Thursday 29 December 2011

Баруун Ся улсын дурсгал

 XI зууны эхэнээс XIII зууны эхэн хүртлэх 200 жилийн турш эртний Хятадын  баруун хойд талын нүүдэлчдийн нэг болох Цян үндэстэнтэй угсаа нэгт Дан сян үндэстнээр голлосон төр улс бий болов. Энэ бол  Баруун Ся улс бөгөөд тэр нь одоогийн   Нин Сягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны нутаг болох юм.   Тухайн үед  Алтан улс болон Өмнөд Сүн улс зэрэгцэн оршиж байжээ. Хожим нь Баруун Ся улс Монголын хүчинд автан сөнөж, ард иргэд нь алгуур аажмаар Хятад үндэстэн болон бусад үндэстний дунд  уусчээ. 
      Баруун Сячууд дээд хөгжилтэй иргэншлийг бий болгосноор  өөрийн  үсэг бичиг зохиосон байна. Энэ бүхнийг  түүхийн үлэмж дурсгалт зүйлүүд,  бичиг судруудаас тодорхой харж  болно. Тэгээд ч  Баруун Ся улсын туурь дэлхийд алдартай. Баруун Ся улсын туурь Нинся- Хотон Үндэстний Өөртөө Засах Орны төв Инь Чуань хотын баруун дүүрэгт байдаг бол Хэ Лань Шань уулны зүүн хормойд Баруун Ся улсын хаадын онгод байдаг. 9 хааны онгоныг багтаасан  53 хавтгай дөрвөлжин км талбайтай,  253 ширхэг хойлгын онгонтой энэхүү ихсийн газар нь Хятадад байгаа  хамгийн бүрэн бүтнээрээ байгаа нь юм. Түүнийг "Дорнын пирамид суврага" гэнэ.
      Хэ Лань Шань уулны хормойд  байгаа  эдгээр шороон  сувраганууд  мянган жилийн турш салхи бороонд элэгдсээр байгаа ч гол цогц нь хэвээр байна.
      Хаадын онгоны цэцэрлэгт байдаг том чулуун сийлбэр хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг. Чулуун сийлбэр нь хүн ч гэмээр араатан ч гэмээр, дүгрэг бараан нүүртэй, бөлтгөр том нүдтэй, арзайсан араа шүдтэй, мөр нь чихтэйгээ зэрэгцсэн, өвдөг сөхөрч, аврага том нудрагаа  зангидсан байдалтай байдаг. 
      Баруун Сягийн төрийн үсэг болох  тангад үсэг хаант төрийнөө мөхөхийг дагалдан устжээ. Тангад үсгээр тэмдэглэгдэн үлдсэн  түүхэн  бичгүүд нь одоо юугаар ч орлуулж болошгүй үнэ цэнэтэй зүйл болжээ. Үүнээс гадна  бурхны  ном, толь бичиг, анагаах ухааны номууд уламжлагдаж үлдсэн байна. Энэ бүгдээс "Тангад хятад үгсийн толь бичиг" нь алдартай болно. Энэ нь 818 жилийн өмнө тангад үсэг болон хятад үсгээр бичигдсэн хос хэлний тайлбар толь бичиг болно. Нин Сягийн музейд энэхүү үнэт  толь бичиг хадгалагдаж байна.
     Баруун Ся улсын хаадын онгод болон Нин Сягийн музейгээс гадна, Инь Чуань хотод Баруун Ся улсын чулуун агуй, сүм хийд, гэрэлт хөшөө, чулууны сийлбэр зэрэг түүх дурсгалын зүйлс хадгалагдаж байна.

No comments:

Post a Comment