Wednesday 21 December 2011

Монгол улсын хязгаарын дотор төмөр зам байгуулах явдлыг их Оросын Засгийн Газарт хэлэлцсэн гэрээг сийрүүлсэн хуулга


 Монгол газар худалдаа арилжаа бадарсан учир, Монгол улсын төмөр замуудыг ойр бүхий төмөр замууд лугаа холбож бататгахыг чухал болгоё дор ойр нь Сибирийн төмөр зам болох бөгөөд зохистой төмөр зам тавих явдлыг монгол улсын Засгийн Газар, Их Орос улсын хаан эзний засгийн газрын найртайгаар хэлэлцэн тогтоосон нь:
Нэгдүгээр зүйл: Монгол улсын хязгаарын дотор төмөр зам байгуулах эрхийг Монгол улсын засгийн газар үүрд хадгалахыг Орос улсын хаан эзний засгийн газар батлав.
Хоёрдугаар зүйл: Монгол улсын засгийн газар Орос улсын хаан эзний засгийн газрууд харилцан зөвлөж Монгол, Орос хоёр улсад чухал хэрэглэгдэх эл тухайтай төмөр замуудын үлэмжхэн ашиг тустай чиг ба дэс дараалан байгуулахыг хэлэлцэн тогтоомуй.
Гуравдугаар зүйл: Эдгээр замуудын аль нэг замыг урьд болгон тогтоох аваас тэр тогтоосон төмөр замыг байгуулахад Орос, Монгол хоёр засгийн газрын хөрөнгө буюу, эс бөгөөс сангийн хөрөнгөөр байгуулах аль нь боловч тухайн Орос улсын засгийн газраас тусламж өгүүлмүй.
Дөрөвдүгээр зүйл: Орос улсын хязгаарын төмөр замуудтай холбох төмөр замыг хамт нийлэн байгуулахад ямар янз холбогдох учир ба, газар орны эрх ашгийн зүйлүүдийг Орос, Монголын хоёр засгийн газар нэг адил нарийвчлан хэлэлцэн тогтоомуй.
Тавдугаар зүйл: Монгол засгийн газар харьяат газрын хязгаарын дотор төмөр зам байгуулах эрх буй тул хойч өдөр Монгол засгийн газраас өөрийн хөрөнгөөр тустай төмөр зам байгуулах болбоос Орос засгийн газар ер хамаарахгүй гагцхүү бусад хэн дор ч төмөр зам байгуулах эрх олгох ахан Монгол засгийн газраас айл бүхий эх Оростой зузаан найртай тул урьдаар Орос улсын засгийн газартай хэлэлцэж Орос улсын ашиг ба цэргийн зүйл дор харштай болох эсэхийг зөвлөмой.
Зургадугаар зүйл: Энэхүү гэрээ бичгийг Орос, Монгол үсгээр хавсран хоёр хувь бичиж,  гарын үсэг зурж, тамга даран нэг хувийг Монгол улс дор суугаа Оросын Генералной консул сайдын яаманд хадгалаж, үлдсэн нэг хувийг Монгол улсын Гадаадын Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэх яамнаа хадгалмой.
Их Орос улсын хаан эзний засгийн газраас эрх олгосноор Нийслэл хүрээнд суугаа элчин сайд бөгөөд Генералной консул сайд действительный статский советник Миллер, Монгол улсын засгийн газраас эрх олгосноор Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд нанс билэгт гүн лам Дашжав, Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд чин вангийн зэрэг түшээт чин ван Чагдаржав, Гадаадын Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч яамны дэд сайд хичээнгүй гүн Цэрэндоржй.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он /1914 он/ найман сарын арван нэгэн. Хиагтийн газар тогтоов.
Түүхийн Баримтын Төвийн архивч Т. Насанжаргал

No comments:

Post a Comment