Tuesday 28 December 2010

Олноо Өргөгдсөн Монгол Улсын засаг захиргааны зохион байгуулалтын талаар товч өгүүлэх нь


Чин гүрэн XX зууны эхээр "син чжэн" буюу "Шинэ засгийн бодлого" хэмээх арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү бодлогыг хүлээн авах эсэх талаар 1911 оны 6 дугаар сарын 21-ний өдөр халх дөрвөн аймгийн хан, чуулган дарга, хамба, шанзодба зэрэг ноёд нууцаар зөвлөлдсөн байна. Энэхүү зөвлөгөөнөөс Хаант Орос улсаас тусламж авч Чин улсаас салж, тусгаар улс байгуулж,  VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсууг Монгол  улсын эзэн  шашин, төрийг хослон баригч Богд Эзэн хаанаар өргөмжлөх тухай тус, тус санал нэгдэж , Халхын Түшээт хан аймгийн жанжин хошой Чин ван Ханддорж,  Хүрээний Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг  Орос улсад төлөөлөгчөөр томилон илгээжээ.
Энэхүү үйл явдлын дараа 1911 оны 11 дүгээр сарын 28-нд Жавзандамба хутагт “Одоо монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон” гэсэн лүндэн буулгаж, үүний дараагаар цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн еснөө буюу Европын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залах ёслол болон, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрлэж, "Олноо Өргөгдсөн Монгол Улс"-ыг албан ёсоор тунхаглан зарлаж, төрийн таван яамыг байгуулсан билээ.    
1911 онд Монгол улсыг тунхагласан нь монголчуудын төр, хууль зүйн сэтгэлгээ сэргэн мандахад нэн таатай нөлөө үзүүлсэн юм. Шинэ тунхагласан улс орны улс төр, нийгэм-эдийн засгийн харилцааг зохицуулахад сайтар боловсруулсан хууль цааз нэн шаардлагатай байдаг.
Энэ ч жаягийн дагуу Олноо Өргөгдсөн Монгол улсын үеийн эрх зүйн түүхэнд холбогдох “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг” хэмээх хууль цаазын эх сурвалжийг эл үеийн хамгийн гол эх сурвалж гэж судлаачид үзсээр ирсэн. Үүнийг нь үгүйсгэхийн аргагүй юм. Гэтэл энэхүү цаазыг зохиолгохоор 1915 онд Богд хааны зарлигаар комисс байгуулж Манж Чин улсын үеийн "ерөнхий хууль 100 дэвтэр, тусгай хууль 180 дэвтэр, цэргийн дүрэм 69 дэвтэр, эрүү шүүлтийн хууль 47 дэвтрийг орчуулан ашиглаж, мөн монголын эртний хууль зүйг баримтлан” 1918 онд уг хуулийг зохиож, хэлэлцэн батлах үе үндсэндээ дуусаж хэвлэх ажиллагаа эхэлжээ.
Энэхүү "Зарлигаар Тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг"-ийн 51 дэвтэр нь “Манжийн хуучин хуулийн заалтыг Монголын төрийн уламжлалын дагуу өөрчлөн найруулсан” гэж судлаачид бичсэн байдаг ч монголын уламжлалт хууль цаазад анх удаа төрийн байгууллагуудын бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага, түшмэлийн зэрэг дэв, цалин пүнлүү, татвар зэрэг нэлээдгүй асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Үүнээс тус хуулийн тэргүүн дэвтэрт Олноо Өргөгдсөн Монгол Улсын засаг захиргааны бүтэц, нэгжийн талаар хэрхэн өгүүлсэнийг дор дурдсуу.
Манай улс өгүүлэн буй үед үндсэн 4 аймагтай байсан. Тэдгээр нь бүгд нутгийн хойноос урагш сунасан байдалтайгаар оршиж байв. Олноо Өргөгдсөн Монгол Улс нь Богд Жибзундамба хутагтын шавь Баруун Хүрээний, Эрдэнэ номунханы, Мэргэний, Эрхийн гэх мэт отгууд 30 их отог, улсын Эх дагины 1 отог, тамга бүхий хутагтуудын харъяат 5 отог, цорж, ван, улсад туслагч гүн, бэйсүүдийн харъяат 10 отог, Богдхан хайрхан уулын чуулганы Түшээт хан аймгийн 21 хошуу, Хан Хэнтий уулын чуулганы Сэцэн хан аймгийн 25 хошуу, 2 отог шавь /эдгээр нь Эрдэнэ ялгуугсан хутагт, Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба хутагт 2-ын шавь отог болой/, Хантайшир уулын чуулганы Засагт хан аймгийн 20 хошуу, 3 отог /эдгээр нь самади багщ Номунхан хутагт, нэвтэрхий сайн самади багш ялгуугсан хутагт, Номунханы шавь гэсэн 3 отог билээ/, Цэцэрлэгийн уулын чуулганы Сайн ноён хан аймгийн 25 хошуу, 8 отог / Зая бандид, Эрдэнэ бандид, Чин сүжигт, Эрдэнэ мэргэн ноён, Нар ванчин, Наран хутагт, Хамба хутагт Номунхан, Шива ширээт хутагтын гэх отгууд/, Дөрвөд 2 аймгийн 27 засаг хошуу буюу нийт их, бага 59 отог, 118 хошуудаас бүрэлдэж байжээ.
Эдгээр хошуу, отгуудын дийлэнх нь Манжийн үед байсан хэвээрээ байв. Дээр өгүүлсэн Сайн ноён хан аймгийн 8 отгийн тухайд нэг зүйл дурдахад, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгээс 1995 онд эрхлэн гаргасан “XX зууны Монгол” хэмээх хамтын бүтээлийн 1 дүгээр бүлгийн 3 дугаар зүйлд тус аймгийг 7 отогтой байсан гэжээ. Гэтэл Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Зарлигаар Тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг”-ийн тэргүүн дэвтэрт 8 гээд, бүгдийнх нь нэрийг жагсаан бичсэн байна. Үүнийг түрүүнд дурдсан хамтын бүтээл дэх отгуудын нэртэй тулган үзэхэд Эрдэнэ бандидын шавь отгийг орхигдуулсан  явдал нь ямар нэгэн учир шалтааны улмаас хэмээн санахад бэрхтэй юм. Үүнийг тодруулан судлах шаардлагатай байна.

Мөн түүнчлэн цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ололтыг бэхжүүлэх, өөрөөр хэлбэл тусгаар улс болсоноо бататган, харийн түрэмгийллээс хамгаалах шаардлага урган гарч, үүнээс үүдэн 1912 оны туршид Өвөр Монгол, Цайдам, Алшаа, Хөхнуур, Хөлөнбуйрын хошууд Монголын төрд дагаар орон, нэгэн туурганд нэгдэх хүсэлтээ илэрхийлэн, зарим нь дагаар орж байв. Эдгээрийн нэг нь Монголын төрөөс Манлайбаатар цол авсан баргын Дамдинсүрэн юм. Түүнд Дорнод аймагт тусгайлан хошуу байгуулж өгч байсан нь өдгөө сурвалжид бичигдэн түүх болж үлджээ. Энэ мэтчилэн дагаар орж буй аймаг, хошуудад тусгайлан засаг захиргааны нэгж байгуулах явдал нилээдгүй байсан юм.
Өнөөгийн улс төрчдийн зарим нь хуучин 4 аймаг байсан засаг захиргааны зохион байгуулалтанд шилжих нь зүйтэй гэж үзэж байдаг. Энэ нь зүйн хэрэг мэт боловчиг тухайн нутаг орны газарзүйн байрлал, угсаатны бүтэц, хэл соёл, түүхэн уламжлал, хуучин газар усны нэршил зэрэг олон зүйлсийг баримталж байж гэмээ нь сая нэг хэрэгжүүлж болох асуудал юм. Өдгөө Монгол улс 21 аймаг, 334 сумтай байгаа нь засаг захиргааны зохион байгуулалтын хувьд нүсэр бөгөөд үрэлгэн зардалтай, тархай бутархай байдалтай байгааг харуулж буй хэрэг бизээ.   
Энэ үеийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын талаар эрдэмтэн, судлаачдын дунд “Цагаан ном” хэмээх нэршлийг хүртэн, олдоц муутай, ховор бүтээлийн тоонд зүй ёсоор багтаж явдаг нэгэн ном буй. Тэр бол түүхч, архивч Ц.Сономдагва агсаны “Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт” хэмээх бүтээл билээ. Эл ном нь өдгөө Манжийн ноёрхолын үеэс одоог хүртэлх /1691-1997 оныг хүртэлх үеийг хамардаг/ Монголын засаг захиргааны зохион байгуулалтын талаарх түүх судлаач хэн бүхний эн тэргүүнд нээж үздэг гол гарын авлага нь болсоор байна.
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн засаг захиргааны зохион байгуулалтын талаар цухас дурдахад ийм буюу.

No comments:

Post a Comment