Friday 29 April 2011

Гэсэр сүм


Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршдог Гэсэр сүмийн баригдах болсон шалтгаан нь Монголд хөхийн шашны номлолыг дэлгэрүүлэх зорилгоос үүдэлтэй. Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920 онд Гэсэр сүмийг бариулжээ. Хятадын хөхийн шашин нь Хятадын тооллын тавдугаар зууны үед Буддын шашныг хятадад дэлгэрүүлсэн нэгэн урсгал шашин юм. Сүм барих хөрөнгийг хятад лам нар, их хүрээний пүүсүүдийн хятад эзэд сүсэг бишрэлээрээ гаргасан байна. Гуанди шүтээн буюу Гэсэр сүмийг Тасганы овооны өвөрт байгуулжээ. Гуанди гэдэг нь хятадын нэгэн том цэргийн эрхтэн Гуан Юу-гийн өргөмжилсөн нэр. Гуан Юүг тахисан сүмийг Гуан димио гэдэг байж.Манж нар Манж чин улсыг байгуулах үедээ Гуан Юү жанжны сүнс залран ирсний ивээлээр дайснаа дарж улсаа байгууллаа хэмээн шүтэж, Гуан Юүгийн дүрийг залсан сүм хийдийг байгуулах болжээ.Гэсэр сүм нь гол хаалганы зүүн, баруун талд жин хэнгэрэг, жин хонхны хоёр сүүдрэвч, гол сүм болон дарь эхийн сүм, өргөл мөргөлчдийн байшин, хөлгийн сүм, хөхийн шашны сургуулийн хоёр байшин, Гүвэ овогт Захарын сууцны байшин, хэрмэн хашаанаас бүрдэж байв.Гол сүмд сүмийн шүтээн Гуанди, туслах баатруудынх нь дүр бүхий баримал, Тансан ламын үлгэр намтарчилсан зураг, баримал дүрс байжээ. Өргөл, мөргөлчдийн байшинд сүмийг барих үед мөнгө өргөсөн хүмүүсийн нэрсийг жагсаан бичсэн чулуун самбар байв. Энэ байшинд хятад лам нар суудаг байж. Хөхийн шашны сургуулийн хоёр байшинд хятад хүмүүс сайн дураараа ирж сурдаг байжээ.Хөхийн сүмийн баруун тасалгаанд Гуан-ди хааны улаан дэлт хүлэг морь, баруун тасалгаанд цагаан хүлэг морины баримал байжээ.Жин хэнгэрэг, жин хонхыг цаг хэмжүүрийн дохио болгон ашиглаж байсан гэдэг.Гэсэр сүмээс ший янгууны тоглолтыг жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдрөөс 15-ны өдрийг дуустал хийдэг байсан нь учиртай. Гуан-ди шүтээнтэй бүх хот суурин газруудад ийм тоглолт зохиодог байж.Сүмийг 1933 онд улсын мэдэлд авснаас хойш барилга байгууламжийг нь янз бүрийн байгууллага эзэмшиж анхны төрх байдлыг нь алдагдуулсан тал бий. Гандантэгчинлэн хийдийн уран барималч, зураач Данзан лам 1966 онд Гуан-дигийн хятад баримлыг өөрчилжээ. Данзан лам Гэсэрийн туужаас санаа авч Гэсэрийг морь унасан баатрын байдалтайгаар урлаж, баруун талд нь Цасчихэр, зүүн талд нь Рогмагуа хатны дүрийг цаас, шавар баримлаар хийсэн байна. Хятад хийцийн сүм дуганы төрөлд багтах дурсгалт уран барилгын нэг болох Гэсэр сүмийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.Өдгөө Гэсэр сүмд Гандантэгчинлэн хийдийн Бадма Ёга Дацан болон тус хийдийн шашны дунд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.

Thursday 28 April 2011

“ХЭРЛЭН БАР ХОТ”-ын тухай баримтаас

Өмнө нь та бүхэнд танилцуулж байсан Монгол орны нутагт байгаа эртний хот балгадын туурийн тухай танилцуулгын үргэлжлэл болгож Чойбалсан аймгийн нутаг дэвсгэрт орших  “Хэрлэн бар хот”-ын тухай эрдэмтэн Ц.Доржсүрэнгийн 1959 онд бичиж үлдээсэн танилцуулгыг эх хувиар нь хүргэе. Энэ баримт мөн ҮТА-ын сан хөмрөгт байгаа болно. Үүнд:
ХЭРЛЭН  БАР  ХОТ
    Улаанбаатараас Чойбалсан орох замд (Чойбалсан хотоос баруун тийш   12 орчим км газар)  машин замын урд зах дээр тоосгоор барьсан өндөр суврага алсаас сүндэрлэн харагдана. Суврагын дэргэд явж очиход хэрэм бүхий хотын хульширсан ор байна. Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузаан нь 3-3,5м байна. Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ. Хэрлэн бар хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна. Шинжилгээний ажлыг их хэрмийн дотор байгаа чулуун хэрэм бүхий дөрвөн барилгад зориулсан байв. Бас нэг суврагын орыг мөн малтаж шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу, зээбад зэрэг юмны дүрс олон гарчээ.
    Хэрлэн Бар хот нь 10-11 дүгээр зууны үед байсан Кидань улсаас тус улсын нутагт байгуулсан олон хотын нэг бөгөөд Кидань улсад Бүддийн шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг батлаж байна. Дээр дуррдсан хот ба сүмийг 1731 онд монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байна. Түүний суврага, сүмийн тухай үгүүлсэн зүйлийг малтлагаас гарсан дурсгалууд баталж байна. Киданы энэ хотын суурь түүхчдийн сонирхолыг ихээхэн татах чухал нэг дурсгал тул улсаас эрхэмлэн хамгаалж байдаг болно. 
гэсэн энэ баримтыг 1959 онд бичиж үлдээсэн нь Шинжлэх Ухааны Академийн хөмрөгт хадгалагдаж байна.
 Түүхийн баримтын төвийн  архивч П.Алтанцэцэг

Майн нэгний баярыг тэмдэглэх болсон түүхээс...


1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан байна.
     Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хvн амь vрэгдэж, жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис vйлдлийн эсрэг ажилчдын дараа дараагийн тэмцэл улам ширvvсч, бємбєг тэсэлснээс найман цагдаа амиа алджээ. Бємбєг дэлбэлж, олон цагдаагийн аминд хvрч, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан хэргээр энгийн дєрвєн ажилчныг баривчлан цаазалсан байна. 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний єдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах єдєр болгон зарлажээ.
Ажилчдын баяр буюу "Майн баяр"-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж "Майн баяр"-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байв. 1990 оны тавдугаар сарын 1-нд Зєвлєлт Холбоот Улсын удирдагчид, Коммунист Намын дарга нар сvvлийн удаа "Майн баяр"-ын арга хэмжээнд оролцож, vvнээс хойш 1992 онд уг баярыг хаврын бас хєдєлмєрийн баяр болгон єєрчилсєн байна.
Германд жил бvрийн тавдугаар сарын 1-нд хэт зүүний vзэлтнvvд, нацистуудын хооронд ширүүн мєргєлдєєн болдог аж.
Өнөөг хүртэл БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг тэмдэглэж байна.

  Монгол улсад “Майн баяр”-ыг анх 1922 оноос тэмдэглэдэг болсон тухай баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр тушаалаас толилуулъя.
Нэгдүгээр зүйл. Нөхөд ардын цэргүүдээ! Европын таван сарын шинийн нэгэнд дэлхий дахины бүх хөдөлмөрчин ба тариачин нар өөрийн ажил үйлдвэрийн их баярын сайн өдөр болох бөгөөд энэ өдөр ажил үйлдвэрийн хүмүүс хүчнээ дахин бүртгэж, газар бүрийн матар, загас мэт шунахай, ховдог, капитал хөрөнгөтөнд дарлан боолчлогдох зэрэг гашуун зовлонгоос мултран гарч, дэлхий дахины эзэн болж чадахаа илэрхийлнэ...
Хоёрдугаар зүйл. Европын таван сарын шинийн нэгний их баярын сайн өдөр нийслэл Хүрээг хамгаалах бүх цэргүүд ёслолын жагсаал үйлдэх бөгөөд засгийн газрын олон яамны албан хаагчид ба эвлэл, нам зэрэг газрын гишүүд мөн нэгэн адил ёслон жагсана. Ёслолын жагсаалыг гурван зуун зургадугаар  хорооны даргаар эрхлэн захируулна.
Гуравдугаар зүйл. Ёслолын жагсаалыг үйлдэхдээ Монгол цэрэг ангиудаар өмсөх хувцас нь тэргүүн ба хоёрдугаар хорооны цэргүүд тэрлэг дээл, их бууны хороо, пулемётын сумангийн цэргүүд цэргийн цамц өмсөж гарахаас гадна даргын сургуулийн цэргүүд арьсан хувцас өмсөж бүрэн зэвсэгтэй гарвал зохино...
Арван хоёсдугаар он гурван сарын шинийн гурван. 


Цэргийн Яамны тэргүү сайд бүх цэргийн жанжин        Сүхбаатар
                        Эрхэлсэн түшмэл        Миркулов
Гэрэл зургийг КГЗДАБТ-ийн гэрэл зургийн сан хөмрөгөөс
Түүхийн баримтын төвийн
ахлах зааварлагч, арга зүйч М.Байгалмаа

Алдаа ташаатай бичсэн бичээчийг дөчин ташуур занчиж шийтгэсэн нэгэн баримтаас

Бид  өнөөдөр мэдээллийг   сонин , сэтгүүл, телевиз, инетернэт гээд олон сувгаар авч байна.  Харин тэрхүү  мэдээлэл нь  утга найруулгын төдийгүй  үг үсгийн  алдаа мадагтай байх нь  бараг ердийн хэрэг болсон.  Гэтэл Монголчууд  төрийн албан хэрэг хөтлөлтийн  нэн эртний  түүхэн  уламжлалтай бөгөөд  баримт бичгийг үйлдэхэд  хэл найруулгын хувьд  утга төгөлдөр, үг үгсгийн алдаагүй, цэвэр үзэмжтэй бичих хатуу дэг журамтай байв.  

