Monday, 7 November 2011

Монгол цэргийн цолны түүхэн уламжлал


Монгол цэргийн түүхэнд орчин үеийн цэргийн цол хэрэглэж эхэлсэн нь өнгөрсөн ХХ зуунаас эхлэлтэй ажээ. Монголчууд орчин цагийн цэргийн хэргийн хөгжлийн чиг хандлагын дагуу шинэ маягийн цэргийг байгуулж, сургаж бэлтгэхийн хамт зэрэг дэвийг илэрхийлсэн цэргийн цолыг хэрэглэж эхэлсэн байна. Ингэхдээ түүхэн хөгжлийн дагуу цэргийн цолондоо хас тэмдэг, өлзий хээ, таван хошууг хэрэглэж ирсэн байна.

Олноо өргөгдсөн Монгол Улсын цэрэгт 1914 оноос нийт цэргийг зэрэг дэвтэй болгосон нь өнөөгийн цэргийн цолны үүсэл байв. Цэргийн яамны сайдын 1914 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар цэргийн хэрэглэх ялгах тэмдгийг 4 зэрэг болгон баталсан ба 1 дүгээр зэрэг нь дээлийн энгэрийн голд, дундаа төвд Ум үсэгтэй алтадсан Нацагдорж, ар талдаа голдоо дугуй улаан дэвсгэр дээр шармал төвд Хун үсэгтэй алтан хүрд, баруун мөрөн дээрээ шар, зүүн мөрөн дээрээ улаан дэвсгэр дээр шармал Ум Аа Хун Суха (энэ нь хүнийг гай зовлон, хорлол, аливаа юмнаас хамгаалж, сүр хүчийг оруулдаг олон зүйлийн тарнийн номын хураангуй хэлбэр) гэсэн үсэг хадах болжээ. Малгайн өмнө талд мөн улаан дэвсгэр дээр шармалаар бичсэн Дамдины тарни байв. Хоёрдугаар зэрэг нь малгай, ар, өвөр талын тэмдгийн дэвсгэрийн өнгө нь дээрхийн нэг адил гагцхүү үсэг, зураг сэлтэд шар өнгө хэрэглэх болов. Гуравдугаар зэрэг нь малгай, ар, өврийн үсгийн дэвсгэр нь шар дээр улаан, улаан дээр шар өнгөтэй байжээ. Дөрөвдүгээр зэрэг нь малгай, ар, өврийн дэвсгэр нь цагаан үсэг, тэмдэг нь улаан, хоёр мөрөн дээрх үсэг, дэвсгэр нь гуравдугаар зэргийнхтэй адил байжээ.
Нэгдүгээр зэргийг жанжин сайд, хорооны дарга, жагсаалын түшмэд, хоёрдугаар зэргийг тавьтын дарга, гуравдугаар зэргийг аравтын дарга, дөрөвдүгээр зэргийг цэргүүд хэрэглэх болсон байна. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа Ардын журамт цэргийг дэлхий нийтийн жишгийн дагуу цэргийн цол, дэвтэй болгосон байна. Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын 1921 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар цэргийн цолны ялгах тэмдгийг баталжээ. Уг тушаалд зааснаар ялгах тэмдэг нь “шар өнгөтэй дээш талтай гурвалжин тэмдэг бөгөөд тал бүрийн урт нь 5 дюйм, гурвалжны дээд хагаст монголын үндэсний улаан даавуугаар хийсэн хас тэмдгийг хадаж, доод хагаст нь хааж буй албаны улаан дагавал дөрвөлжин ба ромбыг” хадна гэж заажээ. Эл тэмдгийг цэргийн албан хаагчид ханцуйн дээрээ хадаж байв.

Уг тэмдэг 1923 онд өөрчлөгдөж, ханцуйн тэмдэг нь хас тэмдэгтэй таван хошуу бүхий, төрөл мэргэжлийн цэргийг заасан их буу буюу пулемётын зурагтай болж шинэчлэгдэв. Тэмдгийг европ хувцсанд ханцуйны үзүүрт, монгол дээлний ханцуйны уг дээр хадах болжээ.

1931 онд Монгол ардын хувьсгалт цэргийг албан хаагчдын зэрэг дэвийг илэрхийлсэн ялгах тэмдгийг шинэчлэн баталжээ. Үүгээр цэргийн албан хаагчдын хувцасны ханцуйн уг ба үзүүр дээр хадаж байсан тэмдгийг цамц, шинелийн заханд хадах петлиц болон түүн дээрх тэмдгээр сольж өөрчлөв. Энэ удаагийн шинэ загвар нь хүрэн өнгийн пааландсан дүгрэг, дөрвөлжин, гонзгой дөрвөлжин, давхар ромбо хэлбэртэй болжээ.

