Уйгурын Хар балгас |
Монгол улсын ҮТА-ын сан хөмрөгт тус улсын нутаг дэвсгэрт байсан эртний хот балгасын дурсгалын талаар олон сонирхолтой баримт хадгалагдаж байдаг. Нэрт эрдэмтэд, судлаачид, түүхчид тэдгээр дурсгалт газруудын талаар судалгаа шинжилгээний ажил хийж, танилцуулга, өгүүлэл, тайлбарыг бичсэн байдгийн нэг нь эртний дурсггалт “Хар балгас”-ын тухай эрдэмтэн Ц.Доржсүрэнгийн 1959 онд бичсэн товч танилцуулга юм. Одоогоос 52 жилийн өмнө бичсэн энэ баримтыг танилцуулж байна.
ХАР БАЛГАС
Энэ балгас тус улсын Архангай аймгийн Хотонт сумын нутагт оршино. Энэ нь YIII-IX зууны үед тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл байжээ. Хар балгас нь тус улсын нутагт байгаа сөнөсөн олон хотын дотор ихээхэн томын нэгэнд орох бөгөөд бараг 25 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ. Үүнээс гадна Хар балгас бүрэн бүтэн байх үедээ дорвилог их хот байсны нэг гэрч нь одоо түүний хэрэм 10м, цамхаг нь 12м тус тус өндөр байгаа ба мөн хотын дундах харуулын өндөр цонж 14м өндөр байгаад оршино. Хар балгас үндсэндээ 3 хэсэгт хуваагдах бөгөөд гол их хот нь эргэн тойрон цамхаг бүхий хэрэмтэй, орон байшин олонтой байжээ. Их хотын хэрмийн гадна өмнө талд мөргөлийн олон сүм, сууц байсны ор бий. Бас мөн их хотын зүүн хойт талд тусдаа эргэн тойрон хэрэмтэй хааны орд байсан ажээ. Энэ балгасыг арвитай их малтаж шинжилсэн зүйлгүй авч энд төрөл бүрийн гар урлалын газрууд байсан нь илэрснээс гадна хааны ордон ба орон сууцны барилгууд нь шавар баримал, зурмал гоёл чимэглэлтэй байжээ. Мөн хаалга үүд нь зэс гуулиар уран сайхан хөөлгөж хийсэн бариултай байсан ажээ. Барилгуудын ихэнх нь хана хоолойгоор халж дулаацуулах системтэй байжээ. Хар балгасан дахь дурсгалт сонин зүйлсийн нэг нь хааны ордон байсан хэсэгт орших Хятад, Уйгур, Тюрк бичээс бүхий гэрэлт хөшөөнүүд болно. Хар балгасын туйрын дэвсгэр зураг |
Түүхийн баримтын төвийн архивч П.Алтанцэцэг
No comments:
Post a Comment