“Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” түүхийн номын тухай зохиогч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан луга хөөрөлдсөн ярилцлагыг толилууъя. Түүний ном Шинжлэх ухаан, технологийн 2008 оны шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн билээ.
Олны дунд VIII Богдын тухай ойлголт сайнгүй мэт байдаг, энэ талаар яриагаа эхлэх үү?
-Үүнд социализмын үеийн үзэл суртлын нөлөө орсон явдал бий. Тэр үед, VIII Богдыг хамгийн ихээр дайрч гутаан доромжилж, кино, уран зохиолд түүнийг сохор феодал гэх мэт бүхий л талаар нь муучлан бүр түүнийг эцсийн амьсгалаа хүртэл Монголын ард түмний хамгийн заналт дайсан бөгөөд харгис этгээд байсан мэтээр бичиж байсан нь дэндүү өрөөсгөл, түүхэнд харалган байдлаар хандсаны илрэл.
-Сүүлийн жилүүдэд эсрэгээр, VIII Богдыг магтах явдал гарч байна уу?
-Түүхэн үнэнийг тодруулбал, Богдыг магтан дуулахгүй байх үндэсгүй. Гэхдээ түүхэн бодит байдлыг ямар нэгэн үзэл сурталд авталгүй, будаг шунхгүйгээр судалж, энэ хүний үнэн дүр төрхийг тодруулах нь чухал. Чухам ийм зорилгоор, Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд VIII Богдын оруулсан хувь нэмрийг тодруулж, эл номоо бичсэн юм.
-Түүхийн үйл явдлын тоймоос ярина уу?
-VIII Богдын нэр хүнд, нөлөө буддын шашинтай халимаг, буриад, өвөр монгол, барга зэрэг бүх монгол овогтны нийтийн шүтээн нь болсон байсныг 1890-ээд оны үеэс харж болно. Тиймээс, 1908 онд болсон Бат оршил өргөх наадмын дараа “Монголын томоохон ноёдыг нутаг буцаахгүй Богд Жавзандамба хутагт саатуулж байна, түүний зөвшөөрөлгүйгээр, түүнээс адис авахгүйгээр ямар ч хан, ямар ч томоохон лам явж чадахгүй болжээ, тэр одоо Монголын талын удирдагч болсон байна” гэж Оросын консул Я.Шишмарев бичсэн байдаг.
-Богдын хамгийн ойр хүн нь хэн байв?
-1910-аад оны үе гэхэд, лам нараас Да лам Цэрэнчимэд, ноёдоос Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав нар нилээд ойр байсан гэж бичсэн буй.
-Монголчуудын үндэсний хөдөлгөөн хэдий үеэс эрч хүчээ авсан хийгээд үүнд хэн хэн гэдэг зүтгэлтнүүд нөлөөлсөн бэ?
-Манжийн шинэ засгийн бодлогыг Монголд хэрэгжүүлж эхэлсэн үеэс монголчуудын үндэсний хөдөлгөөн илүү хүчтэй өрнөх болсон болов уу. Баримт үзвэл, Жавзандамба хутагтын дэргэд ноёдууд Монголын тухайн үеийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар олон удаа хэлэлцэж байжээ. Харин Богд болон ноёдын, 1908 оны үеийн нэгэн удаагийн хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Учир нь Манжийн эрх баригчид, тухайлбал, Манжийн Сангийн яамнаас Хүрээнд суух амбанаар дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаарджээ. Эдгээр асуултууд нь:
а.Яагаад Монголын уудам газар нутаг дээр цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа,Удтал хэлэлцсэний дүнд, "хятад иргэдийг Монголын нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй" гэсэн, Манжийн эрх баригчдад өмнө өгсөн байр сууриа хамгаалж, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн цагт ууланд нүүдэллэх хэрэгцээтэй тул уул уурхай нь төрөл бүрийн үр дагавар авчирна хэмээн үзэж байгаагаа Монголын хутагт хийгээд ноёд илэрхийлжээ.