Энэ талаар  алдаа эндэгдэл  гаргавал  хатуу чанд шийтгэдэг хууль дүрэмтэй байсан нь хожим Богд Хаант Монгол улсын “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-ийн есдүгээр дэвтэрт :  “Аливаа айлтгах бичгийн дотор .. чухал үг үсгийг  ташааран тасалдуулах, харилцан өөрчлөх, түшмэлийн зэргийг ташааран бичих, үсэг ташаарах, бичсэн нь дүрэмд үл  нийлэлцэх ба баллах нөхөх, халах зэргийн учир байваас цөм дөчин ташуур   занчигтун, албан бичигт тамга дарахыг тасалдуулваас жаран ташуур занч” хэмээн  уламжлан тусгагдсан билээ. Үүнтэй холбогдуулан  нэгэн түүхэн баримтыг   тольдуулваас өнөөгийн залуучуудад сургамж, санамж  болох буйзаа хэмээн санамуй.
     Дотоодын Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас Нийслэл Хүрээний  Эрдэнэ  Шанзудба, Шашин Төрд Туслах сайдуудад илгээсэн бичигт:  ...Засагт хан аймгийн гүнгийн зэрэг бишрэлт  засаг тэргүүн зэрэг  тайж Довдорж  агсны хэргэмийг  түүний ахмад хүү  Жамбадоржид  залгамжлуулахыг эрж гэрийн үеийн бичмэлийг  хүргүүлэн мэдүүлж ирсэн тухайд.. хянан үзвээс  энэ тухайн айлтгах  нугалбарын эхэд цөм  “Жамбадорж” хэмээн  бичсэн боловч  Дээр   айлтгах   нугалбарыг ёсчлон  бичсэнд  яамны тавдугаар зэрэг жинхэнэ бичээч  Шарав “Жамбадорж” бүрийг  “Жамбалдорж” хэмээн ташааран бичсэнээр уг нугалбарт  улаан бийрээр “Жамбалдорж” хэмээн цохсон болохыг ..  байцаан гаргаж,  хэрхэн учир ийнхүү солиг ташаа  бичиж будлиантуулсан явдлыг харьяат жинхэнэ бичээч Шараваас байцааваас, түүний мэдүүлэх нь:
     Өчүүхэн боол Дээр айлтгах  аливаа нугалбарыг ёсчлон бичих тухай  бүр  чин үнэнхүү санаагаар болгоомжилж чармайн  бичдэг билээ. Гагцхүү  энэ тухайн нугалбарыг  бичихэд  өчүүхэн дорд боолд нэгэн цагийн  мунхаг тохиолдож ийнхүү ташааран  будлиантуулсан хэрэг болохооос өөр учир санаа огт үгүй тул  осолдсон бурууг  хүлээсүгэй хэмээн мэдүүлмүй.  Шавь боолчууд  хянаваас  энэ хэргийг  хэдүй  тухайн бичээч  Шарав  тийнхүү  ташааран бичсэн нь  түүний осол цалгараас үүдсэн хэрэг боловч, шавь боолчууд  тухайд хянан болгоомжилж, залруулан  чадсан үгүй  нэгэн адил    омтгойдсон болох нь  ер биеэс зайлах газар  үгүй бөгөөд  зүй нь хамтаар  ял  гуйваас зохих үүнд, байцааваас монгол цаазын бичигт тусгай заасан зүйл үгүй. Шүүх цаазын бичигт аливаа бичиг айлтгах  хэрэг айлтгахуйд Хааны нэр  дэмийгийн нэрд ташааран  тохиолдуулваас  наян цавчирга занч, бусад бичигт  ташаа тохиолдуулваас  дөчин  тойвон занч хэмээсэн зүйл буй тул ... засаг  тайжийн нэрийг ташаа бичиж будлиантуулсан тавдугаар зэрэг жинхэнэ бичээч Шаравыг бичээчийн албанаас байлгаж, цаазын бичгийн ёсоор  дөчин тойвон занчихийг  нугалж, тооны ёсоор  ташуур занчиж  цээрлэл үзүүлэн  шийтгэвээс  нийлэлцэх, мөн  тухайд  хянан болгоомжилсон  үгүй  омтгойдсон шавь боол Дашжав, Пунцагцэрэн, Доржпалам, Цэрэнням, дэс түшмэл Магсаржав, Цэвэгням, ёслолыг удирдагч түшмэл Содов, эх зохиох түшмэл Цэмбэлжигмэд, Навааннамжил, Өсөхбаяр нарыг  хэрхэн яллаваас зохихийг хамтаар Зарлигийг гуйн айлтгаж тогтоолгохоос гадна  уг тушаасан нугалбарыг  залруулан  бичиж хамтаар  Дээр толилуулан  айлтгаад гуйх нь, Богд эзэн гэгээнээр  толилж заалхийлэн сургаж .. ажааму .. хэмээн айлтгасанд, Улаан бийрээр цохсон Зарлиг,  Шаравыг наян цавчирга занчих ба албанаас  байлгахыг өршөөж, дөчин ташуур занч. Бусад Дашжав нарыг   ял хэлэлцэхийг хэлтрүүл хэмээснийг  хичээнгүйлэн  дагаж.. шийтгэсэн  тулд  үүнийг таван яамд, Шашин  төрд туслах сайдуудад тус бүр  явуулан байцаан  үзүүлье, үүний тул илгээв.
     Олноо өргөгдсний   дөрөвдүгээр он арван нэгэн сарын шинийн дөрвөн“ хэмээн бичжээ.
     Дээрх бичигт өгүүлснээс үзэхүл  “Жамбадорж” хэмээх  засаг тайжийн нэрийг “Жамбалдорж” хэмээн  нэгэн  “л” үсгийг нэмж буруу ташаа бичсэн тул бичээч Шарав  дөч ташуурдуулах ял авсан бөгөөд   наян цавчирга занчих ба бичээчийн албанаас  болиулах ялаас нэгэнтээ чөлөөлөгдсөн  ажээ.  Хэдийгээр өмнөх үеийн  ялын төрлийг  өнөө үед хэрэглэх нь  зохисгүй, боломжгүй боловч  баримт бичгийг /мэдээлэл/  боловсруулах, түүнийг хянах,  нийтэд түгээхэд   хатуу шаардлага тавьдаг, хариуцлага тооцдог түүхэн уламжлалыг сэргээн тогтоох нь олон талын ач холбогдолтой байж болох  юм.
Үндэсний төв архив. Ү.Дэлгэрмаа
 

Tuesday 26 April 2011

Гоожингийн өндөр


Хятадын гамин цэрэг Монгол орныг эзэлж, автономит засгийг устгах үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Манлай ван Дамдинсүрэн, чин ван Ханддорж, Хатанбаатар Магсаржав нарын хүмүүс болон наймдугаар Богд Жавзундамба хутагтыг 50 гаруй хоног хорьж байсан түүхт байшин Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 21 дүгээр сургуулийн зүүн урд талд оршино. Богдын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн анх бариулсан энэхүү байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб /Сийлэнпүүгийн яам/ байрлаж байсан үед Олноо өргөгдсөн оны үед байшин Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ. Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болж улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” хэмээн нэршжээ.Чулуун суурь, гадна дотно талдаа шавардлагатай, дүнзэн хана, модон хучилттай, төмөр дээвэртэй, түүх соёлын дурсгалт энэхүү байшинг Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор хамгаалалтад авчээ.Эдүгээ энэ байшинд Санхүүгийн техникумын үндсэн хөрөнгө байх үед суурьшсан есөн айл амьдарч байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн түүхэн замнал



1.   Өргөө
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм.
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.
2.   Их хүрээ /1778-1910/
Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.


Нийслэл хүрээ /1911-1921/
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/
1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлэг тэмдэгтэй.

Thursday 21 April 2011

БАРОН УНГЕРНД ДАРХАН ХОШОЙ ЧИН ВАН ЦОЛ ШАГНАСАН ТУХАЙ


1920 оны 10 дугаар сарын 2-нд цагаантны цэргийн хүч нэвтрэн орж ирсэн нь  атаман Семёновын хамсаатан барон Унгерний захирсан “Азийн морин дивиз" гэгч байв.

     Монгол орны улс төрийн байдал, нийгмийн сэтгэлгээ барон Унгернд  таатай боломжийг олгосон юм. Тусгаар байдал, хаант ёсны илэрхийлэл болж байсан автономит засгаа устгуулсан монголчууд тусламж эрэлхийлж, хэнд ч хандахад бэлэн байсан нь эзэн хаант засгийг нийгмийн байгууллын дээд хэлбэр хэмээн шүтэн бишрэгч Унгернд үзэл бодлоо хэрэгжүүлэх орон зайг буй болгожээ.
     Унгерн "Богд гэгээнтнийг хаан ширээнд залж, автономит засгийг босгоно”, “Монголчуудыг хятад цэргээс чөлөөлнө", "Их Монгол улсыг байгуулна" хэмээн, монголчуудын хүсэл эрмэлзлэл, сүсэг бишрэлийг ашиглан, хятад цэрэгт дургүйцсэн монгол ноёдыг өөрийн талд татаж байв.
     Нийслэл хүрээг эзлэх бэлтгэлээ шуурхайлан хийж олон зуун монголчуудаар хүчээ зузаатгасан Унгерн хятад цэргийг хэд хэдэн удаа довтолсны дүнд 1921 оны II сарын 3-нд Нийслэл Хүрээг эзлэн авч 1921 оны II сарын 21-нд Богд гэгээнийг хаан ширээнд залжээ.
     Богдыг хаан ширээнд залах энэ ёслолын үеэр Богд хаанаас барон Унгернд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин ван цол шагнах зарлиг буулган мутрын тэмдэг дарсан байна.  Энэхүү зарлигт:  
Шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг.
Орос жанжин генерал Барон болбоос бидний Монголын өөрөө эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяа бүхий хүмүүн мөн. Түүний бие анх цэрэг авч ирснээс нааш хүйтэн жихүүнд халирсхийх үгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслаасан үгүй, эцэстэлээ зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавьяаг бүтээсэн ба шан хорыг тэгшлэн цэргийн цаазыг явуулсныг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой. Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж генерал Баронд үе улиран ханы зэргэ, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, Улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнав. Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олгов. Олноо өргөгдсөний Арван нэгдүгээр он
гэжээ.

