Sunday 1 April 2012

“Ховдыг эзлэхэд гавъяа байгуулсан ноёд, түшмэд, лам нарыг хөхүүлэн шагнахыг Богд эзэн хаанд айлтгасан айлтгал”


Шавь боол Дамдинсүрэн, Магсаржав, Наваанцэрэн, Дамдинбазар нар сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь цагийг дагаж найртай түвшин болгох учир удаа дараацан ухуулсан хэрэгт огт аймшиггүйгээр зөрчилхийлж хотыг бэхлэж эсэргүүцэлдсэн Ховдын хотыг шууд цэргийн сүр хүчээр эвдэлж цэрэг иргэнийг хядан сөнөөсөн ба их төлвийг айлган элсүүлж дагуулсан явдлыг зүй нь хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр айлдахыг гуйхын учир урьд шавь боол Дамдинсүрэн, Магсаржав нарын газраас Ховд хотыг эзлүүлэх учрыг ван Балдарын газраас гаргасан хүчирхэг цэргийг хядсан зэрэг хэргийн байдал дүрс тодорхойлон  гаргаж нэгэнт айлтгажээ. Байцааваас боолчуудын газраас Ховдын хотын манж сайд түшмэд жич олон олон худалдааны иргэнчүүдэд эрхгүй найртай ёсноор хэлэлцэж шийтгэе хэмээн хэд хэдэн удаа хугацаа хугацаж ухуулах бичиг илгээсэнд тэдний манж хятад нар эгнэгт хэрэгсэхгүй харин хоршоо нийлж улмаар хорсгол агуулж уг суусан хотын захын газрыг тойрон малтуулж нуугдаж буудах орон засаж бас ч монголчуудыг хотын ойр үзэгдэх бүр буу тавьж эсэргүүцэлдэн байлалдсаар боловч гагцхүү боолчууд зүйг эрж аргацаан шийтгэхийг хичээж Орос улсын консул сайдад хэлж найралдан тохинуулахыг манж хятад нарт ухуулан хэлэх ажаамуу хэмээн хэлсэнд консул сайд даруй зөвшөөрч хоёр улсын хэрэг найртай болгон хэлэлцэе хгэх учрыг урьдаар бичиг явуулаад дагалдаагаар консул сайд биеэр харьяат орос цэргүүдийг дагалдуулан авч манж сайд түшмэдэд нүүр тулж уулзахаар очтол тэдний манж хятад нар консул сайдын өмнөөс буу тавьж хөөн зайлуулсан бөгөөд элдэвлэвч найралдан тохинож чадахгүйд хүрсэн заналтай байдал илэрхий мэдэгдсэн тул боолчууд бүгдээр зөвлөлдөж шууд дайлаар орохыг тогтож номун хан Жалханз хутагт Дамдинбазараар тэрсүүд дайсны санааг номхотгож олон амьтныг амар жаргуулахын хутагийг гуйж дээд гурван эрдэнэд даатган залбирч залбирч олон лам нар лугаа ном уншиж сайд Зоригт бэйс Наваанцэрэнгийн хамт авч суусан ба Дамдинсүрэн, Магсаржав нар оролдсон тушаал сахилгыг хүндэтгэж олон аймаг хошуудаас хуралдсан бүх түшмэл цэргүүдийг яаравчлан жагсааж Их Монголын Эрдэнэ бишрэлт засаг лам Дамбийжанцангийн хамтаар энэ оны долоон сарын шинийн наймны үхэр цагт цэргийн хорооны газраас мордож мөн цагт Ховдын хотыг хүрээлэн тойрч Зоригт баатар тайж Тогтохын цэрэг Гэндэн, Найданжав, Насантогтох, Баргын Пунцаг, Сэргэлэн, Доржпалам, Хаянхүйш нарын хамт боол Дамдинсүрэн ганцаар огт аймшиггүй тугийг бариулан тэргүүлэн орж буудалцсан ба Магсаржав, Дамбийжанцан, Мянбуу нар олон цэргүүдийг сайнаар дарангуйлан захиран тушааж хашин хөөж тасалдуулахгүй залгалдуулан довтолгож явуулсаар бэхэлсэн худалдааны хотыг эвдэж орж байлдуулан хядуулж сөнөөн дийлэхэд тэдний манж хятад нарын хүчин санаа мохож  даруй тушаан ухуулсныг дагаж элсэн дагасугай хэмээн учрыг гаргаж дахин давтан гуйлгалан ирсэн тухайд дайлалдахыг түр түтгэлзэж боолчууд Орос улсын консул сайдтан лугаа бүгдээр зөвлөлдөж Ховдын хотын манж хятад нарын хадгалсан