ЗХУ- ын хошой баатар, БНМАУ-ын баатар ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Александровч Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан багын “Союз-39” хөлгөөр гүйцэтгэсэн нислэг 1981 оны 3 сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 22 цаг 42 минутанд эхлэж, 1981 оны 3 сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутанд дууссан байна.
БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь, сансрын багаж үйлдвэрлэсэн 20 дахь гүрэн, БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмдийн Гүррагчаа сансарт ниссэн 101 дэхь сансрын нисгэгч болсон. Манай сансрын анхны нисгэгчийн орлон нисгэгчээр Майдаржавын Ганзориг батлагдсан байна. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг бол манай ард түмнүүдийн найрамдлын үр шим, түүний бүтээн байгуулах их хүч чадалыг газраас сансарт мөнхөлсөн бас нэр алтан хуудас нээж, улам зузааруулан баяжуулсан түүхэн том үйл явдал болжээ. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг сансрын уудмыг судлан эзэмших олон улсын “Интеркосмос” программын дагуу сансрын нисгэгч, тойрог замын эрдэм шинжилгээний “ Салют-6”, “Союз-Т-4, Союз-39” цогцолбор дээр, зөвлөлтийн баатарлаг сансрын нисгэгч Владимир Коваленок , Виктор Савинык нартай хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний сорил туршилтуудыг хийсэн байна.
Үндэсний төв архивын сан хөмрөгч Ч.Цэцэгмаа
No comments:
Post a Comment