Saturday 29 October 2011

БНМАУ-ЫН ЦОЛ, ОДОН, МЕДАЛИЙН ТУХАЙ ДҮРЭМ

Одоогоос 21 жилийн тэртээх энэ өдөр буюу 1990 оны 06 дугаар сарын 30-нд  БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 148 дугаар зарлиг гарч ”БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна. Энэхүү шинэчилсэн дүрмээр БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын ардын зүтгэлтэн, БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол, одон, медаль нь БНМАУ-ын төрийн дээд шагнал мөн” гэж заагаад цол, одон, медаль тус бүрийн шагнах журмыг тодорхойлжээ. Үүнд:
БНМАУ-ын цол
1.    БНМАУ-ын эрхэм дээд цол
БНМАУ-ын Баатарын "Алтан таван хошуу"

БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол нь “БНМАУ-ын эрхэм дээд цол мөн” гэж тэмдэглээд:
“БНМАУ-ын баатар цол”-ыг эх орноо батлах хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд олгоно.
БНМАУ-ын баатарт Сүхбаатарын одон, БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” тэмдэг, БНМАУ-ын баатрын үнэмлэх олгоно.
 
 
БНМАУ-ын хөдөлмөрийн баатарын "Алтан соёмбо"
“БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол”-ыг улс орноо хөгжүүлэн, хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж, улс ардын аж ахуй, нийгэм, соёлын салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнд олгоно. БНМАУ-ын хөдөлмөрийн баатарт Сүхбаатарын одон, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын үнэмлэх олгоно.

2.   БНМАУ-ын хүндэт цол

БНМАУ-д дор дурдсан  “Хүндэт цол” байна. Үүнд:
    БНМАУ-ын "Ардын зүтгэлтэн"
  • БНМАУ-ын ардын зүтгэлтэн
  • БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн
  • БНМАУ-ын сансрын нисэгч
 
“БНМАУ-ын ардын зүтгэлтэн” цолыг өөрийн мэргэжил, ур чадвар, авъяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эмч, багш, тамирчид, жүжигчид, зохиолчид, зураачид, уран бүтээлчдэд олгоно.
 
“БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол”
“БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол”-ыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авъяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасан буюу улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст олгоно.
БНМАУ-ын ардын болон гавъяат зүтгэлтэн цол хүртсэн хүмүүст БНМАУ-ын ардын болон гавъяат зүтгэлтэн цолын тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналыг олгоно.
“БНМАУ-ын сансрын нисэгч цол”-ыг сансарт нислэг хийж, амжилт гаргасан хүмүүст олгоно.

3.    БНМАУ-ын одон


БНМАУ-д дор дурдсан  “Одон” байна. Үүнд:
  • Сүхбаатарын одон
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • Цэргийн гавъяаны улаан тугийн одон
  • Алтан гадас одон
  • Цэргийн гавъяаны одон
  • Алдарт эх       I  одон
  • Алдарт эх      II  одон
 
Сүхбаатарын одон
 “Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон”-гоор улс, нам олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг харгалзан шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт олгоно.
“Алдарт эх” I одонгоор  найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж, 8-аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд 8 буюу түүнээс дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнана.
“Алдарт эх” II одонгоор  5-8 хүртэл хүүхэд төрүүлж, 5-аас доошгүй хүүхдээ өөрийн асрамжаар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд 5-аас дээш хүүхэд нь эсэн мэнд байгаа эхийг бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнана. “Алдарт эх”  I, II одонгоор шагнагдах эхчүүдийн хүүхдийн тоонд гурав хүртэл насанд нь бусдаас үрчлэн авсан хүүхэд, бага хүүхдийг нь нэг нас хүрэх хугацаанд байгалийн гэнэтийн аюул, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар амь үрэгдсэн буюу алга болсон хүүхдийг оруулна. Харин бусдад үрчлүүлсэн, нас барсан хүүхдийг оруулахгүй,  “Алдарт эх”   I, II одонгоор шагнагдсан эхчүүдэд  “Алдарт эх”   I, II одон, үнэмлэх, мөнгөн шагнал олгоно.
Бүтэн буюу хагас өнчин гурав буюу түүнээс дээш хүүхдийг 3 хүртэл насанд нь асрамжиндаа авч өсгөн хүмүүжүүлсан эхчүүдэд “Алдарт эх” одонг олгож болно.

4.    БНМАУ-ын медаль

БНМАУ-д дор дурдсан “Медаль” байна.  Үүнд:
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Цэргийн хүндэт медаль
  • Шударга журам медаль
  • Найрамдал медаль
  • Атарчдын алдар медаль
  • Түүхт ойн медалиуд
  • Ахмад дайчин медаль
          Дайчин алдар   I, II, III зэргийн медаль
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар улс, нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэр, аж ахуйн газарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
“Цэргийн хүндэт медаль”-иар зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдан сэргийлэх байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан цэргийн албан хаагчид, бусад хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
“Шударга журам медаль”-иар байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавъяа байгуулсан доноруудыг шагнана. Шударга журам медалиар шагнагдсан хүмүүст медаль, үнэмлэх, мөнгөн шагнал олгоно.
“Найрамдал медаль”-иар дэлхий дахины энх тайвныг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, тус улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон туслалцаж байгаа тэргүүний хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
“Атарчдын алдар медаль”-иар газар тариаланг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан буюу газар тариалангийн үйлдвэрлэлд идэвхтэй оролцож хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно.
Ардын хувьсгалын болон бусад түүхт үйл явдлын тэгш ойн баярыг тохиолдуулан “Ойн хүндэт медаль”-ийг БНМАУ-ын Бага Хурлаас батлан гаргаж байна. Түүхт ойн медалиар улс, нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт тасралтгүй 15-аас дээш жил идэвх зүтгэлтэй  ажиллаж байгаа, мөн 20-иос доошгүй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан болон тахир дутуугийн группэд орсон хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгоно. Түүхт ойн медалиар тухайн ойн жилд шагнана.
“Ахмад дайчин медаль” “Дайчин алдар” I, II, III зэргийн медалиар зэвсэгт хүчин,  улсын аюулгүй байдлыг хангах болон цагдан сэргийлэх байгууллагад цэргийн албыг тасралтлгүй олон жил хааж үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн хүмүүст ажилласан жилийг харгалзан шагнана.
гэж дээрх журамд тодорхойлжээ.  Энэхүү баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно.
Түүхийн баримтын төв
Д.Сумъяа

No comments:

Post a Comment