Saturday 29 October 2011

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулав

 Олон зуун жил харь үндэстний дарлалд байсан Монгол орон 1911 оны цагаагчин гахай жил Манж Чин улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр тэр үеийн томоохон гүрнүүд АНУ, Англи, Франц, Герман, Австри-Унгар, Орос, Япон, Хятад зэрэг улсуудад элч төлөөлөгч заран, дипломат аргыг хэрэглэсэн хэдий ч өөрсдийнх нь тусгаар тогтнох эсэх нь эргэлзээтэй байсан Төвд улс л манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Үүнээс хойш төдий л  удалгүй 1913 онд Орос-Хятад 2 талын нууц хэлэлцээрээр Монголыг Хятадын нэг хэсэг хэмээн тогтож, үүнийгээ шинэхэн эмхлэгдсэн, хүчин мөхөс манай улсад 1915 оны Хиагтын 3 улсын гэх хэлэлцээрээр тулган хүлээлгэсэн нь эдүгээ түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлджээ. Энэ хэлэлцээрээр Монголыг ХЯТАДЫН АВТОНОМИТ УЛС хэмээн тогтсон бөгөөд үүнийг монголчууд Хятадын ивээл дэх улс, харин Оросууд жинхэнэ сонгодог автономит хэмээх ойлголтоор нь хандаж байсан бол Хятадууд харин өөрийн жирийн муж мэтээр ойлгож байв.
1917 онд Орост хувьсгал гарч, хаант засгийг түлхэн унагаснаар Хиагтын хэлэлцээрийн нэг субъект нь үгүй болж, үүнийг далимдуулан 1919 онд Хятадын цэрэг Монголд нэвтрэн автономит засгийг унаган, Монголыг Хятадын муж хэмээн зарлажээ. 1920 онд Монголд Барон Унгерны цэрэг орж ирэн, түүний араас Зөвлөлт Оросын улаан цэрэг нэвтрэн Монголд нөлөөгөө тогтоохоор өрсөлдсөний дундаас Монголчууд 1921 онд de facto байдлаар тусгаар тогтнолоо олжээ. Гэсэн ч дотооддоо үймээн самуунтай байсан Орос улс 1924 онд цэргээ гарган, хэрэг дээрээ Хятадын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн боловч Хятад улс мөн л иргэний дайны хөлд нэрвэгдэн, энэ хооронд ЗХУ Коминтерны тусламжтайгаар Монголыг Сталинизмын замаар хөтлөн, нөлөөгөө тогтоов. Эндээс дүгнэхэд жижигхэн Монголын маань хувь заяаг Орос, Хятад хэмээх 2 том хөрш нь дангаараа шийдэж ирсэн байна.
1945 онд дэлхийн 2-р дайн эцэс болсноор социалист, капиталист системийн хоорондох үзэл суртлын тулаан, түүхэн дэх хэллэгээр "хүйтэн дайн"-ын эхлэл тавигдлаа. Энэ нь ердөө л ЗХУ болоод АНУ гэх том гүрэн дэлхийг хэрхэн хуваан засаглах талаар зөрүүтэй байр суурьтай байснаас үүдсэн хэрэг. Эл үед нэгэн чухал үйл явдал тохиосон нь Нэгдсэн Үндэстний гэх байгууллага буй болсон явдал юм. Учир нь тусгаар тогтнолын хувьд ЗХУ, дараагаар нь Хятад улс хүлээн зөвшөөрснөөс өөрөөр бусад улс орнуудтай харилцаагүй байсан шинэ залуу БНМАУ энэ байгууллагад элссэнээр улсынхаа тусгаар байх нөхцөл болоод баталгааг олж авахад тунчиг хэрэгтэй цаг үе байсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол улс тусгаар тогтносон улс болсон хэдий ч улс төрийн хувьд бүрэн тусгаар тогтнож чадаагүй байлаа.
Тиймээс НҮБ хэмээх энэ байгууллагад Монгол улс элсэхийн тулд анхлан байгуулагдсан 1946 оноос эхлэн 1947, 1948, 1949, 1952, 1955, 1956, 1957, 1961 онуудад нийт 5 өргөдөл гаргаж, 9 дэх удаагийн оролдлогоороо буюу 1961 оны 10-р сарын 25-нд Хятадын төлөөлөгчийг байхгүй байхад нь санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны 10 сарын 27-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон юм. Тус хуралдаанд Монгол улсыг төлөөлж Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д. Цэвэгмид тэргүүтэй Б. Жаргалсайхан, Б. Дашцэрэн, Б. Ванчиндорж нарын хүмүүс төлөөлөгчдөөр АНУ руу явсан билээ.
Түүхт олон тэгш ой давхцан буй энэ цаг үед ач холбогдлоороо эн тэнцэх нэгэн ой бол НҮБ-д элссэний 50 жилийн ой юм. Энэ түүхэн үйл явдлыг сануулах үүднээс тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газраас НҮБ-д элсэх тухай өгсөн анхны өргөдөл болон тухай үед төлөөлөгчөөр очсон Ю. Цэдэнбалаас Х. Чойбалсанд илгээсэн цахилгаан мэдээ зэргийг та бүхний оюунд мэдлэгийн талх болгон өргөж байна. Дор НҮБ-д элсэх тухай Монгол улсын анхны өргөдлийг бүрэн эхээр нь сийрүүлэв.
Нью-Йорк хот
Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгби Ли танаа
Эрхэмсэг ноён оо!
Нийтийн амгалан ба аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт, түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн талбарт улс түмэн хоорондоо хамтран ажиллах үйл хэрэгт Нэгдсэн Үндэстэний Байгууллага чухал ач холбогдолтой болохыг үзээд  Нэгдсэн Үндэстэний Байгууллагын үндэс суурь болсон зарчмуудад урамшин, энэ зарчмуудыг бүрэн зөвшөөрч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүнд элсүүлэн авах тухай хүслийг Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Их Хуралд уламжилж өгөхийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь таниас хүсэх завшаан тохиолдов.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүслээ Аюулгүйн зөвлөл ба Ерөнхий Их Хуралд илэрхийлэхийн хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн нь өөрийн их хөрш Зөвлөлт Холбоот Улсад эд материалын тус нэмрийг үзүүлэн, нэгдсэн үндэстэний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзмой.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм аа.
Нэгдсэн Үндэстэний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурал мэдэхгүй бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар үнэхээр итгэж баймой.
Үүний хамт Нэгдсэн Үндэстэний Байгууллагын дүрмээс үүсэн гарах бүх үүргийг манай улс өөртөө хүлээж авах ба энэ дүрмийн бүх зүйлүүдийг дагаж гүйцэтгэхэд бэлхэн байгаа гэдгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмнөөс илэрхийлэх нь чухал хэмээн би бээр үзмой. 
Ерөнхий нарийн бичгийн дарга ноёноо                                                                                                Энэ дашрамыг ашиглан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Монголын ард түмэн ба хувиасаа Нэгдсэн Үндэстэний Байгууллага ба танд төгс амжилтыг хүсье.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Х.Чойбалсан
Улаанбаатар хот