цэргийн зэр зэвсэг ба манж сайдын тамга нэг, тэмдэг зургааг хураан авч хадгалуулан урьд бид нар барин авсан зэр зэвсэг барьсан иргэнчүүд нэгэн зуу гаруйг орос консул сайд лугаа зөвлөлдөж олон улсад хэлэлцэх хэргийн тэмдэг болгон хадгалан буй нь цэрэгт орсон худалдааны иргэн зуугаадын хамт харьяат хотын пүүсний иргэд даахад бүгдийг тавив. Манж сайд түшмэдийг орос консул сайдад буу тавьсныг учирт хүлээлгэн буй. Консул сайдаар батлуулан бүгд явдлыг хэлэлцэж тамга дарсан батлах бичиг авч нугалбарын дугтуйнд агуулж өргөхөөс гадна хоёр зуу гаруй  цэргийг уналга хүнс өгч түшмэл цэргийг сонгон гаргаж харгалзуулан Нийслэл хүрээнээ хүргүүлэхээс гадна эл байлалдахад манай цэрэг нараас арван найман цэрэг алагджээ. Боолчууд мэхийж хянаваас үнэхээрийн түгшүүртэй цагт хорт санаа агуулж хотыг бэхэлж харгислан халдахыг бодсон дайсан улсад аймшиггүй сүрийг бадруулан орж  хядалцгаасан цаг үнэнхүүгээс хүчин хавсарч туслаж дагалдан зүтгэсэн манай улсын бичиг цэргийн  түшмэд жич цэргүүд бас тулгур төрд санаа цутгаж сүслэн дагахын хамтаар хүчийг гүйцэтгэх цэрэг хүн үлэмжхэнийг туслан нийлүүлж биесээр захиран авч дагалдуулан хүрч ирсэн их бага түшмэд цөм сайшаалтай тул энэ удаа байлалдсан хот болбоос маш бэх батын дээр мөн сая дагаар орсон газрын бичиг цэргийн түшмэл цэргийг энэ нэгэн удаа эрхгүй хуулиас ангид сайшаан хөхиүлэхийг үзүүлбээс улмаар дууриан хөгжиж баярлан зүтгэж хойч өдөр улс төрийг батлан хамгаалахад үнэхээрийн тустай болох болов уу хэмээмүй иймийн тул сайшаан хөхиүлбээс зохигчдыг ялган шалгаж урь гуйсан зэрэг дэвийг жагсаан бичсэн нарийн хуудас наалдуулж хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгасан нь болох ба үл болох явдлыг Богд бээр толилж хишиг хүртээхийг гуйсугай  бас гүн Хайсангийн бие цэргийн хамт хараахан ирээгүй хойд хязгаарыг сэргийлүүлж батлан тогтоох олон хэргийг бүгдээр боловсортол зөвлөлдөж өөр айлтгах явдлыг хамтаар сонсгон айлтгав. Зарлигийг гуймой.
Олнаа өргөгдсөний хоёрдугаар он долоон сарын арван таван
Түүхийн баримтын төвийн Сан хөмрөгч Ц.Байгалмаа

“Цогт тайж” киноны тухай


 Гадаадтай соёлоор харилцах бүх холбоотын нийгэмлэгийн  киносекцийн ерөнхийлөгч В.И.Пудовкинаас 1947 оны нэгдүгээр сарын 14 нд БНМАУ-ын кино урлагийнханд явуулсан бичиг.
Эрхэм анд нар аа
Гадаадтай соёлоор харилцах бүх холбоотын нийгэмлэгийн  киносекцийн гишүүд нь та бүхний бүтээсэн “Цогт тайж” киног сэтгэл ихэд ханамжтайгаар үзлээ. Кинонд танай ард түмний түүхийн хуудсууд, улс орны үндэсний бүрэн бүтэн байдлын төлөө тэмцлийг үнэн зөв тусгажээ. Ялангуяа Дорнод Монголын нутагт халдан довтолж, монголын нүд алдам талыг гэм зэмгүй хүмүүсийн цус нулимсаар бялдсан манжийн байлдан дагуулагч Амбагай ханы эсрэг тэмцэлд Монголын ард түмнийг босгосон 17-р зууны нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, дайчин баатар Цогт тайжийн дүр сайхан болжээ.
Цогт тайжийн дүр нь зориг эрмэлзэл дүүрэн, ухаалаг, бадрангуй шинж бүхий түүхэн баатруудын шилдэг, эерэг дүрийн нэгэн болжээ. Түүний үйл хэрэг өдгөө ч харь түрэмгийлэгчдийн хараат хэвээр буй дорно дахины олон оронд сайхан үлгэр дууриалал болох юм.
