Монгол Улсын түүх 5 боть номын 5-р ботийн 257-р талд “1947-1948 онд Хятадын зүгээс БНМАУ-ын газар нутгийн баруун хэсгээр Зэвсэгт халдлагаа улам өргөжүүлж байв. Хятадын тал хил дээр гарч буй хэрэг явдлыг хэлэлцэн зохицуулах гэсэн манай талын санаачлагыг хүлээж авахгүй байв. Иймд БНМАУ-ын баруун ба баруун өмнөд хил хязгаарын тайван байдлыг алдагдуулагчдад цэргийн хүчээр цохилт өгсөн юм. Тэр үеэр шалгарсан дайчдаас Х.Даваадорж, Б.Тэгшээ, С.Лхагвадорж, Б.Гаваан, Их.Нэхийт, нутгийн ард Б.Бадам нар БНМАУ-ын баатар цолоор шагнагдсан юм” гэсэн 4 өгүүбэр бий. Гэтэл энэ үед дөрөв байтугай өгүүлбэрт багтах үйл явдал монголын баруун хил хязгаарт болж өнгөрсөн бөгөөд энэ бүгд нь манай шинэ цагт гарсан түүх бичлэгт бас л бүрхэг бүдэг тусан өнгөрсөн нь харамсалтай.
Баруун хязгаарт болсон байлдаан тулгаралт нь БНМАУ-ыг НҮБ-д элсэхийг хүссэн 1940-өөд оны хүсэлтэд ихээхэн саад тээг болсон бөгөөд энэ тухайд ч 5 ботид мөн л хуучин хандлагаар бичиж орхисныг засаж залруулмаар. Энэ сэдвээр би дараа өгүүлнэ гэж орхиод 1940-өөд оны үед монголын баруун хил дээр Оспан хэмээх хасаг эрийн үйл ажиллагаатай холбогдуулан хэдэн зүйл хэлэхээр шийдэв.Энэ тухай би 1992 онд бичиж нэгэн сонинд нийтлүүлж байсан бөгөөд эдүгээ ялимгүй засварлаж уншигч олонд хүргэж байна.
Оспан: Хасгийн оргодол, дээрэмчин, монголын баруун хилийг 40-өөд оны турш үймүүлсэн этгээд хэмээн цоллогдож ирсэн хүний нэр манай түүхэнд үлджээ. Түүний тухай дуулаагүй хүн уг нь монголд бараг байхгүй байх. Гэтэл хаанаас гараад ирсэн хүн, юу хийж яваад яах гэж монголын баруун хилийг үймүүлэгч дээрэмчин болж, хүн алж хүрээ талах болов гэдгийг манай түүх бичлэг үнэндээ дув дуугүй өнгөрч, таг чиг даржээ.
Гэсэн хэдий ч манай улсын баруун хилээр Оспан гэгч нэгэн этгээд дээрэм тонуул хийж, хүн амьтан хядсан тухай элдэв зүйл кино, уран зохиол, дурдатгал, дурсамжинд байдаг. Тэгэхлээр Оспан гэдэг нь хятадын төлөөний этгээд юмуу, эсвэл зүгээр л нэг дээрэмчин юм уу гэсэн асуулт гарч хариу өгье гэхээр тодорхой бичсэн зүйлгүй учир мухардаад байдаг ийм нэгэн зовлонт байдал буюу түүхийн цулгуй орхисон зай манай түүх бичлэгт бий. Энэ зайд бичигдэх ёстой түүх бичигдээгүй үлдсэний цаад учир шалтгааныг том улсуудын орооцолдсон улс төрийн түүхэн асуудлыг жижиг улс хөндөж болдоггүй бичигдээгүй нэгэн хууль коммунист дэглэмийн үед баттай үйлчилж байсантай холбон үзэхээс өөр аргаүй. Гэтэл бүх зүйл ил тод, хэнээс ч хараат биш, хэнд ч юу ч хэлж чадах бүрэн эрхт бие даасан монголын түүх бичлэгт энэ тухай мөн л тоомжиргүй хандаад байгааг юунаас эрэхээ би мэдэхгүй байна. Тэгвэл юу болж өнгөрөв?
