Tuesday, 20 September 2011

Синьцзяны Ойрадууд

1750-аад онд Манжийн булаан эзлэгчид Зүүн гарыг дайлан сөнөөх үед урьд Орос нутагт одсон Хоо өрлөгийн мөрөөр Ижил мөрөн уруу нүүж очоод Уваш хааны үед 1771 онд Илийн газар эгэж ирсэн торгууд хошуудаар байгуулсан арван гурван хошуу нь Илийн жанжинд харъяалуулан гадаад засаг хэмээн дуудаж, Үнэн сүсэгтийн болон Бат сэтгэлтийн чуулган хэмээх таван чуулганд хамааруулсан байна.
Хуучин торгууд аймгийг Үнэн сүсэгтийн дорнод, өрнөд, өмнөд, умард замын чуулган хэмээн дөрвөн чуулган болгоод торгуудын арван хошууг багтаан, Бат сэтгэлтийн дундад замын чуулганд хошуудын гурван хошууг харъяалуулжээ.
Үнэн сүсэгтийн өмнөд замын чуулган дахь өмнөд замын Ханы хошуу, Дундад хошуу, Дундад хошуу, Баруун хошуу, Зүүн хошуу зэрэг дөрвөн хошуунд Тэнгэр уулын өмнөх Юлтэс голоор Умард замын хошуу, баруун хошуу, зүүн хошуу гэсэн гурван хошуу хамааруулж Ховог сайрын газраар нутаглуулаад, дорнод замын чуулганд хуучин торгуудын баруун хошуу, зүүн хошууг багтаан Хүр Хар усны газар суулган, өрнөд замын чуулганд хуучин торгууд аймгийн өрнөд замын хошууг оруулан Жин хө голын газар нутаг олгожээ.
Энд дөрвөн чуулганы нэгдүгээр чуулганы дөрвөн хошууг Зоригт хан Уваш, түүний үеэлд хүү, Аюуш ханы гуч хүү Эмгэн, Уваш, Баяжих, Хаших нар мэдэх болжээ.
Хоёрдугаар чуулганы гурван хошууны засаг нь Зоригт хан Увашийн төрлийн хүү Цэвэгдоржийн хүү Гүнгээцэрэн, Аюуш ханы дөч хүү Усхад нар болов.
Гурав дахь чуулганы хоёр хошууг Зоригт хан Увашийн төрлийн дүү Бамбар (Бамбарын элэнч өвөг Назар Мамуд бол Аюуш ханы үеэлд дүү болно). Увашийн төрлийн Цэвдэн нар толгойлжээ.
Дөрөв дэх чуулган Зоригт хан Увашийн төрлийн авга Мумунтын захирсан хошуугаар байгуулагдав.
Ийнхүү торгууд хошуу нь халимагийн хан агсан Увашийн төрлийн ноёдын эзэмшил болжээ.
Харин Хошууд нь Батсэтгэлтийн чуулганд багтан дундад замын дундад, баруун, зүүн гэсэн 3 хошуу болсон байна. Эдгээр хошуунуудын анхны засаг олсон хүмүүс нь Хошууд аймгийн Ханай Хонгор ноёны зээ хүү Хөндлөн Увашийн 2-р хүү Доржийн удмын Ноохой болон Баярлах нар аж.
Ийнхүү Синьцзяны хошууд нар нь Чингисийн дүү Хабат Хасарын үрийн албат нар болж байна.

No comments:

Post a Comment