Friday, 25 February 2011

Шүүх яамнаас бусдын нохойг санаатай болоод санамсаргүйгээр алсан хүнийг хэрхэн шийтгэх тухай бичиг


Манай ард түмний маань эх орноо хэмээх сэтгэл оюуны идэвх өнөө цагт хүчээ аван, үндэснийхээ уламжлалт соёл, түүх, ёс заншлыг танин мэдэж, мэдрэх гэсэн чин эрмэлзэл дүүрэн болжээ. Оюуны энэхүү хандлага, шаардлагыг хангахын тулд хүмүүст монгол хууль, түүний агуулга, үзэл санааг сурталчлан таниулах явдал нэн чухал гэдгийг манай хуульчид онцлон тэмдэглэж байгаа нь сайшаалтай билээ.      Монгол хуулийн талаарх төсөөллийг олж авсанаар: нэгдүгээрт, төр нь түмнээ, түмэн нь төрөө хэрхэн дээдэлж ирснийг., хоёрдугаарт, өвөг дээдэс маань хууль дүрмийг ямагт дээдлэн сахиж байсныг., гуравдугаарт, монгол хуулиуд нь өөрсдийнх нь ахуй, оюун санааны хэрэгцээ шаардлагаас үндэслэн буй болж, зан заншилтай нь хослон үйлчилж, амьдралынх нь жирийн хэв зуршил болсныг., дөрөвдүгээрт, монгол хууль нь хүмүүнлэг болоод, цээрлүүлэх, хүмүүжүүлэх үзлийг өөртөө бат шингээсэн байдаг зэргийг олж харж болно хэмээн Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд нар “Монгол хууль” Улаанбаатар., 1997 он бүтээлийнхээ оршилд өгүүлсэн нь монгол хуулийн түүхэн ач холбогдол, үнэ цэнэ, хамрах хүрээг товч, ончтой илэрхийлэн гаргасан хэрэг юм. Энэ ч үүднээс монгол хуулиа олон түмэндээ таниулан хүргэх үүднээс зарим нэг хэргийг хэрхэн шийдэж байсан талаар архивт хадгалагдан үлдсэн сонирхол татахуйц баримтуудаас нийтлэж, нийтийн хүртээл болгох нь дээр өгүүлсэн монгол хуулийн төсөөллийг олж авахад дусал нэмэр болох бизээ хэмээн санаж Шүүх яамнаас нэгэн иргэний хэргийг хэрхэн шийдсэн талаар дор сийрүүлэн хүргэж байна.
     Хүн бүр хууль цааазаа эс зөрчин, чандлан сахиж, амьдралын салшгүй нэгэн хэсгээ хэмээн ухамсарлаж байх болтугай.
*  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *
Шүүх, Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны бичиг.
Хууль зүйлийг зохион бүхий сайдуудад илгээв.
Явуулах учир.
     Түшээт хан аймгийн чуулганы даргыг газраас Түшээт ханы хошууны Хар Содномын үнэг, чоно агнахаар тавьсан хорыг идэн үхсэн Дэндэв нарын нохойны төлбөр ба цаазалсныг зөрчиж явсан төлөв их Хар Содномыг хэрхэн шийтгэхийг тогтоон заахыг эрж бидний хоёр яаманд нэгэн адил мэдүүлэн ирсэн дагалтаар Дотоод яамнаас уг хэргийг түүгээр гүйцэтгэн шийтгэж, хариу ирүүлмүй хэмээн хүргэж ирсэн. Хууль зүйлд байцааваас монгол цаазын бичигт тусгай заасан зүйл үгүй, шүүх цаазны бичигт гахай, хонь зэрэг тэжээврийг ташааран алах ба хор хийх болвоос ял унагах үгүй, хорогдуулсан үнийн төдий хөөн төлүүлэгтүн хэмээжүхүй.
     Үүнд энэ хэргийн Хар Содномыг цаазалсан зөрчсөн, цаазын бичгийн ёсоор шүүхээс гадна гагцхүү нохой хэдий зориуд заасан зүйл үгүй боловч манай монголчууд болвоос их төлөв хөдөө тал газар гэр хөрөнгө, мал үнээнд итгэж мануулан сахиулах нь ер хоосон болгон шийтгэхэд татгалзалтай зүйл буй бөгөөд үнийг хэрхэн төлүүлэх явдлыг эдүгээгээс нэг болгон тогтоож, үүрд дагаж явуулваас зохихын тул газар орны аж ахуйн байдал төлөвт нийлүүлэн хааяа энэ мэтийг хувьсган шийтгэж бүхий хэргийн ёсоор үүнээс хойш бусдын нохойг зорилгоор алах ба ташааран алах нь болвоос тухайд учир барьж, цаазын бичгийн ёсоор ялган салгаж шийтгүүлэн, үхсэний өрийг гурван насны үхрээр төлүүлвээс болох эсэх, хэрвээ үл нийлэлцвээс хэрхэн тогтоовоос зохихыг эрснийг дэсээр цохож, хойш хариу ирүүлээд, гүйцэтгэн шийтгүүлэх ажаамуу хэмээн зохих газар явуулсанд Дотоод яамнаас хойш цохож ирсэн нь энэ хэргийг ийнхүү шийтгэхээр төлөвлөсөн нь зүйтэй амуй хэмээжүхүй.
     Иймийн тул энэ хэргийн цаазалсныг зөрчиж, хор тавин нэг хошууны Хар Сэрээнэн, Базар, их шавь өвгөн Дэндэв нарын үнийг өгүүлэхэд хүргүүлсэн хуягаар Содномыг цаазалсныг зөрчсөн цаазын бичгийн ёсоор тавин ташуур жанчих ял оноосугай. Уг үхсэн нохойн үнийг эдүгээгийн зөвлөлдөн тогтоосон ёсоор гурван насны үхэр буюу таацах үнийг түүний нэрийн доороос хөөн гаргуулж зохигчдод төлүүлэн дуусгуулж, үүнээс урагш үүрд журамлан дагаж явуулахаар тогтоон шийтгэсэн явдлыг Түшээт хан аймгийн чуулганы дарга, Нийслэл Хүрээний Эрдэнэ Шанзудбо нарт тус бүр тушаан явуулаад, энэ хэргийн Содномыг унагасан ялын ёсоор харъяат газарт тооны ёсоор ташуур жанчиж шийтгүүлэн баримтлан захируулахаас гадна эдгээр үхсэний үнийн төлбөрийг даруй түргэн түүнээр төлүүлэн олгуулж дуусгуулсугай. Үүнийг бас Ховд, Улиастай, Хиагтын сайдууд, нөгөө гурван аймаг ба Дөрвөдийн хоёр гарын чуулганы дарга жанжид, Хөвсгөл нуурын Урианхай, Ар Илийн гүн Найданжав нарт хуваан явуулан тушаагаад, хянан үзэж, өөр өөрийн харъяат газруудад зарлан тушааж, нэгэн адил дагаж шийтгүүлэхийн учир нэгдүгээр хутагтын зэрэг дөрвөн яамны хууль зүйлийг зохион бүхий сайдуудад явуулаад, байцаан үзүүлсүгүй.
     Үүний тул илгээв.
     Олноо Өргөгдсөний зургаадугаар он, таван сарын арван хоёрны өдөр.

No comments:

Post a Comment