Угсаа гарал: Цэнгүнжав нь Халхын Сайн ноён аймгийн Дундад зүүн этгээдийн адгийн хошууны засгийн хошой чин ван бөгөөд түүний эцэг Цэрэн, Түмэнхэн хөндлөн цөөхөрийн (цоохор) наймдугаар хөвгүүн Бамжуур эрх зайсан (Данжин тойн) –гийн ач юм. Аймгийн нэр нь болсон Сайн ноён бол Түмэнхэний ахмад хөвгүүн Данжин ламын хойчис байжээ. “Илтгэл шастир”-ын мэдээгээр Цэрэнгийн эмэг эх Гэцүл хатан, Энх-Амгалангийн 31-р (1692) онд ач хүү Цэрэн болон Гүнгээравданыг авч Тамираас Манжид дагаж оржээ.
Энх-Амгалан хаан, ах дүү хоёрыг Ниислэл хотод суулган хааны ордонд боловсруулан хүмүүжүүлээд Цэрэнд гутгаар зэргийн дэсэлсэн түшмэлийн хэргэм өгч хошой шулуун чин үнэмэлт гүнжийг буулгаж, хошой эфү болгожээ. Дүү Гүнгээравданд бас хошууны гэгийг буулгаж, хошууны эфү болгосон байна. Энх-Амгалан хаан Цэрэн Гүнгээравданы харъяат ардыг Цахар хөвөөт шар хошуунд хавсарган суулгажээ1. Энэ нь тэднийг хаан төрөө тэжээн, өөрийн хошуунд агуулсан хэрэг бөгөөд бусад Халхын ноёдыг засаг өргөмжлөн Гадаад Монголд багтааснаас ялгавартай ханджээ. Харин дараа нь Цэрэнд бэйсийн зэрэг олгож, Тамирын уугуул нутагт нь буцаан явуулжээ. Энх-Амгалангийн 59-р (1720) онд Цогийг бадруулагч жанжин Фүрданы цэрэгт мордож, Зүүн гартай байлджээ. 60-р онд энэ гавьяагаар түүнийг засаг өргөмжилжээ. Найралт төвийн анхдугаар (1723) онд төрийн жүн ван өргөмжлөгдөн Түшээт хан аймгийн чин ван Данжиндорж, Засагт хан аймгийн бэйл Бүүвэйтэй хамт Халхын туслагч жанжин томилогджээ. Найралт төвийн 9, 10-р онд Халхад довтолсон Зүүн гарын Галданцэрэнгийн цэргийг бут цохиход гавьяа байгуулснаар “хэтэрхий баатар” \шалгарсан баатар\ цол, Халхын их засаг олгогджээ. Найралт төвийн 11-р (1733) онд Хол дахиныг тогтоогч жанжин Баобин Улиастайд суухад хол дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин томилогдов. Үүнээс хойш тэнгэрийг тэтгэсний 15-р (1750) онд нас эцэслэтэл 18 жилийн хугацаагаар тус жанжны тушаалд байжээ2. Дээрхээс үзэхэд Манжийн хаад Цэрэнг Сайн ноёны удмын ноёдын дотроос нилээд онцгойлон үзэж өөрийн гарын хүн болгохоор зориуд чухал тушаалд томилон өндөр хэргэмд өргөмжилж байсан нь илэрхий байна. Манж нар ингэж төлөвлөсөн нь тодорхой үр дүнд хүрчээ. Цэрэн насаараа Манжийн төрийн төлөө зүтгэгч дуулгавартай ноён байсан юм. . Манж нар эфү Цэрэнг Чингисийн удмын сурвалжит язгууртны хувьд анхаарал тавихын сацуу түүний төрөлхийн авъяас билиг, цэрэг удирдах чадварыг үнэлж бас өөрийн сонирхолд ашиглаж чадсан ажээ. Цэрэнгийн орыг 1750 онд ахмад хөвгүүн Цэнгүнжав нь залгамжилж, Сэцэн чин вангийн хошууны засаг ноён болгожээ. Түүнийг Монгол дахь Манж цэргийн туслах жанжин, Улиастайн сайдаар томилон ажиллуулж байв. Цэнгүнжавыг “Үй” жанжин хэмээн өгөмжлөх агаад Халх-Зүүнгарын дайны үед хоёр цахар сумыг олзлон Халх нутагт нүүлгэн авчирсан нь өдгөө ч Өндөр улаан суманд цахар баг байсаар байна.
