Friday 11 February 2011

Монгол үндэсний хувцастай холбоотой айлтгал


Монголчууд эртнээс нааш өөрийн гэсэн үндэсний хувцасыг хэрэглэж ирсэн ард түмэн билээ. 1919 онд Эрдэнэ Шанздуба Бадамдорж нараас Богд хаанд айлтгаж зарлиг гуйсан бичигт Монголчуудыг өөр хувцас хэрэглэхийг хоригложээ.
Үүнийг сийрүүлбэл: Шавь боол Бадамдорж, Пунцагцэрэн, Пунцагдорж, Жамъяндорж, Пунцагравдан сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэлээс Монголчууд хуучнаас өөр янзын малгай хувцас хэрэглэхийг цаазлах санал гаргаж өргөсөн явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр айлдаж дагаж явуулахыг гуйхын учир эдүгээ Нийслэл Хүрээний Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэл гүн Цэмбэлжигмиддорж манай Дотоод, Цэрэг хоёр яамнаа нэр хамт өргөсөн бичгийн дотор ойрноос олон хороо, харчууд, Маймаа хотын зэрэг газрын эмс охид хятад хувцасыг хэрэглэх  болсон ба, жич  жинс үгүй хавтгай эрээн малгай, улаан шар эсгий малгай хэрэглэгчид бүхий нь Монголчуудын хуучин суртал ёсонд нийлэлцэхгүй болох тул хэрхэн дагаж явуулахыг тогтоон зааж тушаахыг эрсүгэй хэмээн өргөжээ.
    Шавь боолчууд хянан байцааваас Монголчууд угаас хэрэглэж явсан Монгол дүрмийн хувцас хунар хэрэглэвээс зохих нь бөгөөд, эдүгээ Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэлээс Монголчуудыг хуучнаас өөр янзын малгай хувцас хэрэглэхийг цаазлах санал гаргаж өргөснийг зүй нь айлтгаж тогтоовоос зохихын тулд хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад гуйх нь Богд эзэн гэгээнээр айлдаж дагаж явуулах ажаамуу үүний тул хичээнгүйлэн айлтгав Зарлиг гуймуй гэсэнд
    Шинэ өөр янзын хувцас хэрэглэхийг нарийвчлан цаазлаж зогсоогтун гэжээ.
Олноо өргөгдсний есдүгээр он зуны илүү дундад сарын арван гурван
ҮТА-ын ТБТ-ийн зааварлагч-арга зүйч М.Байгалмаа 

No comments:

Post a Comment