Гандантэгчинлэн хийд


Гандантэгчинлэн хийд Монголын бурхан шашны төв, гурван том хийдийн нэг.  Гандантэгчинлэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнжид Шар сүм нэртэйгээр байгуулжээ. Хожим Шар сүмийг Чойрын дацан болгожээ. Ламрим дуганыг 1924 онд, V Богд Жавзундамба хутагтад зориулсан Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгачойлин зэргийг 1838 онд, Цогчин дуганыг 1839 онд, Бадамёгог 1844 онд, Жүдийн сүмийг 1848 онд, Гунгаачойлин сүмийг 1909 онд, VIII Богдод зориулсан Мэгжид Жанрайсигийн сүмийг 1913 онд, V Богдын шарилын сүмийг 1841 онд, VII Богдын шарилын сүмийг 1869 онд, VIII Богдын шарилын сүмийг 1925 онд барьсан түүхтэй. Гантантэгчинлэн хийдээс өдгөө 6 сүм үлджээ. 1944 онд сүмийн хурал номын ажлыг сэргээсэн юм. Гандантэгчинлэнд хадгалагдаж буй олон ховор ном судар, түүх соёлын үнэтэй дурсгалаас Өндөр гэгээний ээжийнхээ хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал, Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс, ХХ зууны эхэнд Польш, Өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан, 1957 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн бэлэглэсэн 2000 жилийн өмнө Энэтхэгийн урчууд бүтээсэн Буддын баримал, Буддын шарилын хэсэг зэрэг нь анхаарал татдаг. Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хийдийн үлдсэн сүм дуганын гадуур гол асар хаалга, хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр 1981-1982 онд барьсан юм. Гандантэгчинлэн хийдийг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Тус хийдийн Очирдарийн сүмд алт, мөнгөөр Занабазарын бүтээсэн Очирдарийн баримал, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, лам Самбалхүндэвийн монгол зургийн аргаар 1858 онд бүтээсэн эв зохицлыг бэлгэдсэн зураг хадгалагддаг. VII Богдын шарилыг оршуулахад зориулсан Зуугийн сүмд XIX зуунд Долнуурт бүтээгдсэн Бурхан багшийн хоёр шавьтайгаа байгаа баримал, сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин тэнгэрийн сийлбэр хадгалагдаж байна. Дээрх хоёр сүм ур хийцийн хувьд адилхан. Алтадмал ганжир бүхий паалантай вааран дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьсан сүм юм. Гандантэгчинлэн хийдийн номын санд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, Богд Зонхав, Банчин богд, Далай лам болон Төвдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваанхайдав, Агваандандар, Ишбалжир нарын монголын дал гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм, монгол, ойрд, санскрит, деванагар, пали зэрэг үсгээр есөн эрдэнээр бичсэн олон тооны монгол, төвд судар байдаг. Алтадсан ганжир, жанцан, чойжхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг нь сүм дуганы барилгын үндсэн гоёл чимэглэл. Гандантэгчинлэн хийдийн барилгууд монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай.

“Өглөгчийн хэрэм”-ний тухай


Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км, Баян гол өглөгчийн голд нийлэх билчирээс 8-10 км зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3 км орчим, урд, өмнө талдаа  хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл чулуун ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад төвөгтэй болжээ.
     Хэрмийн ханын  өндөр 1926 онд Зөвлөлтийн эрдэмтэн С. Кондратьевийг үзэхэд янз бүрийн хэсэгтээ 2.5-4.5м байсан бол одоо хамгийн өндөр хэсэгтээ 3.1м өндөр, 2.5м зузаантай байв. Хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домоглодог.   
    Өглөгчийн хэрэмд барилга орсон ор улбаа байхгүй бөгөөд хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж С.Кондратьев 12-14-р зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзсэн тал бий.
     Харин түүхч Х.Пэрлээ тэндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ. Гэвч Өглөгчийн хэрэм нь Хятаны тухай эх сурвалж бичигт нэр нь гардаггүй бөгөөд Хятан улсын эзэлсэн Монгол аймгийн нутгийн заагаас гадагш Хурхын голын сав газар оршдог дурсгал юм. 