Улмаар Цэцэн чин вангийн хошууг эфү Цэрэнгийн угсааны Цэнгүнжав (1750-1771), Лхавандорж (1771-1816), Баянжаргал (1816-1817), Цэндбазар (1817-1852), Дарам (1852-1874), Наянт (1874-1921) нар угсаа залгамжлан захирчээ. Эдний удам угсааныхны талаар тодруулан судлах зүй ёсны шаардлага гарч байгаа юм. Түүхэнд тэмдэглэгдсэнээр эдний угсааны хамгийн сүүлчийн Наянт нь хамгийн харгис ноёдын нэг байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна.
Цэрэг, улс төрийн үйл ажиллагаа: Цэрэнгийн ахмад хөвгүүн Цэнгүнжав багаасаа цэрэгт мордож байжээ. Тэнгэрийн тэтгэсний анхдугаар (1736) онд хошууны бэйс өргөмжлөгдөн туслагч жанжин томилогджээ. Тэнгэрийн тэтгэсний 4-р (1739) онд шизүгийн хэргэм шагнуулав. Цэрэнг нас барахад эцгийн хошой чин вангийн хэргэм, засгийн тушаалыг залгамжилж улмаар хол дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжны тушаалд тохоогдсон байна. Харин Тэнгэрийн тэтгэсэн хаан Цэнгүнжавт эцгээс нь арай өөрөөр хандсан бололтой. Тэнгэрийн тэтгэсний 15-р (1750) оны 2 сарын 5-нд Цэрэн хүнд өвчилж нас барсны дараа Тэнгэрийн тэтгэсэн хаан бээр түүний тушаалыг Өвөр Монголын Аохан хошууны сул бэйл Лувсанд шилжүүлэх гэжээ. Харин 3-н сарын дараа эцгийн тушаалыг Цэнгүнжаваар залгамжлуулах шийдвэр гаргажээ. Тэгэхэд тэнгэрийн тэтгэсэн хаан бээр түүний (Цэрэнгийн) ахмад хөвгүүн хошой чин ван Цэнгүнжав, цэргийн хороонд байгаад гавьяа байгуулжээ. Тэр чадвартай бөгөөд тушаалыг гүйцэтгэж чадмуй. Зүүн этгээдийн туслагч жанжны тушаал болбоос үе улиран залгамжлуулах тушаал бус, чадлаар хэрэглэх тушаал боловч холбогдох газаргүй. Цэнгүнжавын хол дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин болго гэжээ4. Үүнд хаан бээр тус тушаалыг үе залгамжлуулсан бус гэдгийг онцлон тэмдэглэж байжээ. Тухайн үед Зүүнгарт Галданцэрэнгийн орыг залгамжилсан Цэвээндоржнамжил эгчийнхээ нөхөр Сайнбилэгт алагдаж ах Ламдаржаа нь түүний хунтайжийн орыг эзэлжээ. Үүнээс эхлээд Зүүнгар улсын дотор самуун болж гурван жилийн дараа Дөрвөдийн ноёд харъяат ардаа дагуулж Манжид дагаар оржээ. Ийм эгзэгтэй үед Цэнгүнжавыг хойт замын цэргийн хорооны тэргүүн жанжин болгосон бөгөөд хязгаарыг батлан хамгаалах нь түүний гол үүрэг болж байв. Харин хаанаас түүнд өгсөн үнэлгээ нь сайн биш байв. Ялангуяа тэнгэрийн тэтгэсний 18-р (1753) онд Манжид дагаж орсон Дөрвөдүүдийг нэхэж 200-н цэргийг авч хилийн харуулын шугамыг өнгөрч довтолсон Зүүнгарын Захчин аймгийн тэргүүн Мамудыг Цэнгүнжав нар баривчилж чадахгүй оргуулсан