Зохиолын баатрын хувийн амьдрал, хайр сэтгэлийг харуулсан зургууд ч аятайхан болжээ. Тэдгээр нь кинонд уянгалаг яруу халуун дотноор дүрслэгдсэн байна. Цогт тайжийн урвагч Гүүш ханы цэрэгт болон түвэдүүдэд бүслэгдэн амь эрсэдсэн хэсэг нь ард олны төлөө алтан амиа өгсөн үндэсний их баатрыг бишрэх сэтгэгдлийг үзэгчдэд үлдээсэн ихээхэн хүчтэй, оргил хэсэг болжээ. Кинонд гарч байгаа түүх залуу Бүгд Найрамдах Монгол улсын орчин үетэй ч нягт холбоотой юм. Алтан утсаар “Соёмбо” тэмдэг оёсон Цогт тайжийн цэргийн тугийг эх орноо хайрлан дээдлэгч хүмүүс тосон авсан юм. 300 жилийн дараа Монголын ард түмний их удирдагч Сүхбаатар, түүний хамтран зүтгэгч маршал Чойбалсан нарын журамт цэргүүд тусгаар тогтнол, эрх чөлөө, ялалтын билэг тэмдэг болж эдүгээ ч БНМАУ-ын төрийн далбааг чимж буй эртний монголын энэхүү “Соёмбо” тэмдгийг хувьсгалын гал улаан туган дээрээ нэр төртэй мандуулж явсан билээ.
Кино үнэнийг үзүүлжээ. Түүнд түүхэн үйл явдлыг тал бүрээс нь үнэн зөв үзүүлж, чухамхүү олон зүйлийн нарийн ширийн түүхэн хэсгээс бүрдсэн үндэсний түүхийг харуулсан байна. Кино танин мэдэхүйн ач холбогдолтойн дээр сэтгэл хөдөлгөм сайхан болжээ. Зөвлөлтийн түүхэн киноны шилдэг сайхан нөлөө энэ кинонд ч туссаныг тэмдэглэхэд бидэнд таатай байна.
Хэдийгээр энэ киног Монгол киноны залуу уран бүтээлчдийн хүчээр бүтсэн боловч түүнээс болж үнэ цэнэ нь буурах учиргүй билээ. Кинонд тоглосон жүжигчдээс Цогт тайжийн дүрийг бүтээсэн БНМАУ-ын ардын жүжигчин Цагааны Цэгмэдийг онцлон хэлмээр байна.
Түүний жүжиглэлд жинхэнэ уран бүтээлчийн чин сэтгэлээсээ бүтээсэн бахархам зүйл олон бий.
Кинонд зарим нэгэн жишээ нь цэрэг дайны хэсэг ихэдсэн, эсвэл кино аппаратын өмнө анх удаа тоглосон зарим жүжигчид туршлагагүйтсэн зэрэг дутагдал буй. Олон түмний оролцсон зарим үзэгдлийг дэндүү ерөнхий хийсэн зүйл ч бий. Гэвч эдгээр дутагдал  нь монголын залуу кино урлагийн өсч өндийн буй үеийн дутагдал юм. Тэд цаашдын ажилдаа үүнийг даван туулах болно.
Бүхэлдээ “Цогт тайж” кино бол ихээхэн ур чадвар, соёл, шамдлага, урам зоригоор бүтээсэн уран сайхны гойд сонирхолтой, түүхэн бүтээл юм. Бид та нарынхаа амжилтанд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Гадаадтай соёлоор харилцах бүх холбоотын нийгэмлэгийн  киносекцийн өмнөөс ерөнхийлөгч Всеволод Пудовкин
ҮТА-ын ахлах зааварлагч арга зүйч М.Байгалмаа

“Ардын Түр Засгийн Газраас чөлөөлөгдсөн бүс нутагт явуулсан бодлого, үйл ажиллагаа”


XX зууны эхэн үеийн Монголын түүхэнд гарсан нэгэн сонирхолтой үзэгдэл бол бараг нэгэн зэрэг шахам хоёр Засгийн газар байгуулагдсан явдал юм. Энэ нь 1921 оны 2 сарын 22-нд Барон Унгерний цагаантан, монгол цэргүүдийн хамтарсан хүчинээр Нийслэл Хүрээг чөлөөлж сэргээн байгуулагдсан Автономит Монгол Улсын Засгийн газар, нөгөө нь Коминтерн, ЗОУ-ын бодлого, идэвхитэй оролцоотойгоор 1921 оны 3 сарын 13-нд байгуулагдсан Ардын Түр Засгийн газар болно.
Коминтерн, Зөвлөлт Орос Улс нь Монголын төлөөлөгчидтэй харилцсан эхэн үедээ Монголын нөлөө бүхий хүмүүсээс бүрдсэн Автономит Засгийн газрыг байгуулж, тэрхүү Засгийн газрын хүсэлтээр Зөвлөлтийн улаан армийн цэргийг Монголд оруулах бодлого баримталж байсан юм. Эрхүү хотноо 1920 оны 10 сарын 29-нд хуралдсан ОК(б)Н-ын Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секцийн тэргүүлэгчид болон Монгол-Төвдийн хэлтсийн хамтарсан яаралтай хуралдаанд Цагаантны эсрэг тэмцэхийн тулд Монголын нутагт Зөвлөлтийн цэргийг оруулах, Монголын түр Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцээд гаргасан тогтоолд,  «Зөвлөлтийн цэргийг Монголын нутагт нэн даруй оруулах нь чухал», «Автономит Монголын Түр Засгийн газар байгуулах нь шаардлагатай бөгөөд уг Засгийн газарт нэр хүнд бүхий хүмүүсийг оролцуулах, энэ асуудлын талаарх санаачилгыг монголын төлөөлөгчдөд олгох»-оор санал нэгтэй тогтсоныг тэмдэглэжээ1.  Энэ нь ЗОУ-ын цэргийг Монголд оруулах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж, олон улсын шүүмжлэлээс зайлсхийх, ДИУ-тай Монголын асуудлаар тохиролцоход дөхөм болох ёстой байлаа.Гэтэл монголчууд Барон Унгерний цагаантны тусламжтайгаар Нийслэл Хүрээг чөлөөлж, Автономит Монгол Улсын хууль ёсны Засгийн газрыг сэргээн байгуулсан нь нөхцөл байдлыг огцом өөрчлөв.
Шинээр сэргээн байгуулагдсан Автономит Засгийн газарт үндэсний эх оронч үзэлтэй ноёд, лам нар хүчин зүтгэж, МАН-ын зарим гишүүд Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлж, Автономит Засгийн газрыг сэргээснээр тэмцлийн зорилго биелэгдэв хэмээн үзэх болов. Ийм нөхцөлд Коминтерн, ЗОУ нь хувьсгалыг экспортлох зорилгын үүднээс МАН-ын гишүүдэд тулгуурлан АТЗГ-ыг байгуулах бодлогод шилжсэн байна. 1921 оны 3 сарын 2-нд И.Н.Смирнов, Б.З.Шумяцкий нараас Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичеринд илгээсэн илтгэлд, «Ардын намын гишүүдээр Засгийн газрыг байгуулбал Барон Унгерний эсрэг дайныг эхлүүлэх боломжтой болно» хэмээн дурьдсан2,  ЗСБНХОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгч, 5 дугаар армийн Хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн Б.З.Шумяцкийгийн 1921 оны 3 сарын 17-ны илтгэлд, МАН-д хандан АТЗГ-ыг байгуулан, Хиагт хотыг эзлэн авах, Монголыг цагаантнаас чөлөөлөхийн тулд ЗОУ-д хандан албан ёсны хүсэлт тавих явдлыг түргэтгэх зааварчилга өгч байсан нь үүнийг нотолдог3.  Мөн Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа АТЗГ-ыг байгуулсан тогтоолын архивын эхийн дээд талд «копия, Протокол съезда избравшего Временное Народное Правительство Монголии» 4 гэж тэмдэглэсэн байдаг нь нэгийг хэлнэ.
Ийнхүү 1921 оны 3 сарын 13-нд Коминтерн, ЗОУ-ын идэвхитэй оролцоотойгоор МАН-ын Төв Хорооны хамаарсан дарга Ц.Дамбадорж, түшмэл Д.Лосол, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, Ардын намын бүх цэргийн хэргийг ерөнхийлэн захирах газрын Н.Билигсайхан, Ардын Намын төлөөлөгчид Д.Чагдаржав, Х.Чойбалсан, цэргийн анги ба хошуу, шавийн төлөөлөгчид Дэмбэрэл, Дэжид-Осор, Пунцаг, Хасбаатар, Равжаа, Дашзэвэг, Баярт, Лувсан, Юрэн, Наваан, Далай, Дамдинсүрэн, Содномдаш нарын 19 хүн хуралдаж, АТЗГ-ыг байгуулах шийдвэр гаргажээ. Тус хурлаас АТЗГ-ын гишүүдэд 7 хүнийг сонгохоор тогтож, АТЗГ-ын тэргүүлэгч даргад Д.Чагдаржав, гишүүдэд Д.Сүхбаатар, Л.Сумъяа, Н.Билигсайхан, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгож, жич, Урианхайгаас нэгэн хүнийг сонгон суулгахаар тогтжээ. Тийн сэргээн байгуулагдсан хууль ёсны Автономит Засгийн газрыг үгүйсгэсэн АТЗГ байгуулагдсанаар Монголд хоёр Засгийн газар оршин тогтнох болжээ.
