Friday 30 December 2011

Монгол Улсын эсрэг тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан японы тагнуулч М.Нооногойг илрүүлж устгасан тухай






Д.ЦЭРЭНБАЛЖИР
 
НУНАКА НУТАГ “БУЦСАН” НЬ
 
1.Нэхэн санахуй…

Тээр жил яамны “Чекистийн танхимыг “ үзэх үед Нунакагийн хэргээс судлах бодол төрж билээ.
Судлаач архивчдын нөр хөдөлмөрөөр бүтсэн нүд булааж, сэтгэл баясгах олон зүйл тэрхүү тохилог танхимд байрлуулсан байв. Гэнэхэн дэслэгч байхаас минь тус байгууллагын эрхлэх өвөрмөц албанд “газарчилж” хүмүүжүүлсэн ахмад үеийнхэн, сайн муугаа хуваалцаж ижилдэж дассан ажил нэгт үе тэнгийнхний заримынх нь боловч зураг хөргийг харж, ажил үйлсээс нь нэхэн уншихад юутай сайхан байв аа? Ахмад үеийнхэн маань алба хааж байхдаа байгууллагынхаа түүхэн замналаас суртачлах бяцхан төвтэй болохыг санаачлаагүй нь хичнээн харамсалтай санагдаж билээ.

Дайсны тагнуулчдын хэргийн баримт сэлтээс харуулсан нэг буланд “Японы тагнуулч Нооногой” гэсэн тайлбар бүхий монголжуу царайтай нэгэн хүний фото зураг харангуут 1940 өөд оны эхийг эрхгүй санаж билээ. Хилийн 17-р отрядын 5-р тасгийн эрхлэн байсан тагнуулын хэсэг хэрэг дунд “Нооногойн” хэрэг гэж байсныг тэнд ажиллах ахуйдаа үүрэг ёсоор мэдэх болсон юм. Гэтэл түүний зургийг үздэг байна шүү .

Сүлжмэл гэзэг, дээл хувцсаараа өвөрлөгч хошууны, хорь эргэм настай, доожоо муутайхан малчин залуугийн дүр төрхийг санагдуулах тэр зураг Нунакагийн Японы тагнуулын албанд бэлтгэгдэж байсан 1930 аад оны эхэн үед хамаарч болох байлаа. Гэвч зургийг хэргийн материалтай харьцуулсан буюу хэзээ, хэнээр Нооногой мөн гэж таниулсан тухай баримт тэнд байсангүй.

Улсыг аюулаас хамгаалах байгууллагын түүхэн замналтай холбогдох судалгааны зарим ном хэвлэлд Японоос манай эсрэг зохиож байсан тагнуул хорлон бусниулах ажиллагаанаас товч судлан бичихдээ тэдний бие төлөөлөгчдийн нэг Нунакагийн харгис дүр төрхийн хувьд утга гуйвуулсан
тал байдаг боловч түүнийг танихад туслах нь мэдээж.

2.Хуучин хэрэг, шинэ агуулга.

Энд өгүүлэх 1940 өөд оны эх бол тус орны дотоод
, гадаад байдлын хувьд ээдрээтэй үе байв. Хятадын цэргийн эрхтэн баруун хилд санаархаж, япончууд ЗХУ-д манай нутгаар дамжин довтлох нь илүү ашигтай гэж төлөвлөсөн цаг. Япончуудыг түрэмгийллээ Төв Хятад, Өвөр Монгол тийш тэлэхэд нь Хятад улс бараг эсэргүүцсэнгүй. Мэнцзян хэмээх Өвөр Монголыг япончууд Манж го-гийн адил Монгол, Зөвлөлт улсад довтлох дайны түшиц газар болгов . Батхаалга \Балин мяо\, Завсар \Ди хуа\, Бандид гэгээний хийд \ одоо Шилин хот\ зэрэг газар байрласан Японы цэрэг –тагнуулын төвөөс тус улсыг тагнах, хорлон бусниулах ажлыг удирдаж, өөрийн салбаруудаа манай хилийн ойролцоо сүм хийдүүдэд байрлуулсаар байв.

