Monday, 17 October 2011

Богд хан уулыг маршал Х.Чойбалсангийн нэрэмжит уул болгосон тухай

Нийслэл Улаанбаатар хотын чимэг болон орших Богд хан уулыг Монголчууд эрт дээр үеэс хайрлан хамгаалж, онголон дорхалж, тахин шүтэж ирсэн түүхтэй.  1962 онд ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн Эртний судлалын хайгуул шинжилгээний ангийхан Богд хан уулын Их тэнгэрийн амнаас улаан зосон, хар бэхэн зураг болон Монгол, Хятад Түвд бичээс бүхий дурсгал олж илрүүлжээ. Энэхүү дурсгалуудын хамгийн эртнийх нь хүрэл зэвсгийн үед холбогдох юм. Үүнээс үзвэл Богд хан уул, Туул голын сав газарт хүрэл зэвсгийн үеэс /магадгүй үүнээс ч эрт байж болох юм/ хүн суурьшиж байжээ.
Богд хан уул нь газарзүйн нөхцөл байдлын хувьд Хэнтийн нурууны ай савд багтах бөгөөд зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрдэнэ. Ноён оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ гүний оргил юм. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог.  Тус ууланд 54 зүйлийн хөхтөн, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс гадна 70 овгийн 256 төрлийн 587 зүйлийн ургамал ургадаг байна.
Богд хан уулыг хайрлан хамгаалж, тахин шүтэж байсан нь 13-р зууны  үеэс эхтэй бөгөөд Хэрэйдийн Ван хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан ууланд ан гөрөө хийх гал хөс түлэхийг хориглодог байжээ. Хожим 1778 он буюу Тэнгэрийг тэтгэсэний   43-р онд  Их хүрээний сайд ван Юндэндорж, харъяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд хан уулыг зарилгаар тахиж байх болжээ. Үүнээс Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, түүнтэй зохицон аж төрөх үндэсний бодлого, ёс заншил харагдаж байна.
1952 оны 1 дүгээр сарын 26 –нд “Монголын ард түмний дотны хайрт жолоодогч”, “Хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж байсан Монгол төрийн зүтгэлтэн, маршал Хорлоогийн ЧОЙБАЛСАН таалал төгсчээ. Үүнтэй холбогдуулан БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдээс дараах зарлигийг гаргажээ. Үүнд:
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН
ЗАРЛИГ

1952 он 2 дугаар сарын 22 өдөр, дугаар 8
Улаанбаатар хот


Богд уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгох тухай

БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгчдээс ТОГТООХ  нь:
Хөдөлмөрчдөөс гаргасан олон тооны хүсэлтийг угтан авч , Монголын ард түмний гарамгай жолоодогч маршал ЧОЙБАЛСАН-гийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын дэргэдэх Богд уулыг ЧОЙБАЛСАН-гийн нэрэмжит уул болгосугай.


БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга  : Бумцэнд
БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч: Цэдэв
БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга : Баяр
                                                                                                              Сосорбарам
                                                                                                              Ногоёо  гэжээ.
Энэхүү баримт нь Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Богд хан уулыг 2004 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон байна.

ҮТА, КГЗДАБТөв, П. Ууган-Эрдэнэ

No comments:

Post a Comment