“Чойжин ламын сүм”-ийн хийц, онцлог



XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм.
Нэгэн цагт Монголын ард түмэн 700 гаруй сүм хийд бүтээн босгож, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан сайхан түүхтэй. Тэр бүх сүм хийд дотроос Чойжин ламын сүм тун өвөрмөц онцлогтой.
Энэ сүмийг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Тиймдээ ч 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүмийг учир битүүлгээр 1903 онд галдан шатаасан юм.
Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар хойтон жил нь буюу 1904 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр (Маймаа хотын захирагчийн охин, түүний эхнэр болох Сүрэнхорлоогийн хөрөнгөөр) сүм барьж эхэлжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан тул Чойжин лам сүм барих ажлыг машид шуурхайлж, ердөө л хоёрхон жилийн дотор 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгож, дотор заслын ажил эхлүүлжээ.
Монголын төрийг хамгаалан чойжин буух сүм хийд барихыг Манжийн хаан зөвшөөрөхгүй хэвээр байв. Иймд 1906 онд Чойжин лам Лувсанхайдав уран арга хэрэглэн Манжийн хаанд бичиг явуулж, түүндээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүм босгов. Таныг урт удаан наслах, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлэв” гэжээ. Ингэхэд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж, Богдын төрийн шар ордон Дэчингалбын хийдийн адил эрх олгожээ.
Сүмийг 1908 онд ашиглалтад оруулж, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр шашныг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтаас “Хар, зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс чойжин буудаг, төр-шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгожээ.
Чойжин ламын сүмд 1938 он хүртэл хурал хурж байгаад коминтерны явуулсан бодлогын дагуу хурал номьн үйл ажиллагааг нь хаажээ. Түүхэнд “их хэлмэгдүүлэлтийн жил” хэмээн нэрлэгддэг 1937 оны хэцүү бэрх цагт олон зуун сүм хийд дацанг татан буулгаж, доторх судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийсэн билээ. Чухамхүү энэ үед шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан тус сүмд төвлөрүүлж, улмаар тухайн цаг үеийн эрдэмтэн мэргэд, сэхээтний төлөөлөгчид төрийнхөө дээд байгууллагад албан ёсны асуудал тавьжээ. Монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй хэмээн 1939 онд сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтад авснаар хойч үе бидэнд өвлөгдөн ирсэн түүхтэй. Энэ хэрэгт маршал Чойбалсан онцгойлон анхаарсан гэдэг.
Хожим Чойжин ламын сүмийн хойно Д.Сүхбаатар ард түмэндээ үг хэлж, Түр Засгийн газрын ордноо мөн Чойжин ламын сүмийн хойно байгуулсан юм. Их жанжны үгээ хэлсэн яг тэр газар хожим буюу 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан түүхтэй. 1951 онд Засгийн газрын ордныг мөн л сүмийн чанх хойно барьсан. Энэ нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин ламын сүм, Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга билэгдэл агуулсан ажээ. Эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг нь тохиолдлын хэрэг биш юм.
1941 оны 11-р сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигийг үндэслэн түүх соёлын тэргүүн зэргийн дурсгалуудын тоонд багтаан оруулж “Судар бичгийн хүрээлэн”-гийн мэдэлд шилжүүлэв. 1942 оноос “Шашны түүхийн музей” болж, 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, эсвэл тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байснаа 1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн байна.
Хожим тус музейн сан хөмрөгөөс Монгол Улсын хосгүй үнэт дурсгалд багтдаг IV богдын Түвдээс авчирсан 108 боть Ганжуур ном, Лхашидын тарни, гүн ухаан, анагаах ухааны бүтээлүүдийг багтаасан Түвдийн гар бичмэл 226 боть данжуур одоо Монгол Улсын Үндэсний номын санд шилжин хадгалагдаж байна. Данжуурыг XVI зууны үед монгол хэлээр орчуулсан юм.
1966 оны 4-р сарын 30-ны тусгай актаар Дүрслэх урлагийн музей байгуулагдахад түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох Өндөр гэгээн Занабазарын эх бүтээлээс язгуурын таван бурхны дөрвийг, Цагаан дарь эх болон цамын баг бүрэн өмсгөлийн хамт танка, зээгт наамлын зэрэг олон бүтээл шилжүүлжээ. Мөн Богд хааны ордон музейд 21 дарь эх болон танка, зээгт наамлын бүтээл зэргийг шилжүүлэн өгч, тус тусын сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.
Уран барилгын энэ цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, ‘”Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суварга, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авъяас билэг, бурхан ухаан, сүсэг бишрэлээр урлан бүтээсэн бурхны шашны түүх, соёлын үнэ цэнэтэй 6500 гаруй бүтээлийн дээжис хадгалагддаг.
Цогцолбор чуулга болсон энэ сүм 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалганаас бүрдэл болно. Сүмийн бүх барилга асар маягийн эргэсэн дээвэртэй, тэр нь шаталсан 4 хэсгээс бүрдэнэ. Түүнийг зааглан дагасан хянган хамар дээгүүр морь унасан эртний баатар, ан амьтан, араатан жигүүртэн зэрэг сүлжилдэн харагдах бөгөөд өнцгийн яс модны үзүүрт амьтны дүрс сийлсэн зэрэг нь цөм үлгэр домог, зөн билэгдлийн хэллэгтэй юм.
Хувьсгалаас өмнө 700 гаруй сүм хийд байснаас 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц сүм Чойжин ламын сүм билээ. Үүгээрээ Амарбаясгалант, Эрдэнэзуу, Богд хааны ордон музейгээс ялгагдана. Иймээс ч амьд сахиус бурхад оршин байдаг учир эргэл мөргөлөөр ч шүтэн биширч байдаг.
Та бүхэн өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн гайхамшигт бүтээлүүдийг сонирхон мэдлэгийн хүрээгээ тэлэхийн сацуу монос модны цэцэрлэгт алжаал юугаа тайлан, амьд бурхад заларсан ариун дагшин газар морилон саатаарай.

Төрийн их Чойжин,

хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч

Лувсанхайдавын товч намтар

Халхын VIII богд жибзундамб хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуугийн төрсөн дүү Лувсанхайдав 1872 онд Түвдийн Шолао хэмээх газар эцэг Гончигцэрэн, эх Ойдовдуламын 5-р хүү болон төрж, 1874 онд Монгол оронд иржээ.
1883-1884 оны үед Богдын багш төвд лам Ёнзон хамба Балданчоймбол (түүний занданшуулсан шарил эдүгээ музейн Гол сүмд оршин байдаг) Лувсанхайдавт чойжин сахиус оршиж байна хэмээн, 1884 онд Түвд орноос Чойжин Сэтээвийг урин ирүүлж, Лувсанхайдавын Чойжин болох явдлыг удирдуулж, хүрээний монгол лам Лувсанпэлжээгээр чойжин буух уншлага ном уншуулдаг байв. Энэ лам чойжин буух үед түүний авралын үгийг чагнаж, хүмүүст хэлмэрч хийж өгдөг Гомбоо буюу Сойвон лам нь байжээ.
Лувсанхайдав хэдэн жил чойжин болох эрдэм сурсны дүнд өөрийн гол шүтээн Найчин-Чойжин, Зэмэр-Чойжин, Доржшүгдэн зэрэг догшин сахиусаа дуудан онгодоо залжээ. Эдгээр сахиусынхаа тусламжтайгаар ид шид үзүүлэн, далдыг харж, алс ирээдүйн аливаа зүйлийг урьдчилан зөгнөж байв. Тэрээр төр шашин, улс орноо хамгаалах, ад зэтгэр, шулмасын хорлолыг үлдэн хөөхийн тулд догшин сахиусуудын нэрийн өмнөөс чойжин бууж, нууц тарни ид шидийг иогийн эрдэмтэй хослуулан үзүүлэхээс гадна мэргэ төлөг буулгадаг догшин хувилгаан /гүртэмбэ/ байв.
VIII Богд Жибзундамбаас Лувсанхайдавыг жил бүрийн цагаан сарын шинийн 8-нд Зүүн хүрээний Цогчин дуганд гурван сахиусын үүднээс чойжин бууж байх тогтмол журам тогтоожээ. Улмаар Лувсанхайдавыг үеийн үед өөрийнхөө сүмд Чойжингоор тахин сууж байх болтугай гэж ерөөн “Энэтхэгийн хар явдалт Дүвчиннагважодов бодитой мөний тул Монголын шарын шашныг хамгаалан сахих чойжин сахиус тодрон гарав” гэж Монголын ард түмэнд лүндэн (зарлиг) буулгажээ. Үүнээс хойш Чойжин Лувсанхайдавыг шүтэх, итгэх явдал хөгжиж, чойжин сахиусны хурал, жасын албаны орон тоогоор үүсгэн байгуулж, Лувсанхайдавыг Монголын шашны гол Чойжин болгосон түүхтэй билээ.
Монголын ард түмэн Манжийн түрэмгийлэгчдэд 200 гаруй жил боолчлогдон дарлагдаж байсан гав дөнгөө 1911 онд мултлан таягдаж, эх орноо Манжаас тусгаарлав. Тусгаар Монгол Улс байгуулж, VIII Богд Жибзундамба хутагтыг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын хаан ширээнд суулгах баярыг тохиолдуулан Богд хаанаас Чойжин Лувсанхайдавт үе улиран залгамжлах Монголын шашны гол чойжин сахиулсан ариун явдалт, чин сүсэгт гүртэмбэ, гүжир хамба, эрдэнэбилэгт, тунгалаг бишрэлт хутагт хэмээх цол, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнан олгож, сүмийн олон тушаалтныг нэмэн томилжээ. Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамганы дардас бүхий Доржшүгдэн сахиус залах нууц судар музейн өдгөө Занхан сүмд хадгалагдаж байна.
Тэрээр Халх Монголын 13 тамгатай хутагтын нэг. Шашин номын үйл эрхлээд зогсоогүй төр улсынхаа төлөө бие, сэтгэл, оюунаа зориулж, монгол түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө номынхоо ид шид, эр биеийн хүч чадлаар тэмцэж явсан нэгэн. Чойжин лам Лувсанхайдав 1918 онд Чойжин бууж байх үедээ жанч халжээ.

Ямпай-Халхавч хаалга

Ямпай буюу халхавч хаалгыг Манжийн хааны зарлигтай сүм болон шашин төрийн томоохон үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн урд барьж бүтээсэн байдаг.
Ямпайн урд талын дунд хананд ертөнцийн дөрвөн хүчтэн хангарьд, арслан, барыг газарт өөд өөдөөс нь харуулан, харин хойд талын дунд хананд 5 лууны дүрсийг Монгол орны байгальтай хослуулан үндэсний зургийн хэв маягаар товойлгон дүрсэлжээ. Ертөнцийн хүчирхэг 4 амьтан хамгаалж байгаа цагт газар тэнгэрийн элдэв ад зэтгэр, хор хөнөөл, хар зүгийн шулмасын хорлол нэвтрэн орохоос найдвартай сэргийлэн хэнд ч дийлдэшгүй бат цайз мэт байж, Бурхны шашин мандахыг үүгээр билэгдсэн ажээ. Сүмийн ямпайд бүтээсэн лууны тоо тухайн сүмийн ажиллагаа, зэрэг дэвийг илэрхийлдэг байв. Тус сүмийн ямпайд 4 хумст таван хүчирхэг луу бүтээсэн нь төр шашны томоохон үйл ажиллатаа явуулж байсныг илтгэж байна.
Сүмийн ямпайг хөх тоосгоор барьж, дээд доод хүрээнд хээ угалз гарган чимэглэж, урд хойно нийт зургаан хавтаст хананд янз бүрийн үйл явдлыг үлгэр домог, зөн билэгдлийн сэдвээр хийсэн байдаг. Энэхүү ингэмэл (хагас товоймол) баримлыг Монголын урчууд Утайн сургуулийн дэг жаягаар чадварлаг урлан бүтээжээ.

Гол сүм буюу хурлын сүм

Сүмийн гол хаалган дээр Манжийн Бадруулт төр хааны хайрласан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэсэн нэрийг монгол, төвд, хятад, манж хэлээр бичсэн байдаг.
Гол сүм нь шашны үйл ажиллагаа явуулж байсан дэг жаягаараа хадгалагдсан дурсгал юм. Түүнчлэн бурхад, барилгын дотоод засал, дэглэлт, сүмийн тааз, ханан дахь чойжин сахиусны өвөрмөц шийдэл бүхий чимэглэл, зургаараа бусад буддын сүм хийдээс ялгардаг. Одоо эдгээр нь тус музейн үзмэр болон хадгалагдаж байна.
Сүмийн хойд хэсэгт хүндэтгэлийн суудал дээр XVIII зууны үед зэсээр хөөж, алтаар шарж бүтээсэн Бурхан багшийн гоёмсог дүрийг 2 шавийн хамт байрлуулжээ. Баруун талын түшлэгт суудал дээр сүмийн гол лам Лувсанхайдавын /чойжин ламын/ баримал дүр, зүүн талын түшлэгт суудал дээр Лувсанхайдавын багш Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил байна. Түшлэгийн урд талаар хурал номын хэрэгсэл, хонх дамар, цан, хэнгэрэг, бүрээ, бишгүүр сэлтийг бүрэн өрж тавьжээ. Чойжин ламын суудлын түшлэгийн ард Жигжидийн орон (Лойлон), Ёнзонхамба Балданчоймболын суудлын түшлэгийн ард Янсан-Ядамын орны байдал бий. Түүний хойд талын хананд баруун талд Майдарын орон, зүүн талд Авидын орон бий. Үүнийг XX зууны эхээр Монголын уран сийлбэрч Балган модоор сийлжээ.
Уг сүмд хоёр эгнээ жавдан хэмээх лам нарын суудал хуучин байдлаараа хадгалагдаж байгаагийн өмнөх ширээнүүд дээр хурал номын үед хэрэглэж байсан тахилын төрөл бүрийн зүйлс, хөгжмийн зэмсгийг дэлгэн үзүүлж байна. Эдгээрийг шашны номын ёс журмын дагуу байрлуулжээ.
Гол сүмийн дээд хэсгийн дунд Насны гурван бурхны танка зураг, түүний хоёр хажуугаар XVIII зууны чулуун барын аргаар бүтээсэн 18 Найдангийн бар зураг, түүний доод талд 10 хангал бурхдын танка зураг залжээ. Сүмийн 2 талаар байгаа шилэн хоргонд “Цам” шашны бүжигт үйлийн багуудыг байрлуулсан байна. Цаасан шуумал баг бүтээгч авъяаслаг урлаачдын нэг нь XIX зуунд Их хүрээнд амьдарч байсан нэрт уран барималч Пунцаг-Осор юм. Түүний урласан “Улаан Жамсран” бурхны улаан шүрэн багт байгалийн цэвэр 6000 гаруй шүрийг нүүрний булчингийн хөдөлгөөний дагуу битүү шигтгэсэн нь багийг уран гоёмсог болгожээ. Түүнчлэн, догшин ширүүн, сүрлэг байдал илэрхийлэхийн тулд шүрний хэмжээг маш нарийнаар сонгон байрлуулж чаджээ. Энэ бүтээл Монгол Улсын “хосгүй үнэт” бүтээлд зүй ёсоор ордог бөгөөд дахин давтагдашгүй ур хийцээрээ үзэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг.
Энд бас хүрээ цамын ур хийцээрээ алдартай эрдэнийн чулуун чимэг бүхий Махгал Гомбын цамын баг, бүрэн өмсгөлийг байрлуулжээ. Гол сүмийн баруун, зүүн хананы гүнгэрваанд Бурхан багшийн шавь 16 Найданг бясалгалын байдалтайгаар зэс хөөмлөөр урласан байна. Их хүрээнд нутаг хошуудаас урлахуйн ухаанд нэрд гарсан урчуудыг цуглуулж, шашны урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, хүрээний томоохон сүм хийдүүдэд залдаг байж. Эдгээр бүтээлээс нэрт уран хатгамалч Аюушийн “Оточ найман манал”, торгон зээгт наамалч Хасгомбын “Авидын шангад” зэрэг дэлхийд гайхагдах дахин давтагдашгүй хосгүй эх бүтээл тус сүмд хадгалагдан бий.

Занхан сүм

Занхан сүмд Лувсанхайдав чойжин буух ёсоо сахиж, шашны зан үйлээ үйлддэг байв.
Сүмийн гол хэсэгт тусгай зассан тавцан дээр Лувсанхайдав чойжин буудаг байж. Хойморт Богд хааны сэнтий түшлэг байрласан нь чойжин буух үед Богд хаан тус сэнтийд залардаг байсныг гэрчилнэ. С
энтий жамбийлийн баруун хойд талын хоргонд шарын шашныг үндэслэгч Богд Зонхов, улааны шашныг үндэслэгч Ловонбадамжунай нарын зэс гүнтэн баримал дүрийг хүндэтгэлтэйгээр, сүмийн баруун, зүүн талын том гүнгэрваануудад Чойжин ламын гол сахиус болох Очирваань, Найчин-Чойжин, Дамдинсандүв, Жигжид, Пэрэнлэйжалбуу, Зимэр-Чойжин, Доржшүгдэн зэрэг догшин ядам бурхдыг залжээ. Монголын уран барималчдын урлан бүтээсэн эдгээр зэс хөөмөл бүтээл уран дүрслэлийн үлэмжийн сүрлэг догшин дүр төрх, хөдөлгөөний огцом хурц хэмнэлээрээ бусдаас ялгардаг. Эдгээр цогц бүтээл Монголд цорын ганц байдаг үнэт өв сан юм.
Сүмийн тааз, чойжин буудаг тавцангийн дээрээс өлгөсөн янш (хүн, заан, барын арьсыг өвчин, эд эрхтэнг нь гарган дүүжилсэн маягаар хийсэн даавуун чимэглэл) зэрэг нь догшин чойжин бурхдын сүр хүчийг илтгэн, нисваанисыг дарж нигүүслэл амирлуулах агуулгатай. Буддын бусад сүм хийдэд сүмийн ийм чимэглэл байдаггүй юм.
Сүмийн үүдний зүүн хэсэгт Шамбалын орны Рэгдэндагва баатрыг морь унан тэрсүүтнийг дарж буйгаар дүрслэн цаасан шуумлаар бүтээжээ. Энэ нь замбуутивд шашин доройтож, буруу номтон олшрохын цагт Бурхны орноос Рэгдэндагва баатар ирж аврах болно гэж билэгшээсэн утгатай. Чойжин лам өөрөө ид шидтэн, хувилгаан хүн тул тахин шүтэх үүднээс үүдний баруун хэсэгт Энэтхэгийн 84 шидтэний тоонд орох Дүвчиндилав, Дүвчиннаровын дүрийг цаасан шуумлаар урлан залжээ.
Мөн үүдний баруун, зүүн хананд ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч дөрвөн их махранзыг босоо байдлаар өнгө будгийн гайхамшигт зохицлыг шингээн зурсан байна.

Зуу сүм буюу мөргөлийн сүм

Энэ сүмийг Буддын шашныг үндэслэгч Шагжамунид зориулан барьжээ. Уг сум эртний улбаатай бөгөөд үүнээс уламжлан шарын шашны (Махаяана) урсгалд ордог улс оронд томоохон сүм хийдийн дэргэд бурхан багшийн дурсгалд зориулан “Зуу” сүм барих болсон байна.
Богд Зонхов (1357-1419) буддын шашинд эргэлт хийж, шарын шашныг эртний Энэтхэтийн дэг ёсоор дахин бий болгосон нь бурхны шашинд оруулсан том гавъяа юм. Шарын шашныг үндэслэгч богд Зонхов Лхас хотын орчимд Төв дацанг сэргээн, Бурхан багшийн тэргүүнд рэн-аа өмсгөн бүтээж “Зуу” бурхан хэмээн нэрлэжээ.
Бурхны шашин орчлон ертөнцөд сайн цагийн 1000 бурхан заларч, өөр өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх юм гэж үздэг. Буддын сургаал ёсоор ертөнц дахинд шашнаа дэлгэрүүлсэн дөрвөн бурхан заларч сургаал номоо айлдсан гэдэг.
Зуу сүмийн хойморт “Зуу” бурхан хоёр шавийн хамт өнгөрсөн, одоо, ирээдуй гурван цагт залран буйг Их хүрээний урчууд бурхан дүрслэлийн тиг жаягийн дагуу цаасан шуумлын аргаар маш чадварлаг бүтээжээ. Ингэхдээ ялимгүй инээмсэглэсэн, тайван амирлангуй, бясалгасан дүртэйгээр урдаа бадар аяга барин, очир завилгаагаар оршин буйг алтлаг дулаан өнгөөр хулдаж сүмийн хойморт залжээ. Эдгээр гурван цагийн “Зуу” бурхад мутрын хөдөлгөөнөөрөө ялгагдана.
• Сүмийн баруун хойморт орчлон ертөнцөд заларсан гурав дахь сайн цагийн бурхан болох өнгөрсөн үеийн Одсүрэн (Гэрэл сахигч)
• Голын бурхан нь одоо үед залран байгаа дөрөв дэх бурхан болох Бурхан багш Шагжамуни (Шакийн даяанч)
• Сүмийн зүүн хойморт замбуутивийн орон их доройтолд орон цөвүүн цаг ирэх үед бурхан шашнаа аврахаар тав дахь бурхан болон залрах ирээдүй цагийн Майдар (Асралт).
Сүмийн баруун, зүүн хананд буддын шашныг дэлгэрүүлэгч 16 Найданг хад агуйд даяанчлан сууж, ном судар бясалгаж байгааг харуулсан баримлууд бий. Найдангууд нь давтагдашгүй сонин донж төрхтэй, янз бүрийн бодол төсөөлөл, хүсэл эрмэлзлэлтэй байгааг уран баримлуудын дүрслэл хэллэгээс харж болно.
Сүмийн хад агуйн доод хэсэгт байгаа 4 махранз, тэдгээрийн барьсан зүйл сэлт нь шашны зөн билэгдлийн утга агуулгатай. Тэд сүмийг буддын шашны буруу номтон, элдэв муу нүгэл хилэнцээс хамгаалж байгаа утга илтгэнэ. Эдгээр бүтээлийг Монголын уран барималчид Утайн сургуулиар урлажээ.
Зуу бурхдын өмнөх тахилын ширээн дээр эртний Энэтхэтээс бурхан шүтээндээ тахиж ирсэн төр түвшин байх билэгдэл бүхий Төрийн долоон эрдэнийг цаасан шуумлын аргаар жижиг хэмжээтэй нарийн урлан залжээ. Монгол орон Манжийн захиргаанаас ангижирч тусгаар улс болсон 1911 онд Богд хааныг Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөөд энэхүү төрийн долоон эрдэнийг биетээр бүтээлгэн залсан байна.

Ядамын сүм

Ядамын сүм нь Гол сүмийн ард бусдаасаа онцгой баригдаж, эргэн тойрон тоосгон хэрмээр тусгаарлагджээ. Үүнийг Чойжин ламын нууц тарни, нандин шүтээний сүм гэж нэрлэдэг. Энд Чойжин лам Лувсанхайдав нууц тарниа бясалгадаг байв. Иймээс ч энэ сүмд эргэл мөргөлчид, жирийн хүмүүсийн хөл хориотой байсан гэдэг.
Чойжин лам тарнийн ёс, ид шидийг эрхэмлэн гол болгодог учир Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчиннагважодовын алтан шармал зэс хөөмөл дүрийг сүмийн голд, баруун хойд талын гүнгэрваанд Ловонбадамжунайн хөрөг, түүний урд уран сийлбэрч Жанцангийн урласан нууц тарнийн ядам бурхан Нархажидын сийлбэр байрлуулжээ. Зүүн талын хоймрын гүнгэрваанд нууц тарнийн гол шүтээн Янсан Ядам бурхныг бас залжээ. Энэ бурхныг зөвхөн сэрийн чойртой газар залдаг байсан аж.
Баруун талын шилэн хоргонд тарнийн ёсны Дүйнхор, Дэмчиг, Махамаяа, хос бурхад бий. Эдгээрийн дотроос ур хийц, уян налархай хөдөлгөөн, зохиомжийн баялаг эвслээрээ Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар хийсэн Дэмчиггарав бурхан эрс ялгарна. Зүүн талын хоргонд XX зууны эхэн үеийн авъяаслаг уран сийлбэрч Сүрэнгийн (1867-1940) бүтээл Улаан Жамсран бурхныг хоруудын хамт бүтээсэн модон сийлбэр байна. Сүмийн тахилын ширээн дээр XIX зууны сүүл үед хийгдсэн найман тахил байрлуулсан байна.
Сүмийн хананд нэр нь үл мэдэгдэх бурханчдын бүтээсэн шашныг хамгаалагч догшин бурхдын шүтээн зураг залжзэ. Уг сүмд нууц тарнийн хос ядам бурхдыг залсан байдгаараа бусад сүмээс онцлогтой.

Хотол чуулган тус-энх амгалангийн тив сүм буюу өргөлийн сүм

Гол сүмийн зүүн талд оршин, бусдаасаа нэлээд өөр 8 талтай өвөрмөц зохиомжтойгоор баригдсан тус сүмийн хаалганы дээд хэсэгт сийлбэрдэж урласан алтан шар өнгийн жаазтай, хөх номин дэвсгэр дээр алтан өнгөөр “Хотол чуулган тус-энх амгалангийн тив” хэмээн соёмбо, санскрит, хуучин монгол үсгээр товойлгон бичиж байрлуулжээ.
Энэ сүмд XVII зууны суут хүү, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын (1635-1724) өөрийн мутраар урлан бүтээсэн дэлхийд алдартай сонгодог бүтээлийн тоонд зүй ёсоор тооцогддог хосгүй нандин хүрэл цутгуур, алт шармал бүтээлүүд хадгалагдан үзэгч олны нүд хужирласаар байдаг тул Өндөр Гэгээний сүм гэж нэрлэгддэг.
Өндөр Гэгээний бүтээлийн энэ сүм уран барилгын хийц загвараараа өвөрмөц, урлахуйн ухааны олон төрлөөр хослуулан чимэглэсэн түүхийн үнэт дурсгалт барилга юм. Сүмийн хоймрын хананд Өндөр гэгээн Занабазарын цаасан шуумал хөрөг баримал залж, сэнтий жамбийлийг хананд нь шууд урлан бүтээжээ. Жамбийлийн хүрээг модоор урлахдаа алс хязгаар орны тэнгэрт дүрэлзэн асч буй галын дунд сүлжилдэх мэт олон лууг маш нарийн товойлгожээ. Ялангуяа луунуудын толгойг зориуд нааш гарган сийлбэрдэж урласан нь тэнгэрт луунууд сүр жавхаатайгаар хүрчигнэн чангаар дуугарах мэт сэтгэгдэл төрүүлэх нь гайхамшигтай. Жамбийлийн голд ертөнцийн хүн амьтанд цаглашгүй их нас бэлэглэгч насны гурван бурхан Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан дарь эхийн ингэмэл баримлын бие лагшинг алтаар хулдаж, өнгө ялган бүтээгээд өвчин зовлонгоос ангижруулж, урт удаан жаргалтай амьдрал билэгдэн залжээ.
Сүмийн ханан дээр дорно дахины сургуулийн тиг жаягийн дагуу бүтээсэн Бурхан багшийн шавь 16 Найдангийн ингэмэл (хагас товоймол) баримал бий. Ардын урлагийн уран элэглэлийн хэллэг болох ёгт хошигносон өгүүлэмжээр хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг гадаад төрхөд нь уран сайхны аргаар маш чадварлаг гаргасан эдгээр бүтээлийг Утайн сургуулиар монгол урчууд урлажээ.
Тус сүмд Өндөр гэгээн Занабазарын бараг бүх бүтээл хадгалагдаж байсан. Одоо Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Ринжү, Аюуш, Дорж сэмбэ, Майдар (босоо) зэрэг сонгодог бүтээл оршин байна. Мөн Занабазарын тиг сургуулиар бүтээсэн түүний шавь нарын бүтээлүүдээс Цагаан, Ногоон дарь эх, Манал, Бодьсадва бүтээлүүд, Өндөр гэгээн Занабазарын Монголд авчирсан 1000-аад жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суварга зэрэг олон гайхамшигт эх бүтээлийн дээжис хадгалагддаг юм.