Friday, 11 February 2011

Монголын Алтан ордон улс



Монголчууд XIII-XIV зууны турш Евразид 200 гаруй жил ноёрхолоо тогтоосон. Судлаачдын үзэж байгаагаар 1541 онд бичигдсэн оросын нэгэн сурвалжид Алтан орд гэдэг нэр томъёо анх тэмдэглэгдсэн гэж үздэг. Алтан ордон улс байгуулагдсан цаг хугацааг ихэнх судлаачид 1242-1243 он гэж үздэг.  Монголын нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн "1000 жилийн харьцуулсан хүснэгт"-дээ "1243 оны харагчин туулай жил- Батын эзэмшил газар орныг Алтан Ордоны улс гэж нэрлэх болов" хэмээн бичсэн байна. Монгол хаад дотор, гадаргүй алт, мөнгөн эд зүйлээр Орд өргөөгөө чимж байснаар тийнхүү Алтан орд хэмээх нэр томъёо гарсан гэдэг. Зүчи хааныг залгамжилсан хаад нь үндсэндээ гурван том бүлэг буюу Бат, Орда, Шейбаны удмын хаадын захиргаанд хуваагдан 1242-1480 он хүртэл 238 жил оршин тогтножээ.
Бат хаан нь Чингис өвгийн сонголтоор эцгийн хаан ширээг залгаж, Өгөөдэй хааны зарлигаар Кибчагийн тал нутаг, Оросыг байлдан эзэлж Дорнод Европт хүрэн Монголын эзэнт гүрний хаяаг тэлж, түүхэнд Алтан ордон улс хэмээх хүчирхэг улсыг байгуулсан. Алтан ордон улс байгуулагдаж оршин тогтносон үеийг ерөнхийд нь гурав хувааж  үзэж болох юм.

1.    Алтан ордон улс байгуулагдаж төвхнөсөн үе. Энэ үед Бат, Бэрх нарын төр барьсан буюу 1242-1266 оныг хамруулж үздэг. Өгүүлэн буй энэ үед Алтан ордон улсын хил бүрэлдэн тогтож, удирдлагын тогтвортой систем буй болж, дотоод гадаад харилцааг хөгжүүлж, хөрш орнуудтай нягт харилцаа тогтоох, хот сууринг сэргээх буюу шинээр босгох худалдаа эдийн засаг, алба татварын тогтолцоог оновчтой бүрдүүлэх, өртөө байгуулж, зам харилцааны шинэ сүлжээг буй болгох өөрөөр хэлбэл улсыг төрийн нэгдсэн удирдлагад оруулж, шинэ улсыг төвхнүүлэх хааны засаглалыг бэхжүүлсэн гэж болно.

2.    Тус улсын хөгжил цэцэглэлтийн үе нь 1267-1359 оныг хамарч байна. Энэ үед Алтан ордон улсын эдийн засаг бэхжин, соёл, гадаад харилцааны хүрээ өргөжиж, цэрэг-улс төрийн хүчин чадал өсч Евразийн болон өрнө, дорнын улс төрийн харилцааг тодорхойлох гол хүчний нэг болсон гэж үзэж болно.

3.    Алтан ордон улсын улс төрийн хүчний задрал, уналтын үе нь XIV зууны үеийн 60-аад оноос XV зууны 80-аад он хүртэл үргэлжилжээ.
Оросын эрдэмтэн Егоров: Европт худалдаачдыг дэмждэг орон Италиас өөр байгаагүй бөгөөд Алтан ордон улсад тогтсон дэг журам нь худалдаа хөгжүүлэхэд бүхий л тааламжтай нөхцлийг дээд зэргээр ханган эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байв. Ингэснээрээ Алтан ордны хаад газарзүйн ашигтай байрлалынхаа үр шимийг хүртэж өрнө, дорныг холбогчийнхоо үүргийг гүйцэтгэж чадсан  гэж үзсэн юм. Зарим судлаачид Алтан ордон улсын эрх баригчид бүтээн байгуулснаасаа илүү бэлэн ашиг орлогыг авчирч өгдөг худалдааг хэт шүтсэн нь эзэнт гүрэн мөхөх шалтгааны нэг болсон гэж тайлбарласан байдаг.
Монголын Алтан Ордоны улсын нутаг
Алтан ордон улсын газар нутгийн гадаад хүрээлэл нь ч мөн тааламжтай байв. гаднаас заналхийлэх дайсангүй, Эл хааны улстай хиллэж буй нарийнхан зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн байсан нь Алтан ордон улс хүчирхэгжин Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс болоход нөлөөлсөн  байна. Алтан ордны газар нутаг нь дорно зүг Эрчис мөрнөөс өрнө зүг Дунай мөрний доод урсгал, өмнө зүг Дербент /Дагестан/ болон Арран /өмнөд Азербайжан/, хойт зүгт Ижилийн Булгар багтаж байв. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар дорноос өрнө хүртэл 5600 верст, өмнөөс умард хүртэл 4000 верст хүртэл газар нутгийг  эзлэн оршиж байв. Верст нь 1,1 км бөгөөд өрнөөс дорно хүртэл 61600 км, умраас өмнө 44000 км хавтгай дөрвөлжин нутагт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний Алтан ордон улс байв.

Орос дахь монголын захиргаа нь алба татвараа л цаг хугацаанд нь өгчихвөл дотоод хэрэгт нь оролцоод байхгүй харьцангуй чөлөөт захиргаа байсан юм. Татвараа өгөхгүй байх, элчийг хороох зэрэгт маш хатуу цээрлэл үзүүлдэг байсан нь засаглалын нөлөөг сулруулахгүй байх улс орны дотоодод эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн хэрэг байв.

Өртөө зам: Улс орны хөгжлийн гол гогцооны нэг нь зам харилцаа билээ. Өрнө зүг Батын их цэрэг дайтах зам нь өндөр уулс, өргөн их гол мөрөн, намаг шалбааг зэрэг бартаа ихтэй байсан бөгөөд олзны болон өөрийн цэргийн хүчээр зам засуулж, гүүр тавиулж явсан нь Алтан ордны улсын дэд бүтцийн асуудлыг давхар шийдсэн хэрэг байв. Алтан ордны улс байгуулагдсанаар худалдааны хуучин замуудыг гол суурь болгон тэдгээр замуудыг зохион байгуулалттай сүлжээнд оруулж, өртөө байгуулжээ. Тэгснээр өрнө дорныг улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын шижмээр холбож өгөв. Монголчуудын байгуулсан өртөөний талаар өрнө дорны олон түүхч, тухайн үед өртөөгөөр зорчиж байсан төлөөлөгчид зохиол бүтээл, аян замын тэмдэглэлдээ тодорхой бичиж үлдээжээ. 1235 онд болсон Их хуралдайгаар Өгөөдэй хаан өртөө байгуулах зарлиг буулгаж, түүнийг түргэн шуурхай хэрэгжүүлэх маш оновчтой саналыг Цагаадай гаргажээ. Цагаадай “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай”  хэмээжээ. Өртөө байгуулах нь хөрөнгө чинээ, цаг хугацаа шаардсан нүсэр ажил байсан ч зохион байгуулалттайгаар өртөөг амжилттай байгуулсан. Өртөө нь өргөн уудам нутагт мэдээллийг харьцангуй хурдан түгээх, хариу мэдээллийг богино хугацаанд авах боломжийг нээж өгснөөрөө тухайн үедээ дэлхийн хэмжээний их улсын удирдлага мэдээлэл холбооны системийн хамгийн боловсронгуй хэрэгсэл болж байв. Тиймээс зарим судлаачид өртөөг өнөөгийн интернетийн үүрэг гүйцэтгэж байсан гэж үздэг.

Алба татвар: Аливаа улсын сан хөмрөгийг бүрдүүлэх гол хэсэг нь татвар юм. XIII зууны Монголын эзэнт гүрэн нь өөр бусад улсуудад эрхшээлээ тогтоож, алба татварын тогтолцоог бүрдүүлэхдээ эзэлж авсан орныхоо онцлогийг нарийн харгалзаж үзэж байсан тэр л зарчмыг Алтан ордон улсад хэрэгжүүлжээ. Алтан ордны улс Өгөөдэй хааны зарлигаар хуульчлан тогтоосон аравны нэг хувийг татварт авах тэр л зарчмыг баримталж, албан татварын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлжээ. Монголын засаг захиргааны нэгж нь аравтын тогтолцоо, татвар хураах хэмэлсэн хэм нь аравны нэг гэдэг зарчим баримтлав. Оросын хотуудыг байлдахдаа л монголчууд энэ л шаардлагаа тавьж байлдалгүйгээр эд хөрөнгийнхөө аравны нэг хувийг өгөөд өөрийн хотоо хэвээр захирах болзлыг Оросын вангуудад тавьж байв. Юуны түрүүнд татвар ноогдуулах үндсэн нөхцөл болсон хүн амын тооллогыг Алтан ордны засаг захиргаа нийт улс даяар явуулав. Алтан ордон улсад монголын хаад бүх нийтийг хамарсан хүн амын тооллого гурван удаа явуулжээ. Их ван бүр мөнгө төгрөг, алт, мөнгөн эдлэл, арьс үс, мал хунараар алба татвар цуглуулах ёстой байсан бөгөөд ноёд бие биеэ хардаж сэрдэн хов зөөх нь их тул их вангаас юу ч далдалж үл чадна  гэснээс татварт авч байсан зүйлүүдийг мэдэж болно. Татварыг баскакууд буюу даргач, вангийн төлөөний тусгай түшмэлүүд, гаальчид хурааж байжээ. Алба татварыг орон нутгийн мөнгө зоос, эсвэл бүтээгдэхүүнээр хурааж авдаг байсан. Аж ахуйгаас авах татварыг оноохдоо тухайн татвар төлөгчийн эрхэлж буй аж ахуйн онцлогийг харгалзан үздэг бол хүн амын татварыг өрхийн хүн нэг бүрээр бодож авдаг байв. монголын эрх баригчид санхүүгийн болон татварын өөрчлөлтийг уян хатан хийж байсан нь тэдний Оросын уудам нутагт удаан хугацаагаар оршин тогтох үндэс болж байв.

