Friday 11 February 2011

Цагаадайн улс

Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хөвгүүддээ эзэлсэн газар нутгаа хувааж өгсөн билээ. Чингис хааны хөвгүүд өөр өөрсдийн хаант улсыг байгуулсан түүхтэй. Цагаадайн улс  хэмээн түүхэнд алдаршсан энэхүү улсын талаар товч сонирхуулъя. Цагаадай 1227 онд Чингис хааныг тэнгэрт хальсаны дараа эзэмшил нутагтаа очиж суусан юм.  Цагаадайг эзэн Чингис хааны хоёрдугаар хөвгүүн болон 1183 оны харагчин туулай жилд төрсөн гэж ихэнх судлаачид үздэг бол зарим нь түүнийг 1185 оны хөхөгчин могой жил төрсөн гэдэг. Цагаадай багаасаа ухаалаг, авъяастай гэгдэж байсан бөгөөд эцгийн билиг сургаалыг ах дүү нараасаа илүү сайн тусган авч чадсан учир хожим хойно Чингис хаан ноёд түмэддээ хандаж хэлэхдээ: “Яса хууль, дүрэм журам, ёс заншлыг илүүгээр мэдэж, хаант ёсыг сахих хүсэлтэй тэр хүмүүс Цагаадайг дага” гэж зөвлөж байв.  Цагаадай Тататунгаа багшаар бичиг үсэг заалгаж, гарамгай сайн сурсан учир хожим улсын заргач Шихихутагийн бичгээр үйлдсэн шийдвэрүүдийг хянан нягтлах үүрэг бүхий “Их Засаг” хуулийг сахиулагч гэгдэх болсон.
Цагаадайн улсын нутаг

Цагаадайн улс нь Дундад Азийн Сыр-Даръя, Аму-Даръя мөрний сав газар болох Маверраннахр, Долоон сав, Зүүн Туркестаны нутаг дэвсгэрт байв. Энэ улс нь Чингис хааны хүү Цагаадайд өгсөн эзэмшил газар бөгөөд эхний үед Өгэдэй, Цагаадайн улс тус тусдаа оршин тогтож байв. Цагаадайн улс задарч Маверраннахр, Моголистан гэж хуваагджээ. Цагаадайн улсын баруун хэсэг болох Мавераннахрт монголчууд бодит эрх мэдлээ алдаж, харин зүүн хэсэг буюу Моголистанд төрийн дээд эрх мэдлээ хадгалж XVI зууны эхэн үе хүртэл төр барьж байв. Цагаадайн улсын нийслэл нь түүхэн хугацаанд олон удаа нүүн шилжиж байсан бөгөөд ихэнхдээ Алмалиг, Карши, Аксу зэрэг хотод төвлөрч байжээ. Цагаадайн улс нь монгол, түрэг олон үндэстнээс бүрдэж байв. Арулат, барулас, каучин, дуглат, жалайр, найман, хэрэйд, мэргид зэрэг олон овог аймгууд XIII зуунд Цагаадайн улсад очиж суурьшжээ. Дундад Азийн эдийн засаг, худалдаа, гар үйлдвэрийн төв болсон эртний соёлт Бухар, Самарканд, Алмалиг зэрэг хотууд Цагаадайн улсын нутаг дэвсгэрт байсан бөгөөд монголчуудын үед Өрнө, Дорныг холбосон олон улсын худалдаа эрчимтэй хөгжихийн хирээр эдгээр хотууд цэцэглэн дэвшсэн юм.  Алгуйхан хааныг нас барсны дараа Цагаадайн улс үндсэндээ хоёр хэсэгт хуваагдсан.
Эмир Төмөр буюу Доголон Төмөр