1. КОМИНТЕРН, ХЯТАД ХОЁР
1919 онд дэлхий нийтийн люмпен пролетарийн удирдах хүчний үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, тэднийг хувьсгалт дарангуйллын онол, аргаар зэвсэглэх практик үйл ажиллагааг явуулах үүрэг зорилт бүхий дэлхийн хувьсгалын штаб гэж нэрлэгдсэн III коммунист интернациональ буюу коминтерн хэмээх байгууллага байгуулагдсаныг эрхэм уншигч авхай нар сайн мэдэх билээ.Энэ байгууллагын дотоод зохион байгуулалт, гадаад үйл ажиллагааны нүсэр их ажлын тухай олныг үл нуршин зөвхөн хятадад чиглүүлж явуулсан ажлынх нь маш багаахан хэсгийг аргагүй сэдвийн агуулгадаа захирагдан товч өгүүлсү.
1912 оны 1 сарын 1-нд хятад оронд Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагаж Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдав. 1912 оны 8 сарын 25-нд Бээжинд гоминдан /үндэсний нам/ хэмээх нам зохион байгуулах хурлаа хийж удирдагчаар нь ядуу тариачин гаралтай 45 настай Гонконгод боловсрол эзэмшсэн Сун Ятсенийг сонгов. Энэ нам нь хятадын үндэсний хөдөлгөөний эрх ашгийг хамгаалж байсан бөгөөд бүрэлдэхүүнд нь барууны хүчин зонхилж байлаа. Гэвч Сун Ятсен Зүүний чиг шугамыг хүчтэй баримталж “Ардын гурван зарчим” гэсэн онолоо тууштай хамгаалж байв. Энэ гурван зарчим нь /1. Үндэсний үзлийн зарчим, харь манжийн ноёрхлыг түлхэн унагаж хятадын хан үндэстний байр суурийг бэхжүүлэх, 2. Ардын Засгийн зарчим-Хятадад ардчилсан бүгд найрамдах засаг тогтоох, 3. Ардын жаргалын зарчим-газар тариалангийн шинэтгэл хийх, том аж үйлдвэрийг улсын болгох/ хэрэгжих явцдаа хятадын дотоод дахь үндэсний маргаанаас шалтгаалан ихээхэн бэрхшээлийг хятадуудын дотоод амьдралд бий болгож байв.
Хятадад хэдийгээр бүгд найрамдах улс байгуулагдаж дэвшил хөгжлийн зүг тодорхой алхамууд хийж эхэлсэн боловч улс төрийн үзэл баримтлал нь тодорхой биш, өөрсдийгөө тухайн үзлийг хамгаалагч гэж үзсэн олон тооны бүлэглэлүүд бий болж дотоодын гүн гүнзгий хямрал тэмцэлд идэгдэж эхэлсэн. Чухам энэ үеэс их гүрнүүд өөрийн эрх ашгийн үүднээс хятадад нөлөөнийхөө хүрээг өргөжүүлэхийн төлөө идэхтэй өрсөлдөж эхлэв. Энэ үеэс хойшхи түүхэн он дарааллын хуудсыг сөхөн нэг харъя.
-Сун Ятсен засгийн эрхээ Юань Шикайд алдан аргагүйн эрхэнд Японд цагаачлан очиж 1914 оны 6 сарын 8-нд Токиод Чжунхуа гоминдан /Хятадын хувьсгалт нам/ гэдэг улс төрийн нууц нам байгуулав.
-Хятадын өмнөх хэсэгт уг намыг дэмжсэн байгууллагууд байгуулагдаж улмаар Юань Шикайн байр суурийг ганхуулж эхлэв.
-1917 онд Октябрийн хувьсгал ялж, 1919 онд Коминтерн байгуулагдав.
-1921 оны 4 сард Сун Ятсенийг Бүгд Найрамдах Хятад улсын ерөнхийлөгчөөр сонгов.
-Коминтерний шууд тусламжтайгаар 1921 оны 6 сарын 1-нд Хятадын коммунист нам байгуулагдаж даргаар нь Хятадын анхны марксистын нэг гэгддэг Бээжингийн их сургуулийн улс төр эдийн засгийн ухааны профессор Ли Дажао сонгогдов. Удалгүй ХКН гоминданы намын бүрэлдэхүүнд оров.
-1923 оноос эхлэн хятадын талын буюу гоминданы хүсэлтээр Зөвлөлтийн “Сайн дурын” зөвлөхүүд хятадыг зорьж эхлэв.
-1923 оны 1 сарын 26-нд Сун Ятсен, А.А.Иоффе нарын гарын үсэг зурсан Зөвлөлт-Хятадын хэлэлцээр байгуулагдаж дараахан нь большевик М.М.Бородин тэргүүтэй бүлэг коммунистууд Сун Ятсений нам, улс төрийн зөвлөхөөр нь, 1924 оны 10 сард цэргийн ерөнхий зөвлөхөөр нь иргэний дайны баатар В.Х.Блюхер нар хүрэлцэн ирэв. Уригдаж ирсэн цэрэг, улс төрийн зөвлөхүүд дараах ажлыг хийсэн байна.