1941 онд энэ чиглэлд Японы тагнуулын газар- хэлтэс тав, тасаг- салбар арван хоёр байсныг БНМАУ-ын УАХБ тагнуулын хүчээр илрүүлсэн бөгөөд тэдний тоо жил тутам нэмэгдэж байв. Японы тэр үеийн тагнах-хорлон бусниулах ажлын гол агуулга энэ ажилд “дадсан” гэгдэж байсан Нунакагийн
ажиллагаанаас мэдэгдэнэ. Нунакагийн нэр 1935 оноос манай талд илэрч 1938 оноос идэвхтэй хяналтад авсан байна. Нунакагийн талаар бүрэн биш тоогоор 1938 –1941 онд 159 мэдээ хүлээн авсны 68-ыг 1939 онд, 69 ийг 1940 онд олж авсан байдаг юм.

Биеийн байцаалт. Овог Моришима нэр Нооногой, \Нунака\ нас 25-26 орчим \1940 онд \ Японы харьяат, Нунакаг түүний эцэг монгол хэл бичиг, зан үйл заалгахаар 1932 онд Шилийн голын чуулганы
Зүүн Авга хошууны Могондай \Мугандай/ туслагчид шавь оруулан тэдний гэрт суулгаад буцсан. 1937-1938 онд Бандид гэгээний хийд \ Чуулганы төв байрладаг\ дахь Японы тагнуулын байгууллагад ажиллах болж дээр дурдсан Могондайн бага эхнэртэй ханилж нэгэн охинтой болсон гэдэг.
Хил зөрчсөн хэргийн хятад Чи Жан Гуны 1940 оны мэдүүлгээр :Япон Ян Цун \ хятад нэртэй байж болох\ гэгчийг монголчууд Нооногой гэдэг 25-26 настай… гэжээ. Хорлоогийн Шаравжамц мэдүүлэхдээ :Япон Нооногой бол бие туранхай өндөрдүү, шовгор бор царайтай гэсэн нь бусад материалтай тохирч байгаа боловч Нунакагийн нас, зан төрхийг сонирхож асуугаагүй байна.

Нунакагийн тухай 1938 оны 3-р сарын 1-ний байдлаар тодорхойлбол: Нунака харчин, япон нийлсэн арваад цэргийн хамт өнгөрсөн хоёрдугаар сард Чүдэрийн голын хятад худалдааны пүүсээр хэсүүчилж яваад буцсан. Ингэж явахдаа Нунака бараг сүм бүрд нэг хүн \ тагнуулч \ суулгасан бөгөөд Хамбын сүмд маузер буутай япон нэг, Даа ламын сүмд цахар нэгийг тус тус үлдээсэн. Суврагны хуралд монгол Самдан гэгчийг суулгажээ. Нунака хийдийн захиргаанд эд хил хязгаарыг сэргийлж тагнах тул хүнсээр хангаж бай гэж даалгажээ.

Хилийн 17-р отрядын тагнуулын ажлын 1938 оны 3-р сарын 23
-ны илтгэлд бичихдээ :” Өвөр Монголын Шилийн голын чуулганы төв Бандид гэгээний хийдэд суудаг хорь шахам эрэгтэй эмэгтэй япончууд нутгийн малчдын дунд бараа худалдах , өвчтөн эмчлэх халхавчаар Монгол улсын эсрэг тагнуул хийж байна. Дээрх хийдийн баруунтай орших Авга засгийн хошууны туслагч Могондайнд суудаг япон Нунака нь энэ хошууны худалдаачин лам халзан Лэгцэгээр газарчуулан хил орчим нутаглах Авга да ваны хошууны туслагч Түвшинбаяр, залан Цэдэн , харуулын дарга Балдан, малчин Самбуугийн зэрэг айлаар “худалдаа хийх” зорилготой явахдаа ардынхаас \гадаад Монголоос\ наймаатай ирсэн хүнтэй танилцаж, худалдаа хийхийг гол болгоно гээд энэ айлуудад торго, дурдан, янжуур бэлэглэж, халхтай харилцаатай хүн сураглаж явсан байна. Нөгөө талаар 1937 оны 10-р сард Улаанбаатар хотын хорих газраас оргож гарсан гэдэг лам Дагвыг Цахарт \Чуулган\ очоод байхад нь Бандид гэгээний хийдэд дуудан аваачиж арваад хонуулаад буцаасан гэх бөгөөд Дагвын яриагаар бол түүнээс япончууд халх Монголын талаар асуув. Тэд Халхыг надаас илүү мэддэг бололтой. Олон хүний фото зураг үзүүлж, таних эсэхийг лавлаж ярилцсан гэжээ.

