Б. Баасан |
Хятадын телевизийн «Чингис хаан» кинонд Чингис хааны дvрийг Євєрмонголын кино vйлдвэрийн жvжигчин Б. Баасан бvтээсэн билээ. Эхлээд тvvнийг Зэвийн дvрд тоглуулахаар хуваарилсан байжээ. Чингисийн дvрд тоглох хvсэлтэй Хятад, Монгол, Японы нэртэй 10 гаруй жvжигчнээс найруулагч Ван Ванжьегийн сэтгэлд яв цав таарах хvн хараахан олдоогvй тул киноны продюсор нь Баасанг «Зvvн зvгтээ буцсан баатруудын тууль»-д чадварлаг тоглосон хэмээн танилцуулж, тvvнийг туршиж vзэхийг санал болгосон байна. Тухайн vед Б. Баасан 40 гарчихсан байсан болохоор найруулагч 20 настай Тэмvvжингийн дvрд тоглож чадах эсэхэд эргэлзэж байжээ. Нvvр хувиргасны дараа идэр залуу, цог золбоотой хєвгvvний дvрд хувилж чадсаныг хараад сэтгэл шулуудсан гэдэг.
Баасан кино зохиолыг ердєє хоёр хоногт уншиж дуусгаад тvvхийн холбогдол бvхий ном зохиол, Чингис хаантай холбоотой баримт судлаад, хууч домгийг сонсож явсан монгол vндэстний хувьд тvvнийг таньж биширсэн сэтгэлээ тоглолтдоо шингээж, амьд бодитой, хvсэл тэмvvлэлтэй хааны дvрийг бvтээхээр чармайжээ. Нvvр хувиргасны дараа аппаратын ємнє зогсуутаа єєртєє улам итгэлтэй болж, єєрийгєє Богд эзэн Чингис хаан мєн гэж боддог байлаа гэж Євєрмонголын нэгэн сэтгvvлд єгсєн ярилцлагадаа дурьдсан байна.
1954 онд Б. Баасан Шинжааны Борталын Хартулга гэдэг газар тєржээ. Тvvний ээж Мумуга жирийн малчин, харин аав Батдорж нь ардын урлагт дуртай, чамгvй дуулчихдаг бас бvжиглэчихдэг нэгэн байжээ. Тэд хvvгээ Борталын Монгол vндэстний Єєртєє Засах Жєvгийн уран сайхны хамтлагт явуулдаг байсан бєгєєд тvvнийг 13 настайд нь Євєрмонголын Урлагийн сургуульд бvжигчин болгохоор явуулжээ. Гэвч тэр сургуулиа тєгсєєд нутаг буцалгvй ХКН-ын Цэргийн хорооны нэгэн уран сайхны хамтлагт бvжигчин болжээ. Гэвч 1981 онд болсон цэргийн цомхотголоор хамтлаг нь тарсан байна. Тvvнд бvжгийн багш зэрэг ажлын санал ирж байсан ч кинонд тоглох хvсэлдээ хєтлєгдєн 1984 онд Євєрмонголын кино vйлдвэрт оржээ. Сайн жvжигчин болохын тулд цэргийн нєхєн олговроороо єнгєт телевизор худалдан авч гадаад, дотоодын кино vзэж эхэлжээ.
1986 оноос л кинонд тоглох болж «Хуан Жинхай» найман ангит киноны малчин Сvхээгийн дvрд тоглосон нь нэлээд амжилттай болж урмын vг сонсчээ. Yvний дараа «Саарал морь», «Ойгоос гарсан нь», «Хурмаст тэнгэр зэмлэдэггvй хvн» зэрэг кинонд тоглосон байна.
Б. Баасан нь эхээс зургуул. Хоёр эгч, хоёр ах нь нутагтаа малчин, нэг дvv нь айлд єргєгдсєн аж. Эцэг, эх нь нас бараад удаагvй байхад их ах, бэргэн эгч хоёр нь золгvй тохиолдлоор нас барж дєрвєн єнчин хvvхэд Баасангийн нємєрт амьдрах болсон байна. Тэрбээр дvv нараа нас биенд хvртэл нь гэрлэхгvй байхаар шийджээ. 40 нас хэтэрсэн Баасанд Чингис хааны дvрд тоглох аз тохиож, дvv нар нь ч том болсон учир хvсэл, зорилго хоёроо биелvvллээ гэж vзээд тэрээр 1999 онд гэрлэжээ.
«Чингис хаан» киног эхэлж хийснээс хойш Хятадын тєв телевизийн нэгдvгээр сувгаар цацах хvртэл найман жил єнгєрчээ. Кино гарч эхэлмэгц vзэгчдийн захидал, талархал цувж, Хятадын vзэгчид тvvнийг хvндлэх болов. Тэрээр, монгол vндэстний жvжигчин болсны хувьд монголчуудын vндэсний бахархал, дэлхийн аугаа их хvн Чингис хааны дvрд тоглосон хувь тавилангаа нэг насны хамгийн хvндэт хэрэг хэмээн бахархдаг. Тvvний гэргийг Сарангуа гэнэ. Євєрмонголын дуурь бvжгийн чуулгын дуучин. Охин Зулаа нь 11 настай. Тэд 2004 онд Баасангийн 20 гаруй жил зvvдэндээ эргэсэн Тэнгэр уулнаа очиж аав, ээжийнхээ алтан шарилд очиж мєргєжээ.
No comments:
Post a Comment