Thursday 28 April 2011

Алдаа ташаатай бичсэн бичээчийг дөчин ташуур занчиж шийтгэсэн нэгэн баримтаас

Бид  өнөөдөр мэдээллийг   сонин , сэтгүүл, телевиз, инетернэт гээд олон сувгаар авч байна.  Харин тэрхүү  мэдээлэл нь  утга найруулгын төдийгүй  үг үсгийн  алдаа мадагтай байх нь  бараг ердийн хэрэг болсон.  Гэтэл Монголчууд  төрийн албан хэрэг хөтлөлтийн  нэн эртний  түүхэн  уламжлалтай бөгөөд  баримт бичгийг үйлдэхэд  хэл найруулгын хувьд  утга төгөлдөр, үг үгсгийн алдаагүй, цэвэр үзэмжтэй бичих хатуу дэг журамтай байв.  

Энэ талаар  алдаа эндэгдэл  гаргавал  хатуу чанд шийтгэдэг хууль дүрэмтэй байсан нь хожим Богд Хаант Монгол улсын “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-ийн есдүгээр дэвтэрт :  “Аливаа айлтгах бичгийн дотор .. чухал үг үсгийг  ташааран тасалдуулах, харилцан өөрчлөх, түшмэлийн зэргийг ташааран бичих, үсэг ташаарах, бичсэн нь дүрэмд үл  нийлэлцэх ба баллах нөхөх, халах зэргийн учир байваас цөм дөчин ташуур   занчигтун, албан бичигт тамга дарахыг тасалдуулваас жаран ташуур занч” хэмээн  уламжлан тусгагдсан билээ. Үүнтэй холбогдуулан  нэгэн түүхэн баримтыг   тольдуулваас өнөөгийн залуучуудад сургамж, санамж  болох буйзаа хэмээн санамуй.
     Дотоодын Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас Нийслэл Хүрээний  Эрдэнэ  Шанзудба, Шашин Төрд Туслах сайдуудад илгээсэн бичигт:  ...Засагт хан аймгийн гүнгийн зэрэг бишрэлт  засаг тэргүүн зэрэг  тайж Довдорж  агсны хэргэмийг  түүний ахмад хүү  Жамбадоржид  залгамжлуулахыг эрж гэрийн үеийн бичмэлийг  хүргүүлэн мэдүүлж ирсэн тухайд.. хянан үзвээс  энэ тухайн айлтгах  нугалбарын эхэд цөм  “Жамбадорж” хэмээн  бичсэн боловч  Дээр   айлтгах   нугалбарыг ёсчлон  бичсэнд  яамны тавдугаар зэрэг жинхэнэ бичээч  Шарав “Жамбадорж” бүрийг  “Жамбалдорж” хэмээн ташааран бичсэнээр уг нугалбарт  улаан бийрээр “Жамбалдорж” хэмээн цохсон болохыг ..  байцаан гаргаж,  хэрхэн учир ийнхүү солиг ташаа  бичиж будлиантуулсан явдлыг харьяат жинхэнэ бичээч Шараваас байцааваас, түүний мэдүүлэх нь:
     Өчүүхэн боол Дээр айлтгах  аливаа нугалбарыг ёсчлон бичих тухай  бүр  чин үнэнхүү санаагаар болгоомжилж чармайн  бичдэг билээ. Гагцхүү  энэ тухайн нугалбарыг  бичихэд  өчүүхэн дорд боолд нэгэн цагийн  мунхаг тохиолдож ийнхүү ташааран  будлиантуулсан хэрэг болохооос өөр учир санаа огт үгүй тул  осолдсон бурууг  хүлээсүгэй хэмээн мэдүүлмүй.  Шавь боолчууд  хянаваас  энэ хэргийг  хэдүй  тухайн бичээч  Шарав  тийнхүү  ташааран бичсэн нь  түүний осол цалгараас үүдсэн хэрэг боловч, шавь боолчууд  тухайд хянан болгоомжилж, залруулан  чадсан үгүй  нэгэн адил    омтгойдсон болох нь  ер биеэс зайлах газар  үгүй бөгөөд  зүй нь хамтаар  ял  гуйваас зохих үүнд, байцааваас монгол цаазын бичигт тусгай заасан зүйл үгүй. Шүүх цаазын бичигт аливаа бичиг айлтгах  хэрэг айлтгахуйд Хааны нэр  дэмийгийн нэрд ташааран  тохиолдуулваас  наян цавчирга занч, бусад бичигт  ташаа тохиолдуулваас  дөчин  тойвон занч хэмээсэн зүйл буй тул ... засаг  тайжийн нэрийг ташаа бичиж будлиантуулсан тавдугаар зэрэг жинхэнэ бичээч Шаравыг бичээчийн албанаас байлгаж, цаазын бичгийн ёсоор  дөчин тойвон занчихийг  нугалж, тооны ёсоор  ташуур занчиж  цээрлэл үзүүлэн  шийтгэвээс  нийлэлцэх, мөн  тухайд  хянан болгоомжилсон  үгүй  омтгойдсон шавь боол Дашжав, Пунцагцэрэн, Доржпалам, Цэрэнням, дэс түшмэл Магсаржав, Цэвэгням, ёслолыг удирдагч түшмэл Содов, эх зохиох түшмэл Цэмбэлжигмэд, Навааннамжил, Өсөхбаяр нарыг  хэрхэн яллаваас зохихийг хамтаар Зарлигийг гуйн айлтгаж тогтоолгохоос гадна  уг тушаасан нугалбарыг  залруулан  бичиж хамтаар  Дээр толилуулан  айлтгаад гуйх нь, Богд эзэн гэгээнээр  толилж заалхийлэн сургаж .. ажааму .. хэмээн айлтгасанд, Улаан бийрээр цохсон Зарлиг,  Шаравыг наян цавчирга занчих ба албанаас  байлгахыг өршөөж, дөчин ташуур занч. Бусад Дашжав нарыг   ял хэлэлцэхийг хэлтрүүл хэмээснийг  хичээнгүйлэн  дагаж.. шийтгэсэн  тулд  үүнийг таван яамд, Шашин  төрд туслах сайдуудад тус бүр  явуулан байцаан  үзүүлье, үүний тул илгээв.
     Олноо өргөгдсний   дөрөвдүгээр он арван нэгэн сарын шинийн дөрвөн“ хэмээн бичжээ.
     Дээрх бичигт өгүүлснээс үзэхүл  “Жамбадорж” хэмээх  засаг тайжийн нэрийг “Жамбалдорж” хэмээн  нэгэн  “л” үсгийг нэмж буруу ташаа бичсэн тул бичээч Шарав  дөч ташуурдуулах ял авсан бөгөөд   наян цавчирга занчих ба бичээчийн албанаас  болиулах ялаас нэгэнтээ чөлөөлөгдсөн  ажээ.  Хэдийгээр өмнөх үеийн  ялын төрлийг  өнөө үед хэрэглэх нь  зохисгүй, боломжгүй боловч  баримт бичгийг /мэдээлэл/  боловсруулах, түүнийг хянах,  нийтэд түгээхэд   хатуу шаардлага тавьдаг, хариуцлага тооцдог түүхэн уламжлалыг сэргээн тогтоох нь олон талын ач холбогдолтой байж болох  юм.
Үндэсний төв архив. Ү.Дэлгэрмаа
 

No comments:

Post a Comment