явдал Тэнгэрийн тэтгэсэн хааныг хилэгнүүлжээ. Тэрбээр Цэнгүнжавыг зэмлэхдээ Хураангуйлваас энэ хэрэг жанжин сайдуудаас аваад цэрэг хүртэл бүгд түлхэлцэхийг бодсоноос болов. Халх нар бас зүтгэх санаа үгүй. Би үнээр цөхөрчээ гэсэн байдаг5. Тэнгэрийн тэтгэсний 19-р онд Манж нар Алтайд суусан Урианхайд цэрэг мордуулсан байна. Тэгэхэд энэ үүрэг хүлээсэн Халхын Гэлэгванпил, Эринчин зэрэг ноёд мордохоос шууд татгалзжээ. Харин Цэнгүнжав болон Манжийн хуувийн сайд Шүхэдэ нар эднийг буруушаан айлтгасангүй харин өмгөөлөх ажээ. Цэргийн явдлыг омтгойлсон ноёдыг залхаасангүйд Тэнгэрийн тэтгэсэн хаан хилэгнэж 4-р сарын 11-ний өдөр Цэнгүнжавыг шууд жанжны тушаалаас байлгажээ. Жанжны тушаалаас огцруулсны дараа хэсэг хугацаанд Цэнгүнжавын сураг тасарсан бололтой байна. Хаан бээр 5 сарын 1-ний өдрийн зарлигт: Энэ хэдэн удаагийн Цэрэнгийн айлтгалын дор Цэнгүнжавын нэр огт үгүй. Энэ хугацаанд тэрбээр цэргийн хороонд хүрэлцэн ирсэн. Эс бөгөөс ирээдүйг Цэрэнд тушаан явуулж сонсгон айлтгуултугай гэсэн байна.
Хоёр жилийн дараа болсон Чингүнжавын бослогын үеэр Цэнгүнжавын нэр дахиж сурвалжид харагдана. Үүнд: Чингүнжавын урвасныг түрүүлээд Манжийн сайд Намжилд мэдүүлсэн хэмээн сайшаалгасан байна. Харин Чингүнжавын бослогын үеийн Цэнгүнжавын тухай Түшээт хан аймгийн жүн ван Санзайдорж сонирхолтой мэдээг айлтгаж байжээ. Үүнд: Иймийн тул боол манай газраас даруй хиа Дүүрэнг мөнхүү цагт яаравчлан тэднийг зогсоох учир чангалан нарийвчлаж тушааснаас гадна, Шүмин Арнтайд тодорхойлон лавлаж хурдан одтугай гэж заржээ. Одоо Дүүрэнгийн найман сарын шинийн нэгэнд хойш ирж боол манд хэлсэн нь би ван сайдуудын тушаасныг дагаж долоон сарын хорин найманд Хайчин булаг гэдэг газар бэйл Цэвдэн нарыг нэхэж, намайг хаана ч гэсэн танай цэргийг нэхээр одвол эрхгүй даруй зогсоотугай гэж тусгайлан намайг заржээ гэж хэлсэнд бэйл Цэвдэнгийн хэлсэн нь, миний бие Чүй хэмээх газар байхад Чингүнжав дайран ирж надад хэлсэн нь манай туслагч жанжин чин ван Эрэнцэндорж туслагч тайж Дамбажав нарыг өчүүхэн бага оргодол Амарсанаа, Баран нарын урвасан учир цаазаар аваачив. Манай олон халхчууд цөм зүдүүгийн тул бид явбал болохгүй тул хойш ирсэн. Жавзандамба хутагтын үг: ямар боловч би долоон хошууны халхчуудыг дагалдана, гэсэнд би даруй буцав. Бэйл чиний санаанд ямар санагдана гэж хэлсэнд Цэвдэн би нас хөгшин, одоо 41 жил Богд эзний аливаа албан, цэрэг дайнд зүтгэн явсан боловч огт дэвших газаргүй, харин ч буруу болно. Танай олон бүгдээр зөвлөснийг