б.Дээр дурьдсан нөхцөл байдалд Хаалган–Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудалд юугаар нөлөөлж байгаа, үүнд ямар хүндэтгэх үндэслэл бий эсэх,
в.Хятад иргэдийг суурьшуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам барих, авто машины зам тавих зэрэг нь үнэхээр Монголын нүүдэлчид болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар шалтгааны улмаас басхүү халгаатай гэж үзээд байгаа талаар хоёрдмол утгагүй, нэгэн хариулт өгөхийг шаарджээ. Иймээс Богд болон ноёд эл асуудлыг нухацтай хэлэлцэж, маш болгоомжтой хариулт өгөх шаардлага гарч.
Монголын ноёдын энэ удаагийн хурал нь, монголчуудын амьдрал түгшүүртэй болж байгааг ухамсарлаж, үүнд багагүй анхаарал тавих хэрэгтэйг хаана хаанаа ойлгоход хүргэсэн. Мөн Жавзандамба хутагт ба ноёдууд Манжийн зүгээс Монголд хэрэгжүүлж эхэлсэн цэргийн шинэчлэлийг онцгой эсэргүүцэж байсан байдаг. "Цэргийн шинэчлэл" гэдэг нь монголын хойд хязгаараар Манжийн харуулын цэрэг олноор суулгах болсныг хэлж буй юм.
-Манж амбан ба Богд Жавзандамба хутагт хоёрын харилцаа ямар байв. Тэр үед болсон "Лам нарын зодоон"-ы тухай та юу хэлэх сэн бол?
-Энэ үед болсон нэг чухал үйл явдал бол, "Лам нарын зодооны тухай" асуудал. 1910 оны эхээр, "...“Хутагт болон Хүрээний амбан Сандо хоёрын харилцаа лам нарын хэргээс үүдэн улам хурцадсаар байна”, “Шанзодба болон Да лам нарыг албан тушаалаас нь зайлуулах тухай Бээжингийн шийдвэрийг Хутагт болон Шавийн яам хэрэгжүүлэхгүй байгаа тухай” Сандо Бээжинд мэдээллээ" хэмээн Оросын консул тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Богд Жавзандамба хутагт Манжийн Засгийн газрын шийдвэрийг сөрж, лам нараа хамгаалан зогсож чадаж байсны нэгэн илэрхийлэл юм. Үүнээс өмнө Богд, Хүрээнд сууж байсан манж амбанг буцааж байсан тохиолдол хүртэл бий.
Харин тэр зодооны тухайд гэвэл, лам нарын танхайрсан хэрэг төдий бус бүр улс төрийн шинжтэй болохыг харуулсан хэрэг байх. Эл зодоон нь Манж амбан ба монголчуудын дундах уур амьсгал хичнээн хурц байгааг харуулаад зогсоогүй хэзээ мөдгүй шүдэнз зурах төдий асахад бэлэн байгааг мэдрүүлсэн болов уу.
-Богдын зүгээс Манжийг эсэргүүцсэн өөр ямар тохиолдол байдаг вэ?
-1911 оны эхээр Богд, манж, хятадуудтай нэг өдөр Цагаан сар хийхээс татгалзаж, монголчуудад, цагаан сараа нэг өдрийн дараа хийхийг зарлиг буулгасан тухай мэдээ бий. Улмаар “Сандо амбан Цагаан сараар Хутагттай золгохоор очиход түүнийг хүлээн аваагүй” тухай ч бас бичсэн байдаг. Энэ бол Хүрээний хутагтын Манжийн амбан сайдаас хамааралгүйгээр оршиж байсныг илтгэж буй хэрэг гэж үзэхэд болно.
-Монголын түүхэнд холбогдох өөр ямар шинэ асуудлыг Та номондоо оруулсан бэ?
-Богд Жавзандамба хутагтын заавар, удирдлагаар 1911 оны зун Монголын төлөөлөгчдийг Петербург руу Оросын Цагаан хаанаас тусламж гуйлгахаар нууцаар явуулсан тухай түүхэнд өгүүлдэг. Энэ үйл явдалд Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан гүн нараас гадна тэдний бие хамгаалагчид, эмч, дагалдан явсан хүмүүсийн тухай болон эдгээр хүмүүс Орост очоод хэн хэнтэй хэдэн удаа уулзаж, ямар зүйл хийсэн талаар Оросын архивын сурвалжид түшиглэж, маш тодорхой өгүүлсэн.
Тодруулж хэлэхэд, Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нарын үйл хэргийг Богдоос, Монгол Улсын эзэн хаанаар суугаад хамгийн түрүүнд сайшаан, хишиг тараах зарлигийн эхэнд оруулсныг тэмдэглэх хэрэгтэй юм.
-Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын тухай шинэ зүйл хэр тусгасан бол?
-Эл газрыг Богд ууланд болсон ноёдын зөвлөгөөнөөс байгуулаад, улмаар нууцаар үйл ажиллагаагаа явуулж байгаад, 1911 оны 11 сарын 30-нд ил болжээ гэж үзснээ бичсэн. Даргаар нь Түшээ гүн Чагдаржавыг Богд томилсон нь энэ хэргийг Богд Жавзандамба удирдаж байсныг давхар илтгэсэн хэрэг. Чагдаржав нь Богдын итгэлийг хүлээсэн, Монголын түр засгийн газрын анхны Ерөнхий сайд юм даа.
-Таны номонд Оросын атаман Семенов Монголын хувьсгалд оролцсон гэж бичжээ.
-Тиймээ, Семеновын дурсамжид бичсэнийг үндэслэсэн юм. Семенов Монголд, 1911 оны үндэсний хувьсгал гарч байх үед Хүрээнд байсан бөгөөд түүний бичснээр, “Агуу Чингис хааны орны түүхийг бичилцэхэд оролцсон” ажээ. Тэрбээр өгүүлэхдээ: “…би Хүрээн дэх манай консулын газрыг хамгаалж байсан хорооны 6 дугаар суманд үлдсэн юм. …Хүрээнд байх хугацаанд, монгол хэл багаас сурсан нь Монголын нийгмийн нэрт төлөөлөгчидтэй ойртох боломж олгосон юм. Цэргийн яамны сайдад нэр дэвшигч Намсрай гүн надаас орчин үеийн цэргийн эрдэмд сурч байв. Мөн энэ үед Норовын тусламжтайгаар казакийн цэргийн албаны жагсаалын дүрмийг би монгол хэл рүү хөрвүүлсэн. Хүрээ улс төрийн давалгаа, шинэ ирмүүн оргилд тэмүүлэн буцалж байв” хэмээн өгүүлээд “1911 оны 12 сарын 11-нд Хятадаас Халх тусгаарлаж, Монголын тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болов” гэж бичжээ.
Семенов яг 1911 оны 12 дугаар сарын 29-ний үйл явдалд оролцоогүй байх магадлалтай байгаа юм. Харин "Монгол тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал" гэдэг нь Сандо амбанг хөөж явуулсныг хэлсэн үү эсвэл түүнийг хөөж явуулсны дараа Хүрээний түр засгийн газраас гаргасан уриалгыг хэлсэн байж болох талтай. Семенов Сандо амбанг хамгаалж, монголын нутгаас хойш хил гаргах хүртэл явсан нь тун үнэн бололтой.
-Хүрээнд сууж байсан Сандо амбан ямар хүн байв?
-Өвөр Монголын Шулуун цагаан хошуунаас гаралтай, монгол цустай хүн байжээ. Энд юу хэлэхийг хүссэн бэ гэвэл, монгол цустай хүн, монголын тусгаар тогтнолын эсрэг байхад, түвд цустай Богд Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглахад онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхгүй байж болохгүй гэж үзсэн юм. Сандо амбан Хүрээнээс хөөгдөөд буцаж явах замдаа сэтгүүлчид өгсөн яриа нь Японы архивт байгаагаас үзвэл: “Сандо миний бие хэргийг шийтгэгч сайдаар хоёр жилийн хугацааг Их Хүрээнд өнгөрөөсөн боловч тэр хугацаанд нэг ч удаа хоолоо тавтай идэж үзсэнгүй. Учир нь хол газарт бүхий тэнд (Монголд) манай ордны ачлал болон сүр хүч хүрэхгүй тул Монголын хутагтын дарангуйлал хэтэрхий бөгөөд хөрш орон болох Оросын оролцоо туйлд хүрсэн юм” гэж хэлсэн бий.
