Thursday, 21 April 2011
Гандантэгчинлэн хийд
Гандантэгчинлэн хийд Монголын бурхан шашны төв, гурван том хийдийн нэг. Гандантэгчинлэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнжид Шар сүм нэртэйгээр байгуулжээ. Хожим Шар сүмийг Чойрын дацан болгожээ. Ламрим дуганыг 1924 онд, V Богд Жавзундамба хутагтад зориулсан Гандантэгчинлэн буюу “Их хот мандлын сүм”, Дашчойнхор, Ядгачойлин зэргийг 1838 онд, Цогчин дуганыг 1839 онд, Бадамёгог 1844 онд, Жүдийн сүмийг 1848 онд, Гунгаачойлин сүмийг 1909 онд, VIII Богдод зориулсан Мэгжид Жанрайсигийн сүмийг 1913 онд, V Богдын шарилын сүмийг 1841 онд, VII Богдын шарилын сүмийг 1869 онд, VIII Богдын шарилын сүмийг 1925 онд барьсан түүхтэй. Гантантэгчинлэн хийдээс өдгөө 6 сүм үлджээ. 1944 онд сүмийн хурал номын ажлыг сэргээсэн юм. Гандантэгчинлэнд хадгалагдаж буй олон ховор ном судар, түүх соёлын үнэтэй дурсгалаас Өндөр гэгээний ээжийнхээ хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал, Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс, ХХ зууны эхэнд Польш, Өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан, 1957 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неругийн бэлэглэсэн 2000 жилийн өмнө Энэтхэгийн урчууд бүтээсэн Буддын баримал, Буддын шарилын хэсэг зэрэг нь анхаарал татдаг. Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хийдийн үлдсэн сүм дуганын гадуур гол асар хаалга, хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр 1981-1982 онд барьсан юм. Гандантэгчинлэн хийдийг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Тус хийдийн Очирдарийн сүмд алт, мөнгөөр Занабазарын бүтээсэн Очирдарийн баримал, ертөнцийн дөрвөн зүгийн сахиус Махранз, лам Самбалхүндэвийн монгол зургийн аргаар 1858 онд бүтээсэн эв зохицлыг бэлгэдсэн зураг хадгалагддаг. VII Богдын шарилыг оршуулахад зориулсан Зуугийн сүмд XIX зуунд Долнуурт бүтээгдсэн Бурхан багшийн хоёр шавьтайгаа байгаа баримал, сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин тэнгэрийн сийлбэр хадгалагдаж байна. Дээрх хоёр сүм ур хийцийн хувьд адилхан. Алтадмал ганжир бүхий паалантай вааран дээвэртэй, чулуу, тоосго, мод оролцуулан барьсан сүм юм. Гандантэгчинлэн хийдийн номын санд 108 боть Ганжуур, түүний тайлбар 225 боть Данжуур, Богд Зонхав, Банчин богд, Далай лам болон Төвдийн бусад зохиолчдын сүмбүм, Агваанхайдав, Агваандандар, Ишбалжир нарын монголын дал гаруй эрдэмтэн мэргэдийн сүмбүм, монгол, ойрд, санскрит, деванагар, пали зэрэг үсгээр есөн эрдэнээр бичсэн олон тооны монгол, төвд судар байдаг. Алтадсан ганжир, жанцан, чойжхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг нь сүм дуганы барилгын үндсэн гоёл чимэглэл. Гандантэгчинлэн хийдийн барилгууд монгол, монгол-хятад, хятад-төвд хэлбэр маягтай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment