Монгол урчууд хээ угалзыг зөвхөн уран барилгад хэрэглээд зогсохгүй, өдөр тутмын хэрэгцээний гэр ахуйн зүйл, хувцас хунар , сав суулга, гэрийн модон хэрэгсэл, эмээл, хивс, хөгжмийн төрлийг чимэхэд хэрэглэдэг байжээ. Монгол үндэсний хээ угалзыг анхааралтай судалж үзэхэд тэр нь зөвхөн гоёл чимэглэлийн чиглэлтэй төдийгүй гүнзгий утга санааг агуулсан ажээ. Хээ угалзыг дүрсэлсэн хэлбэрээр нь геометрийн, амьтны , ургамлын, байгалийн үзэгдэл зэргийг дүрсэлсэн шашны утга агуулга бүхий гэж таван хэсэгт хувааж болно.
Эдгээрээс геометрийн дүрсэн хээ угалз хамгийн тархмал байдаг. Үүнд: баяр жаргал, урт удаан наслахын билэг тэмдэг агуулсан “Өлзий” хэмээх эртний хээ түүний нэгэнд орно. Өлзий нь ард түмний дуртай хээ бөгөөд маш олон янзын хувилбартай. Өлзийг ихэвчлэн чимэглэж буй зүйлийнхээ гол дунд сүлжсэн цэцэг хэлбэрээр зурдаг.
Монгол урчуудын бас нэг ихээхэн хэрэглэдэг хээ угалз бол мөн эртнээс уламжлалтай “Алхан хээ” юм. Алхан хээг мөнхийн хөдөлгөөн, мөнх амьдралын утга агуулсан онцлог чухал зүйл гэж эрхэмлэн маш олон янзын хувилбараар зурдаг. /Дан алх, давхар алх, тал алх/ г.м. Хатан сүйх хэмээх хэлхэлдсэн дөрвөлжүүд ба бугуйвч хэмээх хэлхэлдсэн дугуйнууд бол мөнхийн хайр дурлал, түүний ялагдашгүй бөгөөд үнэнч шударга гэдгийн утга санааг илтгэдэг байна. Нарийн түвэгтэй хэлхэлдсэн хас хэлбэрийн хээ угалз бол *Түмэн оны жаргал* гэсэн утга харуулж байв.
Гэрийн хаалга, эсгий үүдэн дээр далайн давалгаа дүрсэлж, хагас өвөрлөсөн бол эрт орой нэгэн цагт тэр далайн давалгаанд татан оруулна гэсэн утга санаа илэрхийлдэг.
Хээ угалзын хоёр дахь хэсэгт амьтдыг дүрсэлсэн хээ угалз орох бөгөөд үүнд: эвэр хэлбэртэй хээ угалзын олон хувилбар багтана. Эвэр угалз бол мал сүрэг нь олшрон өсөж, малчин ард амьдрал баяр цэнгэлтэй амьдрахыг ерөөсөн утгатай. Мөн хээ угалзын энэ хэсэгт морьгүй монгол мохоо гэсэн утга санаа агуулсан морины толгой, хүч чадал илэрхийлсэн луу, сонор соргогийг төлөөлсөн загас, мал үржиж олшрохыг билэгшээсэн хулгана зарэг дүрс багтана.
Гурав дахь хэсэгт цэцэг навч дүрсэлсэн цэцгэн хээ угалз орно. Цэцгэн хээ угалзыг уран барилга, зураг, барималд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд цэвэр, ариун ёсыг илтгэдэг хэмээн мөн бурхан дүрслэхэд их хэрэглэж байжээ.
Дөрөвдүгээр хэсэгт багтах хээ угалз нь хамгийн эртний гаралтай бөгөөд гал, цахилгаан, уул, солонго зэрэгт бишрэн байсан цагаас эхэлсэн ба түүнийг цахилгаан гал зэргээр илэрхийлдэг байжээ.
