Monday, 7 November 2011

“ХАР ХОРИН ХОТ”-ын тухай баримтаас

    Та бүхэнд Монгол орны нутагт байгаа эртний хот балгадын туурийн тухай танилцуулж байгаа билээ.
Үүний үргэлжлэл болгож эрдэмтэн Ц. Доржсүрэнгийн 1959 онд бичиж үлдээсэн “Монголын эртний нийслэл Хар хорин хот”-ын тухай баримтыг эх хувиар нь сонирхуулъя.  
Үүнд:
МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАР ХОРИН
Монголыг хот суурин амьдрал, газар тариаланг үл мэдэх нүүдэлчин малчдын орон гэдэг үзэл их ноёрхож дэлгэрсэн билээ. Гэвч түүхийн бодит баримт энэ үзлийг шууд үгүйсгэж байгаа юм.
Үүний туйлбартай баталгаа нь Монголын эртний нийслэл Хар хорин хот болно.
Монголд Хүннү улсын үеэс эхлэн их бага хот суурин байгуулагдсаар ирсэний ул мөр одоо 200 шахам олдоод байгаа нь нийслэл Хар хорин хот, хот байгуулах эртний уламжлалын үндсэн дээр бий болсон бөгөөд монголчуудын цорын ганц хот биш болох нь илэрхий. Хар хорин нь сурвалж бичигт гардаг Тайхал шивээ гэдэг балгасны дэргэд байгуулагдаж богино хугацаанд түргэн өсөж Монголын феодалын улсын улс төр, худалдаа, гар урлалын төв болжээ. Энэ хотын талаар Рубрук зэрэг хүмүүс нилээд тодорхой тэмдэглэл үйлдсэн нь эртний судлалын шинжилгээгээр батлагдаж байна. Хар хорин хот нь Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн заагт Орхон Хөгшин хоёр голын хоорондох сайхан хөндийд Улаанбаатараас баруун тийш 300 гаруй км, Хужиртын алдарт халуун рашаан эмнэлгээс зүүйн хойш 60-аад км газар байдаг бөгөөд тэгш бус дөрвөлжин хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, хэрмийн дотор хөндлөн гудас хоёр их гудамжтай, төв хэсэгтээ орон барилга олонтой хөл үймээн их, худалдаа арилжаа дэлгэр байжээ. Арваад жилийн өмнө Хар хорин хотын төв хоёр гудамжны уулзуур дахь их барилга, их хэрмийн баруун буланд байсан хааны ордон, мөн их хэрмийн өмнөд хаалганы хавийн барилга зэргийг малтаж шинжилсэн билээ. Хааны ордон нь гадуураа тусгай хэрэмтэй, хэрмийн дундуур ордны гол барилга байсан ба түүний хоёр бөөрөнд тус бүр хоёр багавтар барилга байжээ. Хааны ордон нь 2м гаруй өндөр хиймэл дэвсэг дээр барьсан байсан ба 64 баганатай их танхимтай байсан ажээ. Ордоны шалыг ногоон паалантай улаан тоосгоор хийж, ногоон улаан өнгийн паалантай шавар баримал хээ угалз, луу, арслан зэрэг амьтны дүрсээр чимэглэгдсэн танхил сайхан танхим олонтой байжээ. Энд гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч байсан, түүний дотор нэрт жуулч Рубрук, Марко Поло нар ч оролцож билээ. Ордоны өмнөд хаалга нь үзэсгэлэнтэй сайхан уран зурмал чимэгтэй байжээ. Түүний урд, орой дээрээ бүрээ барьсан мөнгөн хүнтэй мод бүхий оргилуур байсныг Рубрук тодорхойлон бичсэн байдаг билээ. Хар хорины төв хэсэг нь барилга ихтэй байсан ба заримд нь ширэм, төмрийн үйлдвэр, шаазан ваарын үйлдвэр зэрэг олон төрлийн гар урлалын газар байжээ. Эртний судлалын талаар хийсэн малталтаар олдсон олдвороос үзэхэд энд сайн чанарын цагаан ширмэн эдлэл, цэргийн төрөл бүрийн зэр зэвсэг, тариалангийн ба бусад аж ахуйн зэвсэг багаж хэрэгсэл, сав суулга, гоёл чимэглэлийн зүйл арвин олдсоны дээр ширэм хайлах зуух, шаазан ваар боловсруулах зуухны үлдэгдэл олон байжээ. Энд нэг ширхэг нь 20 гаруй кг хүнд цөнгүүд их гарч бий нь монголын гэрт их тэрэг, бэхлэгдсэн хотын хэрмийг харваж эвдэх хэрэгсэл зоосон тэрэг зэрэгт хэрэглэж байжээ. Төмөрлөгийн зүйлсийг үйлдвэрлэхэд усан хөдөлгүүрт хэрэгсэл хэрэглэж байсан ажээ. Мөн хэрэм тэслэх бөмбөг үйлдвэрлэдэг байсан ажээ. Хар хорин нь худалдаа арилжаа их дэлгэрсэн хот байснаас гадна энэ хотын орчим үр тарианы газар их байсан байна. Үүний баталгаа нь хятад, монгол ба дундад азийн зоос, жин, жингийн туухай, анжис, бул зэрэг болно. Хар хорин хот нь дайн байлдааны хөлд хэд дахин их нэрвэгдэж эвдэрсэн ба 1380 онд Мин улсын цэрэг довтолж их сүйдэлснээс хойш сэргэж чадаагүй боловч XY зууны үе хүртэл мөн жижиг суурин байсаар байжээ. Хожим XYI зууны сүүлчээр Хар хорин хотын захад Эрдэнэ зуу хийд байгуулагдаж тэнд Хар хорин хотын нурангаас чулуу, тоосго зэрэг барилгын материалыг ашиглажээ. Хар хоринд ирсэн зорчин үзэгчид түүний дэргэд байгаа Эрдэнэ зуу хийдийг үзэхгүй өнгөрч чаддаггүй. Тэр хийд нь Халхын шарын шашны хамгийн анхны хийд билээ. Тэнд монголчуудын урлаж бүтээсэн асар үнэт соёлын дурсгалууд бийгээс гадна мөн Хар Хорин хотын түүхэнд холбогдол бүхий зүйл ч бий юм.
гэж 1959 онд бичсэн түүхийн ховор сонирхолтой баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж  байгаа  болно.

Түүхийн баримтын төвийн
архивч П.Алтанцэцэг

No comments:

Post a Comment