Tuesday, 28 December 2010

Ард Аюушийн тухай нэгэн баримт дэлгэхэд...

“Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март
      Хэзээ нэгэн цагт чамайг хойч үе чинь өвөг дээдэс минь гэнэ”


 
             Буурал түүхийн тоос юу эсийг, хэн эсийг нөмрөн булшилдаг билээ. Энэ жамыг хүлцэхийн ялдам, буянт үйлсийнх нь насыг өртөөлөн уртасгах үүднээс хэрэг зориг юуг нь үндэсний ухамсарт зориуд шингээн үеийн үед дээдэлж байх учиртай ухаант мэргэд, баатарлаг зоригтнууд олон. Тэдний нэг бол алс баруун хязгаар Ховдоос төрөн гарсан домогт Ард Аюуш юм. Гэвч Монголын түүхнээ өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, “Цэцэг нуурын дугуйлан” хэмээх бүлгэмийг байгуулан, тухайн үеийн нийгмийн шударга бус явдлын эсрэг зарга тэмцэл хийн тэмцэж явсан Ард хэмээх тодотголтой Аюушийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй билээ. Энэ түүхэн хүний талаар урлагаар дамжуулан авсан ойлголт буюу өөрөөр хэлбэл дэлгэцийн бүтээлээр эчнээ танилцан, ямар хүн байсан тухай анхан шатны мэдээлэлтэй байдаг хүн олон гэхэд хилсдэхгүй бизээ. Тиймээс Ард Аюуш гэх эл хүний тухай зарим нэгэн баримтыг сонирхуулж байна. Ард Аюуш гэх энэ түүхэн хүний жинхэнэ овог нь Алдаржав бөгөөд ард олны тусын тулд зүтгэж явсаны учир олноо Ард Аюуш хэмээн нэрийдэгдсэн болно. Энэхүү Алдаржавын Аюуш нь 1859 онд Засагт хан аймгийн Маньбазарын хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Мухар ирэгт гэх газар Алдаржавын 2 дугаар хөвүүн болон мэндэлсэн ажээ. Алдаржавын Аюуш нутгийн олныг удирдан хошууныхаа ноёдыг эсэргүүцэн 1903 онд хөдөлгөөн гаргасан байдаг. Эл эсэргүүцэл нь төдийлөн амжилт ололгүй дарагджээ. Аюушийн зохион байгуулсан хөдөлгөөний 2 дугаар үе нь найман жилийн дараа буюу 1911 онд эхлээд бараг 1918 он хүртэл үргэлжилжээ. Хятад дахь И-Хэ-Туаны бослогын нөлөөгөөр 1900 онд дэгдсэн Улиастайн цэргийн бослогоос хойш гурван жил болоод Аюушийн хөдөлгөөний нэгдүгээр үе эхэлсэн бол хоёрдугаар үе нь 1911 онд гарсан Манжийг эсэргүүцсэн нийт Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалтай холбоотой бөгөөд Аюушийн тэр хөдөлгөөн нь өөрөө 1911 оны нийт явдлын нэг шижим нь болж байв. Энэхүү хөдөлгөөний гол цөм нь Цэцэг нуурын дугуйлан хэмээх бүлгэм байсан ба Гижээ хэмээх хүнээр алдарт зүйл бүхий заргын бичгийг үйлдүүлэн, энэ заргын бичиг нь шийдэгдэлгүй явсаар бүр Нийслэл Хүрээ хүрч давж заалдсан байдаг. Гэвч хэргийн баримт дутуу гэдгээр шалтаглан хойшлуулсаар байтал заргын гол эзэн хошуу ноён Маньбазар өвчний улмаас өөд болсноор энэ хэрэг замхарсан түүхтэй.
Тэгвэл Аюушийн хувийн амьдралын талаар цөөн зүйл өгүүлье. Тэрээр 1930 онд намын 8 дугаар Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, үг хэлж байсан нь орос хэлээр бичигдэн хадгалагджээ. Учир нь тэр үед тус хурлын тэмдэглэлийг хөтлөж байсан хүн нь орос хэлэнд сайн буриад хүн байсан тул үгийг нь оросоор бичсэн гэдэг. Аюуш хоёр хүүтэй бөгөөд томыг нь Далхаа, багыг нь Цэвэг гэдэг. Харин охинтой талаар тодорхой баримт гарч байгаагүй ч зарим баримтанд энэ талаар дурдагдсан байна. Үүнийг нотлох үүднээс 1933 онд улсын хэмжээгээр явагдсан хүн амын тооллогын баримтанд энэ түүхэн хүн, түүний гэр бүл хэрхэн бүртгэгдсэн талаар баримт сөхье.
        Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 1933 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын баримтанд: Ховд аймгийн Цэцэг сум, 10 дугаар баг. өрхийн тэргүүлэгч Алдаржавын Аюуш нас 74, бутач зээ Ванчигжав нас 14, бутач зээ Сосоржав нас 18, бутач зээ Сэржээ нас 11, охин  Жагдал, нас 44 гэж бүртгэгджээ. Мөн тус бүртгэлийн дараагийн хуудсанд: өрхийн тэргүүлэгч Аюушийн Цэвэг /Аюушийн бага хүү/  нас 32, хүү Цэвгийн Дорж нас 3, эхнэр Даваагийн Сэржээ нас 26 хэмээн бүртгэгджээ. / х-550, д-1, хн-1912, хууд 25-27-д үзнэ үү/
        Өдгөө Аюушийн үр сад түүний төрсөн нутаг болох Ховд аймгийн Цэцэг сумандаа амьдран суусаар байгаа бизээ.
        Алдаржавын Аюуш буюу түүхнээ "Ард" хэмээн алдаршсан Аюуш 1939 онд 80 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аж. Түүний үйл хэрэг Монголын ард түмэнд шударга ёсны төлөө тэмцэх ирмүүн сэтгэгдлийг төрүүлсэн нь дамжиггүй.  Түүний хөшөө Ховд аймгийн төв Ховд хотноо хойч үеийнхэнд түүхийн үнэнийг мөнхөд сануулж байхаар сүндэрлэн байна.

No comments:

Post a Comment