Тавдугаар хэсэгт эхний дөрвөн зүйл хээ угалзыг багтаасан шарын шашны дүрслэл, үзэл санаагаар нэвтэрсэн хээ угалз орно. Үүний гол дүрүүдэд цагаан шүхэр, загас, ариун сав суулга, цэцэг, дун, өлзий, жанцан, хорол зэрэг 8 тахил хамаарна. Эдгээр тахилын зургийг дуганы хаалга, хөгжмийн зэвсэг болон тахилын бусад зүйл дээр дүрсэлдэг ажээ.
Найман тахилыг алтадсан мөнгө, зэсээр дүрслэн хийж тахилын ширээн дээр тавьдаг байна. Мөн долоон эрдэнэ, гурван эрдэнэ, зэндмэн эрдэнэ зэрэг хэд хэдэн үнэт эрдэнийн дүрслэл байдаг байв. Шашны үзэл санааг агуулсан зүйлд дуганы үүдэн дээр тавьдаг Чойжхорол ганжир, жанцан, гоёмсоглон чимсэн бурхны ном зэрэг багтана. Түүний тоонд Дуйнхар бурханд зориулсан *Намж вандан* хэмээх маани залбирал орно.
Монгол ардын хээ угалз үе уламжлагдан хадгалагдаж байгааг олон баримт нотолно. Монголын хээ угалз нь эрт үеийн бусад үндэстнүүдийн хээ угалзтай төстэй. Жишээ нь монголын урчуудын төмөр эдлэлээр хийсэн ан амьтны дүрст чимэглэлүүд, хатгамал, сүлжмэл зэрэг нь булшнуудаас олдсон скифийн үеийн амьтны дүрсүүдтэй ойролцоо байна.
Монголын уран барилга дахь хээ угалз нь тухайн барилгын урлаг, уран сайхны утга санааг илтгэдэг учраас уран барилгын хэлбэр, өнгө, чимэглэл зохиомжийн элемент болон барилга байгууламжийн архитектурын хэлбэр байдлыг товойлгон гаргахад тусалдаг. Архитектурын хээ угалз нь барилга байгууламжийн зарим хэсэглэл бүтцийг тодотгож өгдөг. Уран барилга дахь монголын хээ угалзыг судлан сонирхоход барилга байгууламжийн мөг, баганы толгой, фриз зэрэг хэсэглэлийг чимэглэхэд хэрэглээд зогсоогүй, гэр, майхан, орон сууцны засал, чимэглэлд цаг ямагт хэрэглэж ирснийг нотолж болно.
Барилгын зориулалтаас болж хээ угалзыг голчлон нүүрэн тал ба дотор талд нь зурсан байдаг. Хээ угалзын хэлбэр дүрс нь утга санааны тод илрэл, энгийн хялбар байдал, нарийн чанд зохицлоороо ялгардаг. Монгол үндэсний хээ угалз нь эртний монголын архитектуртай салшгүй уялдаатай учир хэрэв орд харш, сүм дуган, хээ угалзгүй бол өөрийн утга санаа, өнгө үзэмжээ алдахад хүрэх билээ.
Алт мөнгөөр юм хийх сийлэх, цоолборлох, наах хатгамлах аргаа үеийн үед уламжлан эртний зуршлаа залгамжлан Энэтхэг, Төвд, Хятад, Дундад азид нэвтэрч ирсэн хээ угалзын зүйлийг байдалдаа зохицуулан улам бүр боловсруулан хөгжүүлж иржээ.
Том зураг бүтээхдээ урчууд ажлаа хуваарилан хийдэг нэг сонин зуршил байсан нь жишээлбэл: торгоор том зураг танга хатгах наахдаа нэг хүн дан нүд хийх жишээтэй байсан нь нүд бол нарийвчилсан зурагт амь оруулж , сүр үзэсгэлэнтэй болгодог мэт байжээ. Тэгэхэд бусад нэг нь цэцэг мэт, ургамлын зүйл, зарим нэг нь амьтан өөр хээ угалз хийж бүгдээрээ нийлж нэг том зураг бүтээдэг байжээ.
Монголын ардын гоёл чимгийн хээ угалзын нэг онцлог гэвэл тус бүр утга учиртай. Жишээ нь: авдар сав, хаалга үүдний цоожид хээ угалз сийлж чимэг оруулахдаа уран дархан хүн, эвдэршгүй бат гэсэн санааг илэрхийлсэн хээ угалз олж хийдэг байжээ.
Өнгө.Хувьсгалаас өмнөх монголын архитектурт өнгийг гоо сайхны тодрол болгоод зогсоогүй ямар нэг билэг тэмдгийн утга санаа илчлэх зүйл болгон хэрэглэж байжээ. Монголын зураачид сүм дуган, гэр орны зураг, чимэглэлд голдуу найман өнгө хэрэглэж ирсний дотроос улаан, цэнхэр, шар, ногоон, цагааныг гол өнгө болгож, хар тод ягаан бүдэг ягааныг туслах өнгөөр хэрэглэж байв. Улаанаар гал, ялалт, цэнхэрээр ус, тэнгэр үнэнч ёс, шараар газар хайр дурлал, цагаанаар төмөр шударга журам, ногооноор ой мод, хараар харанхуй байдал, урван тэрслэх зэргийг илчилдэг байжээ. Тод ягаан, ягаанаар тодорхой утга санаа төлөөлүүлдэггүй. Шашны сургаалаар ертөнцийн таван бүтцийг илэрхийлж Вайрочена, Акшоба, Ратна-Самбава, Амогасиппа ба Амитаба гэдэг таван бурхныг төлөөлдөг гол таван өнгөөс гадна өнгөлгөөнд хэрэглэдэг зарим материалаар тодорхой утга санаа илрүүлдэг байсан байна. Жишээ нь: алтаар - хайр дурлал, хүрлээр - үнэнч ёс, шүр ба бадмаарагаар - баяр баясгалан , мөнгө ба сувдаар - цэвэр ичимтгий ёсыг илтгэдэг байжээ. Эдгээрийг горимлон барилгын нүүр, дотор талыг чимдэг чанд дүрэм байсан байна. Үүнд: багана, цонх хаалгыг ихэвчлэн бүдэг хар улаанаар, дам нурууг хөх, ногооноор, дээврийг гурван өнгөөр будаж байжээ. Хаан богд хүний өргөө дуганы дээврийг алтлаг хүрэн өнгөтэй пааландсан ваараар дээвэрлэдэг байжээ. Бусад дуганы дээврийг ногоон ваараар аж ахуй ба орон сууцны барилгын оройг саарал ваараар дээвэрлэдэг байсан байна. Баганан дээрх хөндлөвч дам нурууны дээвэртэй нийлдэг багананы дээд үзүүрийг хөхөвтөр ногооноор солонгоруулан будаж гадуур нь шороон алтаар хүрээлдэг байжээ. Төвд сүмийн хашлага парапетийг хийхдээ уриагуур хэмээх ургамлыг огтлон хөндлөн ивж тавьдаг байв. Үүнд: уриагуурын гадагш харагдах үзүүрийг шатааж, хүрэн өнгөтэй болгодог байв. Мөн үзэмжтэй болгохын тулд уриагуурын хоёр талын захаар хөндлөн тавьсан дүнзэн модны нүүрэн талд шарлуулж өнгөлсөн дугариг хэлбэртэй толинуудыг эгнүүлэн тавина. Монголын уран барилгачид, барилгын нүүр, дотор талыг мод, шавар, чулуу, хүрэн сийлбэр баримлаар чимэхээс гадна сүрлэг том зураг хөрөг, гоёмсог өнгөөр чимдэг байжээ. Шороон будгаар барилгын гадна, дотно талыг будах арга монголд их хөгжсөн байна. Монгол гэр, майхан, асар зэргийн гадна талд өнгө өнгийн даавуун хээ угалз оёж чимэглэдэг байна.
No comments:
Post a Comment