Sunday, 30 October 2011

Богд гэгээнийг эрдэнийн сууринд залахтай холбогдлуулан аймаг, шавь, ноёд түшмэдэд мэдэгдсэн бичиг


Ерөнхийлөн шийтгэх газраас.
Аймаг шавийн түшмэдэд тушаагаад уламжлан мэдэгдүүлэх нь.
Дээд сүмээс нааш залрахад олон лам ноёд олон хуврагийг авч жагсаан номын ёсоор хөгжим үүсгэн ордонд залруулаад, жич: зүүн ордноос төрийн ордонд залрахад Богд эрдэнэ сэцэн ноёнтанд шар торго дэвсэж, шадар сайд сойвонгууд хоёр талд, шадар сайд донир нар өмнө удирдан Бойнзамба бойпор барин лам ноёд ордоны үүдний хоёр этгээдэд хүж барин жагсаж Эрдэнэ сэцэн ноёноо тогос шүхэр  нэмэн барьж дотогш залрахад лам нар, донир бараа бологчоос дээш ноёд засгаас дээш ордноо бараалхан бусад нь ордны гадна цөм төв хичээнгүйгээр жагсаад,  эрдэнийн сууринаа залармагц ноёд лам нар бүгдээр өөр өөрийн жагссан газартаа төрийн ёсоор гурав мөргөхийн сацуу өргөх зоогийн сүү, цай, хошоод завъяаг соёгба нар залж ирмэгц сойвонгууд тосож аваад хундага сэлтийг өргөх ноёд лам нар хүн тутам нижгээдээр барин жагсаж сөгдөөд ерөөлийг айлтгах Да лам Цэрэнчимэд төв өмнөд дор сөгдөн шар цагаан хадаг нижгээдийг ерөөлийн хамт бариад, уншин айлтгаж гүйцмэгц өргөх зүйлийг удаа дараагаар мутарт дэвшүүлэн өргөсний дараа гурав сөгдөж ес мөргөмой.

Хишиг тараах зарлиг буулгахуй дор мөн бүгдээр гурав сөгдөж ес мөргөөд лам нараас хамба, цорж, шанзудба, да лам нар, ноёдоос хан, ван, бэйс хүртэл дараалан мөргөхүй дор тамга шагнан өгөхөд мутраар шагнамой. Шагнагдсан хүн тамгыг зүүн гарт өргөж баруун гарыг газар тулж гурав мөргөмой. Энэ тухайд есөн бэлгийн малыг ордны төвийн хаалганы гадна барин жагсмой. Энэ даруй сангийн яамны эрхэлсэн сайдын газраас хүн томилож хураалгамой. Зоог сүү цайны буултыг ордоны дотор бараалхсан лам ноёдод бараа бологчдод малгайтай түгээн хүртээмой. Ёслон өргөж түгээх идээг залрахын урьд ширээний дээр бэлдэн бүтээж тавиад ерөөл айлтгахуй дор бүтээлгийг авмой. Хундага өргөх хүн сүү, цай, сархад, айраг, таташ таргийг дараагаар өргөмой. Энэ хооронд их цард бэлдсэн идээнээс гурван мөнгөн цард дээж авч өргөөд шадар сайд сойвонгууд урьд адил бараа болон их дуганд залруулмой. Донир нар дагамар хоёр зэрэгцүүлэн улаан эсгий нэгийг дараа дор дэвсмой. Ширээнээ залармагц сойвонууд хуучин ёсоор бараа болмой.
Шадар сайдууд бэлдсэн дэвсгэр дор суумой. Ноёд лам нар язгуурын суудаг газартаа бараа болмой. Олон түшмэд ба дагагсад өөр өөрийн хувиа хянан зэргээ бодож зэрэгцэн чихцэлдэх үгүй болтугай, түшмэд ба алба бүхий лам нар төрийн ордны гадна ойр сөгд, ноёд лам нарын олон дагагсад ногоон лаврангийн өмнө хөндлөн гишгүүрээс давж болохгүй үүнийг бүгдээр мэдтүгэй хэмээн ухуулан зарлая.

Он арван нэгэн сарын шинийн найман.
Хундага өргөхөд         Чин ван Ханддорж,  Гүн Намсрайжав
Тамга өргөхөд             Да гүн Чагдаржав
Өргөмжлөлд                Сайн ноён Намнансүрэн,  Жанжин бэйс Гомбосүрэн
Мандалд                        Түшээт хан Дашням,  Сэцэн хан Навааннэрэн
Бурханд                          Хамба номун хан Пунцаг,  Дэд хамба Содномдаржаа
Номд                               Манзушир Царидорж,  Жалханз Дамдинбазар
Суварганд                       Ноён номун хан Жигмэддорж, Эрдэнэ хамба 
                                                            Лувсанцэрэн-данбатоми
Долоон эрдэнийг            Шанзудба Бадамдорж,  Мэргэн хамба Дэмбэрэлдаш
Түмэн оны хангагчийг     Да жүн ван Гомбосүрэн, Мэргэн ван Ананд-Очир
Ерөөл айлтгахад                                Да лам Цэрэнчимэд

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлж, хянан тохиолдуулсан
МУИС-ийн Түүхийн ангийн оюутан Б.Отгонбаатар
Түүхийн баримтын төвийн сан хөмрөгч Э.Шижиртуяа

No comments:

Post a Comment