Friday, 11 February 2011

Газар хөдлөлтийн тухай

Хүн төрөлхтний аж амьдралд хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн гамшгийн эн тэргүүнд газар хөдлөлтийг нэрлэж болох юм.  Зуд турхан, ган гачиг, үер ус боллоо гэхэд хэсэг бусагхан нутгийг л хамраад өнгөрдгөөс бус хүн зоны сэтгэл зүй, амь амьдралыг газар хөдлөлт шиг тэр чигээр нь хоосруулаад одох нь барагтай л бол үгүй.      Баримтаас үзэхэд өнгөрөгч XX зуунд магнитуд шаталбарын найман балл ба үүнээс хүчтэй /энэ тохиолдолд бүхий л зүйлс бүрэн эвдэрч сүйднэ/ газар хөдлөлт 170 удаа болж, гамшгийн улмаас хоёр сая гаруй хүн амь насаа алдсан гэсэн тооцоог АНУ дахь газар хөдлөлт судлалын олон улсын холбооноос гаргажээ.
1957 онд Аж Богдын нуруунд газар хөдлөхөд үүссэн ангал

     Дээрх аюултай газар хөдлөлтүүдийн дөрвөн тохиолдол нь манай улсын нутаг дэвсгэрт гарчээ. Тэгэхээр газар хөдлөлт Монголчуудын хувьд тийм ч үл таних зүйл биш гэж ойлгож болох нь. Энэ аюулт үзэгдлийг далай тэнгис, арал,  эзгүй цөлд гардаг гэж тайвширч болохгүйг эх газарт сүүлийн жилүүдэд болсон газар хөдлөлтийн олон жишээнээс харж болно. Тухайлбал, Армянд газар хөдөлж үй олон хүн орох оронгүй болоход Монгол улс сайн санааны үүднээс хандив цуглуулж, дулаан хөнжил, майхан сав, ажиллах хүчнээр тусалж байсан нь саяхан. Мөн хамгийн сүүлд БНХАУ-ын нэгэн мужид болсон газар хөдлөлтөөс газар хөдлөлтийн хор уршгийг олж харсан бизээ.
     Нүүдэлчин монголчуудын хувьд газар хөдлөлт болохыг зөн совингоор ч юм уу мэдээд зайлан нүүдэг байсан тухай ам дамжин ярилцдаг. Газар хөдлөхөд адуу мал тал газар руу пижигнэн давхиж, хоточ банхрууд сүүлээ хавчин газрын нам руу гүйдэг гэлцдэг. Зөвхөн мал гэлтгүй ан амьтан, жигүүртэн шувууд хүртэл сандран үймж, дайжин зугтахаар багцаалан ямарваа нэгэн байгалийн үзэгдэл болон нь гэдгийг манай ард түмэн мэдэрч ирсэн  уламжлалтай.
1957 оны Аж Богдын нуруунд хөдөлсөн газар хөдлөлт

     Харин хүн амынх нь тэн хагас нь нийслэл хотдоо бөөгнөрөх болсон өнөө үед энэ яриа хөх инээд хүргэхээс цаашгүй. Манай орны нутаг дэвсгэрт 1905 оноос хойш газар хөдөлсөн аюултай тохиолдол хэд хэд бий. Дурдваас, 1905 оны 07 сарын 9-нд Цэцэрлэгт 7,6 баллын хүчтэй газар хөдлөж, газрын гадаргууд 130 километрийн хагарал үүсгэж байжээ. Мөн оны 07 сарын сарын 23-нд Булнайн нуруунд 8,2 баллын хүчтэй хөдлөлт болж 370 км хагарал үүссэн, 1931 оны 08 сарын 10-нд Монгол Алтайн нуруунд 8 баллын газар хөдлөлт болж 189 км газрын гадаргуу хагарсан тухай газарзүйн судалгаа байна. Говь-Алтайд 1957 оны 12 сарын 4-нд 8,1 баллын газар хөдлөлт болж, Баян-Хонгор аймгийн нутгийг дайран, нийтдээ 400 км орчим хагарал үүсчээ. Эл газар хөдлөлтийн талаар үлгэр домог мэт зүйлийг одоо ч нутгийнхан ярьсаар байдаг ажээ. Тэр өдөр тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг сайхан байсан гэдэг. Гэтэл өдрийн 11 цагийн үед гэнэт тоос шороо манарч, их дуу чимээ нүргэлэн, газар асар хүчтэй донсолсон байна. Хэдхэн хормын дотор хэдэн зуун километрээр үргэлжлэх ан цав үүсч, газар хагарчээ. Газар хөдлөлтийн голомтоос хол байсан хүн болсон явдлын дараа нь “өвлийн тэр тогтуун өдөр гэв гэнэт газар чичирч, зуухан дээр цай чанах гэж тавьсан тогоотой цас дайвалзан, гэр доторх эд зүйлс нурж, хүн малгүй нам дор газар руу сандран бууж байлаа” хэмээн хуучлаж байжээ. Тэр үеэр газар хөдлөлтийн долгион орон даяар мэдрэгдсэн гэдэг. Энэхүү гамшгийн улмаас олон тооны мал, амьтан ангалд унаж, уулнаас бөмбөрөн бууж ирсэн том чулуудад цохиулан үхсэн нь гэрэл зурагт тусан үлджээ. Энэ үеэр 30 гаруй хүн амь насаа алдсан гэх олон улсын судалгаа байдаг.