АТЗГ-ыг байгуулсан хурлаас тус Засгийн газрын гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо: нэгд, Харъяат газар орныг Хятадын эрх мэдлээс ангижруулах, хоёрт, Орос цагаан намын цэрэг ба хуаз дээрэмчин зэргийн зэвсэг бүхий муу хулгай нарыг арилгах, гуравт, Монгол ард лугаа найрамдалтай зэргэлдээ улсууд лугаа харилцан нэвтрэлцэх, дөрөвт, Монгол ардын төлөөлөгчдийн их хурал зарлан хуралдуулж, үүрд байх Засгийн газрыг олж, улсын үндсэн цааз дүрмийг тогтоолгох явдал хэмээн заажээ5.  Үүнээс үзвэл, АТЗГ нь дотооддоо улс орноо харийн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлж, АТЗГ-т тулгуурлан Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг зарлан хуралдуулж, шинэ байнгын Засгийн газрыг байгуулах, улс орны амьдралыг зохицуулах улсын үндсэн цааз хуулийг шинээр тогтоох үүргийг хүлээжээ. Гадаад бодлогодоо Монголын ард  түмэнтэй найрамдлаар харилцах хөрш улстай харилцан нэвтрэлцэж,  харилцаа холбоо тогтоох үүрэг хүлээжээ.
АТЗГ-ын эхний үүрэг нь Ардын журамт цэргийг байгуулж, Хиагт хотыг хятад цэргээс чөлөөлөн, хувьсгалыг цаашид өрнүүлэх түшиц баазыг бий болгох явдал байв. Тиймээс АТЗГ байгуулагдсаныхаа маргааш нь 1921 оны 3 сарын 14-нд Түшээт хан аймгийн Эрдэнэ засаг хошой чин ван М.Намсрай, Улсын түшээ гүнгийн зэрэг Ахай засаг тэргүүн зэрэг тайж Ц.Лувсанхайдавын хошуу, Жирэгтэй зэрэг 6 харуулаас 150 цэрэг дайчлахаар элч мордуулж, 3 сарын 15-нд Ардын журамт цэргийн штаб байгуулж, дэд жанжины орон тоог бий болгож, 3 сарын 16-нд шинээр дайчлагдсан цэргүүдийг зэвсэгт элдэв бүлэглэлүүдээс ангид журамтай цэрэг болгох шийдвэр гаргажээ. АТЗГ байгуулагдсанаар Засгийн газрын нэрээр ЗОУ-аас цэргийн тусламж хүсэх нөхцөл бүрэлдэж, 1921 оны 3 сарын 16-нд ЗОУ-аас цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхийг хүссэн албан ёсны хүсэлт гаргажээ.
1921 оны 3 сарын 18-нд Хиагт хотыг чөлөөлснөөр АТЗГ Монгол нутагтаа төвхнөн, чөлөөлөгдсөн орон нутагт үйл ажиллагаагаа явуулах болов. Эн түрүүнд Хиагт хотод дэгдсэн гал түймрийг унтрааж, гал түймрээс ард иргэдийн хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авав. Хиагтыг чөлөөлөх явцад айн дутаасан иргэдийн хашаа байшин, эд хөрөнгийг хамгаалж, битүүмжилж цэрэг гарган харгалзуулж, хятад худалдааны иргэдийн дарга нарыг ирүүлэн хэвээр худалдаалан суулгах арга хэмжээ авав. Хятад гамин цэрэг Хиагт хотыг орхин зайлах үед үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах комиссыг комиссын дарга Х.Чойбалсан, комиссын гишүүд ЗОУ, Дани, Унгар улсын иргэн О.И.Макстеник, Л.Гинстон, Радноти Андор, Катерухин нарын бүрэлдхүүнтэй байгуулж, уг комисс 1921 оны 3 сарын 19-нээс Хиагт хотоор явж, шалган магадалж, 1921 оны 3 сарын 22-нд Хиагт хотноо тусгай акт тогтоов. Нөгөөтэйгүүр 1921 оны 3 сарын 20-нд Эрдэнэ засаг чин ван М.Намсрайн зэрэг 3 хошуу, харуул цагдаа нарт Хиагт хотоос зугтан гарсан хятад гамин цэрэг хүрэлцэн ирвэл хядан сөнөөхийг зарлан тушаав.