“1938 оны мэдээнүүдэд Бандид гэгээний хийдэд суух япон Нунака хорь орчим цэрэгтэй гурван машинаар явж, мөн хошууны мээрэн Алтан –Очирынд ирж, “чи ардынхантай уулздаг гэнэ” гэж тулгаж асуусанд,алдсан малаас сураглаж , ардын захын цагдаа цэрэгтэй ганц нэг удаа уулзсан гэж Алтан –очир хариулсан байна. Нунака дараа нь Ганжуур сүмийн орчим нутаглах Цэдэн залангийнд ирээд үүгээр саяхан явсан дээрэмчид хаанаас ирснийг асууж
Мэдэхгүй гэдэг хариу аваад, танай хошуунд хамгаалалт ирүүлж, тайван байдлыг хангана. Бид саяхан машин ба агаарын онгоцоор ардын тийш \БНМАУ\ явж үзэхэд хойд зүгээс ойр тойронд аюулгүй байна. Хэрэв ардаас хүн амьтан явбал баривчилж Бандид гэгээний хийдэд хүргэх тухай Нунака зааварласан.

Нунака харчин, япон нийлсэн хэсэг цэрэг бүхий гурван машинтай гарч Баруун
Хуучид хошууны \Шилийн голын чуулганы \ Мааньт сүм дэх хятад худалдаачин Мөнхийнд ирж, тэнд дөрөвдүгээр сар Халхаас оргон ирээд нуугдаж байсан хоёр хятадыг Мөнхөөгийн хамт баривчлаад Бандид гэгээний хийдэд аваачиж , хатуу байцаан Халхын тухай мэдэх зүйлийг яриулснаас гадна Мөнхөөг байцаасаар байгаа нь илэрчээ.

Нунака 5-р сарын 16-нд дөрвөн машинтай цэргийн хамт Мянтав сүм зэрэг газраар хэсүүчлэхдээ газарчаар явсан цахар Аръяад хэлэхдээ: “Чи энэ хошуун дахь Халх Монголын тагнуулч хэн болох , хэн нь Халх Монголтой шууд очиж харилцдагийг тодорхой мэдээд надад мэдэгдэж бай. Манай улс тэр хүнийг насаар нь гачигдалгүй байлгахын тулд үлэмж эд мөнгө тусалж шагнах болно” гэж хэлжээ.
1939 оны мэдээгээр Нунака энэ 2-р сарын эхээр Улаан Зараа сүмд ирэхдээ хилийн ойролцоо Баруун Хуучидын болон Аюулхай , Мянтав, Сэнсэн, Улаан Зараа зэрэг таван сүмд тус бүр нэг хүн суулгав. Эд зах хил сэргийлж, хойш, урагш, явагчдыг хянаж байх үүрэгтэй нь илэрчээ.

Нунака ярихдаа” Халх Монгол хүнийг баривчлаад хоёр нүд дарж боодог нь түүнийг зовоох арга юм., Япон улс бол хүнийг бариад тэгэхгүй. Харин аль сайн зэвсэг техникийн зүйлээ үзүүлж хүчирхэг байдлаа харуулж түүний үнэн нүүрийг таньж авдаг. Ардынхан хүн ам, мал олонтой боловч зэвсэг багажаар туйлын муу. Манай Япон улс хүн ам цөөнтэй ч зэвсэг багаж маш сайнтай тул ардынхныг гурван жилийн дотор өөрийн эрхэнд оруулж авах нь зайлшгүй түүхтэй.юм” гэжээ.

Авга да ваны хошууны Сөнөд Самбууг 1939 оны 8-р сарын 21 нд Нунака өөрийн тагнуулч халзан Лэгцэгээр дуудуулан тагнуулдаа элсүүлээд тус Монгол улсын цэрэг зэвсгийн төрөл анги болох хил хязгаарын байдал, улс төрийн явдлыг тагнах үүрэг өгөөд морь нэг, төгрөг тавиар шагнасан нь илэрчээ.

