Monday 27 December 2010

Монгол-Төвдийн гэрээ /1913 он/


Монгол- Төвдийн гэрээ бичиг. 1913 он.

Монголын Олноо өргөгдсөний хоёрдугаар он, арван хоёр сарын хорин еснөө Нийслэл Хүрээнээ хэлэлцсэн гэрээ бичиг.
      Монгол, Төвд тус бүр Манж, Хятадын эрх мэдлээс ангижран, тусгаар байгуулсан бөгөөд язгуураас шашин шүтлэгийн хэлхээ холбоо нэгэн болох учир, үүнээс хоёр улс харилцан бие биесэд тус бололцох тухайг өөр өөрийн засгийн газрын заавраар найрамдлын гэрээ хэлэлцэх тухай.
    Богд хааны зарлигаар томилогдсон Гадаад яамны сайд нягт билигт да лам Равдан, эрхэлсэн түшмэл жанжин Манлайбаатар бэйс Дамдинсүрэн,
Төвдийн хаан Далай ламын зарлигаар томилогдсон гүжир Луузан, Агваан, донир Агваанчойнзон, мөнгөн сангийн тэргүүлэгч Ишжамц, бичээч Гэндэггалсан нар хэлэлцэн тогтсон нь:
Нэг. Төвд улсын эзэн Далай ламаас Монгол улсын тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Монгол улс Жибзундамба ламыг монголын хаан болгон өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.
Хоёр. Монгол улсын эзэн Жибзундамба лам Төвдийн тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Төвд улсын хаанд Далай ламыг өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.
Гурав. Монгол, Төвд хоёр улс үүнээс буддын шашныг хэзээд бадран дэлгэрүүлсээр байхыг хичээх хэрэгтэй.
      Дөрөв. Хоёр этгээд эдүгээгээс гадаад, дотоодын харшлах дайсан тохиолдох аваас хэзээд харилцан хамгаалан тусалмой.
      Тав. Хоёр улсаас албан, амин ба шашин шүтлэгийн буюу ямарваа хэргээр явагчдийг харилцан туслалцмой.
Зургаа. Хоёр улс харилцан худалдаа нэвтрүүлэх зэрэгт үл саатуулахаас гадна мөн харилцан боловсруулах газар байгуулавч болно.
Долоо. Хоёр улсын харъяат нар харилцан мөнгө хүүлэх хэрэг буй аваас эрхбиш өөр өөрийн засгийн газраа мэдүүлж гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв тэр ёсоор эс үйлдвээс аль ч албаны газар авч хэрэгсэхгүй. Хэрвээ үүнээс урьдаар гарсан хэрэг бөгөөд нэгэн этгээд хэтэрхий хохирсон зүйл буй аваас аль ч газар алба болгон авч хэлэлцмой. Бүх хошуу, шавийн дунд авсан нь бус болбаас зөвхөн авсан этгээдээс төлүүлбээс зохимой.
       Найм. Эдгээр зүйлд нэмэн хэлэлцэх хэрэг буй аваас хоёр улсын засгийн газраас тусгай төлөөлөгч нарыг томилон гаргаж, хянан хэлэлцүүлж, нэмэн тогтоолговоос болмой.
       Ес. Энэхүү гэрээг хоёр этгээд гар тавьсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болмой.

1 comment: