Намтрын товчоон
Тэрээр Европын тооллын 1880 онд Буриадын Агийн Хори Буриадад төржээ. 1888-1891 онд Ага сургууль төгсөөд 1891-1894 оны хооронд Чита дахь Оросын гимназид сурч байв. Дараагаар нь 1895-1897 онд Ленинградад Бадмаев-н сургуульд суралцаж байсан боловч 1897 онд тус сургууль хаагдсаны улмаас 1898-1902 онд Иркутскийн Багшийн семинарт сурч төгсжээ. 1902 оноос Петербургийн их сургуульд Барадины хамт (Улаан-Үдийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал) сонсогчоор орсон гэдэг.1903 оны зун буриад монгол ардын уран зохиол, бөө мөргөлийн чиглэлээр судар ном цуглуулж эхэлсэн. 1904 оны зун Оросын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр судалгааны ажил хийн, Нийслэл Хүрээ, Ага (Хори) Буриадаар ирэн очин байжээ. 1905-1906 онд мөн адил судалгааны ажлаар Монголд байж байгаад Санкт Петербургт буцан ирсэн ажээ.
1907-1908 онд Санкт Петербургийн их сургуульд ажиллаж монгол хэл зааж байв. 1909-1910 онд Өвөр Монголоор судалгааны ажлаар аялсан. 1911-1917 онд Буриадаас Монголд ирж Нийслэл Хүрээ (Өргөө, Урга)-нд амьдарч байжээ. Тэрээр Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрд хүчээ өргөхөөр шийдэн 1911оноос Гадаад хэргийн яаманд ажилтан, “Шинэ толь” сонины хянан тохиолдуулагчаар ажиллахын зэрэгцээ 1912 онд Орос-Монголын найрамдлын гэрээ хэлэлцээрт Санкт Петербург хотноо Монголын төлөөлөлгчдийн бүрэлдэхүүнд багтаж, орчуулагчаар оролцон, гадаадын бусад орны элчин сайдуудтай харилцаа тогтоон, улмаар Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хулэээн зөвшөөрүүлэх талаар хөөцөлдөж байжээ.
1913-1917 онд Монголд сургууль нээн хичээл заахад түүний анхны сурагчдын нэг нь хожмын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан байсан түүхтэй. 1913 онд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хамт Хаант Орост айлчилсан. 1915 онд Орос-Монгол-Хятад гурван улсын Хиагтын гэрээ бичигт оролцон Цогт, Бадамжав нарын хамт эх зохиогч, орчуулагчаар ажиллажээ. 1915 оны 09 дүгээр сарын 01-нээс “Нийслэл хүрээний сонин бичиг” гэдэг сонин Нийслэл Хүрээнд гаргахад оролцож байв. 1919 оны 03 дугаар сарын 30-ны єдєр Эрхүүгийн их сургуульд байхдаа Ж.Цэвээн оюутнуудыг зуных нь амралтаар Монголд томилолтоор ажиллуулах хүсэлт тавьсан ба таван оюутныг Нийслэл хүрээ, Ховдын хязгаарт илгээх болжээ.
1920 оноос Ж.Цэвээн Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын
газарт ажиллаж байхдаа Монголын Ардын хувьсгалын хөдөлгөөнд оролцон, 1921 оны 03 дугаар сарын 01-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хуралд оролцсон 26 хүний нэг нь болж түүхэнд үлджээ. Тэрээр МАН-ын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад биечлэн оролцож, тус их хуралд хэлэлцүүлжээ. Ардын сургууль байгуулагдахад түүний бичсэн “Орчлон ертєнцийн байдал” ном нь 20-иод оны үеийн дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага болж байсан ажээ. 1921-1932 оны 11 дүгээр сард Судар Бичгийн Хүрээлэн үүсэхэд Онходын Жамъян гүний нарийн бичгээр ажиллаж байлаа.
1924 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг бичиж боловруулахад оролцов. 1926-1927 онд эхнэр Бадамжав нь Герман уруу анхны монгол оюутнуудын нэг нь болон мэргэн гүн Гомбожавын хамт явсан байдаг. 1932-1940 онд Ленинградад Гэгээрлийн дэд сайд Эрдэнэбатхантай хамт цөлөгдөж Дорно Дахины институтэд ажиллажээ. 1936 онд “17-р зууны үеийн монгол түүхийн ойллого” номоо Орост орос хэлээр хэвлүүлээд дараа нь англи хэлээр орчуулсан байна. Түүнийг баригдсаны дараа жил буюу 1938 онд эхнэр Бадамжав Цэдэновна нь Улаанбаатарт өөд болсон нь түүний хувьд хүнд цохилт болсон нь дамжиггүй юм. 1940 онд 02 дугаар сарын 19-нд Оросын дээд шүүхээр шийтгүүлэн 5 жилийн ял сонсжээ. 1942 онд Оренбургийн шоронд 62 насандаа өөд болсон. Үүнээс хойш бүхэл бүтэн нэгэн жарны дараа буюу 1993 онд Оросын Засгийн Газрын шийдвэрээр хэрэг нь цагааджээ.
