Friday 25 February 2011

Төвд үсэг хэрэглэхийг хориглож Дээд зарлиг буулгасан тухайд

Төвд үсгийн цагаан толгой
1917 онд Цэргийн Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас Сангийн Хамаг Хэргийг Захиран Шийтгэгч Яаманд илгээсэн нэгэн бичгийг хөрвүүлбэл:
Дээд Зарлиг буулгасан нь: “Хааяа хүмүүн аливаа малд төвд үсгийг тэмдэг болгон гаргах болсон нь манай Монгол улс шарын шашины эрхэмлэн хүндэтгэвээс зохих чухал номын үсэг энэ мэт малын тэмдэг болгон гаргаж үл болох учир нийтээр зарлаж дагаж явуулагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг Дөрвөн аймгийн чуулганы дарга жанжин, Нийслэл хүрээний Эрдэнэ шанздоба, Дөрвөдийн хоёр аймгийн чуулганы дарга жанжин, Хөвсгөл нуурын Урианхайн гүн Найданжав, Засагт  хан, Сайн ноён хан хоёр аймгийн суурин жисаад, Хужирбулангийн сургуулийн цэргийг хавсран захиралцах дэс түшмэл бэйс Тогтох, Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх албаны газрын эрхэлсэн түшмэл гүн Цэмбэлжигжид, Маймаа хотын хэлтсийн түшмэл Цэрэн-Очир, Дотоодыг хамгаалах шадар цэргийг захирах түшмэдэд тус бүр хуваан тушаагаад хүрсээр буулгасан.
    Дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж өөр өөрийн харъяат тушааваас зохих газруудад нэг хэмээн дутагдуулалгүй сайтар зарлаж чангалан ухуулан тушааж, эдүгээ буй төвд үсгийн тэмдэг гаргасныг нэн даруй эвдүүлж, эрхэмлэн шүтвээс зохих чухал зүйлийг энгийнд болгож доромжлон хэрэглэхгүй болгон үүрд дагаж явуулсугай. Энэ мэт учрыг ухуулан тушаасаар атал, зөрчиж хэвээр хэрэглэгчид  буй аваас Дээд зарлиг ба цаазалсан нь зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан шийтгэх явдлыг ухуулан, үүнийг басхүү дотоодын зэрэг нөгөөх Дөрвөн яам, Улиастай, Ховд, Хиагтын сайдуудад тус бүр явуулаад, байцаан үзүүлсүгэй”
хэмээжээ.
                   Олноо өргөгдсний долдугаар оны есөн сарын шинийн гурван
Түүхийн Баримтын Төв

No comments:

Post a Comment