Friday 25 February 2011

Цэнхэр дурдан алчуур /зураг түүх өгүүлнэ/

 Х.Пэрлээгийн зохиосон “Амрагийн дуу”-ны шүлгийн гар бичмэл. 
Манай ард түмэн өнө эртнээс инагш соёл, урлагийн арвин өв уламжлалаа хадгалан ирсэн үндэстэн билээ. Түүн дундаас дуу хуургүйгээр амьдралын хэв маягийг нь төсөөлөх аргагүй гэлцдэг.      Энэ нь ч үнэний хувьтай. XXI зууны даяаршилд автан буй өдгөө цагт монголын дууны урлагт олон төрөл нэвчин орж ирж байгаа нь зайлшгүй бий болох ёстой үзэгдэл биз.
     Харин эртэдсэн, оройтсон эсэхийг нь хэн ч үл тогтооно. Тогтоохын шаардлага гэж үгүй амуй. Эдүгээ бидний монголчуудын дийлэнх хэсэг нь “Зохиол”-ын гэх тодотголтой дуу буюу сүүлд “Нийт”-ийн хэмээгдэх болсон дууны төрөлд түлхүү сонирхолтой байгаа нь чухам юунаас хамааралтайг ихэнх хүмүүс амьдралын хэв маягтай холбодог. Ортой буйзаа.
     Харин нэрийн хувьд арай л буруудаад байх шиг санагддагаа нуух юун. Зохиогчгүй зүйл гэж нэгээхэн бээр үгүй атал заавал “Зохиол”-ын гэх нь илүүц хэмээн сэтгэнэм. Гэхдээ л сонсох дуртайгаас хойш шүүмж тавих нь мөн л илүүц бизээ.
     Үүнийг үл нуршин хэн бүхний мэддэг нэгэн дууны зохиогчийг танилцуулан, дууны шүлгийг анх зохион бичиж байсан гар бичмэлийг толилуулж байна. Нэрт түүхч, археологич, эрдэмтэн Х.Пэрлээ абугайг үл таних, эс сонссон хүмүүн ховор. Тэр эгэл хүмүүн шинжлэх ухаанаар зогсохгүй урлагт өөрийн мөрөө үлдээсэн нь “Цэнхэр дурдан алчуур” хэмээн ард түмнээрээ дуулуулах болсон "Амрагийн дуу" ажгуу. Тэрээр уг дууны шүлгийг бичсэн гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Эсвэл анзаардаггүй байж болох. Зураг дуур түүний гар бичмэлийг та бүхний хүртээл болгож байна.  Уг шүлгийг 1942 онд зохиосон түүхтэй.

No comments:

Post a Comment