Friday, 18 February 2011

Баргын Манлайбаатар Ж. Дамдинсүрэн

Манлайбаатар Ж. Дамдинсүрэн
 
Эртний баатарлаг түүхтэй Монгол удмын аймгуудын нэг нь барга юм. Баргууд VII зууны үед Орхон, Туул, Хэрлэн голоор нүүдэллэж, Хөлөнбуйрын баруун хөвөөгөөр нутаглаж байсан тухай, XI- XII зууны үед Байгаль нуурын зүүн эргээр нүүдэллэн аж төрж байсныг түүхчид бичиж, тэмдэглэсэн байдаг. Баргын түүх бол эртний нүүдэлчин удмын түүх. Тэд байгаль нуураас эхлэн Алтай, Хангайн их уулсын хөндий, Хянганы нуруу хүртэлх уудам тэнүүн газар нутагт түүхийн урт удаан хугацааны туршид нүүдэллэн аж төрж ирсэн юм аа гэдгийг судлаачид олж тогтоосон байдаг. Бас нэгэн зүйл баргууд түүхэндээ баян чинээлгээрээ, баатарлаг хүчирхэгээрээ алдаршсаар ирсэн түүхтэй, Эзэн Богд Чингис хааны үед баргууд бусад Монгол аймгуудын адил Их Монгол улсыг бүрдүүлж хар тугийн дор өрнө, дорныг дайлж явсан түүхтэй. Ер нь “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр Баргужин Төхөм, Баргудай мэргэн, Баргужин гоо, Алунгоо гээд задлаад үзвэл баргын түүхийг тоочиж баршгүй. 1911 оны эцсээр Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагаж төрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, мөн оны өвлийн дунд сарын шинийн 9-нд VIII Богд Живзундамба хутагтыг шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжилж тусгаар улсаа Монгол улс хэмээн нэрийдэж, оны цолыг олноо өргөгдсөний тэргүүн он, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн зарлаж төрийн их баяр ёслолыг гүйцэтгэжээ. Энэ нь Монгол овогтон бүхний магнайг тэнийлгэж туурга тусгаар төр улсдаа хүсэн тэмүүлэх сэтгэлийг хөдөлгөж, Өмнөд Монгол, Хөлөнбуйр, Алшаа, Хөх нуур, Цайдамын Монголчууд бүгд манж-хятадын талхидлаас ангижирч Монгол төрдөө нэгдэн орохын төлөө тэмцэх болсон байна. Ялангуяа, Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний тэмцэл ихээхэн амжилттай явагдаж тус хязгаар бүхэлдээ тусгаар тогтносон Монгол улсад дагаар орж нэгдсэн юм.
Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын 27 /аргын 1912.01.15/-ны өдөр Хөлөнбуйрын газар нутгаас хятад түшмэл, цэргийг хөөн гаргаж, газар орноо эзлэн авч олон хошуунд бичиг явуулан ухуулан тохинуулсан байна. Энэ бол Хөлөнбуйрын баргын ард түмнээс харийн түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан олон жилийн нөр их тэмцлийн эхлэл болсон юм. Эрдэмтэн Л. Жамсран “Баргад гарсан зэвсэгт бослого нь Их Хүрээний шууд удирдлага заавраар гарсан бөгөөд тэнд ялсан цагаагчин гахай жилийн /1911оны/ үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл мөн” хэмээн дүгнэсэнтэй бид санал нэг байна.
Энэ тэмцлийг  Манлайлагчдийн нэг нь Хөлөнбуйрын Шинэ баргын  шулуун цагаан хошууны гутгаар сумын занги Жамсрангийн Дамдинсүрэн байлаа. Ийм учраас бүгдийн дарга Шенфү сумын занги Дамдинсүрэнг нийслэл хүрээнд томилон илгээж харьяат газар орныг  хятад цэргээс чөлөөлсөн бөгөөд Монгол улсын төрд дагаар орохоо өргөн мэдүүлсэн бичгийг Богд хаанд илгээжээ. Бүгдийн дарга Шенфүгээс  Ж. Дамдинсүрэнгээр дамжуулан Богд хаанд илгээсэн бичиг манай архивын түүхийн сан хөмрөгт буйг толилуулвал: Энэ бичигт ...Тусгай хүн зарж хүргэж ирсэн /Монгол улсын засгийн газраас-зох/ бичиг авч өвлийн дунд сарын шинийн еснөө Богд хааныг эрдэнийн сууринд залж суулгах зэргийг мэдэж манай олон бүгдээр чин үнэнээр залбиран олон гар хошуунд бичиг явуулж түшмэл цэрэг цуглуулан харъяат газрын хятад түшмэл, цэргийг энэ өвлийн дунд сарын  хорин долооны өдөр нэгэнтээ хөөн гаргаж газар орныг эзлэн авч нутаглан аж төрөх олон хошууны ард олныг илбэн тохинуулмой. Одоо хараахан элдэв хэрэг будлиан  нэн, доорд олныг тохинуулан хороо анги дансалж зах хягаарыг бэхлэн базааж сэргийлэх ба эх тодорхойгүй хэсэж явах хятад нарыг хөөн гаргаж тухай болгоод нэгэн цаг ч газар орноос түр ангижирч үл болох. Дараа их хэрэг тогтоохыг үзэн Бүгдийн дарга миний бие Богдын соёлд бараалхан одож заан сургахыг хүлээсүгэй” хэмээжээ.
Богд хаан энэхүү өргөх бичгийг хүлээн авч Хөлөнбуйрын газар Монгол улсад дагаар орох хүсэлтийг ёсоор болгон Бүгдийн дарга Шенфүг Хөлөнбуйрын газрыг ерөнхийлөн захирах сайдаар томилон, Бэйсийн зэрэг, Шинэ барга баруун гарын бүгдийн дарга Цэгжийг туслан хэрэг шийтгэх сайдаар томилж түшээ гүнгийн зэрэг үе улиран шагнаж,  ерөнхийлөн захирах сайдын яамны тамгын газар болон зүүн баруун этгээдэд 2 хэлтэс байгуулан Хөлөнбуйрын газрыг эрхлэн захирахыг даалгажээ. Богд хаан Хөлөнбуйрын баргыг төлөөлөн Нийслэл хүрээнд ирсэн Хөлөнбуйрын Шинэ барга Шулуун цагаан хошууны гутгаар сумын занги тогосын отго Ж. Дамдинсүрэнд улсад туслагч гүнгийн зэрэг шагнаж, улмаар түүнийг Гадаад Явдлын яамны дэд сайдын тушаалд тавьжээ. Хөлөнбуйрын барга монголчууд Монгол улсын Засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, түүнд дагаар орж монгол төрийн алтан жолоонд орохоо зарласан нь Өвөр монголын бусад хошуудад үлгэр дууриал болон зоригжуулж, Монголын үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнд түлхэц өгөв. 1912 онд нийт монгол үндэстнийг хамарсан эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөн өргөн далайцтай өрнөж, Шилийн голын чуулганы 10 хошуу, Жирэмийн чуулганы 6 хошуу, Их зуугийн чуулганы 5 хошуу, Зостын чуулганы 2 хошуу, Улаанцавын чуулганы 6 хошуу зэрэг дотоод Монголын 49 хошууны 35 нь Монгол улсад дагаар орон нэгдэхээ илэрхийлэн, батлах бичиг гарган өргөн мэдүүлж төлөөглөгчдөө Нийслэл Хүрээнд ирүүлжээ. Ингэж Монгол улсад дагаар орох хөдөлгөөн өрнөж бараг 1940-өөд оны сүүлч хүртэл үргэлжилсэн юм.
1912 оны хавар Хөлөнбуйрын харъяат Шинэ баргын 8 хошууны шашин мөргөлийн гол төв Өлзий-Энхжүүлэгч сүмийн хэргэмтэн нараас тус хурлын 4000 шавь нарын хамт Богд хааны соёлд багтаж зарлигийг хүлээн, ёслол журмын дагаж явахыг хүсч батлан мэдүүлжээ. Иймд Богд хааны зарлигаар Өлзий-Энхжүүлэгч сүмийн ном хурлын хэргийг эрхэлсэн лам шавь нарыг захирах засаг тэргүүн ламаар Нийслэл Хүрээнд ирсэн Да лам Лодойг томилж тамга олгон, туслан шийтгэх дэд тэргүүн ламд Наваантэгчинг томилсноос гадна Да лам хошоод, дэмч Лам 3 орыг тавьж Хөлөнбуйрын шашны хэргийг эрхлэн захирахыг тушаажээ. 
Баргын улаан Ганжуурын сүм буюу Өлзий Энхжүүлэгч сүм