Алтан Ордоны цэрэг
Шашин шүтлэг: Чингис хаан болон түүний залгамжлагчид шашны талаар шашны талаар алсын хараатай зөв мэргэн төрийн бодлого явуулсан нь асар том гүрний дотоодод шашны сөргөлдөөн гарахгүй байхад чиглэгдэж байлаа. Үзэл бодлоороо сөргөлдөн тэмцэлдэж байсан шашныхан Их хааны ивээл дэмжлэгийг олохын тулд нэгэн хотод хаяа дэрлэн сүм хийдээ босгож байсан нь Монголын хаадын шашны талаархи бодлого зөв байж амьдралд хэрэгжиж байсны тод илрэл юм. Монголын хаадын олон шашинд адил тэгш хандаж, төрийн бодлогоор дэмжиж буй үйл ажиллагааг нь мэдэрсэн Оросын үнэн алдартны шашны лам нар Алтан  ордон улсын захиргаатай эв найртай байж, харилцаа тогтоож их хаадын ивээлд багтахыг эрмэлзэх болов. Алтан ордон улсын хараат байдалд орсноос хойш Оросын сүм хийд тогтворжин хөгжжээ. Учир нь гэвэл хааны засгаас Оросын шашинд олгосон хөнгөлөлт нь хүчирхэг материаллаг бааз бүрдүүлэх боломж олгож, ирээдүйд сүм хийдийн улс орны эдийн засаг, улс төрд эзлэх байр суурийг өргөтгөж өгчээ.  
Алтан Ордоны улсын бутрал (1505 оны үеийн улсууд)
 Куликовын тулалдаанаас хойш 100 жилд Алтан ордон улсын хаад эрх мэдлийн төлөө тэмцэлдэн богино хугацаанд олон хаад солигдож, төрийн нэгдсэн бодлого алдагдсан нь тус улсын хүчирхэг байдлыг задалж, Ногайн, Казаны, Крымийн, Астраханы зэрэг хэд хэдэн улсуудад хуваагдахад хүргэсэн юм. Тэдгээрийг дахин нэгтгэхээр Тогтамыш, Ахмед хаан нар тэмцэж Ир ордыг байгуулсан ч 1480 онд Ахмед өрсөлдөгч этгээдүүддээ алагдсанаар Алтан ордон улс мөхөж Монголын ноёрхол унав. Монголын ноёрхол унасан ч монголчуудын үлдээсэн өв уламжлал цаашид хадгалагдан хөгжсөн юм. судлаачид монголын эзэнт гүрнийг суперимперия буюу хэт их гүрэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч түүний бүрэлдэхүүний улс болох Алтан ордон улс, Юань улс, Цагаадайн улс, Эл хаант улс нь улсуудын холбооны шинжтэй байсан гэж бичиж байна. Алтан ордон улсын нэг онцлог нь нүүдлийн болон суурьшмал иргэншилтэй ард түмнийг нэгэн төрийн жолоонд чадварлаг зангидан 300 шахам жил оршин тогтнож чадсанд оршиж байна. монголын төр энэ хугацаанд төгөлдөржин боловсорсон төдийгүй эзлэгдсэн улс орнууддаа төрийн үүрэг ач тусыг мэдрүүлсэн юм. Бат, Сүбээдэйн цөөн монгол цэргийн ялалт нь хүний олноор хийсэн зүйл огт биш харин цэрэг, зэвсгийн хосгүй зохион байгуулалт, стратеги, тактикийн гарамгай бэлтгэл, эсрэг этгээдийн талаар бодитой судалж, байлдааны тактикийг сайтар боловсруулсны үр дүн байсан  гэжээ. Монголын хаадын төрийн мэргэн бодлого, олгож буй нөхцөл боломж нь өрнө дорны соёл, шинжлэх ухааны солилцооны алтан шижим болж дэлхийн соёл иргэншлийн сор болсон зүйлс нийт гүрний нутгаар түгэн дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэснээрээ Монголын эзэнт гүрэн дэлхийн соёл иргэншлийн түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээж, дэлхий нийтийн эдийн засгийн хөгжлийн хурдцыг түргэтгэсэн билээ.

No comments:

Post a Comment