэн Хуульд “БНМАУ-ын дээд эрх Их Хуралд хадгалагдах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал, УБХ-ын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газарт улсын дээд эрхийг хадгалуулбал зохино гэж заажээ. Ийнхүү УБХ-ыг 30 гишүүнтэй, УБХ-ын Тэргүүлэгчдийг 5 гишүүнтэйгээр сонгон байгуулсан түүхтэй.  

Үндэсний Төв Архив, Ц.Мөнх-Эрдэнэ

Тогтох тайжийн тухай нэгэн баримт

Зоригт баатар Э. Тогтох
" Дотоод Монголын Горлос хошууны Тогтох бол Чин улсын тэдний харгисыг эсэргүүцэж шарын шашныг хүндэтгэн үзэх журмыг үүсгэж явсан ба хожим манай гадаад Монголд дагаар орж хамаатаа ардыг элсүүлэн цэргийн хэрэгт хүчин зүтгэсэн гавъяа бүхий тул автономит монголын үед бэйсийн зэрэг хэргэм хүлээж явсан юм. Ардын засгийн анхны үед хэргийн учир татагдаж шүүх байцаах газар байцаагдаж түр хоригдон байсан. Хэрэг нь цагаарч суллагдан тавигдав.
Зайсан Баасан ба зайсан лам Лувсанбалдан нар Тогтоход заалдсан ба булаагдсан зүйлийг эргүүлэн авахаар очиход бэйс Тогтохын хэлсэн нь” Тэдгээр юмыг нь эргүүлэн өгөхгүй “ тэднийг эсэргүүцэн харъяат цэргүүдийг жагсааж байжээ. Бас Тогтохын хэлж байсан нь:“Богдын дэргэд улаан жинс зүүж зарлиг лүндэн хэмээн хүнийг айлган явдаг луйварчингууд байдаг та хоёр тэр буй за, Одоо та нарыг зүй нь шулуун шууд алаад шанзудбагийн яаманд мэдэгдвээс зохих ахин нэгэн удаа түтгэлзэж дахин ирвээс алмой.
Манай бичигч нар эд нарын нэрийг бичиж автугай. Би өгөх боловч өөрөө Богдтой уулзаж байж өгөхөөс биш та хоёр мууд хэрхэвч өгөхгүй танай Богдыг гамингийн гарт ороод амь мэгдэж байхад ба цэргээн явуулж хүчин хавсран амийг нь авалцсан нь ийн өшөө болох буюу тийм сайн юм болбоос юунд гамингийн гарт орсон буй. Хэрвээ намайг  ийнхүү хэлэв хэмээвээс та нар явчихсан гамингуудыг хэлж алуулсугай. Гамингийн юмыг олон хүн авахад та нар юм  олж авч чадсангүй бөгөөд танай Богд дагалдсан шанзудба нар миний авсан юмнаас дам луйвардах хэмээж ирэв.  ” хэмээх зэргээр хэлжээ. Ийнхүү Богдыг басамжлан доромжилж дайран хэлсэн ба Тогтох нь угаас цэргийн хүн тул өөртөө авч байсан буу зэвсэг зэрэг нь байсан ба  Баасан, Лувсанбалдан нарыг ална хэмээсэн хэргийн учир удалгүй хэрэгт татагдсан байна. Гянданд байхдаа өчил үгүй их хатуужилтай байв. Тогтохын их байшингийн баруун талд бүхий гадаа зоориноос карбин буу хоёр сум гурван хайрцаг гарчээ. Үүнийг коминдант хураан авсан хэмээмой. Тогтох нь тэр үеийн лам богд нарт туйлын дургүй болж ирсэн шалтгаан нь юу вэ? Миний бодвоос Тогтох нь лам нартай муудалцсанаас болж ардын засгийн ийнхүү үед бид нарт хавчигдсан хэргийн учир татагдсан. Энэ хэргийн учрыг байцаан үзэж ардын засгийн газраас суллан тавьсныг Чойбалсан өөрөө хэлж байсан. Лувсанбалдан,  Баасан нар Тогтохын гэрт очиж хуучин өрийг нэхэхэд Тогтохоос хэлсэн үг. “Тогтох намайг авсныг хэн үзсэн, хэн хэлсэн, би хэдэн боодол тос авсан нь үнэн харин намайг тос авсныг шанзудбад хэн хэлсэн бэ? Шанзудбагийн бяртай хүчтэй гэж хэлэхээр нь Богдын дэргэд улаан жинс зүүж зарлиг лүндэн хэмээн хүнийг айлган явдаг луйварчин нар байдаг та хоёр тэр буй за. Одоо та нарыг зүй нь шууд алаад шанзудбагийн яаманд мэдэгдвээс зохих ахин нэгэн удаа түдгэлзэж дахин ирвээс алмой.”хэмээжээ.
Энэ үгийг лам нар сонсож хүчээр бариулахыг бодсон баймой. Лам нар Тогтохоос туйлын айдаг байсан баримт нь “Түүний туйлын харгис муу сүрээс айж хариу үг хэлж чадсангүй буцаж ирэв. ”хэмээн бичмой.
Лувсанбалдан, Баасан нар 1921 оны үед лам нар нийлж Тогтохын буруу болохыг эрж хэрэг халдаахаар бичиж байсан лам хүн, Намжил гэлэн,  Шарав ба гэлэн Зуунай нар эд нар нь өргөдөл өгөхдөө намын төв хороонд өгч  шийтгүүлэхийг хүсэж байв. Тэр үед намын төв хорооны дарга агсан Данзан нь эх орноосоо урваж лам ноёдын хамтаар гадаадын нэгэн улсыг дагахаар явуулга хийж байсан ба өөрийн пүүстэй болохыг бэлтгэж байсан үе байлаа.
Ардын баатар Тогтохыг шууд баривчлан өгч шийтгүүлэхийг бодсонд Сүхбаатар, Чойбалсан нар тийм байдалд хүргэсэн үгүйг Тогтохыг түр хэрэгт татаж байгаад суллан тавьсан байна. Тэр үед лам нар сэм нийлж Тогтохыг барьсан Данзанд хамаг буруугий нь хүлээлгэх хэрэгтэй байнам.
Ардын засгийн эхний жилд ямар хэргийн учир Тогтох шүүхэд татагдсаныг эх бичгээс үз. Цөм аар саар зүйл хэмээвээс болон барууны үед сангийн яамны тэргүүн сайд агсан Цэвээн тэргүүлсэн нь тэр үед арга үгүй Тогтохыг баатар хүн мөн богдыг суллахад тусалсан ба үнэндээ Тогтохоос айн эмээдэг байснаас урьд бариулсан зүйлүүдийг буцаан өгүүлсэн байна.
Цэвээн тэргүүн нь үл бүтэх этгээд даруй мөн. Ардын засгийн эхний үед Тогтохын эхнэр Өлзий гэдэг хүн байсан. Бас Тогооч ирсэн...
Тогтохын гэрээс гарсан зэвсэгүүд:
1.    Ши Лин Тай нь сумтай, бага хайрцаг
2.    Карбин буу хоёр, сумтай гурван хайрцаг
3.    Бинтов буу хоёр, сум дөрвөн хайрцаг
4.    Маузэр буу хоёр, сум нэг боодол
5.    Шувуу бууддаг буу нь сум нэг боодол
6.    Маузэр бууны сум нэг боодол
7.    Нагаан буу нэг
8.    Орос ба буу нь, сум хоёр боодол
Шүүх таслах яамны дэд сайд Мэргэн билэгт хөх Тогтох “Энэ нь Сайн ноён хан аймгийн хазгай Тогтох мөн үү? ”үүнийг Тогтох тайж  мөн самуурч болохгүй энэ нь цаазаар авагджээ.