1936 онд цэргийн цолонд зарчмын өөрчлөлт орсон байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр цолны ялгах тэмдгийн дэвсгэр нь шар, цагаан, хөх өнгөөр эмжсэн улаан өнгийн бөгөөд командлан захирагч, комиссар зэрэг дээд цолтнуудын цамцны заханд алтан өлзий, ханцуйнд алтан соёмбо бүхий сумны зэв хэлбэрийн тэмдэг, ахлах, дунд тушаалын цолтнуудын цамцны заханд мөнгөн өлзий, ханцуйнд мөнгөн соёмбо бүхий зэв буюу дөрвөлжин хэлбэрийн хатгамал тэмдэг хадах болсон байна. 1940 онд дээд цолтой дарга нарын ханцуйн тэмдгийн соёмбыг таван хошуу болгон өөрчилжээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн1944 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн дарга нарыг нийтэд нь офицер хэмээн нэрлэхээр болж, цэргийн цолыг шинэчилсэн ажээ. Үүгээр маршал, генералуудын хувцсанд бүтэн, хагас эполет тэмдэг, офицеруудын шинель, цамцны мөрөнд погоон (мөрдэс) зүүхээр болж, түүнд алт болон мөнгөн өнгийн давхар, хошуутай, дан хагас үндэсний өлзий тэмдэг байхаар болжээ. Цэргийн албан хаагчдын цэргийн алдар цол, хувцасны загварт үүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөлт орсон бөгөөд зарчмын нэгэн өөрчлөлт нь 1963 онд болсон байна. Энэ удаад офицеруудын цолонд хэрэглэж байсан үндэсний өлзийг таван хошуугаар сольсон явдал юм.

Өлзий хээ нь Монголын ард түмний хувьд маш эртээс аж амьдралдаа хэрэглэж ирсэн олон хээ угалзны нэг нь юм. Энэ ч үүднээс гучаад онд болон ерэн оны үед энэ хээг цэргийн цолонд авч хэрэглэсэн ажээ. Энэхүү хээг цэргийн цолонд авч хэрэглэх болсон түүхэн нөхцөл байдлыг нягтлан үзэх нь зүйн хэрэг юм.  Монгол ардын хувьсгалт цэрэгт 1936 онд нэвтэрсэн цэргийн цол нь тухайн үеийн ЗХУ-ын улаан армид хэрэглэж байсан цэргийн цолны хуулбар байсан бөгөөд гагцхүү уг цолонд хэрэглэж байсан таван хошууг өлзий хээ болгон өөрчилж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас, цолны тэмдгийн шинэ загварыг баталж, 1936-1963 онд цэргийн цолонд хэрэглэж байсан өлзийг дахин сэргээжээ. Гэхдээ монгол урчууд хээ угалзыг зөвхөн уран барилгад хэрэглээд зогсохгүй, өдөр тутмын хэрэгцээний гэр ахуйн зүйл, хувцас хунар, сав суулга, гэрийн модон хэрэгсэл, эмээл, хивс, ширдэг, морины хусуур, хөгжмийн зэмсэг зэрэг зүйлсийг чимэхэд хэрэглэдэг байжээ.

Өнгөрсөн зууны ерээд оноос Монгол Улсын Зэвсэгт хүчинд цэргийн шинэчлэлийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа бөгөөд үүнд цэргийн цолны асуудал ч хамрах юм. Дэлхий нийтээр даяаршсан, Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын хэмжээний ажиллагаанд оролцох болсонтой уялдаж, 2006 онд дэлхийн улс орнуудын цэрэг, армид түгээмэл байдаг бригадын генерал цолыг бий болгосон билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицеруудын цолны тэмдэг нь үндэсний уламжлалаа хадгалсан, дийлэнх тохиолдолд ахуйн хэрэглээнд ашигладаг өлзий хээтэй байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчний ихэнх нь таван хошуу хэрэглэсээр байгаа ажээ.

Аливаа улс орны цэрэг, армид үндэсний уламжлал, онцлогоо илэрхийлэн хадгалсан цолны тэмдэгтэй байж болох хэдий ч Зэвсэгт хүчин нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зогсох төрийн чухал хэрэгсэл, нөгөө талаас даяаршлын өнөөгийн эрин үед даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулах зайлшгүй нөхцөл, шаардлага үүсч байгаагаас үүдэн дэлхий нийтийн жишиг, жаягийн дагуу өөрчлөлт, шинэчлэлийг хийх нь зүй ёсны хэрэг юм. Энэ чиг хандлагын дагуу саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээд офицерын цолны өлзийг таван хошуу болгосон нь бас нэгэн өөрчлөлт, шинэчлэл болж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг чиг хандлагын дагуу шинэчлэгдэн хөгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл нь энд өгүүлэн буй цэргийн цолны өөрчлөлт болж байгааг цэргийн судлаачийн хувьд судлан үзэж сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлье.

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан
доктор, профессор, дэд хурандаа С. Ганболд

No comments:

Post a Comment