Самбуугийн бие намайг Монголд очоод доорх утга бүхий хуурамч мэдээ өгөх хэрэгтэй. Үүнд: Зүүн хуучдын хошууны Ногоон Утай сүм орлоо. Арав гаруй лам нартай, арваад шавар байшинтай юм. Гэндэн гэдэг нэг гэлэн хурлыг сахиж хурал номоо удирдана. Энэ Гэндэн нь Наваан гэгч шавьтай гэх зэргээр хэл” гэсэн. Ийм мэдээ Нунака , халзан Лэгцэг нар зохиож өгдөг юм байна.

Нунака тагнуулч Лэгцэгийнхээр орж , Самбуу , Жамсран нарыг Пунцагийн Лувсанчүлтэмээр дуудуулж тэдний монголтой харилцдагийг хүлээлгэж харилцахаар очих бүрдээ мэдсэн, сонссон зүйлийг нь яриулж авснаас гадна үүнийг Монголын талд хэлэхгүй байж, тэндэх хилийн цэргийн байрлал, уулзсан хүн, өгсөн үүргийг өөртөө мэдэгдэж байхаар даалгасан байна. Нунака Жамсранд япон мөнгө\ төгрөг\ тавь, янжуур арван хайрцаг, шархны эм 3, Самбууд япон винтовны сум 100, дээрхийн адил янжуур , эмээр шагнаж энэ хоёрыг хоорондоо эвдрэлцэх юм бол та нарт муу гэж сануулсан гэжээ.

Японы тагнуулч Лувсанчүлтэм, Нунакатай уулзахаар Бандид гэгээний хийд рүү явахдаа, Самбуугийнхаар орж”Нунака багшид хэлүүлэх зүйл байна уу” гэхэд 10-р сарын 30-нд отрядын Дамба,Дагвадорж \тавдугаар тасагт байсан\ нартай хил дээр уулзав. Жаргалантын харуул застав \ Шархаданд буусан байна. Отрядын дарга Буян хот уруу шилжиж оронд нь “тарган” Даржаа ирсэн гэж хэлүүлсэн гэжээ. Нунака Авга да ваны хошууны Аньяа, Сумъяа хоёрыгхалзан Лэгцэгийнд ирүүлж “Халх Монголын тагнуул” гэж тулган “та хоёрыг үнэнээ хэлэхгүй бол ална” гэж сүрдүүлэн байцааж тагнуул\ цэргийн тагнуул байсан\ болохыг хүлээлгэж , “Та нар нэгэнт үнэнээ хэлсэн тул одоо Халхтай хуурамч харилцаж, япон улсад үнэнч байж, цэрэг зэвсэг зэрэг бүхий л байдлыг аль болохоор мэдэж өөртөө хэлж бай” гэж даалгаад мөнгө төгрөгөөр шагнан машинаар гэрт нь хүргүүлэв гэжээ.

1940 оны мэдээгээр Нунака 30 орчим настай, монгол хүн гэж бодохоор монгол хэл, бичиг мэдэхээс гадна монгол хувцас, хэт
хутга, аяга эдэлдэг, монгол хүнтэй уулзахдаа их хардаж сэжиглэн хоёр талдаа урт буу тавьж маузер буугаа өвдөг дээрээс салгадаггүй гэжээ.