дагасугай гэж хэлж хойш ирэв. Бид огт зогсохгүй даруй эрхгүй буцна хэмээнэ. Гүн Дамирангийн хэлсэн нь, Чингүнжав, бэйл Цэвдэн нар бид бүгдээр зөвлөж манай биест ял хүлээж хойш буцав. Вангийн бага нас нийслэл хотод төрсөнг бөгөөд одоо эзний зарлигаар хуувийн сайд тавьж хэрэг шийтгүүлэхийн тулд бид ванд эс хэлсэн нь үнэн, одоогийн вангийн бие даруй яаравчлан ирвэл сайн гэнэ. Дүүрэн бие бас туслагч тайж Жанчиваас асуувал түүний үг: Одоо бэйл Цэвдэн нар Төгс буянтын газар Засагт хан нарын хамт нийлж хэлэлцсэн хойно бас цааш түүгээр Тал бултын газар чин ван Цэнгүнжав, Хотгойдын Чингүнжав нарын хамт нийлж тогтоон хэлэлцэнэ гэж хэлжээ7. Энэ сурвалжаас бид Чингүнжав, бэйл Цэвдэн, гүн Дамиран нар Халхын ноёдтой Тал бултын газар чуулах гэж байхад Цэнгүнжавыг үүнд оролцуулахаар төлөвлөж байсныг мэдэж болох юм. Ийм чуулган жинхэнээр болсон эсэх нь тодорхойгүй боловч, үүнд бослого гаргасан гол ноёд Санзайдоржийг залуу, Нийслэл хотод төрсөн, хуувийн сайдын алба хашиж байгаа гээд оролцуулаагүй атал Цэнгүнжавтай бол холбоо барих гэж оролдож байсан явдал анхаарлыг татах юм.
Манжийн хаанаас Цэнгүнжавыг Зүүнгарын эсрэг дайнд хойрго хандсан хэмээн зэмлэж байсан ба бослого гаргасан Халхын ноёд түүнийг гадуурхсангүй явдал Цэнгүнжавыг шууд Манжийн үнэнч боол байсан хэмээн үзэхэд бэрхшээлтэй санагдуулах юм. Тэнгэрийн тэтгэсэн хаанаас Цэнгүнжавыг Улиастайн жанжин болгосон нь түүнийг Халхын ноёдын дотроос хамгийн үнэнч гэж үзсэн учраас бус, харин тодорхой хэмжээгээр ноёдын дэмжлэгтэй байсныг харгалзан түүнийг жанжин болгосноор Халхын дийлэнх ноёдыг өөртөө татах гэсэн бололтой. Халхад бол Түшээт хан аймгийн чин ван Санзайдорж, Сайн ноён аймгийн чин ван Цэнгүнжав, бэйл Цэвдэнжав нарын зэрэг нөлөө бүхий ноёд өөрийн тусгаар тогтнолын тэмцлийг цуцлан дарахад Манжийн төрийн өмнө ихэд махран зүтгэсэн билээ. Түүнчлэн Халхын хамгийн нөлөө бүхий хувраг II богд Жавзандамба хутагт хэдийгээр Манж нарт ахыгаа аллуулан өөрөө элдвээр хавчигдаж хохирсон зэрэгтээ сүрхий дургүйцэж, бослогыг талархан гуйвж байсан боловч өөрийн анги, язгуурын хязгаарлагдмал байдал, манжийн төрийн ил далд зүсэн зүйлийн албадлага хүчирхийллийн учир эцсийн эцэст дайсны талд урван орж, тусгаар тогтнолын хөдөлгөөнийг цуцлан дарах явдалд манж нарт тусалсан юм. Түүнээс гадна Баруун Монголд ч гэсэн, Халхад ч гэсэн хэдий тэдэн шиг хүч нөлөө бүхий биш боловч мөн нилээд нөлөө бүхий томхон ноёд, хутагт нар бослогыг дарах явдалд манжийн талд орж тусалсан