Friday 11 February 2011

Эрдэнэ зуугийн Жүдхан сүмийн түүхийн тухайд

Эрдэнэ  зуу нь Халхын олон зуун сүм хийдийн ууган хийд болох түүнийг байгуулснаас хойш 400 гаруй жилийн баялаг түүхийг хуримтлуулсан  Монголын түүхийн уламжлалт нандин дурсгалт зүйлийн нэг билээ.
Тус хийд нь тансаг, гоёмсог, сийлбэрлэсэн, цоолборлосон цогцлон байгуулсан урлагийн сайхнаараа дээр үеэс эхлэн гадаад, дотоодын олон эрдэмтдийн анхаарлыг одоо хүртэл татсаар ирсэн.
Тэнгэрийн тэтгэсний 52 /1787 он/-д Хан Уулын чуулганы даргын газраас  Гадаад  Монголыг төрийн засах Яаманд :
“Манай Түшээт ханы нутагт бүхий манай аймгийн хуучин гол шүтээн Эрдэнэ зуу хэмээх нэгэн хэрмийн дотор байгуулсан гурван сүм буй. Энэ сүмийг нь анх байгуулсан манай аймгийн уг номун Очирбат Сайн хан Автай нь хөхөгчин тахиа жил буюу 1586 оноос эхлэн байгуулаад Содномжамц Далай ламд мэдүүлж, Эрдэнэ зуу гэж нэр өгсөн гэж мэдүүлсэн байна.
Дээрх гурван сүмийн зүүн сүм нь Засаг жүн ван төрийн эфү Юндэндоржийн сүм, дунд сүм нь Түшээт ханы харъяат сүм, баруун сүм нь засаг гүн Чавагжавын сүм аж.
Жич бүгд 15 сүмийн гадуур тойрсон хэрэм нь 160 алд, гурван хаалга бий.” гэж  Галдангийн “Эрдэнийн эрхи”-д тэмдэглэгджээ.  

 Эрдэнэ зуугийн жүлхэн сүм бол Лавирангийн ордны зүүн, баруун хоёр талд, зүүн, баруун жүдхан жүдийн байшин гэдэг хоёр давхар сүм бий.
Баруун жүдханы дээд давхарт шашны яамны эрхэм дээд томоохон ноёд, лам, гавьж, зайсан, албан хаагч нар суудаг хүнд ямбын суудлын газар байжээ.
Зүүн жүдханы дээд давхарт Түшээт ханы төрийн яамны томоохон ноёд , хаан, ван, гүн тайж нар суудаг хүнд ямбын суудлын газар аж.
Өөрөөр хэлбэл  Эрдэнэ зуугийн зуны сүүл сарын 25-наас 29-ний өдрийн
5 хоногийн хурлын Эрдэнэ зуугийн сор 360 ширхэгийг хийж, Жахар хэмээх ном хурж, цам гарч, олон өглөгийн эзэд ард иргэд мөргөлчид хуран ирж, мөргөл хийж, цам /наадмыг/ сонирхон үзэх үеэр тус бүр хоёр жүдхан хүндтэй ямбатан нар морилон  суухад /амрах/ зориулсан сүм билээ.
    Мөн хоёр сүмийн доод давхарт нь Майдар бурханы том тэрэг, хүнд ямбын баяр ёслолын хөгжмийн зэмсэг /жансаг/, хурлын модон багаж хэрэглэл, цамын ба чойжингийн  хувцас зэргийн эд материалыг агуулдаг ажээ.
Жил бүрийн өвлийн улиралд тус хоёр сүмд ерөөл, янз бүрийн жижиг хурал үйлддэгээс гадна цагаан сарын шинийн нэгнээс 15- ныг хүртэл олон төрлийн хурал хурж байжээ.

No comments:

Post a Comment