Үүнд: Мавереннахраар төвлөрсөн суурьшмал хэсэг, Долоон усны газар орчмоор төвлөрсөн илүү нүүдэлчин амьдралтай Могулистан гэсэн хоёр хэсэг болно.
Эдгээрийн хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан бөгөөд хэд хэдэн хаан солигдсон. Цагаадайн улсад 1241 оноос хойш 1370 онд Доголон Төмөр /Тамерлан/ төрийн эрхэнд гарч ирэх үе хүртэл нийтдээ 25 хаан төр барьсан гэж судлаачид үздэг.  Түүхэнд Доголон Төмөр нэрээр алдаршсан хаан Цагаадайн удамтай ураг барилдсан “гурган” буюу хүргэн байжээ. Цагаадайн удмын Казаган хааны гүнжтэй гэрлэсэн Төмөр насан туршдаа “эмир гурган” /хүргэн ноён/ хэмээн өөрийгөө нэрлэж байсан билээ. Төмөр Мавереннахыг дангаар захирах болж, Дундад азид Төмөрийн эзэнт улсыг байгуулж бусад орнууд руу довтлох болсон. 1381-1393 онуудад Төмөр Ираныг бүрэн эзэлж байлдан дагуулсан. 1389-1395 онд Алтан ордны улсад довтолж Сарай бэрх, Астрахан зэрэг том хотуудыг эвдлэн устгасан. 1380-аад оны үед Азербайджан, Армен, Гүрж, Ирак, Сири болон Бага Азид довтолж ихээхэн сүйтгэсэн. Түүгээр ч барахгүй тухайн үед Монголын ноёрхолыг устгаад байсан Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2 дугаар сард нас барсан. 
Төмөрийн байлдан дагуулал үлэмж харгис хэрцгий байсан тухай түүхийн сурвалж баримтад тэмдэглэн үлджээ. Тухайлбал: 1378 онд Ираны Исфахан хотын иргэд босож тэмцсэнийг зэвсгийн хүчээр устгаад 70,0 хүний гавлын ясаар цамхаг босгож ард олныг айлган сүрдүүлэх тушаал өгч байжээ. Төмөр хаан цэргийн шинэчлэлт хийж зохион байгуулалтыг сайжруулснаас гадна цэргийн зэвсэглэлд хэрэм эвдэх оньс, чулуу ба шатахуун тос харвах чавх, түүгээр ч үл барам галт зэвсэг хэрэглэж байв. Төмөр хаан хэдийгээр байлдан дагуулж, харгис түрэмгийлэл хийж байсан боловч Самарканд хотыг үүсгэн байгуулж, Дундад Азийн төдийгүй дэлхийн гайхамшигт уран барилгын хот болгоход ихээхэн хувь нэмэр гүйцэтгэсэн. Төмөрийг нас барсны дараа Шахрух султан /1405-1447/ хан болж, Хорасаныг өөрөө, Дундад Азийг хүү Улугбект захируулж байв. Абу сайдыг нас барсны дараа Төмөрийн улс үндсэндээ хоёр хэсэг улс болж салсан. XIV зууны дунд үед Цагаадайн улсад хааны угсаа залгамжлал тасарч хаант төр сулран доройтжээ. Энэ үеэс Цагаадайн улс задарч Мавераннахрт болон Моголистан гэж бие даасан хоёр улсад хуваагджээ. Цагаадайн улсад амьдарч байсан монголчууд түргүүдээс зөвхөн сүсэг бишрэлээрээ ялгарч байсан боловч яваандаа тэдний адил лалын шашин шүтэх болжээ.
Могулчууд

Цагаадайн улсын эдийн засгийн хөгжлийн нэг илэрхийлэл нь зоос юм. Цагаадайн улсын 16 хотод алт, мөнгөн зоос цутгадаг байжээ. Олон улсын худалдаа Цагаадайн улсын эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлж байв. Тус улсын худалдааны зам буюу Торгон зам дагуу байрлах хотууд болон монголчуудын барьсан хотууд богино хугацаанд сэргэж цэцэглэн хөгжсөн юм. Цагаадайн улсад Монголын татварын нэгдсэн тогтолцоо үйлчилж иржээ. Энэхүү тогтолцоог орон нутгийн онцлогт тохируулан хүн амын суурьшмал хэсгээс нэг төрлийн татвар авч байсан бол нүүдэлчин хэсгээс монголын уламжлалт татварыг авч байлаа. Татварын тогтолцооо нь уян хатан, цаг үеийн нөхцөл байдлаас хамааран хувьсан шинэчлэгдэж, боловсронгуй болж байсан. Цагаадайн улсын цэрэг, засаг захиргааны хуваарь нь монголын мянганы зохион байгуулалтан дээр тогтож байв. Монгол төрийн уламжлалаас хуралдай, хааныг өргөмжлөх ёслол, төрийн бэлгэ тэмдэг Дундад Азид өвлөгдөн үлджээ. Ийнхүү Монгол төр ёс, зан заншлаа 200 жил хадгалсан Цагаадайн удмынхан түрэгийн нөлөөнд автан уусан шингэсэн байна.

No comments:

Post a Comment