1. Сун Ятсений засгийн газрын армийн анги нэгтгэлүүдийг эмхлэн журамлав.
2. Хувьсгалт цэргийн сургууль байгуулав.
3. Гоминданы намын шинэ дүрэм зохиож хатуу сахилга баттай, хүчирхэг Зүүний улс төрийн хүч болгох талаар эрчимтэй ажил өрнүүлжээ. Энэ үе бол коминтерн, хятад хоёрын түншлэлийн дээд оргил нь гэж хэлж болохоор үе байлаа. Гэвч хүсэхэд хясна гэгчээр Хятад оронд коминтерний бодлогыг бантан болгож орхисон хэд хэдэн огцом эргэлт гарав. 1925 оны 3 дугаар сард Сун Ятсен нас нөгчиж, удалгүй гоминданы дотор хагарал гарч дараахан нь Хятадын Үндэсний хувьсгалт засгийн газрын цэргийн ерөнхий командлагч Чан Кайши баруун тийш огцом эргэлт хийн гоминданыг коммунистууд болон зүүний элементүүдээс цэвэрлэх ажиллагаа явуулж эхлэв. Яг энэ үед барууны орны сонинуудад “...Хятад улс Азид коммунизмын талбар болон хувирахаар заналхийлж байна гэсэн болгоомжлол их гүрнүүдэд бий. Үүнтэй холбоотойгоор энэ аюулыг устгах талаар арга хэмжээ авах хэлэлцээр байгуулсан” гэж бичиж байлаа. Англи, АНУ, Франц, Япон, Италийн төлөөлөгчид Бээжинд цуглаж өөр өөрийн эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар зөвлөлдөж байсан нь үүнийг нотолно. Коммунизмыг тогтооно, коммунизмыг арчина гэдэг хоёр ухагдахуун тухайн үедээ залуухан улаан импери, идэрхэн хар импери хоёрын газар нутаг, эрх ашгийнхаа хүрээг тэлэх гэсэн бодлогынх нь халхавч болж байлаа. Тэдний хэн хэн нь хятадын ядуу тариачин Ван овогтод хайртай байгаагүй юм. Харин хэн хэн нь Ван овогтны хагалж байгаа газар, хариулж яваа гахайнд нь л хайртай байлаа.
1930-аад оны эхэн болж ирэхэд Хятад орон хэд хэдэн хэсэгт хуваагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй байдалд орлоо.
Коминтерн чухам энэ үед хятадыг нэг гараараа дал мөрий нь алгадан дотночилж нөгөө гараараа элэг бөөрийг нь унатал дэлсэж байв.
Хятадын Зүүн, зүүн хойд болон өмнөд районуудад нөлөөгөө алдсан коминтерн, хятадын баруун хэсэгт 1930-аад оны эхнээс эхлэн эрчимтэй ажиллаж хятадын ноёрхлоос ангижрахыг эрмэлзсэн шинжааны уйгар казах голлосон олон үндэстнийг тусгаар тогтнолын төлөө тэмцэлд уриалж эхлэв.
Хятадын баруун хойд энэ хязгаарт 20 шахам үндэстний 7 сая шахам хүмүүс амьдран сууж Шаньси, Ганьсу, Нинся, Цинхай (Хөх нуур), Шиньцзян гэсэн 5 томоохон засаг захиргааны нэгжид хуваагдаж байв. Энэ дундаас Шинжаан мужид 3 сая орчим Уйгур 450.00 гаруй казакууд оршин сууж байлаа.