Хил зөрчсөн хэрэгтэй Рэнцэнгийн Сумъяагийн 1940 оны 3-р сарын 23–
нд мэдүүлснээр “түүний бие 1939 оны 10-р сарын сүүлчээр Нунакагийн тагнуулд элссэн тэдний үүргийг гүйцэтгэж эхэлснийг хамт баривчлагдсан Баатар овогтой Аньяа мэднэ. Нунака, Сүрбадрах нараас Жавхлант болон Цагаан овооны \ тус улсын 20-р отрядын харьяа газар\ цэрэг байгаа бол наашаа ирэх эсэх, Халх Монголоос ирж байгаа тагнуулыг илрүүлэх, ер нь тэнд болж байгаа явдлыг мэдэх даалгавар өгч тавин янчаан \мөнгөн төгрөг\ шагнасан” гэж хэрэг хүлээгээд өөрийн адил тагнуул хэн хэн болохыг тодорхойлсон байна.
Хэрэгтэн Очирын Самбуугийн 1940 оны 3-р сарын 26- нд өгсөн мэдүүлгээр, түүний бие японы тагнуулын Нунакад элсэж өгсөн даалгавраар нь Сумъяа, Аньяа, Жамсран, Минжүүр нар Халхтай харилцаатай болохыг мэдэж, мэдээлж байсан бөгөөд Жамсранг өөрөө сайн хүн гэж Халхын хил дагуулан очиж тэндэх дарга нартай танилцуулсан болон мөн Лосол Эргэнийг холбоочноо болгосон зэргийг Нунакад задруулж, тэднийг Монгол улсын эсрэг ашиглах боломж олгосноо хүлээжээ. 1940 оны 4-р сарын 23-нд Нунака Авга Да ваны хошууны Балчин тайжийнд ирээд –“Чамайг Монголтой уулзсан гэж ардынхаас сонслоо. Түүгээр сонин юу байна? Гэхэд нь Балчин: “Би тэдэнтэй уулздаггүй болохоор тэдний талаар юу мэдэх вэ” гэж хариулсанд Нунака “Чи энэ явдлаа нуувал хожим муу болно. Би тэр тухай дахин мэдэх болно гэж хэлээд явсан гэжээ.

Бандид гэгээний хийдэд сууж байсан Нунака 1940 оны 9-р сарын 12-нд хэсэг японы хамт ачааны нэг машинаар Шилийн голын чуулганы зүүн сөнөд хошууны Гурван
\Баруун\ Зараа сүмд ирж төвлөн суух болсныг мөн хошууны харуул, Цагаан Овооны хийдийн цагдаа Дандараас сонслоо гэжээ. Японы тагнуулын хэрэгт шийтгүүлсэн Зуу-Одын чуулганы \Манж-гогийн харьяат\ Эрдэнийн Ванчин 1946 оны 3-р сард бичгээр гаргасан мэдүүлэгтээ “Түүний бие 1940 оны дундаас Бандид гэгээний хийд дэх Японы тагнуулын салбарт Нунакагийн хэлмэрчээр хоёр сар орчим ажилласан. Тэгээд Бандид гэгээний хийд дэх тагнуулын салбар Цахарын \Чуулганы\  Завсар \Дэхуа\ дахь тагнуулын байгууллагад захирагдаж байснаа 1940 оны 9-р сараас больж, бие дааж ажиллах онцгой яам \квантуны армийн штабын хоёр хэлтэст захирагдах хэлтэс болсон бололтой мэдээ бий\ болсон юм. Урьд Завсараас томилогдсон тэндэх орон тооны хүмүүс Завсар уруу буцсан учир Нунака бид Завсарт шилжээд тэнд таван сар хэртэй\1941-оны 1-2 сар байж болох\ ажиллаад Зүүн сөнөд хошууны Гурван Зараа сүмд шилжин ажилласан. Нунака, Яката, монгол тагнуулчдын дарга Нандорж, тагнуулч Жамсран , Чүлтэм, Лувсан, Хэвээндий, Пүй Жи Лин, халх оргодол Гэндэн, хэлмэрч Буян бид Завсар дахь тагнуулын байгууллагын дарга байсан хурандаа \Япон\ Масовагийн тушаалаар Гурван Зараа сүмд ирж суусан юм. Завсар дахь тагнуулын газрын дарга ингэж хурандаа буюу дэд хурандаа хүн болдог байхад Гурван зараа сүм дэх салбарын дарга дэслэгч цолтой хүн томилогддог байсан” гэж өчжээ.

Японы тагнуулын хэрэгт 1945 онд шийтгүүлсэн Пунцагийн Чүлтэм \Лувсанчүлтэм\ 1945 оны 10-р сарын 3-нд мэдүүлэхдээ, 1939 онд Бандид гэгээний хийд дэх тагнуулын салбарт ажиллаж байсан Нунакад элсэж өгсөн даалгавраар нь Сэнсийн сүмийн орчим нутаглах Занрайн Лхаасүрэн, мөн сүмийн лам Дарамшир, Самбуу нарыг Нунака халзан Лэгзэг нарт мэдээлж баривчлуулсан. Дарамшир, Самбуу нарыг Нунака Халх Монголын эсрэг эгүүлэн ашиглах ажил зохиосон байх. Зохиосон ажлыг мэдэхгүй гэжээ.