нь тун ч цөөнгүй билээ. Манголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийг цуцлан дарах явдалд Халхын Сайн ноён аймгийн чин ван Цэнгүнжав шиг идэвхитэй зүтгэн Манжийн төрийн өмнө их гавьяа байгуулсан хүн үгүй билээ. Манжийн төр анх Халхад бослого гарсны дараа өөрийн итгэх олон ноёд жанжин нарын дотроос чин ван Цэнгүнжавыг “Залуугаас цэрэг дайнд боловсорсон хүн”8 гэж Улиастайн жанжнаар томилон Чингүнжавыг барьж, Халхын бослогыг дарах үүрэг өгчээ. Чин ван Цэнгүнжав Халхын тусгаар тогтнолын тэмцлийн удирдагч Чингүнжавыг барьж, бослогын гол хүчийг цохисонд Манжийн хаан түүнийг бас Баруун Монголын бослогыг даруулахаар 1757 онд 2 замын их цэргийн ерөнхийлөн захирах жанжнаар томилон илгээжээ. Чин ван Цэнгүнжав Баруун Монголын тусгаар тогтнолын тэмцлийг дарах явдлыг толгойлон гүйцэтгэжээ. Манжийн төр чин ван Цэнгүнжавын зүгээс Манголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт их тэмцлийг дарж онцгой зүтгэсний учир түүнийг машид өргөмжлөн, улмаар үе улиран залгамжлах шадар сайд болгож, үүрд өөрийн ордонд суулгах болсны үр угсаа нь даруй дархан чин ван Наянтай вангийн удам мөн билээ.
Г.Ариунболд / БХИС/
Э. Нямболор /Улаанбаатарын Их сургууль/
Ном зүй :
1. Ока Хироки., /Тохоку Их Сургууль., Цэнгүнжав ба Санзайдорж., Токио., 2008. /монгол хэл дээр/.,
2. Oka Hiroku., Tohoku University of Japanes., Tokio., 2003.
3. Г.Ариунболд ., Манж хаадын бэлтгэл хүргэн тавнангууд., “Засгийн газрын мэдээ” сонины 1998.,
4. Г.Ариунболд., “Эр төөлүүр”., “Цэргийн түүхийн өгүүллүүд”., УБ., 2009. Редактор Г.Ариунболд., Ч.Оюунчимэг.,
5. Г.Ариунболд., XVII-XVIII зууны ойрад, Халх, Өвөрмонголын цэргийн түүхийн өгүүллүүд., УБ., 2007. “Монголчуудын манжийн эсрэг 1755-1758 оны тэмцэл”., УБ., 2007.
6. Монгол Улсын Түүх., Дөрөвдүгээр боть., УБ., 2005.
7. БНМАУ-ын түүх., гурван боть., УБ., 1963.,
8. Н.Ишжамц., Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэнгт тэмцэл., УБ., 1962.,
9. Ш.Нацагдорж., Халхын түүх., УБ., 1964.
10. Магад хууль.453-р дэвтэр. Тэнгэрийн тэтгэсний 18-р оны 12 сарын 28.
11. Магад хууль.460-р дэвтэр. Тэнгэрийн тэтгэсний 19-р оны 4 сарын 11.
12. Магад хууль.464-р дэвтэр. Тэнгэрийн тэтгэсний 5 сарын 11.
13. Магад хууль.517-р дэвтэр. Тэнгэрийн тэтгэсний 7 сарын 23.
14. Чингүнжаваар удирдуулсан Ар Монгол дахь тусгаар тогтнолын тэмцэл (1756-1758)., УБ.1963 он 40-41-р тал.
15. Тэнгэрийн тэтгэсний 21-р оны 8-р сарын шинийн 2, Санзайдоржийн айлтгал.
No comments:
Post a Comment