Хиагт хотыг чөлөөлснөөр АТЗГ нь чөлөөлөгдсөн орон нутагт өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрэлдэв. 1921 оны 3 сарын 18-нд Хиагт хотыг чөлөөлснөөс 1921 оны 7 сарын 8-нд Нийслэл Хүрээнд НТХ, АТЗГ хүрэлцэн ирэх хүртэлх хугацаанд АТЗГ нь орон нутагт Түшээт хан аймгийн Эрдэнэ засаг хошой чин ван М.Намсрай, мөн аймагт хавсарган захиргасан Ялгуунбаатар бэйсийн зэрэг засаг улсын түшээ гүн Л.Сумъяа, мөн аймгийн улсын түшээ гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж Ү.Лувсанхайдав, мөн аймгийн ханы зэрэг Эрдэнэ дайчин засаг хошой чин ван Х.Жамбалдоржийн хошуу болон тэдгээр хошуудын хил дагуух Жирэгтэйгээс Эрээнцалам хүртэлх харуулын нутгийг харъяалж, үйл ажиллагаагаа явуулж байв.
АТЗГ нь эн тэргүүнд  түр Засгийн газрын бодлого, зорилтыг чөлөөлөгдсөн нутгийн ард олонд ухуулан таниулж, өөртөө татах бодлого явуулав. Үүний тулд бие төлөөлөгч илгээх, уриалга, тунхаг, ухуулах хуудас, «Монголын Үнэн» сонинг тараах зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. Тухайлбал, Хиагт хотыг чөлөөлсний маргааш нь МАН-ын ТХ, АТЗГ-аас Хиагт хотын ойр орчины ард олонд хандсан уриалга, мөн өдөр АТЗГ-аас Бүх монголын түмэн ард ба олон лам, ноёдод тунхаглан зарлах бичиг гаргав.
Эдгээр уриалга, тунхаг, ухуулах бичигт, АТЗГ-ын гол эрмэлзэх зүйл нь Хятадын гамин, Оросын цагаантан, элдвийн зэвсэгт хуаз иргэдээс уул нутаг орноо чөлөөлж, Улсын их хуралдаан нээж, Монгол Улсад үүрд байх байнгын Засгийн газрыг байгуулах явдал хэмээгээд, АТЗГ-ын бодлого шийдвэрийг даган гүйцэтгэж, уул нутаг орондоо эргэн ирж, амар тайвнаар аж төрөхийг ухуулж байв. Ер нь МАН, АТЗГ-аас Нийслэл Хүрээг чөлөөлөх хүртэлх хугацаанд олон тооны уриалга, ухуулах хуудас гаргаж байсны гол агуулга нь АТЗГ-ыг Богд хаантаны Зарлиг лүндэнгээр томилогдсон төлөөлөгчид Богд хаантаны хүсэл таалалд нийцүүлэн байгуулсан хэмээн сурталчилж, АТЗГ-ыг байгуулсан явдлыг зөвтгөх, Барон Унгерний цагаантны тусламжтайгаар сэргээн байгуулагдсан Автономит Засгийн газрыг буруушаан үгүйсгэж, цагаантны цэрэгт нийлсэн, дайчлагдсан монгол цэргүүд, ард олныг өөртөө татахад чиглэгдэж байв.
АТЗГ нь  чөлөөлөгдсөн нутагт үйл ажиллагаагаа явуулахдаа нийгмийг хувьсган өөрчлөхөд чиглэгдсэн хувьсгалт шинжтэй арга хэмжээнүүд авч явуулж байв. Тухайлбал, 1921 оны 4 сарын 23-нд АТЗГ-ын дагаж ажиллах дүрэм, 1921 оны 5 сарын 16-нд Гааль түрээс хураах дүрэм, 1921 оны 6 сарын 3-нд АТЗГ-ын төлөөний түшмэдийн дагаж ажиллах дүрмийг батлан мөрдөв. АТЗГ-ын төлөөний түшмэдийн дүрэм батлагдсанаар орон нутгийн үйл ажиллагааг хянаж, зохицуулах өргөн эрх үүрэг бүхий АТЗГ-ын төлөөний хошоод түшмэдийг олон засаг хошууд, шавийн отог, томоохон сүм хийдийн дэргэд суулган ажиллуулах эрх зүйн үндэс   тавигдав. 1921 оны 5 сарын 21-нд хуралдсан МАН-ын Төв Хороо, АТЗГ-ын хамтарсан 19 дүгээр хурлаас энгийн хүмүүс, нутаг газрыг миний хэмээн өмчилж үл болох, 1921 оны 5 сарын 28-нд хуралдсан МАН-ын Төв Хороо, АТЗГ-ын хамтарсан 20 дугаар хурлаас даруй хошуу, шавийн яам тамгыг халж, сонголтоор байгуулсан ардын хурлаар бүх хэргийг хөтлөн явуулах асуудлыг хэлэлцээд байлдааны цаг учир түр хойшлуулах шийдвэр гаргав. Мөн хурлаас цэргийн ба элдэв албыг хошуу, шавь гэж ялгаврлахгүй нэгэн адилаар гүйцэтгэхээр шийдвэрлэв6