1941 оны 6-р сарын 15
- ны мэдээгээр: Гурван Зараа сүмд япон Нунакагийн байрласан газрыг тодорхойлж түүнтэй хамт япон Үзида, Исики нар хамт суудгаас гадна эдний байранд ушаан дүн \радио станц\босгож байрлуулсан болох нь илэрчээ. Зүүн Сөнөд хошууны Гурван \Баруун\ Зараа сүм дэх Японы тагнуулын салбарны дарга Нооногой удахгүй 1942 оны 1-р сарын дундуур харьяа хилээ эргэхээр машинтай явах бололтой сонсогдов. Энэ явалтаар түүний бие Будар хашаатын хурал, харуул Цагаан Овооны хийд, Жаргалантын сүм\ Авга засгийн хошууны\ дэх харуулуудад тус бүр нэг япон хүн суулгаж “ушаан дүн” \радио\ эрхлүүлэх юм гэнэ гэжээ. Уг мэдээг отрядын дарга Очирын Даваацэрэн \нас барсан\ ,комиссар Цэсэнгийн Нямхүү \Говь алтай аймагт малчин байгаа\ ,сургагч Мухин \ бусад нэр санахгүй\ нарт яаралтай таниулсанд Нооногой ингэж явах нь үнэн бол манай хил зөрчиж болзошгүй гэж дүгнэсэн юм. Үүнээс үндэслэн тэр чиглэлийн нэг, хоёрдугаар сумангийн заставуудад ,гадаад тийш тавих хяналтыг хүчтэй болгон хил зөрчвөл няцаахад бэлэн байлгахын тулд хилийн шугам дайрч гардаг өндөрлөг газрын манааны хүчийг нэмж, дунд буюу бага даргаар ахлуулан манааг шөнө \нууцаар\ газар дээр нь халалцуулах тушаал отрядын штаб \дарга нь Д.Цоохүү\ өгчээ. Нэгдүгээр сумангийн гурван заставт утсаар мэдэгдэж, хоёрдугаар сумангийн гурван заставт морин холбоо явуулсан байна.

Хэд хоногийн дараа гадаадын машин хилийн цаагуур баруунаас зүүн тийш явсан тухай мэдээ нэгдүгээр сумангаас\ дарга нь Дэндэвийн Чойжамц\ эхлэн ирж, хоёр гурав хоногийн дараа тавдугаар заставын орчим \ дарга нь Данзангийн Шаравжамц \
дайсантай тулгарсан мэдээг 2-р сумангийн дарга Цэрэндоржийн Бизъяа ирүүлжээ. Дайсан хил зөрчөөгүй байхад манай манаа гал нээв гэж Ц.Бизъяаг зэмлээд отрядын дарга, сургагч нар очиж газар дээр шалгахад хилийн шугамаас дотогш 16-18 метр газар дайсан нэвтэрснийг цэргийн газрын зургаар нотолж, гал нээсэн нь зөв болж Ц. Бизъяаг “хүндэт чекистийн тэмдгээр” шагнуулжээ.

Хэд хоногийн дараа дөрөвдүгээр заставын дарга Борын Самандаагаас морин холбоогоор ирүүлсэн зурваст …”ноён гэв үү, Нооной гэнэ үү нэг хүн алагдсан“
гэсэн байв. Ямар боловч 5-р заставын хилд болсон тулгаралтад Нооногой алагдаж 2, 3 хүн шархтсан тухай мэдээлсэн байна. ДЯЯ-ны хязгаарын цэргийн штабаас 1942 оны 1-р сард 8, 9, 12, 17, 20-р отрядын хамгаалдаг хилийн зурваст гарсан будлианы тухай 1942 оны 2-р сарын 2-нд нэгтгэн зохиосон мэдээ болон 17-р отрядын дарга Даваацэрэнгээс 1-р сарын 27-нд ирүүлсэн мэдээнд 1942 оны 1-р сарын 25-ны 17 цагт 5-р заставын харьяа хилийн шугам гарах Бухтын овоон дээр гадаадаас пулемёт зэрэг буу зэвсэгтэй арван цэрэг суулгасан ачааны нэг машин ирж явгалан уг овоог эзэлж манай зүг хяналт тавьж эхэлсэн учир дурдсан овооны ард 400 метр газарт байрласан сумангийн дарга Бизьяа ахлагчтай хилчин Даваа, Гомбожав, Санжжав, Дорпалам нар хил зөрчигчид рүү гал нээж харилцан буудалцсанаар дайсан шархтсан хоёр хүнээ аваад буцсан байна. Манай талаас хохиролгүй . Би сургагчийн хамт газар дээр нь шалгаж тэр чиглэлийн хил хамгаалалтыг чангатгав “гэжээ.

