Friday 25 February 2011

Эрдэнэ-Зуугийн Алтан суварганы тухай

 Эрдэнэ-Зуугийн анхны сүм дуганыг Автай хаан өөрөөсөө мөнгө гаргаж байгуулсан бөгөөд энэхүү жишээг сайд, түшмэд, ард олноороо дуурайж төрөл бүрийн сүм дуган, суваргуудыг байгуулж эхэлжээ. Ийм учраас Эрдэнэ-Зуу бол Түшээт хааны төрөл угсааны сүм хийд гэж үздэг болжээ.
     Эрдэнэ-Зуу хийд нь анхны 50 жилд халхын сүм хийдийн дотор түүний гоо сайхан, үзэсгэлэнт байдал, эрдэнэсийн зүйлийн гоёл чимэглэлийн талаар онцгой суурийг эзэлж байсан гэж үздэг. Энэ үед халхын ард олон тус сүмд гүнээ сэтгэл тавьж, бадар барьж сүм дуган, суваргыг байгуулах явдал олширч ирсэн ажээ. Автай хааны нас барсны дараа түүний хүү Эрхий мэргэн хаан эхэлж Эрдэнэ-Зууд Майдарын сүм, 2 суварга байгуулжээ. Энэ үед түшээт хааны түшмэд Хонжин, Сонжин нар хэдэн суварга бүтээжээ.
     Эебээр засагчийн 15-р онд /1658/ халхын ноёд Эрдэнэ-Зуу хийдэд цугларан ирж өндөр гэгээнд зориулан Бат орших мандал өргөсөнд өндөр гэгээн нь Түвдийн Лхасын орноос авчирсан Майдар бурханы эргэх ёслолыг энд анх удаа явуулав. Үүнтэй холбогдуулан Эебээр засагчийн үед хоёрдугаар ширээт лам ловон Санжаадаш нь Шагжаа Мооны бурхан болон Манзширын сүмийг барьж хоёр суварга байгуулжээ.
     Энх-Амгалангийн 13-р онд /1674/ Түшээт хаан Чавхундорж нь тавдугаар далай ламд мөргөхөөр Түвд оронд очиж хойд жил 1675 онд буцаж ирээд далай лам Цамбад зориулан Эрдэнэ-Зууд нэг сүм байгуулжээ. Энэ үед өндөр гэгээн ба Түшээт хаан нь Эрдэнэ-Зуугийн хэрэмний гадна зүүн хойд талд ойр газарт суварга байгуулж эх Ханджамцын шарилыг оршуулжээ. Тус хийдийн зураач Цоржийн байгуулсан баруун шарилын суварга, зүүн Ханжин Чодон хэмээх хоёр суварганы баруун суваргыг Авидын сүмийн жас сангаас, зүүн суваргыг Түшээт хаанаас тус тус тахидаг байжээ.
     Тэнгэрийн тэтгэсний 25-р он /1760/ төмөр эр луу жилд Эрдэнэ-Зуугийн ширээт лам номч Цорж шавь гэлэн Дагвадорж нь Бодь суварга нэг, үүний дотор Сачаа Бумыг залсан суварга наймыг залав.
     Тэнгэрийн тэтгэсний 50-р он /1785/ модон могой жилд Цорж лам нь модоор нэг алд илүү Бодь суварга бүтээв. Дотор нь Өндөр гэгээний гарын ор гарсан чулуу зэрэг нандин зүйлийг залжээ.
     Дээрхи хэдэн суваргыг Алтан суварга гэж нэрлэх бөгөөд Зуугийн сүмийн өмнө талд Автай хааны бунхан суварга буюу Монголын хаадын бунхан суварга хэмээх хоёр суварга бий. Энэ суварга нь урлагийн хувьд энэтхэг, түвд, хятадаас эрс ялгаатай тоосгон ханатай бөгөөд дөрвөлжин байгуулалттай юм. Үйсэн дээврийн дээр асар гаргаж ногоон паалантай вааран хувин тавьж дог, ганжираар гоёсон байна. Дээврийн унь болон нуруу модны хөлийг гадагш жигд ил гаргаснаараа үзэмжийг төгөлдөр болгож урласан нь энгийн боловч өвөг дээдсийн шарилыг хүндэтгэсэн санааг илэрхийлсэн байна. Тус барилгын ийм хэлбэрийн үндэс нь гэр дугуй мөн билээ хэмээн бичиж үлдээжээ.

No comments:

Post a Comment