Saturday, 26 February 2011

Агваанлувсан Доржиев

Агваан Доржиев

Буурал Европийн зүүн хаяаг дэрлэн орших Орос орны зулай нь болсон Санкт Петербург хотын ойролцоох нам гүмхэн нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад түүнийг тэнхлэгдэн өнгөрөх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх өргөн чөлөөнд Нева мөрний хөвөөнөөс холгүй дорнын дахины уран барилгын хосгүй өв болсон элгэн хүрэн эмжээртэй бор саарал нэгэн дуган сүм намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн түүхийг хүүрнэхээс эмээх мэт дүнсийн харагдахыг түүгээр зөрөн гарсан хэн хүн үл анзаарах ажээ. Ортодокс шашны өлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхүү Буддын шашины сүм тодрон харагддаг билээ. Хэн хүний үр хэдий үед түмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсүү номын тэр газар сүм дуган босгодог байна аа ?! Тэр хүн болбоос Умард Монголын Буриад ястаны ачит соён гийгүүлэгч, ариун сүсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Түвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол билээ. Цагаан Оросын II Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дөрвөн давхар чогчинтой энэхүү Дүйнхорийн (Калчакра) Дацанг (Оросоор, Дацан Гүнзэчойнэй) Христийн шашины Ортодокс урсгалын нийслэлд бариулж чаджээ. Эдүгээ хүртэл оршин үлдсэн уг сүмээр нь цаннид хамба Агван Доржиевыг хичнээн чадалтай суу билэгтэн байсныг тодорхой гэрчилж болно. Европоос дутахгүй өөрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхүү үнэлж байсныг бодоход бидний бахархах нэгэн Монгол бол үйлийн үргүй Агваан Доржиев юм.
Буриадын нэгэн бөглүү гацаанд хүний хутгийг олон, Да хүрээнд шашины номд гийж, 19 настайдаа Богдын хүрээнээс жинчин даган Цастын оронд очоод Дрэпүнг (Гоман сургуульд) хийдэд ном үзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд Лхарамбын дамжаа дүүргэн улмаар Түвдүүдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ.
Түвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгүйн тул Орос баавгайн хүчийг ашиглах гэсэн Далай Ламын төрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yүнийг түүхэнд “Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг.
Хаант Оросоос Түвдэд зэвсэг нийлүүлэх, цэргийн хүч авах төрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа  II Николай хааныг уургалан барьж энэхүү түүхт сүмээ барих эрхийг олж авсан байна. Арваан Доржиевын тооцоолж байснаар сүм босгоход 90 мянган алтан рубль орох агаад түүний 50 мянгыг Дээрхийн Гэгээнтэн XIII Далай Лам, өөрөө 30 мянгыг, үлдсэн 10 мянгыг Халимаг, Буриадын сүсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рулбь болж Агваан Доржиев Монгол Улсын Богд хаан VIII Жавзандамба Хутагтад хандсан байна. Ар, Өвөр Монголын сүсэгтэн олны хандиваар бүтдэг Богд хааны сангаас үлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дүйнхорийн Дацанг босгох зардал ийнхүү Ар, Өвөр Монгол, Халимаг, Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бүтэж 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ. Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, Дотоод зургуудыг Агын Осор Будаев, дуганы ерөнхий архитектурыг Гэлэггжямц Цэвгийна нар урлан бүтээжээ. Энэ дуганы гол шүтээн Шагжамүни Буддагийн 2.75 м алтан шуумлыг (1938 оны их сүйтгэлийн жилүүдэд Елагинийн арлын цөөрөмд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын IV Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт өргөн барьсныг Банкокт байсан Хаант Оросын элчин Г.А. Плансоны өгсөн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дүйнхорийн Дацандаа чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большивекууд төрийн эрхийг булаан авч Зөвлөлийн засгийг тогтоолоо.
Санкт-Петербург (Ленинград) хотноо бүхий Буддын сүм

Большивекууд хэдийгээр шашныг үгүйсгэн, үзэн яддагч “шашны эрх чөлөөг” Зөвлөлт оронд зарлаж нөлөө бүхий лам нарыг өөртөө татах бодлого эхэн үедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгүй ёс суртахуун тухайн үеийн коммунистуудын үзэл бодолд ойрхон тусаж энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж түүхэнд гардаг билээ. 1929 онд Сталин төрийн тэргүүнд гарч төмөр нудрагаар улсын хэргийг зангидах болсоноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас Буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэхүү дацан сүүлчийнхээ хурал номоо 1933 онд хурж 1938 онд бүрэн хаагджээ. Монголчуудын атаа жөтөө хэзээнээс барагдахгүй үргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль Нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградынхаа Дүйнхорийн Дацангийнхаа ойролцоох Олгино дахь дачи-даа буцан ирж 1937 он хүртэл амьдарч байжээ.
1937 оны одод түгсэн түнэр харанхуй шөнө Ленинград дахь сүмийн 3 гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрүүгийн Хэргийн 58 дугаар тоотот зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн өрөөнд тэднийг аваачин, тэр шөнөдөө багтаан ар дагзанд нь макаров буугаа тулгаж тархинд тугалга зоосон энэ явдал хэнийг ч зочроосонгүй ертөнцийн цаг эргэж л байсан байна. Yүр хаяарахаас өмнө цусны үнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дүүрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нүхэнд ёдрийн мод ч босголгүй булж хаясан аж.
Цаг төрийн ширүүн байдлаас далдиран нутагтаа түр саатсан Агваан Доржиевт Пан-Монголын дээрэмчдийн бүлгийг толгойлж байсан гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрүүгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товолжээ. Нас сүүдэр 84 шүргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгүй Буриадын нийслэл Улаан Yүд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний үүрээр зүрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх үед ийм нэгэн бараан сүүдэр хэдэн зуун мянган сор болсон Монголчуудын лам харыг нь ялгалгүй дайрч өнгөрсөн гунигт үнэн түүхийн хар толбот хуудас бий.
Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бүтээж явсан агуу зүйлс нь арчаад ч арилахгүйгээр дэлхийн түүхийн хуудаснаа тодоор үлджээ. Монгол түмний суу билгийн гэгээн дүр болон мөнхөрсөн Агваан Доржиевын үнэн түүхээс учиглан бичвэй.

No comments:

Post a Comment