Энэхүү бичгийн их хүн Жамсрангийн Цэвээн нь ардын аман зохиол, бичмэл ном судар цуглуулагч байлаа. Петербургийн их сургуулийн оюутан байх цагаасаа монгол ардын үлгэр тууль, ерөөл магтаал, оньсого, бөөгийн дуудлага зэрэг аман зохиол уйгагүй цуглуулж, ном туурвин эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж байсан эрдэмтэн судлаач хүн.
Шигтгээ 1. “Монгол Улсын 17 дугаар онд Богдхан уулын хошууны бүх бичиг үсэгтэй хүмүүсийг тодорхойлон өргөсөн анкетын 10 дугаар хуудсанд: Жамсранов Цэвээн 46 настай, тус хошууны Эрдэнэ сумын 12 дугаар аравны харъяат, хар ард, намын гишүүн, урьд өмнө аймаг, хошууны хуралд сонгогдож байгаагүй, Засгийн Газрын албанд ажилладаг, бичиг бичих, эх зохиоход сайн, орос хэлтэй, хөрөнгө чинээний хувьд бод мал 4, гэр 1, ял шийтгэлгүй хэмээн бүртгэгдсэн байна.
Энэ нь Үндэсний Төв Архивын хөмрөг 49, данс 2, хадгаламжийн нэгж 22-д бий.”
Тэрээр нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын саналаар олон сайхан үлгэр цуглуулж түмний сонорт хүргэсэн бөгөөд түүнд Оросын газар зүйн нийгэмлэгийн шагнал олгож байсан түүх буй.
К.Марксын “Капитал”, Ж.Боккачиогийн “Декамерон”, Ж.Вернийн “Арван таван наст капитан” зэрэг олон зохиолыг монгол хэлнээ орчуулж явсан энэ гүүш 1929 онд “баруунтан” хэмээгдэн МАХН-аас хөөгдөж явсан “эсэргүүн” толгой.
Шигтгээ 2. “Богдхан уулын аймгийн Богдхан уулын хошууны Эрдэнэ сумын 1929 оны хүн амын тооллогын бүртгэлийн 408 дугаар хуудсанд: Цэвээний Жамсран 48 настай, дүү Аюур 23 настай, дүү Аюур 25 настай, гэргий Бадамжав 40 настай гэж бүртгэгдсэн байна.
Энэ нь Үндэсний Төв Архивын хөмрөг 49, данс 2, хадгаламжийн нэгж 47-д бий”
Хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн гишүүн, Ленинград дахь ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж яваад 1937 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан хэлмэгдсэн гашуун хувь заяатай энэ эрдэмтний цуглуулсан ном судар ч бас хэлмэгдсэн түүхтэй.
Монголын хоёр ч төрд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явсан түүнийг хэлмэгдэн баригдсаны дараа ар гэрт нь үлдсэн ном судар, бичиг зохиол, цуглуулсан аман зохиолын дээж бичгийг ах дүү нар нь айл айл дамжуулан нуун далдалж байсан хэдий ч айдас хүйдэс, хардлага сэрдлэг нөмөрсөн он жилүүдийн хүчинд автан устгахаас өөр замгүй болжээ.
Их эрдэмтний цуглуулсан ном судрын өвийг гурван шөнө шатаагаад бараагүй гэдэг. Судар ном, шаштир түүхээ шатааж, сэхээтэн мэргэдээ хэлмэгдүүлсэн мөн ч бурангуй цаг үе байж дээ.
Энэ л бэрх ороо бусгаа цаг дор энэхүү бичгийн эрхэм хүмүүнд “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн”, “Японы тагнуул” гэсэн нэр зүүж, 1937 оны 08 дугаар сарын 11-ны өдөр баривчилсан юм. 1940 оны 02 дугаар сарын 19-ны өдөр болсон шүүх хурлын тэмдэглэлд түүний талаар “Жамцарано Цыбен Жамцаранович, уроженец Агинского района-Бурят Монгольской АССР, монгол, гражданин МНР, беспартийный, до ареста в 1937 г. работал старшим научным сотрудникам Института востоковедения Академии наук СССР, ранее не судимый, к 5 годам тюремного заключения ” хэмээн үлджээ.
Эл тэмдэглэлийг эх монгол хэлнээ чадан ядан орчуулваас дараахь утга гарч байна. Уг өгүүлбэрт, “Жамсран Цэвээн Жамсранов, Зөвлөлт Холбоот Улсын Автономит Буриад-Монголын Агийн тойрогт төрсөн, монгол, БНМАУ-ын иргэн, нам бус, 1937 онд баривчлагдах хүртлээ ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дорно дахиныг судлах хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байсан бөгөөд 5 жил хоригдох ялаар шийтгүүлсэн” хэмээжээ.
Үүнээс үзэхүйд Ж.Цэвээн нь Монголын иргэн гэж явсанаас бус харъяат гэх асуудлын тухайд тодорхой зүйлгүй байна. Энэ талаар нягтлан судлах шаардлагатай юм. Учир нь бид Монгол хэмээх нэрээр овоглогдох олон зүйлсээ өөрийн хэвээр байлгаж чадалгүй алдсан түүх нэн олон гэдгийг сануулах үүднээс уг бэсрэг хирнээ сэдэл өгөх баримтыг хөндөж бичсэн болно.
No comments:
Post a Comment