1946 оны 6-р сарын 24-ны өдөр хэмээжээ.

Тэгвэл төлөөлөгчөөр явсан Ю.Цэдэнбалаас Ерөнхий сайд Х.Чойбалсанд АНУ-аас явуулсан цахилгаан мэдээг толилуулъя. Тус мэдээнд:
Маршал Х.Чойбалсан Танаа
Аюулгүйн зөвлөлийн хурлууд дээр суулцав. Удтал маргалдан ярьсаны эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүн болгохын төлөө 6 улс гар өргөв.
Харин Америк, Англи, Голланд улсууд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Улс Үндэстний гишүүн болгохгүй гэж гар өргөсөн ба мөн Австрали, Египет 2 улс саналаа өгсөнгүй болно.
Удахгүй нутагт буцахаар нүүнэ.
Цэдэнбал, Нью-Йорк, 1946 оны 9 дүгээр сарын 3.

Эцэст нь нэг зүйлийг улс төрийн агуулгагүйгээр сонирхуулахад манай улс НҮБ-ын гишүүнээр элсэхийг хүссэн 9 удаагийн оролдлого бүрт АНУ, Англи хэмээх улс дандаа татгалзсан хариу өгч байжээ. Харин хаа очиж өнөө терроризм дэлгэрсэн гэх Пакистан зэргийн улс манайхыг тууштай дэмжиж ирсэн нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Эдгээр баримт Монгол Улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно.

Лодойн Хантөгс

No comments:

Post a Comment