Өргөн илгээв сонсгон явуулах учир байцааваас энэ хэр цаг төр урьд лугаа огт адилгүй их түгшүүртэй болсон аж. Манай Монгол урьд Манж хааны өршөөлөөр шар шашин улс төрийг дээш бадруулан бататгаж бүхий цагт дуртайяа дагаар орсон нь ойрноос нээрээ буй боловч үнэн үгүй дор хүрч манай Монголчуудад элдэв зовлон зүдгүүрийг цагаар нэмэгдүүлсэн нь хэн алины нүд чихэнд илэрхий тодорхой ер тухлавч барахгүй болсон дээр одоо өмнө газар их л самуун дэгдэж олон мужид шинэ төр байгуулан өөртөө улс болон тогтож бүхий чимээ машид олон болсон ба Манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчүүхэн болсон учирт манай олон Монгол аймаг чухам яахин хүмүүжвээс сайн болохыг хүрээнээ хуралдсан Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйс, гүн, засаг, хамба, Шанзудба, Да лам нар бат зөвлөлдөж бүгдээрээ аврал итгэл хамгийг айлдагч Очир дарь багш Богд гэгээнтний алтан өлмийн хүрдний өмнө нь бишрэхүйгээр мандал өргөж эрс тодорхойгоор заан соёрхохыг хүсэж энэ өвлийн тэргүүн сарын шинийн найманаа айлтгасанд мөн өдөр хойш сурган соёрхсон нь таны ийнхүү асуусан нь маш сайн ер аливаа юмыг цаг хэмжээ үгүй нь огт үгүй бөгөөд Манж Хятадын ийнхүү байдал цөм цаг болсон тул болой.
Харин одоо манай Монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шар шашныг бататган дэлгэрүүлж өөрсдөө бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээр нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж чармайн зүтгэхүйд харгалзмой. Бас би лам олон Монгол шавь нар цөмийг нэгэн адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар надад бишрэн мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил яаран сонсогвоос зохимой. Энэ тухайд Хүрээний олон орон дацан аймаг хийгээд олон хошуу шавь бүхий хүрээний сүмүүд өөр өөрийн сахиусыг сайн тахиж гаргалт өргөлтийг гүйцэтгэ. Ловончинбогийн Сонболүндэв, Пунцагхүсэм, Жанлавцогзол, Гандансүлдэв эдгээрийг аль олон шар хар олон нийтээр эв тангаргаа хичээж маань мэгзэм Дэмчигдоржийн дайв шамдан унш гэм үгүй сайн хэмээн айлджээ. Үүнд бидний ван, гүн, лам нар дахин зөвлөлдөж манай Монголчууд болбоос угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин журмаар өөрсдөө улс болон өөрийнхөө хэргийн эрхээ бусдаар эрхлүүлэхгүй шинэ төр байгуулан тогтоож зөвлөн тогтоосон. Үүнд манай монгол Манж Хятад түшмэдэд захирагдахгүй тэдний эрх мэдлийг шууд хасаж биесийг уг нутагт буцаахаар бичиг өгсөн нь дан ганц тэдний эрх мэдлийг хасаж буцаахаас өөр энгийн номхон шударгаар наймаалан суух иргэнийг учиргүйгээр халдан зовоох санаа бус болой. Харин дэмий цуу үг задруулан олны санааг үймүүлж огт үл болмой. Хуучин хэвээр зарласан нь хүрээний ойр газар суулгаж сургууль хийлгэн цагийн түгшүүртэйд дээд дор болбоос Богд лам эхлэн шар шашнаа хамгаалмой. Доорд дор болбоос олон иргэд ба газар орноо харгалзан сахисугай хэмээжээ. Бүү олноор сэжиглэн айхтун. Гагцхүү харгисаар халдахаар ирэхүй нь болбоос харин даруй гэсгээн цаазалмой. Хааяа зальхай ард шинэ төр байгуулах хэрэгт зөрчилхийлэн явах ба муу хөгжөөн булаах хулгах сүйтгэх зэрэг элдэв зүй бусаар хэрэг дэгдээн явах ба жич бас цахилгаан мэдээ болбоос олон улсын элдэв хэргийг нэвтрүүлэх нь нэн чухал тул хэн хүн эвдэх таслахад хүргүүлвээс тус тус зэрэг нэмүүлэн хүндэт шийтгэмой. Бүү зөрчигтүн нийтээр мэдтүгэй. Битгий худал ташаа дор үзэгтүн сэжиглэлгүй харилцан эвтэй найртайгаар нам гүм суухыг дахин давтан тодорхойлон захисугай хэмээн Монгол, Орос, Төвд иргэн шар хар олон хүн нийтэд ухуулах бичиг гаргаж зохих олон газруудад наалдуулсан. Үүний зүй нь их Орос улсын генерал консул сайд танд мэдэгдэн явуулъя Үүний тул иргэн илгээв.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван гурван
Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлж, хянан тохиолдуулсан
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан Г.Насанбуян
Түүхийн баримтын төвийн архивч Г.Ганзул
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан Г.Насанбуян
Түүхийн баримтын төвийн архивч Г.Ганзул
No comments:
Post a Comment