Энэ дашрамд өгүүлэхэд энэхүү Өлзий-Энхжүүлэгч сүм бол Хөлөнбуйрын шинэ баргуудын шүтээн мөргөлийн гол төв нь байсан юм. Анх Халхаас очсон Баргууд тэнгэрийг тэтгэгчийн зургадугаар /1741/ онд Манжийн хаанд бичиг өргөн шунхан улаан Ганжуур судрыг бүтээлгэж Чандмань толгой гэдэг газарт монгол гэрт хурал хурдаг болсон бөгөөд удалгүй лам нарын тоо маш түргэн өсч жилийн дотор 400 орчим ламтай болжээ. Ийм учраас шинээр сүм байгуулах шаардлагатай болж Шинэ барга зүүн гарын Буянт бүрд хэмээн газрыг сонгон 1871-1874 онд сүмийг барьж дуусган Манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан /1736-1798/ зарлигаар “Өлзий-Энхжүүлэгч сүм” хэмээн нэр хайрлажээ. Энэ сүм байгуулагдсан цагаасаа Их хөлгөн судар Ганжуурыг залж, уг номыг тогтмол хурсаар ирсэн учир олонд “Ганжуур сүм” хэмээн алдаршжээ. Ийнхүү Хөлөнбуйрын баргын хар, шар харц албат, ноёд түшмэд нийтээр Монгол улсад дагаар орон нэгдэж,  1915 он хүртэл Монгол улсын засгийн газарт шууд захирагдаж байсан юм.
Хөлөнбуйрын баргууд Монгол улсад нэгдсэний дараа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг бататган гүнзгийрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон юм. Ялангуяа, Хөлөнбуйрын баргын эрэлхэг эрчүүд Монгол улсын тусгаар тогтнолыг бататгах, газар нутгаа хамгаалах үйл хэрэгт хүчлэн зүтгэж удаа дараагийн байлдаанд идэвхтэй оролцсоныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ялангуяа 1912 онд Ховд хотыг Манж, Хятад цэргээс чөлөөлөх байлдаан, 1913 оны “Таван замын байлдаан”-д баргын цэрэг эрс баатарлаг тулалдсан билээ. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан боловч алс хол баруун хязгаар Ховд хотоос манж, хятадын цэрэг гараагүйгээр үл барам тэд хилийн чанадаас нэмэгдэл хүч татан авч Монголын тусгаар тогтнолыг түлхэн унагахыг санаархаж байв. Ийм учраас Ховд хотыг чөлөөлөх явдал Монгол улсын төр, засгийн өмнө тулгамдсан зорилт болж байлаа.1912 оны хавар Богд хааны зарлигаар Баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдаар Зоригт ван Наваанцэрэнг, Зөвлөж хавсран шийтгэх сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг, Гадаад яамны дэд сайд Баргын гүн Ж. Дамдинсүрэн, Дотоод яамны дэс түшмэл С. Магсаржав нарыг Баруун хязгаарыг тогтоох цэргийг дайчлан захирах сайдаар тус, тус томилж, Ховд хотыг манж, хятад цэргээс чөлөөлж, баруун хязгаарыг илбэн тохинуулахыг даалгажээ. Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нарын удирдсан цэргүүд 1912 оны зуны адаг сарын аравдаар хотыг бүслэн авч, сахин хориглосон байна. Үүний дараа Ховдод байсан хятад цэргүүд хэд, хэдэн удаа хэрэмнээс гарахыг завдсан ба хятадын талаас ч тэдэнд туслах хүч ирж нийлэхийг оролдсоноос хоёр, гурван удаа бага хэмжээний байлдаан болж, монгол цэргүүд ялсан бөгөөд эдгээр байлдаанд барга цэргүүд тэргүүлэн давшиж, баатарлаг тулалджээ. Тухайлбал 6 сарын 20 (аргын 8-р сарын 3)-ний өглөө үүр цайх үед Ховд хотоос олон цэрэг гарч явсныг Ховдын хойд Шар сүмийн газраас Зоригт баатар Э. Тогтохын харьяат Гэндэн, Найданжав, баргын Сэргэлэн, лам