АТЗГ-аас чөлөөлөгдсөн орон нутгаас гадна Монголын бусад орон нутагт хүрч үйл ажиллагаагаа явуулах арга хэмжээнүүдийг авав. Энэ зорилгоор 1921 оны 4 сарын эхээр Ховдын хязгаарт Хасбаатар, Дамбадорж, Өлзийханд нарыг, Хөвсгөлийн Дархад, Урианхайн хязгаарт Чагдаржав, Мишигдорж нарыг илгээж7,  Хасбаатар нараар Дөрвөд хоёр аймгийн чуулганы дарга нарт бичиг илгээж, 1921 оны 4 сарын 6-нд Ноён хутагт Дамбийжанцанд харъяат газраа амар тайван болгоод нааш ирүүлэхээр түшмэл, албаны хүмүүсийг мордуулж байв. Чөлөөлөгдсөн хошуу, харуулын нутагт АТЗГ-ын бие төлөөлөгчийг илгээн орон нутгийн засаг захиргаа, аж амьдралыг хэвийн болгох арга хэмжээнүүдийг авав. 1921 оны 6 сард АТЗГ-ын дарга Д.Бодоо Эрдэнэ засаг хошой чин ван М.Намсрайн хошуунд очиж ажиллан, цагаантныг дэмжиж байсан хошууны тамгын газрын захирагч Батжаргал, Ванчиг тайж нарын ноёд бүгд тамгын хэргийг хаяж зугтсан тул хошууны тамгын хэргийг Эрдэнэ хувилгаан Самдандагвад шилжүүлэн хамааргаж, хошууны ард олонд МАН, АТЗГ-ын зорилго, зорилтыг ухуулан таниулж, хошууны засаг захиргааны ажлыг түвшитгэн тогтоож байв8.
АТЗГ-аас чөлөөлөгдсөн  нутгийн ард олны амьдралыг хэвийн болгож тохинуулах дэс дараатай арга хэмжээнүүдийг авч байв. Сүм хийдийн хурал номын ажлыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, тусгай ухуулах бичиг гаргахын хамт 1921 оны 3 сарын 27-нд Их шавийн  дарга Эрэгдэл нарт зэвсэг олгож, дуган сүмийг хамгаалах бичиг олгожээ. 1921 оны 4 сарын 14-нд АТЗГ-аас МАН-ын Төв Хороо зэрэг 4 газарт Түмэн-Өлзий ордны газарт лам нар хэрхэн нэвтэрч хурал номын ажлыг гүйцэтгэж байхыг зөвлөсөн бичиг илгээв.
1921 оны 4 сарын 16-ны өдөр хуралдсан МАН-ын Төв Хороо, АТЗГ-ын хамтран хуралдсан 21 дүгээр хурлаас тариалалтын цаг болсон тул ард олонд зарлал гаргаж, хуучин ёсоор тариа тариулахаар тогтов.
АТЗГ-ын зохион байгуулалтын дотоод нэгж яамд, хэлтэс нь өөрийн хариуцсан ажлын чиглэлээр чөлөөлөгдсөн нутгийн амьдралыг хэвийн болгож, зохицуулах талаар санаачлагатай ажиллаж байв. Жишээ нь, Цэргийн яамнаас санаачлан  1921 оны 4 сарын 16-наас аливаа албаны хүн, энгийн монгол хүн буу зэвсэг хэрэглэн явах болбоос тус яаманд бүртгүүлэн хойч өдрийн байцаах тэмдэг болгож, нөгөөтэйгүүр буу зэвсэг хэрэглэн явахыг зөвшөөрсөн тамга дарсан тусгай үнэмлэх бичиг олгох болов9.  Гааль түрээс эрхлэх хэлтсээс 1921 оны 5 сарын 16-нд баталсан «Гааль түрээс хураах тухай тогтоосон дүрэм»-д гөрөөс, загас, шувуу агнах тухай дурьдаагүй тул энэ нэгэн жилд гадаадын хүмүүст ан гөрөө хийх эрх олгохыг түр түдгэлзүүлэх санал гаргасныг харъяат Сангийн яамнаас 1921 оны 5 сарын 19-нд АТЗГ-т уламжлан, холбогдох шийдвэр гаргах хүсэлт тавьж байв10
АТЗГ байгуулагдсаныг орон нутгийн зарим засаг захиргааны байгууллагууд хүлээн зөвшөөрч харилцах болов. АТЗГ-т 1921 оны 4 сарын 11-нд Сэцэн хан аймгийн жанжин нараас хамаарсан жанжин Наваанцэрэн тамга хэргийг шинэ тушаалын жанжин Пунцагдалайнамжилд шилжүүлсэн болон хүлээн авч хэрэг шийтгэсэн, мөн аймгийн чуулганы дарга Цогбадрахаас Дотоод яамны дэд сайдын албан давхарласан учир чуулганы даргын тамгыг Далай ван Наваанцэрэнд шилжүүлсэн учирыг мэдэгдсэн 2 дугтуй бичгийг ирүүлж байв.
1921 оны 6 сарын 25-нд МАН-ын Төв Хороо, АТЗГ-аас Нийслэл Хүрээг чөлөөлөх түүхэн шийдвэр гаргахад Дотоод яамны дарга Н.Билигсайханыг Хиагт дахь төлөөний сайдаар, Д.Цэдэн-Ишийг сайдын зөвлөх түшмэл бөгөөд нарийн бичгийн даргаар томилжээ. 1921 оны 7 сарын 5-нд Нийслэл Хүрээнд АЖЦ, Зөвлөлтийн улаан армийн цэргүүд орж, 1921 оны 7 сарын 10-нд Автономит Монгол Улсын Засгийн газрын бүх тамга хэргийг АТЗГ-т шилжүүлэн Үндэсний ардчилсан хувьсгал ялснаар Н.Билигсайхан нь Алтанбулаг хотод сууж умард хязгаарын хэргийг таслан шийтгэх сайд болж, Хиагт орчмын хязгаар нутгийг бүхэлд нь хянан захирах үүрэг гүйцэтгэх болсон байна.
Ийнхүү АТЗГ нь 1921 оны 3 сарын 18-наас 1921 оны 7 сарын 9 хүртэлх хугацаанд чөлөөлөгдсөн бүс нутагт авч явуулсан арга хэмжээнүүд  нь Монгол ардын төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулан, байнгын Засгийн газрыг байгуулах зорилтонд захирагдаж байсан боловч тухайн үеийн байлдааны цагийн нөхцөл байдалтай холбогдон орон нутгийн засаг захиргааг ардчилсан үндсэн дээр өөрчлөн зохион байгуулаагүй байна. Гэвч АТЗГ-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь чөлөөлөгдсөн бүс нутгийн амьдралыг хэвийн болгон зохицуулахын зэрэгцээ нийгмийг хувьсган өөрчилж, шинэтгэх чиглэлийг агуулж байснаараа хожмын Ардын Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл тогтоход үндэс суурь болж өгчээ.
  1. «Коминтерн ба Монгол» /Баримтын  эмхтгэл/ УБ 1996 он. тал 26,28
  2. Тачибана Макото «Хоёр Засгийн газартай 1921 оны Монгол» УБ 2006 он. тал 23
  3. С.Т.Лузянин «Россия-Монголия-Китай в первой половиние XX века» /1911-1946 г.г/ Москва 2003. стр 110
  4. МУҮТА. Х-1, Д-1, ХН-1
  5. Мөн тэнд
  6. «МАХН Ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэлд» эмхтгэсэн Д.Даш. УБ 1971 он.тал 48-51, 55-57, 61-65, Жич, тус эмхтгэлээс авсан олон баримтыг давтан ишлэж нуршуудахыг хэмнэв.
  7. Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид «Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх» УБ 1979 он. тал 213
  8. МУТА, Х-1, Д-1, ХН-50
  9. МУҮТА, МАХН-ын Баримтын төв Х-4, Д-1, ХН-18, Б-17
  10. МУҮТА, МАХН-ын Баримтын төв Х-4, Д-1, ХН-18, Х-2-3

“Заяын гэгээний хийд”


Заяын хүрээ
 1624 онд  Чантын хөндий гэдэг газар анх энэ хийдийг босгосон түүхтэй ажээ. Ламын гэгээн, Заяын гэгээн, Ширээт гэгээн хэмээх 3 их гэгээн энэ газар ирж хоноглохдоо хэнийх нь аяганд цэцэг ургана тэр нь өөрийн хийдийг байгуулъя гэж тохирчээ. Тэгээд Заяын гэгээний аяганд цэцэг ургаснаар 1631 онд одоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт энэ хийдийн суурь тавигджээ.
XVII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд  байгуулсан Гүдэн сүмийг хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил тус тус байжээ.
Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыг төвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ.
Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон асар дээвэртэй доод давхар тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна.
Заяын гэгээний хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ.Заяын хүрээг хоорондоо 5км зайтай газарт дээд доод хүрээ болгон байгуулсан бөгөөд дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээнд 2 аймгийн дуган, лам нарын байшин барилга байжээ. Заяын хүрээнд үргэлж 1000 лам суудаг байсан бөгөөд нэг жилд хэдэн удаагийн их хурал хурах үеэр 4000 орчим түүнээс ч илүү олон лам нар цуглардаг байжээ.
Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал, Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авсан юм. Уул, ус, байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоё сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажээ.