Tuesday 28 December 2010

ЭЛБЭГ АМГАЛАНТ ГАЦАА

1778 оноос эхлэн  Их Хүрээ суурьшиж   эхлэхэд   Хятадын худалдаачид Зүүн   хүрээнээс зүүн урагш 4 мод буюу 4, 24 км зайд  орших Улаан  дов  гэдэгт суурьшжээ. Энэ газрыг Улиастайн голын хоёр салаа буюу баруун, зүүн Улиастайн хоорондох өндөрлөг гэдэг. Энэ сууринг Монголчууд Элбэг амгалант гацаа хэмээн нэрлэсэн боловч Хятадууд энэхүү албан ёсны нэрээр нэрлэхийн оронд тус суурингийн олонх болох    худалдаачдын наймааныхаа дөрвөн нэрээр "Маймаачин" (худалдааны хот) хэмээн алдаршуулжээ.

     Тэгээд яваандаа Монголчуудын дунд энэхүү Хятад нэр сунжирсаар "Наймаа хот" хэмээн   нэрлэгдсэн нь Элбэг Амгалант гацааны төв хэсгийн нэр болж хувирчээ.
      Наймаа хот   төв хэсэг, баруун, зүүн хороо хэмээх гурван хэсэгт хуваагддаг байсан. Төв хэсэг нь баруун, зүүн талдаа тус бүр 3, урд талдаа нэг (бүгд 7) хаалгатай, барагцаалбал 2.5 ам дөрвөлжин км талбай эзэлсэн их шургааг хашаан (хэрэм) дотор баруунаас зүүн тийш чиглэсэн гурван нарийн, хойноос урагш чиглэсэн нэг өргөн (бүгд 4)  гудамж бүхий зохион байгуулалттай байсан. Урдаас хойш чиглэсэн өргөн гудамж буюу хэрмийн гол хаалга улаан заазаас хоймрын голд орших Гэсэр сүмийн үүд хүртэл өргөн чөлөө бүхий талбай байв. Энэхүү өргөн гудамж буюу талбайд улаан заазаас гадна тус бүр явган хүний 2, жууз тэрэгний 1 (бүгд 3) үүдтэй хүндэтгэлийн асартай хоёр их хаалга (арк) байжээ.
     Их хэрмийн дотор дээрх гудамжаар бие биеэс нь заагласан долоон жижиг хороолол байсан. Үүний хамгийн том нь хэрмийн хойд ханын дагууд, баруунаас зүүн тийш нэвт гаргасан нарийн гудамжаас хойшхи хороолол юм. Бусад нь дээрх нарийн гудамжаас урагш, хоёр нарийн гудамж, улаан зааз хэмээх өргөн чөлөөний баруун зүүн талд, хоорондоо ижил хэлбэртэй зохион байгуулалт бүхий зургаан жижиг хороолол байв. Эдгээр 7 хороолол бүгд XVIII зууны хоёр дахь хагаст бүрэлджээ. Хамгийн том хороололд нь Гэсэр сүм, түүниЙ баруун гарт Манж Чин улсын үед Хятад, Монголын хэрэг эрхлэх хэлтэс, түүнээс баруун тийш Номтын пүүс зэрэг Хятадын худалдааны нөлөө бүхий томоохон пүүсүүд Зүүн гарт мөн пүүсүүд байсан. Хятад, Монголын хэрэг эрхлэх хэлтэс 1912 онд Манж амбантай хамт Монголоос хөөгдөж гарсны дараа 1924-1928 оны хооронд гэсэр сүмийг эндээс нүүлгэж улаанбаатар хотын баруун дамнуурчны баруун өмнөдөд буюу Тасганы овооны өвөрт (одоогийн байранд нь) шилжүүлэн байрлуулжээ. 1920-иод оны сүүлчээр хятадын худалдааг монгол улсын зах зээлээс шахан зайлуулснаар энэ хороолол төдийгүй Наймаа хотын төвийн хэсгийн зохион байгуулалт эвдэрч, одоо ганцхан наймаа хотын хэрмийн баруун хойд өнцөгт байсан номтын пүүсийн хашаа байшин л үлдээд байна.
     Наймаа хотын төвийн хэсэг буюу гадуураа шургааг хэрэмтэй хэсэгт байсан сүм хийдүүдийн Гэсэрээс бусад сүмүүд бүгд Наймаа хотын их хэрмийн зүүн өмнөд хороололд, шорон нь баруун өмнөд хороололд байжээ. Зүүн өмнөд хорооллын зүүн өмнөд өнцөг дотор тэнгэрийн зурхайн "Одон сүм", баруун гарт нь Күнз богдын сүм, Заргачийн яам буюу Наймаа хотын даргын газрын хэсэг, бас Цагаан малгайтны сүм буюу Магомед (Мухамед)ын сүм тус тус байхад Одон сүмийн хойд талд Дарь-Эхийн сүм, баруун гарт нь Эрлэг хааны сүм, Мужааны буюу урчуудын сүм, Заргачийн яамны нэг хэсэг зэрэгцэн байсны баруун талд нэгэн таримал улиас байсан нь одоо ч буй. Эдгээр сүмүүдээс Дарь-Эхийн сүмийн барилгад 1922 онд байгуулагдсан Амгалангийн бага сургууль байрлаж байжээ. Энэ сургууль анх 10 хөвгүүн 40 охинтой байгуулагдаад 1924 оны үед 73 хүүхэдтэй болжээ. Энэ сургуулийн анхны захирал нь шилэн Гомбожав, удаах нь Хадын Насанбуян, зохиолч Чимэдийн эцэг Чойжил нар байсан гэдэг.
     Тус сургуулийг Консулын дэнж рүү нүүснээс хойш эзгүйрсэн ч байгаад одоо Дарь-Эхийн сүмийн үйл ажиллагааг дахин сэргээгээд байна. Эдгээр сүмүүд бүгд Хүрээн дэх Хятадын харьяат нарын мөргөлийн газар байсны дээр Дарь-Эхийн сүмийн үүдэн дэх боржин чулуун багануудыг 1783 онд урлан бүтээсэн гэдэг. 1915 оны үед Нийслэл хүрээн дэх Чулуучны газрын 2 нь Наймаа хотод байсан тухай баримт буй. Түүнээс гадна А.П.Болобаны нэрлэж тооцсоноор 1912 онд Наймаа хотын хэрмэн дотор Хятадын худалдааны 25 том пүүс байжээ. Энэ пүүсүүдийн зарим нь хэрмийн гадна талд ч байв. Наймаа хотын их хэрмийн баруунаас зүүн тийш зэрэгцсэн 3 нарийн гудамжийг баруун хойд, зүүн хойд, Заазын гудамж, баруун, Зүүн заазын гудамж, Баруун өмнөд, Зүүн өмнөд заазын гудамж хэмээн нэрлэдэг байсан бөгөөд хэрэм бүхий хзсгийн дээрх гудамжуудад буй хаалгуудыг шөнийн цагт түгжиж, өдөр онгойлгодог байжээ. Улаан  хотын зааз хэмээх урд талын төв их хаалганд шөнө бүр тогтмол харуул манаа тавьдаг байв. Тэд Наймаа хотын төв (хэрмэн доторх) хэсгийн энх амгаланг хамгаалах үүрэгтэй байжээ.
     1921 оны өмнөх Наймаа хотын баруун хойд заазын гудамжны эхэнд Номтын пүүсийн баруун талд жанжин Сүхбаатарын нэрэмжит Амгаланбаатарын клуб (одоогийн Соёлын төв)-ийн барилга барьснаар энэ гудамжийг "Жанжны гудамж" хэмээн нэрлэж, хуучин төрхөөр нь хадгалж үлдэх үйл ажиллагаа явуулж байсан. Наймаа хотод хятад пүүсүүдээс гадна Норвеги улсын харьяат Мамима хэмээгч эзэнтэй нэгэн пүүс байсны дээр Монгол нутгаар дайруулан цахилгаан мэдээний шугам байгуулах баруун тухай Орос, Манжийн 1892 оны гэрээний дагуу уг ажил эхэлж 1899 онд дуусгаад 1902 онд Дани улсад түрээсээр өгсний учир энэ шугам "Данийн шугам" хэмээн алдаршсан. Хиагт Чуулалт хаалга хотыг холбосон телефон шугамын хүрээний станц нь Наймаа хотын их хэрмийн дотор Гэсэр сүмийн зүүн урд талд Мужааны сүмийн арын гудамжинд байжээ.
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа 1915 онд   энэ станцыг Амбан ханы хороонд Шүүх яамны баруун талд шилжүүлэн байрлуулсан байна.
Баруун хороо Наймаа төв хэсгийн хойд талаар хэрмийн гадуур хэдэн гудамж худалдаачид байсны баруун хойд талд нэгэн том сүм байсан нь Эрлэг хааны хойд сүм бөгөөд эндээс зүүн  хойш Ногооны газрын хойд талд тусгай хашаатай оршуулгын газар байжээ.  Энэ оршуулга нь цогцсоо Цагаан хэрмийн цаадах нутаг руугаа тээвэрлүүлэх бэл хөрөнгөөр ядуу хятадуудын оршуулга байж. Эрлэг хааны хойд сүмээс баруун урагш Наймаа хотын их хэрмийн баруун талаарх монгол хорооллыг  ерөнхийд нь Баруун хороо хэмээн нэрлэдэг байв. Баруун хороо нь одоогийн Амгалангийн соёлын төвөөс урагш дөрвөн гудамж гэр хороолол байсан нь их хэрмийн баруун талын  гурван үүд голлосон "Баруун хойд, баруун,  өмнөд зааз" гудамжны үргэлжлэл болон эхэлсэн гудамжууд байв.
     Энэ хороонд зохиолч Д.Нацагдоржийн эхнэр Пагмадуламын эцэг мужаан Дамдингийнх суудаг байлаа. Нийслэл Хүрээний зургаас үзэхэд Баруун заазын гудамжинд багахан талбайтай хиймэл нуур, хөвөөнд нь таримал улиас байжээ. Мөн Баруун өмнөд заазын гудамжнаа Чойнхорлин хэмээх багахан хурлын газар байсан бол Наймаа хотын их хэрмийн өмнүүр баруунаас зүүн зүгт нэвт гарсан өргөн   гудамжийг Гаалийн гудамж гэдэг байсан. Энэ гудамж 6 метр орчим өргөн. Гудамжны   эхэнд нь томоохон хурлын газар байсан нь зурагт тэмдэглэгдсэн байдаг. (Нэр нь тодорхойгүй/ Гаалийн гудамжны урд эхэнд Богд хаант засгийн жилүүдэд бас нэгэн хурал байсныг Улааны шашны зодоч нарын хурал гэдэг   байсан. Зодоч нарын хурлын зүүн талд тусгай хашаанд Дашсамданлин дацангийн Монгол-Хятад уран барилгын маяг хосолсон том дуган байв.   Эндээс зүүн тийш Наймаа хотын   хэрмийн баруун урд талд Дэжидлин хурлын том гэр дуган байхад түүний зүүн хамар хашаанд Гаалийн хороо байжээ. Их Хүрээнээс Хятад руу явах жин хөсөг энд ачаа бараагаа шалгуулж өнгөрдөг байсан. Гаалийн хорооны зүүхэнтэй Наймаа хотын их хэрмийн гол хаалгыг хаасан их ямпай байсан ба энэхүү ямпайн зүүн талд бас нэгэн дуган байсан нь Дагдлин хурлын газар байв. Энэ бүх хэрмийн гаднах дуган сүмүүдэд (Эрлэг хааны хойд сүмээс бусад нь) монгол лам нар бурхны шашны хурал ном хурдаг байжээ.  
Зүүн хороо. Наймаа хотын их хэрмийн зүүн талаарх Монгол гэр хорооллыг ерөнхийд нь Зүүн хороо хэмээн нэрлэдэг байсан. Зүүн хороо нь одоогийн Ботаникийн цэцэрлэгээс урагш Зүүн Улиастайн голын баруун дэнжээс Наймаа хотын их хэрэм хүртэлх зайд хэрмийн зүүн талын хойноос урагш чиглэсэн гудамжны зүүн талд баруунаас зүүн чигт чиглэсэн 5 гудамж (нэг гудамжинд 5-9) айлууд байв. Эдгээр гудамжуудын гурав нь их   хэрмийн зүүн талын гурван үүд голлосон зүүн хойд, зүүн, зүүн өмнөд зааз гудамжны үргэлжлэл болж эхэлсэн гудамжууд байв.
