Wednesday, 5 October 2011

Мэгжид Жанрайсэг их шүтээнийг устгаж, мөн сэргээсэн тухай



1937 оны арванхоёрдугаар сарын 27-нд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдүүдийн сүүлч болох Гандантэгчинлэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарийн сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглон зогсоож, Гандангийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган, сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгсөн ажээ .
     80 тохой өндөр Мэгжиджанрайсиг шүтээнийг анх 1911-1913 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг болгож нийт Монголын ард түмний сэтгэл, зүтгэлээр бүтээн туурвижээ.
     Олноо Өргөгдсөний хоёрдугаар онд Их Мэгжиджанрайсиг бурхан ба сүмийн хэрэглэлд зөвхөн Сайн ноён хан аймгаас их хэмжээний хөрөнгө, мөнгө цуглуулж гаргаж өгсөн байна. Тухайлбал:
     “…Их бурханы шүншигт өргөх арц 600 тэрэг болохоос тус аймаг 120 тэргийг бэлтгэсэний үнэд 600 лан мөнгийг харьяат аймгийн жасаанаас өгч , сүмийн гадуур хатган барих хашааны мод 1250-аас тус аймагт ноогдох мод 250-ийн үнэ 125 лан,  шүншигт өргөх Ганжуур нэгийн үнэ 302 лан 1 цэн, 5 фун, судар ном 80 ботийн үнэ 266 лан 6 цэн, 5 фун, судар ном барлах, цаас, бэхийн хүмүүсийн ажлын хөлс зэрэгт биеэр цагаан мөнгө 3555 лан мөнгийг удаа дараа  өгсөн гэх зэрэг нэлээд  баримт байна .
     Их Мэгжиджанрайсиг бурхан нь Монгол түмний харамгүй сэтгэл, хамаг олноос цуглуулсан алт,үнэт эрдэнэсийн дээжээр бүтсэн их шүтээн, эрдэнэсийн их сан байсан төдийгүй төр шашины ёс, урлаг,  соёл, уран барилга, уран дархны нэн гайхамшигтай,  дэлхийд хосгүй нэн үнэт бүтээл  байв.
     Гэтэл 1937 онд энэхүү их шүтээнийг Оросын армийн цэрэг, техникийн хүчээр буулган нурааж, улмаар хойш зөөвөрлөн  авч оджээ.
     Туурга тусгаар Монгол улсын бахархах нандин шүтээн, улс үндэстний билэгдэл Их Мэгжиджанрайсэг бурханыг Оросуудад алдсан нь Монголын эдийн ба оюуны соёлд учирсан асар том гамшиг байлаа.
     Чингээд Монгол төдийгүй Дорно дахины уран барилгын үнэт дурсгалд зүй ёсоор тооцогдох өндөр сүмийн барилга доторхи цогт эрдэнэ, шүтээнгүй болж, өндөр сүм хоосрон үлдэж, арчилгаа, тордлого ч үгүй болсноор эзэнгүйдэхэд хүрээд байжээ.  
     Иймээс уран барилгын үнэт дурсгал болох өндөр сүмийн барилгыг авран хамгаалах ажлыг түүх соёлоо гэсэн үзэлтэй зарим сэхээтний санаачилга, идэвхитэй оролцоотойгоор  хийжээ.
     1939 оны хавар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Л. Дэндэв, орлогч дарга Б.Наваан  нар учир байдлыг нягтлан үзээд өндөр Жанрайсэгийн сүмийг цэвэрлэн засварлаж, өөд нь татах ажлыг удирдан зохион байгуулж, соёлын өвийн үлдэгдлийг хамгаалахад ихээхэн буянтай ажил хийсэн байна.
     
Энэ тухай 1939 оны хоёрдугаар сарын 13-нд гаргасан Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн даргын 12 тоот тушаалд:
     “…Гандан дахь Өндөр сүмийг хэрхэн хүлээн авах ба түүнийг сэлбэн засах хийгээд арчилан хамгаалах нь чухал” хэмээн онцлон тэмдэглээд уг сүмийн барилга нь энэ хэр Улаан цэргийн байрны дотор оролцон буй тул түүнийг мөн цэргийн дарга эрх баригчидтай харилцан уул сүмийг хүлээн авахыг Б.Наваанд даалгажээ . Тэрбээр уул тушаалын хэрэгжилтийг биечлэн хариуцаж цэргийнхний эзэмшлээс  Жанрайсэгийн сүмийг буцаан аваад, түүнийг тойруулан битүү хашаа барьж, ар талд нь хаалга гарган, сүмийн эвдэрхий хаалга зэргийг засч сэлбэн хамгаалалттай  болгох багагүй ажлыг үр дүнтэй зохион байгуулжээ.
    Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Л. Дэндэв, орлогч дарга Б.Наваан  нарын хамтран гаргасан энэхүү шийдвэр ёсоор Гандан дахь түүх, соёлын үнэт өвийг хадгалж, хамгаалах ажлыг хийжээ. Үүний хамт тус сүмийн доторх үлэмжхэн цаасны зүйлсийг цэвэрлэж “...элдэв аюулаас хамгаалж хэрэглэгдэх зүйлийг ялган түүвэрлэж авах” зэрэг чухал ажлыг “музей ба архив, номын сангийн бүх ажилчдыг субботникийн журмаар ажиллуулан”  архивын сан хөмрөгийг анх эмхлэн цэгцэлж бүрдүүлэх нүсэр ажлыг давхар гүйцэтгэжээ. Энэ ажлын үр дүнд Монгол Улсын Үндэсний Төв архивыг байгуулах урьдчилсан нөхцөл, бололцоог бий болгосон төдийгүй уг архив 1940-1960-аад он хүртэл тэнд байрлаж, өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэхэд том гараа болсон юм.
     Улмаар өгүүлэн буй өндөр сүмийг хадгалан хамгаалж, өнөө болтол өвлөн уламжилж чадсаны үр шимээр  1990-ээд оноос Монголчууд Их Мэгжиджанрайсиг бурханаа 1991-1996 оны хооронд дахин бүтээж, уг сүмд хоёрдахиа залсан нь Монголчууд бидний нэгэн их бахархал болсон билээ.

No comments:

Post a Comment