Эх баримтыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлж, хянан тохиолдууулсан
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан: Г.Насанбуян
Түүхийн баримтын төвийн ахлах архивч: Ц.Эрдэнэчимэг

БНМАУ-ЫН ЦОЛ, ОДОН, МЕДАЛИЙН ТУХАЙ ДҮРЭМ

Одоогоос 21 жилийн тэртээх энэ өдөр буюу 1990 оны 06 дугаар сарын 30-нд  БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 148 дугаар зарлиг гарч ”БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна. Энэхүү шинэчилсэн дүрмээр БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын ардын зүтгэлтэн, БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол, одон, медаль нь БНМАУ-ын төрийн дээд шагнал мөн” гэж заагаад цол, одон, медаль тус бүрийн шагнах журмыг тодорхойлжээ. Үүнд:
БНМАУ-ын цол
1.    БНМАУ-ын эрхэм дээд цол
БНМАУ-ын Баатарын "Алтан таван хошуу"

БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол нь “БНМАУ-ын эрхэм дээд цол мөн” гэж тэмдэглээд:
“БНМАУ-ын баатар цол”-ыг эх орноо батлах хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд олгоно.
БНМАУ-ын баатарт Сүхбаатарын одон, БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” тэмдэг, БНМАУ-ын баатрын үнэмлэх олгоно.
 
 
БНМАУ-ын хөдөлмөрийн баатарын "Алтан соёмбо"
“БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол”-ыг улс орноо хөгжүүлэн, хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж, улс ардын аж ахуй, нийгэм, соёлын салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнд олгоно. БНМАУ-ын хөдөлмөрийн баатарт Сүхбаатарын одон, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын үнэмлэх олгоно.

2.   БНМАУ-ын хүндэт цол

БНМАУ-д дор дурдсан  “Хүндэт цол” байна. Үүнд:
    БНМАУ-ын "Ардын зүтгэлтэн"
  • БНМАУ-ын ардын зүтгэлтэн
  • БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн
  • БНМАУ-ын сансрын нисэгч
 
“БНМАУ-ын ардын зүтгэлтэн” цолыг өөрийн мэргэжил, ур чадвар, авъяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эмч, багш, тамирчид, жүжигчид, зохиолчид, зураачид, уран бүтээлчдэд олгоно.
 
“БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол”
“БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол”-ыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авъяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасан буюу улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст олгоно.
БНМАУ-ын ардын болон гавъяат зүтгэлтэн цол хүртсэн хүмүүст БНМАУ-ын ардын болон гавъяат зүтгэлтэн цолын тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналыг олгоно.
“БНМАУ-ын сансрын нисэгч цол”-ыг сансарт нислэг хийж, амжилт гаргасан хүмүүст олгоно.

3.    БНМАУ-ын одон


БНМАУ-д дор дурдсан  “Одон” байна. Үүнд:
  • Сүхбаатарын одон
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • Цэргийн гавъяаны улаан тугийн одон
  • Алтан гадас одон
  • Цэргийн гавъяаны одон
  • Алдарт эх       I  одон
  • Алдарт эх      II  одон
 
Сүхбаатарын одон
 “Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон”-гоор улс, нам олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг харгалзан шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт олгоно.
“Алдарт эх” I одонгоор  найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж, 8-аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд 8 буюу түүнээс дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнана.
“Алдарт эх” II одонгоор  5-8 хүртэл хүүхэд төрүүлж, 5-аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд 5-аас дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнана. “Алдарт эх”  I, II одонгоор шагнагдах эхчүүдийн хүүхдийн тоонд гурав хүртэл насанд нь бусдаас үрчлэн авсан хүүхэд, бага хүүхдийг нь нэг нас хүрэх хугацаанд байгалийн гэнэтийн аюул, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар амь үрэгдсэн буюу алга болсон хүүхдийг оруулна. Харин бусдад үрчлүүлсэн, нас барсан хүүхдийг оруулахгүй,  “Алдарт эх”   I, II одонгоор шагнагдсан эхчүүдэд  “Алдарт эх”   I, II одон, үнэмлэх, мөнгөн шагнал олгоно.
Бүтэн буюу хагас өнчин гурав буюу түүнээс дээш хүүхдийг 3 хүртэл насанд нь асрамжиндаа авч өсгөн хүмүүжүүлсан эхчүүдэд “Алдарт эх” одонг олгож болно.

4.    БНМАУ-ын медаль

БНМАУ-д дор дурдсан “Медаль” байна.  Үүнд:
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Цэргийн хүндэт медаль
  • Шударга журам медаль
  • Найрамдал медаль
  • Атарчдын алдар медаль
  • Түүхт ойн медалиуд
  • Ахмад дайчин медаль
          Дайчин алдар   I, II, III зэргийн медаль
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар улс, нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэр, аж ахуйн газарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
“Цэргийн хүндэт медаль”-иар зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдан сэргийлэх байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан цэргийн албан хаагчид, бусад хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
“Шударга журам медаль”-иар байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавъяа байгуулсан доноруудыг шагнана. Шударга журам медалиар шагнагдсан хүмүүст медаль, үнэмлэх, мөнгөн шагнал олгоно.
“Найрамдал медаль”-иар дэлхий дахины энх тайвныг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, тус улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон туслалцаж байгаа тэргүүний хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
“Атарчдын алдар медаль”-иар газар тариаланг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан буюу газар тариалангийн үйлдвэрлэлд идэвхтэй оролцож хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
Ардын хувьсгалын болон бусад түүхт үйл явдлын тэгш ойн баярыг тохиолдуулан “Ойн хүндэт медаль”-ийг БНМАУ-ын Бага Хурлаас батлан гаргаж байна. Түүхт ойн медалиар улс, нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт тасралтгүй 15-аас дээш жил идэвх зүтгэлтэй  ажиллаж байгаа, мөн 20-иос доошгүй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан болон тахир дутуугийн группэд орсон хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно. Түүхт ойн медалиар тухайн ойн жилд шагнана.
“Ахмад дайчин медаль” “Дайчин алдар” I, II, III зэргийн медалиар зэвсэгт хүчин,  улсын аюулгүй байдлыг хангах болон цагдан сэргийлэх байгууллагад цэргийн албыг тасралтлгүй олон жил хааж үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн хүмүүст ажилласан жилийг харгалзан шагнана.
гэж дээрх журамд тодорхойлжээ.  Энэхүү баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно.
Түүхийн баримтын төв
Д.Сумъяа