VIII Богд Жибзундамба хутагт нь Монголын шарын шашны тэргүүн төдийгүй Монгол улсын эзэн хааны хувьд XIX зууны эцэс, XX зууны эхэн үеийн монголын улс төрийн бүхий л үйл явдалд тэргүүлэх үүрэг, нөлөөтэй оролцож ирсэн шашин, төрийн нэрт зүтгэлтэн юм. Түүний улс төрийн үйл ажиллагааны гол онцлог нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэнд оршино. Тиймээс түүний намтар, үйл ажиллагааг нэхэн судлахгүйгээр тухайн үеийн монголын түүхийг үнэн бодитойгоор нээн гаргах бололцоогүй юм.
VIII Богд Жибзундамба хутагтын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг түүхчдийн хүрээнд шүүн хэлэлцэх ажил ардчилалын үеэс эхэлсэн гэж үздэг.
Өнөөдөр эргэн харахад, VIII Богд Жибзундамба хутагтын намтар судлалд зарим ахиц гарч байгаа боловч төдийлөн олигтой урагшилж чадахгүй, нэг түвшиндээ эргэлдэж, тусгайлан хийгдсэн дорвитой судалгаа илт үгүйлэгдсээр байна. Мөн VIII Богд Жибзундамба хутагт хувь хүний хувьд хэн байсан бэ? гэдэг асуулт хариултгүй шахам, олон нийт « сохор түвд»,« архичин», « садар самуун явдалтан» гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салж чадаагүй хэвээрээ байна.
Гэтэл И.М.Майский, А.Ф.Оссендовский зэрэг гадаадын эрдэмтэд, жуулчид, Я.Цэвэл, Дэндэв нарын хуучин цагийн бичгийн сэхээтэн нарын дуртгал, дурсамж, аян замын тэмдэглэлд VIII Богд Жибзундамба хутагтын талаархи үзэл сурталчлагдсан хуучин хэвшмэл ойлголт, төсөөллүүдийг залруулах маш сонирхолтой олон мэдээ байдаг ажээ.
Бид, VIII Богд Жибзундамба хутагт хар тамхи татах, архи уух, мөрийтэй тоглох, завхай зайдан явах, элдэв хараал хэлэхийг хориглосон, хор холбогдлыг нь ухуулан сэнхрүүлсэн олон зарлиг лүндэн гаргаж, заримыг нь барлан хэвлэж аймаг, хошуудаар тархааж байсан, ном судрыг эрхэмлэж тухайн үедээ хамгийн баян цуглуулгатай номын сантай байсан, эрдэм номтой хүмүүст түүх, уран зохиолын ховор сонирхолтой номуудыг олж цуглуулах , орчуулах, хуулбарлан олшруулах зарлиг буулгаж эрдмийг хөхиүлж байсан, 1924 онд Богд Жибзундамба хутагтыг нас барсны дараа түүний номын сангийн номыг судар бичгийн хүрээлэнд шилжүүлэхэд олон машин ном болж байсан, тэрхүү номууд нь эдүгээ ч УННС-ийн сан хөмрөгийн ховор эрдэнэс болж байдаг, Богд гэгээнтэн Хаант Орос улсаас хүний анатомийн ном, мэс ажилбарын багаж хэрэгсэл захиалан авчруулж, нууцаар мэс ажилбар хийж байсан, гэрэл зураг сонирхон оролддог байсан гэх мэтчилэн олон баримтыг сөхөн тавьбал түүний хувийн зан чанар, үзэл бодлыг тодруулах, нийтэд ойлгуулахад багагүй хувь нэмэр болно.
Богд хаантаны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор Богд хаантаны зарлигаар 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Ийнхүү монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ.
1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Ардын нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ.
Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантаны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.
Богд хаан Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Монгол Ардын Намын хүсэлтийг зөвшөөрөн соёрхохдоо цагийн байдлыг сайтар дэнслэн хэсэг хугацаанд түдгэлзүүлж байсан нь тодорхой учир шалтгаантай юм. Энэ нь ЗОУ-д эзэн хаангүй төрийг байгуулж, дотоодод нь иргэний дайн дэгдэн, дотор зуураа самуурч байсан, нөгөөтэйгүүр АНУ, Япон зэрэг улсаас тусламж хүсэн, түүний хариуг хүлээж байснаар тайлбарлагддаг.
Богд хаан АНУ, Япон зэрэг улсаас тусламж олох горьдлого бараг үгүй болсон нөхцөлд ЗОУ-аас тусламж хүссэн МАН-ын тусламжийн бичигт «өөртөө эзэрхэх улсыг байгуулж, Богд Жибзундамба хутагт юугаан эзэнд дахин өргөмжлөх» болзолтойгоор тамга дарж өгсөн байдаг.
ЗОУ-д тусламжийн хэргээр одсон намын төлөөлөгчдийн харилцааны нууц түлхүүрт Богд хааныг “ Бутков”, “ Буянов” хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд намын төлөөлөгчид тусламжийн хэргийн бүтээмжийн талаар Нийслэл Хүрээнд үлдсэн гишүүдээрээ дамжуулан Богд хаантанд тухай бүр айлтгал өргөж, тогтмол харилцаатай байсан.
1920 оны эцсээр Монгол орны улс төрийн байдал үндсээрээ өөрчлөгдөж, барон Унгерн өөрийн цэргийн хамт монгол нутагт цөмрөн орж, монгол орныг гамин цэргээс чөлөөлж, Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд нь залахад туслахаар ирлээ хэмээн сурталчлах болов. Ийм нөхцөлд, Богд хаан барон Унгерний цэргийн хүчийг ашиглан монгол нутгаас хятад цэргийг хөөн гаргаж, автономит засгаа сэргээн босгох тактик баримталж, барон Унгернийг цэргийн хамт Нийслэл Хүрээнд нэвтрэн орох зөвшөөрөл олгожээ. Чингэснээр барон Унгерн монгол цэргийн хүчинд дулдуйдан Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлж, 1921 оны 2 сарын 22-нд Богд хааныг хаан ширээнд нь дахин залж, Автономит Монгол улсыг сэргээн байгуулсан билээ. Энэ нь аль ч утгаараа түүхэн дэвшилт үйл явдал байв. Богд хаан барон Унгернд анхнаас нь хэзээ ч бүрэн итгэж байсангүй. Барон Унгерний цуст аллага, дээрэм тонуул, ЗОУ-ын эсрэг дайнд монгол орныг түшиц болгон ашиглах бодлого нь Богд хаан, барон Унгернийг ахархан хугацаанд зааглан салгаж, эрс зөрчилдөхөд хүргэсэн юм.
Барон Унгерн Нийслэл Хүрээнээс мордохын өмнө Богд хаанд бичсэн захидалдаа “Богд хааныг өөрөөс нь салж, улаантны талд орсон хэмээн зэмлээд, Богд хааныг удалгүй большивикуудын гарт үрэгдэж, улс орноо мөхөхөд хүргэнэ. Надад монголын хязгаараас гарч явахаас өөр гарц үлдсэнгүй” хэмээсэн нь үүний хамгийн тодорхой баримт болж байна.
Монголын хувьсгалчид ЗОУ-ын цэргийн хүчний тусламжтайгаар барон Унгернийг бут цохиж, Нийслэл Хүрээнд довтлон ирэхэд Богд хаантанаас тусгай элч заран угтуулж, ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр засгийн эрхийг Ардын Түр Засгийн Газарт шилжүүлэн, улмаар 1921 оны 7 сарын 11-нд Богд Жибзундамба хутагт хэмжээт эрхт хаанаар өргөмжлөгдөн, өдгөөгийн улс төрийн нэр томъёогоор “эвслийн” засгийн газар байгуулагдсанаар монголд үндэсний ардчилсан хувьсгал ялжээ.
Ийнхүү Монголын автономит эрхийг хадгалж хамгаалах, сэргээх, улмаар эрхийг нь ихэтгэн өргөтгөх тэмцэлд Түвдийн Далай ламын сангийн нягтлан бодогч түшмэлийн хүү /Жибзундамба хутагт нь 1870 онд төрсөн бөгөөд 1874 онд VIII Богдоор тодрон Монголд ирсэн/, Монгол улсын шашин-төрийг /теократ төр/ хослон баригч эзэн хааны хувьд өөрт ноогдсон түүхэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.
mash sonirholtoi baiv.
ReplyDelete