Thursday, 21 April 2011

БАРОН УНГЕРНД ДАРХАН ХОШОЙ ЧИН ВАН ЦОЛ ШАГНАСАН ТУХАЙ


1920 оны 10 дугаар сарын 2-нд цагаантны цэргийн хүч нэвтрэн орж ирсэн нь  атаман Семёновын хамсаатан барон Унгерний захирсан “Азийн морин дивиз" гэгч байв.

     Монгол орны улс төрийн байдал, нийгмийн сэтгэлгээ барон Унгернд  таатай боломжийг олгосон юм. Тусгаар байдал, хаант ёсны илэрхийлэл болж байсан автономит засгаа устгуулсан монголчууд тусламж эрэлхийлж, хэнд ч хандахад бэлэн байсан нь эзэн хаант засгийг нийгмийн байгууллын дээд хэлбэр хэмээн шүтэн бишрэгч Унгернд үзэл бодлоо хэрэгжүүлэх орон зайг буй болгожээ.
     Унгерн "Богд гэгээнтнийг хаан ширээнд залж, автономит засгийг босгоно”, “Монголчуудыг хятад цэргээс чөлөөлнө", "Их Монгол улсыг байгуулна" хэмээн, монголчуудын хүсэл эрмэлзлэл, сүсэг бишрэлийг ашиглан, хятад цэрэгт дургүйцсэн монгол ноёдыг өөрийн талд татаж байв.
     Нийслэл хүрээг эзлэх бэлтгэлээ шуурхайлан хийж олон зуун монголчуудаар хүчээ зузаатгасан Унгерн хятад цэргийг хэд хэдэн удаа довтолсны дүнд 1921 оны II сарын 3-нд Нийслэл Хүрээг эзлэн авч 1921 оны II сарын 21-нд Богд гэгээнийг хаан ширээнд залжээ.
     Богдыг хаан ширээнд залах энэ ёслолын үеэр Богд хаанаас барон Унгернд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин ван цол шагнах зарлиг буулган мутрын тэмдэг дарсан байна.  Энэхүү зарлигт:  
Шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг.
Орос жанжин генерал Барон болбоос бидний Монголын өөрөө эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяа бүхий хүмүүн мөн. Түүний бие анх цэрэг авч ирснээс нааш хүйтэн жихүүнд халирсхийх үгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслаасан үгүй, эцэстэлээ зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавьяаг бүтээсэн ба шан хорыг тэгшлэн цэргийн цаазыг явуулсныг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой. Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж генерал Баронд үе улиран ханы зэргэ, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, Улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнав. Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олгов. Олноо өргөгдсөний Арван нэгдүгээр он
гэжээ.

No comments:

Post a Comment