 1942 оны 3-р сарын 17 ны мэдээнд “Нооногой монгол япон арван хүнтэй энэ оны 1-р сарын 22-нд Зүүн Сөнөд хошууны Гурван Зараа сүмээс нэг ачааны тэрэгтэй гараад мөн хошууны Харуул цагаан овооны сүмд ирж, тэндхийн харуулын цэргийн хүнсийг өгөөд тэнд суулгах нэг японыг үлдээсэн байна. Тэндээс мөн өдөр Будар Зүүн Хашаатын хийдэд очиж хоноод 23-нд тэндээс эргэж Харуул цагаан овооны сүмд ирж хоноглосон бөгөөд 24-нд Авга засгийн хошууны Жаргалантын сүмд ирж хоноод 25-нд Жаргалантын сүмээс хойно байгаа Мөнхийн \17-р отрядын 5-р заставын хил Бухатын овоог хэлжээ\ овоонд гартал Монголын хилийн гурван \таван цэрэг\ цэрэгтэй тулгарч буудалцсан гэнэ. Нооногой пулемёт буутай ч гэсэн сум нь дуусаад буцаж машиндаа очиж явтал толгойгоор нь сум тусаад нам үхжээ. Буриад Нандорж Жаргалантын сүм дэх Японы тагнуулын Ерэн\ Ерэнтий\ ,цахар Хийвэндий нар шархатсанаас Ерэнтий тэндээ үхжээ. Уг машин алагдсан шархтсан бүх хүнээ авч Жаргалантын сүмд тэр өдөр ирж хоноод 26-ны өглөө урдаас ирсэн хэдэн машины хамт өмнө зүг буцсан гэж уул хийдэд суух цэрэг Содном ярьсан байна гэжээ.

Урьд өгүүлсэн Эрдэнийн Ванчин энэ тухай мэдүүлэхдээ “1942 оны 1-р сарын 24-нд болов уу , Нооногой хэсэг хүнтэй хил эргэхээр яваад Бухтын овооны орчим танай цэрэгт алагдсан учир оронд нь япон Татияма салбарын даргаар томилогдсон гэжээ. Хязгаарын цэргийн түүхэн замнал номд Нунакагийн тус улсын хил зөрчиж алагдсан тухай бичиж эхлэхдээ Ц.Бизъяагийн суманд алагдсан этгээд нь Өвөр
Монголын баян айлд адуучин нэрээр сууж, тус улсын эсрэг явуулах тагнуулын ажлыг биечлэн удирддаг японы хуурай цэргийн жанжин штбаын хариуцлагатай офицер Тихахара буюу Нооногой хэмээх монгол нэртэй этгээд бөгөөд түүнийг алагдсаны дараа япончууд тав хоногийн гашуудал зарлаж хүүрийг Японд аваачиж оршуулсан юм гэжээ. Энэ бүхнээс үзэхэд японы тагнуулчин Нунакаг устгасан нь үнэнтэй бөгөөд энэ нь Өөрөө хаясан чулуу өөрийн нь толгой дээр унадаг гэгч болсон ажээ.

1 comment:

  1. Casino Review 2021 | Player Discussion - Oklahomacasinoguru
    Casino Review 2021 mgm바카라작업 - Find out everything you need 힘 숨찐 챌린지 to know about the Casino 탱글다희정지 Games, Software, Jackpot, Jackpot 셉인소 Games, Bonuses. 세븐 포커 족보

    ReplyDelete