-Монголын үндэсний хувьсгалын оргил үеийн талаар 2007 оноос эхлэн тэмдэглэж буй "Үндэсний эрх чөлөөний өдөр" чухам юу болсон талаар таны номд дэлгэр тусгагдсан уу?
-Богд Жавзандамба хутагтын санал, санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үргэлжилсээр түүний оргил нь, 1911 оны 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон юм. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанд, Цагаан Дарыг "Улсын эх" гэж өргөмжилж, оны цолыг "Олноо өргөгдсөн" хэмээн нэрийдэж, Их Хүрээг улсын төв "Нийслэл Хүрээ" болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг явуулсан билээ. Ингэхдээ Богд эзэн хаанд хааны эрдэнэ, хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл ба Монголын газраас гарсан ёсны юм, "есөн цагаан" билгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган мулцагт нижгээд цагаан морь, булган мулцагт наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөж, төрийн ордноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд тус тус гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж” мөргөсөн гэж бичсэн байдаг.
Ингээд Улсын эзэн хаан зарлиг буулгаж, хишиг түгээсний дараа ёслолд оролцогсод цайлж идээ түгээн, хундага өргөж, ерөөл айлтгасан байна. Энэ хооронд цард бэлдсэн идээнээс гурван мөнгөн цард дээж авч Богд хаан тэргүүтэнд шадар сайд, сойвонгууд барьсаны дараа мөн ёслолд оролцсон бүх хүмүүст хишиг хүртээсэн байдаг.
Харин сонирхолтой нэгэн мэдээ бол, Богдыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд залрах тэр мөчид тэнгэрт “өнгө бүрийн тунамал солонго гэрэл сацран мандаж” байсан тухай Магсар хурц болон Их зуугийн чуулганы дарга, Ордосын засаг хошууны бэйс Арвинбаяр нар тэмдэглэсэн нь бий.
-VIII Богдыг дотоод, гадаадын хүмүүс хэрхэн үнэлсэн байдаг бол?
-Богд эзэн хааны тухай гадаадын хүмүүсийн бүтээлд илүү их тэмдэглэгдэн үлджээ. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны 1 сарын мэдээндээ, “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” хэмээн онцлоод цааш нь: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэсэн буй. Оросын цэргийн офицер Тонких: “Хүрээнд болсон төрийн эргэлтийг Хутагт болон түүнийг хүрээлэгчид хийсэн байна” гээд үүнд хятадын засаг захиргааныхны балмагдал хийгээд оросын төлөөлөгчдийн зөв зүйтэй зөвлөмж нөлөөлжээ гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.
-Монгол улс байгуулагдсан нь Орост ашигтай байв уу. Ер нь олон улсын байдалд нөлөөлсөн болов уу?
-Чухамдаа 1911 онд ч , 1921 онд ч, 1945 онд ч Монголд Оросын ашиг сонирхол байсан учраас Монголыг дэмжиж байсан хэрэг. Энэ бол хөдлөшгүй үнэн. Энэ талаар Сибирийн худалдаачин А.Д.Васенёв 1911 онд Петербургт Оросын Экспортын танхимын Алс Дорнодын хэлтсийн хуралдаан дээр тавьсан “Монгол дахь Оросуудын зорилт” хэмээх илтгэлдээ: “Орос, Хятадын хооронд буфер улс байгуулах хэрэгтэй байна. Бидэнд дайсагнасан үзэлт хятадуудтай хөрш байснаас энхээр нүүдэллэн орших оронтой хөрш байсан нь бүх талаар нийцтэй” гэж хэлсэн байдаг.
Иймээс ч Оросын зүгээс Монголыг дэмжиж, монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласаны дараахан Монголд болсон үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл гаргасан билээ. Энэ мэдэгдэлд Монголын тусгаар тогтносоныг шууд дэмжээгүй мэт боловч Монгол дахь үйл явдлын талаар дэлхий нийтэд мэдээлснээрээ ач холбогдол бүхий үйл явц байв. Оросын засгийн газрын энэхүү мэдээлэл нь, Японы засгийн газраас Оросуудад 1907 оныхоо гэрээг эелдэгээр сануулан хандаж, “Монгол” хэмээх нэрийн дор юуг ойлгож байгаагаа тодорхой тайлбарлахыг хүсэхэд хүргэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын асуудал Орос, Хятадын төдийгүй Япон зэрэг эл бүс нутгийн олон улсын шинжийг агуулсан гэж үзэж болно.
-Монголын үндэсний хувьсгалын талаар гадаадын хэвлэлүүд хэрхэн бичиж байсан бэ?
-Гадаадынхан Монголын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байсан нь харагддаг. Тухайлбал, Оросын “Русское знамя” сонин бичихдээ: “Монголын тусгаар тогтнолын ач холбогдол бол их юм. Энэхүү тусгаар тогтнолд хамгийн их сонирхогч нь Орос орон болох бөгөөд түүний хувьд Монгол нь Хятадаас халхавч улс болох юм… Одоо цэргийн хүчээ Монголд илгээх хэрэгтэй. Энэ нь Монголын тусгаар тогтнолын гол баталгаа болно” хэмээн бичиж байв. Английн «Таймс» сонин: «Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо» гэж онцолсон байна.
Францын "L' Asie Francaise" сэтгүүл 1912 оны 2 сарын дугаартаа: “Шинэ Хятад Манжийн дарлалаас ангижирлаа. Энэ мэдээ тус орны өнцөг булан бүрт дөнгөж хүрмэгц Монгол, Төвд, Туркестан Хятадын ноёрхолоос чөлөөлөгдөхөөр хөдөлж эхэллээ. …Хэрэв шинэ Хятад зүй ёсных бол Хятад өөрөө тэр улс түмний хүсэл эрмэлзлэлийг огоорох учиргүй. …Монголын удирдагчид өөрийн орны засаг захиргааг гартаа авлаа” гээд, “Гадаад Монголын лам нар, хошуу ноёд хятадын хяхалт хавчлага хараахан үгүйгээр зоригжин 12 сарын 29-нд Өргөөд суудаг, хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан Хутагтыг эзэн хаанаар өргөмжлөв” хэмээн бичжээ.
Эдгээр гадаадын хэвлэлд тэмдэглэгдсэн дотор нэг содон зүйл байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Францын Орос дахь элчин сайд Гадаад яамандаа илгээсэн мэдээлэлдээ: “Монголчууд манж нар хийгээд хятадуудаас хэл, ёс заншлаараа өөр гэдгийг харах хэрэгтэй” хэмээн тэмдэглэсэн нь чухам үнэнийг өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, монгол нь, уг язгуураасаа манж, хятадаас өөр үндэстэн болохыг олон улсын түвшинд ойлгож байсан гэдэг бол маш чухал зүйл юм.
-Тухайн үед Монголчууд өөрсдөө энэхүү үйл явдлыг хэрхэн ойлгож, хүлээн авсан бол?
-Монголчуудын магнай тэнийтэл баярласан, ойр хавьд болоогүй баярын мөч байсан хэмээн хүмүүс дурссан нь буй. Оросын худалдаачин Корнакова энэ талаар өгүүлэхдээ: “Ерөө голын сав газраар оршин суугаа монголчууд Богд гэгээн бүх Монголын хаан ширээнд залран суух мэдээ авмагцаа баярын нулимс асгаруулан мөргөж билээ” хэмээн тэмдэглэсэн нь нэгийг хэлж байгаа болов уу. Ийм мэдээ нэг бус байдаг юм.
-Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөхдөө, Эзэн Чингисийн үеийн Монголын төрийн уламжлалыг хэр зэрэг баримталсан бол?
-Монголчууд эртнээс төрийн аливаа ёслол үйлдэхдээ есөн цагаан их бэлгийг өгдөг уламжлалтай байсныг 1911 онд энэтхэг, түвдийн төрийн бэлгэдлийн зүйлсээр сольсон аж. Богдыг Монгол Улсын хаанд өргөмжлөхдөө энэтхэг, түвдийн ёсоор Хаан эрдэнийн долоон зүйлийг бодитоор буй болгохыг эрмэлзсэн боловч яг тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 12 сарын 29-ний өдөр болоход зарим нь бэлэн болоогүй байсан учраас эх сурвалжууд, Богдыг Хаанд өргөмжлөөд хаан эрдэнэ, есөн цагааны билэг өгсөн хэмээн бичсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Богдыг хаанд өргөмжлөхдөө энэтхэг, түвдийн ба эртний монголын төрийн уламжлалыг хослуулсан байна хэмээн үзэж болохоор ажээ.
-Богдын алтан тамганд монголчууд хүндэтгэл үзүүллээ гэж хэдэн жилийн өмнө мэдээ гарч байсныг санаж байна.
-Богд хааны алтан тамга бий. Гэхдээ энэ бол ламын тамга нь юм шүү дээ. Монголчууд бидэнд хас тамга, мөнгөн тамга нь утгаараа илүү дээдлэх учиртай зүйлс юм даа.
1911 онд Монгол Улсын эзэн хаанаар Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөөд хийсэн, "Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга" хэмээх үсэг бүхий цагаан хаш тамга, мөн мөнгөн тамга болон Монгол Улсын Эх дагинын тамга нь Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс хийгээд өөрийн эзэн хаантай болохыг илтгэн харуулсан агуулга, шинж чанартай юм.
-Эх дагина ер нь ямар хүн байсан юм бол?
-Эх дагина Дондогдулам нь Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин бөгөөд 1874 оны намрын сүүл сарын 15-нд төрсөн бололтой байдаг. Богдын хатан Дондогдулам нь “шашин төрийг хослон өрнүүлэгч Эх дагины тамга” гэсэн бичигтэй тамга барьж байсан тул тэр эмэгтэй төрийн хэрэгт хувь нэмрээ оруулж байсныг илтгэнэ. Герман улсаас Бээжинд дэд консулаар 1920-иод оны үед ажиллаж байсан Херман Гиппэрич Дондогдуламын талаар хожим “Уран ухаантай, арга зальтай, зоригтой энэ эмэгтэй нас барснаас хойш Богд хааны ордны эрч хүч ихээхэн суларсан байна” хэмээн бичсэн бол И.Я.Коростовец мөн Эх дагина 1923 онд нас барснаас хойш Богд хаанд зөвлөгч дутсан хэмээсэн санааг бичсэн нь Эх дагины талаарх дээрх саналтай агаар нэгэн.
-Богдын санд маш сонирхолтой зүйлс олон байсан тухай дуулддаг?
-Жавзандамба хутагт амьтанд дуртай нэгэн байсан бололтой, түүнд хоёр ч амьд заан байсан гэдэг. 1890-1899 оны хооронд амьд амьтны үзэсгэлэн байгуулахаар амьтдын цуглуулгатай болж, өөрийн сангаас багагүй хөрөнгө зарцуулсан байна. Амьтдын тэр цуглуулгыг үзээд, Польшийн нэрт аялагч, эрдэмтэн А.Ф.Осендовский бичихдээ, “автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас, болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад “Бурханы” ордонд янз бүрийн цаг үед байжээ” гээд Богдын үнэт эдлэлийн музейд саатсан тухайгаа өгүүлжээ. Түүний үзснээр, Богдын үнэт эдлэлийн санд “Бей Кемагаас авсан цэвэр алтан гулдмайнууд, Кемчингийн хар булга, гайхалтай бугын эвэр, Энэтхэгийн алмаз, Хятадын зааны яс” гэх мэт олон гойд сонирхолтой, европын музейд харж чадахааргүй тийм ховор зүйлс хадгалагдаж байгааг тэмдэглэн үлдээжээ. Их аялагч, эрдэмтэн П.К.Козлов өөрийн тэмдэглэлдээ: "Хүрээнийхний яриагаар бол Богдын ордон европ маягаар тохижуулагдсан, бүр төгөлдөр хуур хүртэл байрлуулсан байдаг гэнэ. Тэнд үнэ цэнэтэй бүхэн бий. Хутагтад зориулан дэлхийн өнцөг булан бүрээс орос, хятад худалдаачид зөөн авчирч, түүнд худалддаг" хэмээн бичжээ.
Богдод асар баян, ховор номын сан байсан тухай мэдээ буй. Оросын консул Я.Шишмаревын мэдээгээр, 1892 оны нэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хүрээн дэхь Хутагтын ордон шатсан байна. Энэ гал нь Богдын олон үе дамжиж ирсэн алт, мөнгөн үнэт эрдэнэсийг шатаасан гэнэ. Түймэрт “өөр хаана ч байхгүй эртний ховор нандин номын сан” шатсан тухай өгүүлдэг.
-VIII Богдыг архи уудаг, авгай хүүхэн эргүүлдэг их сахилгагүй байсан гэж бичдэг нь хэр ортой вэ?
-Богд билэг танхай нэгэн байжээ. Түүний бие даасан байдал, ухаантай, сэргэлэн, хэн нэгнээс хараат бусаар оршиж ирсэн нь түүнд өөрийн бодлоо хэрэгжүүлэх боломж бололцоог олгосон гэж бодож байна. Би, Богдын тухайн үед гаргаж байсан үйлдлүүдийг зөвтгөх хандлагатай нэгэн. Бид зах зээлд ороод арван хэдхэн жил болоход хөрөнгө мөнгөтэй хүмүүс ямар ааш аягтай болдгийг харж байна. Тэгвэл Богд гэдэг чинь олонд шүтэгдсэн, хичнээн их баян хүн байв, дээр нь, багаас нь монгол боловсрол олгосон гээд бодвол түүний үйлдлүүдийг ойлгож болох юм. Чухам тиймээс ч өөрийн багш Далай ламыг ирэхэд олны нүдэн дээр тосч авахгүй, үдэж явуулахгүй байж чадсан төдийгүй, Хүрээнээс манж амбанг хөөн явуулж, Манжийн эрх баригчдын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж, нууцаар Орост төлөөлөгч илгээж чадсан хүн шүү дээ. Түүний бие даасан байдал нь Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь болох боломж бололцоог нээж өгсөн болов уу. Тэрбээр Хиагтын гурван улсын гэрээний дараа Дундад улсын Их Жунтангаас тусгай элчийг тусгайлан томилж, Богд хаанд алтан тамга, өргөмжлөл ирүүлсэнд хүлээн авахгүй буцаасан байдаг.
Богдыг амьд сэрүүн байхад нь түүнийг хүндэлдэггүй, түүнд мөргөдөггүй төрийн болон намын удирдах хүмүүс байгаагүй биз. Түүний талаар гарсан сөрөг мэдээллүүд нь ихэнхдээ Богдыг нас барсаны дараа л гарсан хэрэг байх.
-Гэвч түүнийг нь авсан баримт байдаг.
-1919 оны 11 дүгээр сард Хятадын цэргийн эрхтнүүд Монголын Засгийн эрхийг хүчээр булаан авсны дараа л Богд бээр тэрхүү Хятадаас ирүүлсэн алтан тамга, алтан өргөмжлөлийг хүлээн авсан байдаг юм.
-VIII Богдод монголчууд тийм их хүндэтгэл үзүүлж байсныг юугаар нотлох вэ?
-Нийт монголчууд шүтэж байсныг хэлэх нь бараг илүүц биз. Харин түүнийг нас барснаас гурав хоногийн дараа Богдын тамгыг, өөрөөр хэлбэл, төрийн тамгыг Засгийн газарт сүр дуулиантай шилжүүлсэн нь Богд амьд сэрүүндээ төрийн эрх мэдлийг хянаж чадаж байсныг илтгэнэ. Нөгөөтэйгүүр Богдыг нас барсантай холбогдуулан эх орон даяар 21 хоног гашуудал зарлаж байсан болон түүнийг оршуулах ёслол зэрэг нь нэгийг хэлэх биз ээ.
-Богд хааны тухай түүх судлалд явж ирсэн хуучин дүгнэлтүүд хийгээд эдүгээ шинээр түүнд өгч буй үнэлэлтийн талаар өгүүлнэ үү?
-Богдын үйл ажиллагаанд эерэг талаас нь дүгнэлт өгөх оролдлого социализмын үед ч гарч байсан. Монголын эрдэмтэн Ш.Сандаг бүр 1971 онд хэвлүүлсэн зохиолдоо “1911 онд хэмжээгүй эрхт Богд хаант феодалын Монгол улс байгуулсан явдлын ач холбогдлыг олон талаас дэнслэн үзээгүй, тэр үеийн улс төрийн зүтгэлтний үйл ажиллагааг хавтгайруулан дүгнэсэн” гэж бичсэнээсээ болж, дарамт шахалтанд орж байсан удаатай.
Миний судалснаар, Богдын оролцоо, удирдлагагүйгээр Монголын үндэсний хувьсгал ийм үр дүн олохгүй байсан байж мэднэ. Үндэсний хувьсгалын эхний үйл явц Монголд өрнөхдөө Богд Жавзандамба хутагтын бодсоноор өрнөж, Халхын ноёдын дагалдсанаар болсон байж тун болзошгүй. Харин үйл явц нэгэнт эхэлж, үр дүн гарч эхэлсний дараагаар ноёдоос Монголын төрийн уламжлал, угсаагаа бодож, Богд эзэн хааны явуулж эхэлсэн бодлоготой тэрсэлдэх явдал гарч эхэлсэн болов уу хэмээн санадаг.
-Богд хааны хүүхэд нас, гэр бүлийн талаар мэдээлэл ховор байх шиг...?
-Таван настайд нь тодpуулан, Хүpээнд залнаас хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ буй. Хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа, гэр бүлээрээ Монголд ирсэн нь түүний өмнөх дүрүүдээсээ ялгарах онцлог байв. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашины чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлдсэн.
Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд тул монгол хэл, бичиг чадамгай сурч, их л чөлөөтэй биеэ авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Иймээс түүний тухай архи ууж, авгай эргүүлэхээс ч сийхгүй нэгэн хэмээн ярьж бичиж байсан биз. Багаас нь төвд, монгол хэл бичиг, шашны болон дорно дахины ёс заншилыг түүнд сургасан байна. Найман дүрийн Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан хийгээд Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан билээ.
-Богдыг Монгол Улсын эзэн хаанаар суулгахад өрсөлдөх хүмүүс гараагүй юу. Тэр үед Алтан ургийн хан, ноёдууд бүгд л байсан шүү дээ?
-Чухамдаа түүнтэй өрсөлдөх хүмүүс гараагүй гэж хэлж болно. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Шишмарев бичихдээ, “хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй.
Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв.
Цаг үеийн нөхцөл байдлыг сайтар ухаарч харсны улмаас 1911 оны үндэсний хувьсгалын бүхий л сценарийг нилээд эртнээс Жавзандамба хутагт бичсэн бөгөөд түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж чадсан хэрэг. Үүний улмаас Богдын зөвшөөрөлгүйгээр хэн ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байсныг эх сурвалжид нэг бус тэмдэглэсэн буй.
-Богд эзэн хаан Чингисийн уламжлалыг баримтлах талаар ямар нэгэн зүйлс хийгээгүй хэрэг үү ?
-Богд бээр Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйг харуулсан илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж, алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэд нөлөөлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.
-Монголчуудын амьдралд буддын шашины гүйцэтгэсэн үүргийн талаар асуумаар байна. Богд бол юуны өмнө бурханы шашины тэргүүн байсан биз дээ?
-Тийм ээ. 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт монгол үндэстний шашины дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашины төдийгүй төрийн удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болжээ. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн. Нөгөө талаар, буддын шашин нэгэн цагт монголчуудын омог бардам занг дарахад ашиглагдаж байсан бол, ХХ зууны эхээр монголчуудыг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, шарын шашины тэргүүн Богд гэгээнийг үндэсний удирдагч болгоход шууд нөлөөлөл үзүүлснийг ч онцлон тэмдэглэх нь зүй.
-Бидний мэддэг хирнээ огтоос "танил бус" эх түүхийн тухай сайхан бүтээл туурвиж, энэ тухайгаа уншигчидтай минь сэтгэгдлээ хуваалцсан таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.
"Монгол Үндэстний Цахим өртөө Сүлжээ"-с
sonirholtoi medeelluud baina.
ReplyDeleteСАЙН ӨДРӨӨ
ReplyDeleteНамайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.
ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com