1957 оны Аж Богдын нуруунд хөдөлсөн газар хөдлөлт
 Газар хөдлөл нь хэзээ, хаана болох нь тодорхойгүй гэнэт болдог үзэгдэл юм. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэд одоо хүртэл үүний хариултыг олоогүй хэвээр байна. Хэдийгээр гадны хөгжилтэй орнуудад тоног төхөөрөмж өндөр хөгжсөн байдаг ч газар хөдлөх магадлалыг нь таамаглах хэмжээнд ажлаа явуулдаг ажээ.
     Газар хөдлөл судлалын нэр томъёонд их хэрэглэгддэг балл, магнитут хэмээх хоёр хэмжигдэхүүн нь ялгаатай ойлголт бөгөөд балл нь хүн, амьтанд буюу газрын гадаргуу дээр яаж мэдэгдсэн бэ гэдэг илрэлийн хэмжээ бөгөөд 1-12 хүртэл шатлалтай байдаг. Магнитут нь 1-9 хүртэл шатлалтай бөгөөд зөвхөн багажаар хэмжсэн хэмжээ ажээ. 1960-аад оны эхээр манай орон газар хөдлөлийг эрчимтэй судалж эхэлсэн бөгөөд баруун аймгууд үндсэндээ судлагдсан хэмээн мэргэжлийн хүмүүс үздэг.
     Харин Улаанбаатар хотод газар хөдлөлийн идэвхжилийг хянах стацуудыг анх 1957 онд суурилуулжээ. Одоо нийслэлийн нутагт дэвсгэрт газар хөдлөлийн идэвхжилийг өндөр нарийвчлалтайгаар бичих хүчин чадалтай 15 станц ажилладаг байна. Станцууд хүчин чадлын хувьд Америк, Японд ашиглагддаг хамгийн сүүлийн үеийн техникүүд ажээ.
     Сүүлийн үед олны санааг зовоодог таавар мэт нууцлаг зүйл бол Улаанбаатарт хэзээ газар хөдлөх вэ? хэмээх асуултын хариулт юм. Хот маань хүн амын тоогоороо Метрополис (1 саяас дээш хүн амтай хотыг ийн нэрийддэг) хотуудын нэгд тооцогддог. Энэ хотод манай улсын барилга, худалдаа, үйлчилгээ, тээвэр холбоо, үйлдвэр гээд бүхий л үйлчилгээ нэг дор хэт төвлөрсөн байдаг. Өдөр бүр шахуу шинэ барилга сүндэрлэх улсын нийслэлд 2004 оноос хойш газар хөдлөлийн өндөр идэвхжил ажиглагдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл газар хөдлөлийн тоо урьд жилүүдээс ихэссэн гэсэн үг юм. Тэр ч байтугай нийслэлд өнгөрсөн таван жилд 2500 удаа хүнд үл мэдэгдэм газар хөдлөлт болжээ. Урьдчилсан ажиглалтын дүгнэлтээр нийслэлд болж буй газар хөдлөлтүүдийн хүч ихэсч байгааг тогтоосон байна.
Булган аймгийн Могод суманд газар хөдлөхөд Бага сургуулийн байр нурсан байдал

     Нийслэлийн нутаг дэвсгэр болох төмөр замын  Эмээлт өртөөний дагуу газрын урт хагарал явагддаг байна. Энэ хагарал явсаар Төв нисэх буудлын ойролцоо орших Өлзийт хороо хүртэл үргэлжилдэг. Мөн Хустайн нуруу, Таван толгойн цэргийн бааз зэргийг дамнасан 50 орчим км үргэлжилдэг хагарал бий. Өөрөөр хэлбэл хагарлын дагуу эвдрэл явагдаж, дараагийн хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөрсөж байна гэсэн үг юм. Хагарлуудаар эргээд ямар хэмжээний газар хөдлөлт болох боломжтойг тооцож үздэг байна.
     Урьдчилсан таамаглалаар энэ үед Улаанбаатар ямар байдалд орох вэ гэдгийг тооцжээ. Хустайн нуруунд газар хөдлөхөд 7,5 магнитутын хүчтэй хөдлөх бөгөөд тэндээс үүссэн газар хөдлөлт нийслэлд мэдрэгдэхдээ зөвхөн хатуу хөрсөн дээр 7-8 балл газар хөдлөлт болно хэмээн тооцоолжээ. Хэрэв нийслэлд ийм хэмжээний хүчтэй газар хөдлөвөл нэг ч байшин барилга үлдэхгүй ажээ. Урьд нь Булган аймгийн Могод сум, Дундговь аймгийн Дэрэн сум нь манай орны газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүс байсан.
     Харин сүүлийн жилүүдэд нийслэл хотод газар хөдлөл идэвхжиж эхэллээ. Газар хөдлөлт их болдог улс орнуудын амь насаа алдсан иргэдийн 92 хувь нь газар хөдлөлтийн үед барилга байшингийн нурангиас шалтгаалж амь насаа алддаг байна.
     Эцэст нь өгүүлэхэд IX зууны үеийн Ромын эзэн хаан нэгэнтээ “эцгийнх нь барьсан барилга нурвал үр хүүхдийг нь цаазлан хороох” хуулийг санаачлан, батлаж байсан мэдээ байдаг. Хэн ч үр хүүхдээ цаазын тавцанд аваачихыг хүсэхгүй болохоор чанартай барилга  барьж таарна. Тиймдээ ч эртний Ромын түүхт барилгууд олон зууны ая дааж бидний үед хүрч ирсэн байдгийн учир үүнтэй холбоотой биз.
     Бидэнд мянганы тэртээх эл хууль, хагас зууны өмнөх газар хөдлөлтийн үнэн түүх нэгийг бодож, хоёрыг хийх цаг болсныг сануулж байна хэмээгээд энэхүү бяцхан нийтлэлээ өндөрлөе.
 КГЗДАБТөвийн видео инженер 
П.Тэмүүжин 

No comments:

Post a Comment