     Гэвч зүүн хорооны энэ гудамжуудыг тэнд байсан Хятад худалдааны Хань-И-Юань, Сэн-Та-Лунь пүүсийн нэрээр XX зууны эхэн үед Зүүн хойд заазын гудамжийг Сэн-гийн гудамж, Зүүн заазын гудамжийг Хан-гийн  гудамж хэмээн нэрлэж байжээ. Хан-гийн гудамжны эхэнд Хань-И-Юань пүүс байсан гэнэ. Түүнээс гадна энэ гудамжинд багахан хиймэл нуур, эрэгт нь таримал хайлаас байсан гэж ахмад хүмүүс ярьдаг. Хүрээний зурагт ч таримал мод нь тэмдэглэгдсэн байдаг. Хан-гийн гудамжны дунд хавьд Тахарынхан гэдэг удам дамжсан баячууд байжээ. Эд Манж Чин улсын үед өртөөнд бусдын ацаг авсаар байгаад баяжсан хүмүүс байв. XIX зууны эцэс, XX зууны эхэн үеийн нэрд гарсан тахар Дүгэрсүрэн гэгч баян айл энэ хашаанд байсан гэдэг Дүгэрсүрэн нь Сүхбаатарын эхнэр Янжмаагийн хойд эцэг байв. Тэрээр 1894 онд Янжмаагийн эх Сэрээнэнг Нэмэндэй хүнд гэгчээс салгаж авсан, тэгэхэд Янжмаа дагаж ирсэн охин нь байжээ. Хан-гийн гудамжны урд талд Зүүн өмнөд заазын гудамж гэж байв.
     Энэ гудамжинд академич Ш. Нацагдоржийн хадам эцэг Х.Насанбуянгийнх (1901 онд төрсөн) суудаг байжээ. Зүүн өмнөд заазын гудамжны урдахь гудамжийг Гаалийн гудамж гэнэ. Энэ гудамж Наймаа сард хотын их хэрмийн урдуур баруунаас энэ зүүн зүгт нэвт гарсан гудамж байсан сүмийн юм. Гаалийн гудамжны зүүн хэсэг буюу Наймаа хотын зүүн хорооны хамгийн урд талын энэ гудамжинд хойд талдаа дөрөв, талдаа бүгд 8 айл байжээ. Гаалийн гудамжны эхэнд Норов гүнгийнх нэлээд том хашаатай байгаад хашааныхаа зүүн хэсгийг тасдаж дундуур  нь хамарлаж хуваагаад зүүн хэсгийг нь Дүгэрсүрэн тахарт өрөнд өгчээ. Дүгэрсүрэн өөрөө хашаа байшинтай учир өрөнд авсан энэ хашааг Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харьяат Яатуу хэмээх хочтой Раднаагийн Даваагийнхаар эзэгнүүлж сахиул авьжээ.1890 онд Дүгэрсүрэн ахарын илүү хашаанд Сэцэн хан ймгийн Ёст засгийн хошуунаас Цагаан  дээлт  Дамдин,   эхнэр    Ханджав, хүү Дэндэв нарыгаа агуулсаар, Даваагийн дотно танил ондовоор уламжлуулан ирж суужээ. Даваагийн зүүн хамар хашаанд Дэжид авгайнх, зүүн талд нь Цагаан өвгөн зайсангийнх, энэ дөрвөн хашааны хаалга бүгд урагш харсан байхад уг гудамжны урд талын эхний Насан хүлээчийнх болон Цэрэнпунцаг зайсангийн хаалга урагшаа, Санз хятадынх, Лувсанданзан бэйсийн хаалга хойшоо харсан хаалгатай байжээ. 1893  оны  хоёрдугаар  Даваагийн  сахиж  байсан  хашаанд Дарь-Эхийн  манаач Цагаан дээлт Дамдины гэрт хүү Сүхбаатар нь төржээ.
     1922 онд Цагаан өвгөн зайсангийн хашаанд Сүхбаатарын санаачилгаар Амгалан дахь МХЗЭ-ийн анхны үүр байгуулагдсан байна. Энэ үүрийн дарга нь  Батмөнх байжээ.  Мөн (1922) онд Цэрэнпунцаг зайсангийн хашаанд тэдний хүргэн Лосол гуайн санаачилгаар Амгалан дахь МАХН-ын анхны үүр байгуулагджээ. 18 настай Сүхбаатарыг харьяат хошууных нь тамгын газар хол дахины албанд хөөн явуулах мэдээ авмагц тэрээр Түмт өртөөний вангийн дагалт улаач байсныгаа больж Гилжгий хүү, Хуушаан нартай хамтран Лувсанданзан бэйсийнд мод бэлтгэх ажилд хөлсөөр зүтгэж, 1911 оны зун Туулаар сал урсгаж зуссан байдаг. Бас 1921 оны эхээр Барон-Унгерн хамгийн түрүүн Д. Лувсанданзан бэйсийнд бууж, эндээс монголчуудыг цэрэгтээ элслүүлэн авах үйл ажиллагаа явуулж байжээ. Лувсанданзан бэйсийнд салчин байх үедээ Сүхбаатар 1910 онд 17 настайдаа авгай авч Хужирбулангийн урд Туул голын Хар усан тохойд эхнэр Янжмаатайгаа дэр нэптэчихсэн цаг байв. 1924  онд  Улиастайн голын Улаан довын лус тахиж байх үед эх Ханджав нь Сүхбаатарыг төрүүлсэн газрыг Амгалан дахь МХЗЭ-ийн гишүүдэд зааж өгснөөр Сүхбаатарын төрсөн газар овоо босгож 1890 онд Дамдин, Ханджав нарын орсон шавар байшинд эвлэлийн соёл хүмүүжлийн ажил явуулж дуулж бүжиглэж байснаар энэ хашаанд одоогийн хорооных нь соёлын төвийн үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1967 онд Сүхбаатарын төрсөн газрыг Улаанбаатар хотын Эвлэлийн хороонд эвлэлийн ахмад гишүүн Батмөнх нар зааж өгснөөр тэр жилээс нь  эхлээд бид мэддэг болж улмаар 1993 онд Сүхбаатарын төрсний 100 жилийн ойг тохиолдуулан урьдын Наймаа хотын зүүн хорооны урд талын хэдэн гудамжны нутгийг тохижуулж эх Ханджавынх нь анх зааж өгсөн газарт "Дамдины Сүхбаатарын төрсөн газар шороо 1893-1923" гэсэн   үг, тоо бүхий боржин чулуун хөшөө, хүндэтгэлийн дөрвөн хатга зэргийг байгуулж тохижуулсан түүхтэй. Д.Сүхбаатарын төрсөн энэхүү элбэг Амгалант Гацааг 1925 оноос Амгаланбаатар хэмээн нэрлэх болжээ. Монголын Нийслэл хүрээ нь 1911-1921 оны үед дунджаар 100000 орчим хүн амтай Зүүн хүрээ, Гандан, Баруун Зүүн Дамнуургачин, Элбэг Амгалант гацаа Амбан ханы хороо зэрэг гудамж орон сууцны гучаад хэсгүүдээс бүрдсэн тэр үеийн Монголын улс төр, эдийн засаг шашны соёлын хамгийн том төв хот байлаа.
     Энэ хотын хүн амыг угсаатны талаар авч үзвэл Монгол, Хятад, Орос, Төвд, Англи, Америк, Польш, Норвеги, Швед, Герман, Япон, Солонгос, Еврей, Турк зэрэг улс үндэстний телеөлөгчид цугласан, шашин шүтлэгийн хувьд бурханы, үнэн алдартны, мусульман, бөөгийн зэрэг шашин мөргөл дэлгэрсэн орон байжээ. Бас энэ хотод Манж, Монгол, Хятад, Орос хэл бичгийн сургууль, хятадын хоёр театр Орос, Америкийн кино танхим, Орос клуб, хүн малын Европ эмнэлэг, эмийн сан бүхий соёл урлагийн газруудтай, багш, эмч, зураач, хөгжимчин, соёл урлагийн ажилтан, бичиг цэргийн ажилтан, албан хаагчид ч олонтой байжээ.
     Зүүн хүрээ Гандан хийдэд Хүрээ 30 аймаг  10 дацан байв. Монголын Нийслэл хүрээнд Монголчуудын үндэсний соёлын төвүүд ч олон байсан бололтой. Нэгэн жишээ дурдахад: Хүрээний зүүн өмнөд хэсэг Сангийн яамны хорооны Гоожингийн гудамжинд гэртэй Хунданхүү гэгч айлд үргэлж хуур хөгжим эгшиглэдэг байсан тухай ардын зураач Л. Намхайцэрэн дурьдсан байсан. Ийм айл нийслэл хүрээнд олон байсан бөгөөд эндээс шинэ дуу ч төрдөг байжээ. Түүнээс гадна Нийслэл хүрээнд Хятадын худалдааны 160-аад дэлгүүр, Оросын худалдааны 26 дэлгүүр байсны дээр 1915 онд Хятадын харьяа нарын үйлдвэр, үйлчилгээний 445 газар байсны 217 нь Баруун дамнуургачинд,122 нь баруун өмнөд хороонд, 26-ны амбан Ханы хороонд, 71 нь Амгаланд, 4 нь зүүн өмнөд хороонд, 5 нь зүүн дамнуургачид тус тус байв. Мөн Монголын Нийслэл хүрээнд дан ганц хөлсний хөдөлмөрийг эрхэмлэдэг ноос угаах, арьс шир боловсруулах зэрэг 19 үйлдвэр аж ахуйн газрууд байсан нь Монголын хөдөлмөрийн шинэ харьцааны эхлэл байсан байна.

1 comment: