Tuesday 28 December 2010

Чингис хааны тухай домгууд

“Тэмүжин нумны хөвчнөөс төрөөгүй юм
     Тэмүжин сумны зэвнээс төрөөгүй юм
     Тэмүжин Өэлүн эхээс төрсөн юм
     Тэмүжин өрлөг түүхээс төрсөн юм”


         Тэртээ найман зууны тэртээ Монгол нутагт Тэмүжин хэмээх нэгэн хөвүүн мэндэлсэн нь дэлхийг эзэгнэсэн, хожмоо ч алдар суу нь амьд байх үеийнх нь мэт мандан бадарсан их удирдагч болсон түүхийг Монгол хүн бүр төдийгүй энэ хорвоогийн олон хэлийн үндэстэн, ястнууд сайн мэддэг.
         Тэмүжин буюу Чингис хааныг их удирдагч, байлдан дагуулагч гэдгээр нь манайхны олонхи нь шуугиж байдаг болохоос бус энэ энгүй хүмүүнтэй холбоотой түүх, домгууд олон бийг тэр бүр мэддэг нь ховор.
Тиймээс Чингис хаантай холбоотой хэлцэгдэж байдаг домгуудаас цувралаар эрхэм уншигч та бүхний хүртээл болгохоор зорилоо. Эдгээр домгууд нь түмэн олны маань гэгээн мэлмийд тэр бүр тольдогдоогүй байгаа болов уу хэмээн санаж байна. Эдгээр домгуудад ямар нэг байдлаар засвар оруулж, дүн шинжилгээ хийхийг хойш тавьсаны учир нь дүн шинжилгээ хийх эрхийг мэргэн уншигч таньд олгохын төлөөнөө билээ. Оюуны тань далайд дусал нэмэр болох болтугай.

Домог 1. Хар нөж

      1. Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хорибөх тэргүүтнийг дайлж ирэхэд Өүлэн үжин хэвлий давхартай байлаа. Онон мөрний Дэлүүн Болдогт байхад Чингис хаан төржээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атгасан байв. Татарын Тэмүжин-Үгэг ирэхэд төрөв хэмээн Тэмүжин нэр өгсөн учиртай ажээ.
/Монголын Нууц Товчооноос/

     2. Гахай жил Есүхэй баатар Татарт мордоход эхнэр нь Өүлэн эх Чингисийг давхартай байв. Татарын эзэн Тэмүжин-Үгэ, Хорьбөх хоёрыг Есүхэй баатар байлдаж дайлаад дайлаад гэр тэрэг, адуу малыг нь булааж Дэлүүн Болдогт ирж буув. Тэгж байтал тэр жил нь Чингис хаан жаргалын совингоор мэндлэв. Хаан баруун гарын алгандаа хатсан элэг адил нөж атгаж төржээ. Хааны магнай дээр нь дэлхийг эзлэх тэмдэгтэй, царайнаас нь аз заяа мэдэгдэж, цог заль бадарч байв.
/Түүхийн чуулганаас/

    3. Есүхэй баатар Татарын Тэмүжин, Хорьбөх тэргүүтнийг дайлж ирэхэд Өүлэн үжин хөл хүнд байлаа. Онон мөрний Дэлүүн Болдогт байхад хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанд улаан тэргэл өдрийн туулай цагт Чингис хаан төрөв. Төрөхдөө баруун гартаа шагайн төдий хар нөж атгаж төржээ. Энэ үеэр Татарын Тэмүжин-Үгэг авч ирсэнд төмөр өлгийд өлгийдөж, Тэмүжин хэмээн нэрийджээ.
/Алтан товчоос/

     4. Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өүлэнээс гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гайхамшиг билэг төгс, гоо жавхлант нэг хөвгүүн гартаа гэрэлт улаан эрдэнэ атгасаар мэндлэв. Мөн өдөр огторгуйгаас солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов. Тэр үед Есүхэй баатар Татар аймгийг дайлж, аймгийн эзэн Тэмүжинийг олсон тул нэрийг нь тэнгэрийн заяасан Тэмүжин гэж нэрийдэв.
/Гэгээн толь, Ордосын тухай тэмдэглэлээс/

     5. Есүхэй баатрын Өүлэн хатнаас гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд үүр гийхийн сацуу гайхамшиг билэг төгс нэг хөвгүүн мэндлэв. Тэр цагт огторгуйгаас солонго татах тэргүүтэн сайн ёр бэлгэс болов. Тэр хөвгүүнийг мэндэлсэний гурав хоног дээр эцэг Есүхэй баатар Татар аймгийн улстай дайлалдаж, Татар улсын эзэн Тэмүжин-Үгэ хэмээгчийг барьж ирсэн нь тохиолдсон тул билэг зохиж баясуулан баяр хурим хийж, тэр хөвгүүний нэрийг Тэмүжин гэж нэрийдэв. Мөнхүү хойд жилд Есүхэй баатрын их хатан Махагалаас нэг охин төрснийг Тэмүлүн Гуа гэж нэрлэв. Бас түүний хойд жилд Өүлэн хатнаас нэг хөвгүүн атгандаа бөгмэг цус /нөж/ барьж төрөв. Түүний нэрийг Хасар гэж нэрийдэв.
/Болор толиос/

No comments:

Post a Comment