Дамбийжанцан нар цэрэг авч довтлон байлдаж, дайснаас 28 хүнийг алж, бусад нь буцаж зугатан хотод оржээ. Дайсныг хотод хөөж оруулах үед баруун хойд этгээдээс олон цэрэг ирж явахыг Ж. Дамдинсүрэн үзэж, барга цэргүүдийг жагсаан дайсныг тосож, чухал түшиц газрыг эзлэн, тэргүүлэн байлджээ. Тэдний хойноос лам Дамбийжанцан халхын 300, урианхайн 87 цэргийг удирдан давшин ирж, хүч хавсран байлдсаар 1 цагийн дотор дайсныг хядаж, 3 цэргийг амьд барьж туг тахижээ.Энэ байлдааны үед барга цэргийн нэр бүхий хэдэн хүнээс Найданжав, Сэргэлэн, Пунцаг нар байлдааны  үед жагсаалаас урагш давшин тэргүүлэн байлдаж, Пунцаг шархаджээ. Пунцаг үүний урьд анх удаа Алтайн уулаас 50 гаруй хятад цэрэг ирэхэд С. Магсаржавын хамт тэргүүлэн байлдаж, тэднийг устгаж байсан байна. Баруун хязгаарын цэргийг дайчлан захирах сайд Ж. Дамдинсүрэн Олноо өргөгдсөний 2-р он 6-р сарын 29-нд дээрхи байлдаануудад гарамгай байлдсан түшмэл, цэргүүдийг хөхүүлэн шагнахыг хүссэн бичигтэй “Зоригт баатар тайж, манай солон баргын цэргүүд болбоос цөм цэргийн эрдэмд тус, тус бага хүрч явсан хэмээвч, энэ удаагийн байлдахад урьдаас хувь илүү, их төлөв зориг санаа маш чанга, эргэн ухрах санаа огтхон ч үгүй” хэмээгээд Пунцаг, Сэргэлэн нарыг баатар цол, гутгаар зэрэг жинс, тогосын отго шагнуулахаар тодорхойлсон байна. Ер нь тухайн үед барга, өвөр монголын цэргүүд байлдах арга ухаан, эрдэм чадвараараа халх болон баруун монголын цэргүүдээс илүү байсныг энэ болон бусад баримтууд нотолж байна. Дээрхи ялалтууд нь монгол цэргүүдийг ихэд зоригжуулж, цог хийморийг нь бадраан, өөрсдийн ялалтанд итгэх итгэлийг төрүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд тулалдааны талбарт ирж үзсэн Оросын консулийн нэгэн түшмэл “монголчууд бүгдээрээ сайн, сайн” хэмээн толгой сэгсрэн бахдаж байжээ. Мөн сайд Ж. Дамдинсүрэн, С. Магсаржав нарын нэр хүнд ч дээшилж, дайснууд нь ч тэднээс эмээх болсон байна. Дээр өгүүлсэн 6-р сарын 20-ний өдрийн байлдааны дараа монгол цэргүүдэд баригдсан Ховд хотын Хятад пүүсийн нэгэн хүнээс гарсан бичигт “энэхүү ирсэн их жанжин Дамдинсүрэн үнэхээрийн хүчит баатар мөн. Буурал тохойгоос ирсэн сургуультай цэргүүдийг нэгэн цаг хүрсэн үгүй хүйс тэмтэрчээ. Үүн лугаа зуун удаа байлдавч дийлэх цаг үгүй...” гэх зэргээр бичсэн байжээ. Мөн өмнө дурьдсан Дамдинсүрэнгийн бичигт өөрийгөө “төдий л баатар хүчин үгүй боловч байлдах хэргийг ихэд үзсэн...зүүн өмнө хязгаарын язгуураас цэргийн боол” хэмээн даруухан бичсэн зэргээс үзэхэд Ж. Дамдинсүрэн цэрэг дайны мэдлэг, дадал туршлагаараа Ховдын байлдаанд чухал үүрэг гүйцэтгэснийг харуулж байна. Энэ бүхнийг эргэцүүлэн бодохуйд Монгол цэргийн их жанжин, Баргын Жамсрангийн Дамдинсүрэн бол чин халуун эх оронч байгаад зогсохгүй уужуу холч хараа, гайхалтай нинжин сэтгэлтэй, цэрэг эрс, эгэл олон түмнийхээ төлөө амьдарч чадсан баатар жанжин байжээ. Ж. Дамдинсүрэн хэмээх энэ хүний түүхийг хүүрнэн өгүүлэх энэ агшинд “Хэдий баатар хэмээвч нинжин сэтгэл үгүй бол самуун хулгайгаас дор болой” гэсэн эртний монгол сургаал шивнэгдэн байсныг нуух юун.

3 comments:

  1. Энэ хүн бол миний шүтээн. Өсөх насандаа хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг уншиж байхад би хэвтээгээрээ үхэхгүй гэсэн түүх нь анх сэтгэл татаж байлаа. Олон жилийн дараа бодоход хийсэн үйл, эр зориг үнэнч сэтгэл нь эзэн Чингис хааны минь үргэлжлэл ямар байхыг бидэнд сануулсан хүн мэт санагддаг. Монгол эр хүн бүр зөв зүйлийн төлөө уужим сэтгэлтэй, эр зоригтой алсын хараатай зүтгэх цаг ирж дээ.
    Өндөр овогт Намсрайдоржийн Баттүшиг
    www.tmsoft.mn

    ReplyDelete
  2. Манай 21 оны ардын хувьсгалын хамгийн цогтой Баатар Тэр үеийнхээ Чингис нь байсан хүн дээ. Энэ хүний 3 хүү алуулсан. Одоо ганц галыг нь сахиж байгаа хүн нь дарханд үнэхээр хэцүү амьдралтай 80 гарсан Лхамжав гээд хөгшин байдаг гэсэн. Өвөл гэр нь нил мөс болчихдог гэсэн........

    ReplyDelete
  3. ene hunii talaar esse bichih gesen ymaa tus boloh hun bainuuu

    ReplyDelete