2. ЗӨВЛӨЛТ, ШИНЖААН, МОНГОЛ ГУРАВ
Энэ үед Шинжааны хавь буюу ер нь баруун хойд Хятадад Чан Кайшийн гоминданчууд ноёрхож байсан бөгөөд тэдэнтэй Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/, хувьсгалт Засгийн газар байр сууриа булаалдан тэмцэж байлаа. Харин Шинжаан болон бусад мужийн хүн амын хувьд Чан Кайшийн гоминдан ч бай, хувьсгалт Засгийн газар ч бай ялгаагүй хятадаас салах гэсэн нэгэн ойлголт баттай байсан бөгөөд чухам энэ эмзэг газрыг зөвлөлтүүд олж дарж байсан юм. Зөвлөлт Орос Улс энэ чигт явуулах үйл ажиллагаагаа Монголоос чиглүүлэн удирдаж байсан бөгөөд тэр үед монголын нам, төрийн удирдлагад коминтерний сонгон тавьсан бидний зүүнтэн хэмээн нэрлэдэг хүмүүс зонхилоод байв. Ер нь хятадын эсрэг нутгийн ард түмний бослого хөдөлгөөнийг зохион байгуулах, салан тусгаарлах үйл ажиллагааг гардан явуулах бүлэг хэсгүүдийг 1920-иод оны эцсээр коминтерний нэрийн дор Зөвлөлтийн удирдлага туйлын эрчимтэй явуулж эхэлсэн бөгөөд үүний уршиг хаялага нь ч монголд тусаж манай баруун хязгаар салаад явчих шахсан юм. Энэ тухай яривал ихээхэн зай, цаг орох тул мөн дараагийн хэсэг болгон үлдээж зөвхөн нэг л тодруулга хийе.Тэр үеийн намын удирдлагад нилээд өндөр суурь эзэлж байсан Ө. Бадрах Монголын баруун хязгаарыг бие даасан автономит муж болгон Шинжааны хасаг, монголчуудтай харилцаа тогтоон Шинжааныг түшиглэсэн улс байгуулах зорилт тавьж үүнийг нь коминтернээс монголд ажиллаж байсан Кучумов, Коняев, Черномордик гэх мэтийн хүмүүс дэмжиж байсан баримт бий.
Коминтерний явуулга бүтэмжтэй эхэлж 1931 оноос Шинжаанд тусгаар тогтнолын төлөө хүчтэй хөдөлгөөн өрнөж улмаар 1933 оны 4 дүгээр сард Шинжаанд Ардын Бүгд Найрамдах Засаг тогтов. Энэ үеэс эхлэн Шинжаан нь бие даасан гадаад, дотоод улс төрийн бодлого явуулах болж Хятадад ёс төдий захирагдах боллоо. Шинжааны БНУ нь ЗХУ болон Англитай дипломат харилцаа тогтоож - Эзэрхэг түрэмгийг эсэргүүцэх –үндэсний мөргөлдөөн ба хятадын доторх өөр хоорондын байлдааныг устгах, ястан үндэстний эрхийг тэгшитгэх, - Шинэ Шинжаан улс байгуулах гэсэн зорилтуудыг тунхаглан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Шинжааны Засгийн газрын бодлогыг үндсэндээ коминтерний заавар халхавчийн дор зөвлөлтийн удирдлага тодорхойлж байсан бөгөөд аажимдаа хувьсгалт дэг журам, үзэл санаа хүчтэй болсоор байсан бөгөөд нөгөө талаар Гоминданыхан нөлөөгөө бэхжүүлэн, хүчээ хуримтлуулж ХАЧА-ийн түрэлтийг зогсоох, АНУ болон Англиас тусламж авах бодлогыг явуулж байлаа. Ийнхүү 1930-аад оны дунд үед Хятадын баруун хойд район туйлын олон эрх ашгийн мөргөлдөөний талбар болон хувирч билээ. Коминтерний удирдлага ч И.Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдагчдын гарт бүрэн шилжлээ.
3. ОСПАН
1939 оны эцсээр Шинжааны засгийн газраас Алтайн хасгуудын буу зэвсгийг хураан авч, ноёд тайж нарыг феодал хэмээн баривчилж эхлэв. Энэ үйл ажиллагааг эсэргүүцэж хасгийн Расхаан, Есим нарын толгойлсон бослого гарч бослого нь цаашдаа хасгийг хятадаас бүрэн тусгаарлах хөдөлгөөн болон өрнөсөн юм.Босогчдын эгнээнд явсан Оспан гэгч нэгэн эр хятадын цэргийг тагнах, харуул манааг довтлон буу зэвсэг, хөрөнгө мөнгө олзлоход их л тодрон шалгарч удалгүй босогчдын дунд “хасгийн эрэлхэг баатар” хэмээн алдаршиж, яваандаа бослогын удирдлагыг гартаа авчээ.
Оспан нь Шинжаан мужийн Алтайн Эрчим голын Арал гэдэг газар хасгийн 12 керей отгийн Молох овогтны доторх Айтуган молох ястан Исламын гэрт 1899 онд төржээ. Тэрээр эхнэр Баян, хүү Нягаметдола, Шердиман охины хамт амьдарч байсан бөгөөд хүүхэд үедээ доголон болсон, бие томтой, юманд өөрийн санаснаар ханддаг, гөжүүд зожиг зантай, бусдын зөвлөлгөөг сонсдоггүй нэгэн байжээ. Нутгийнхан нь түүнийг “төхөр огоз” буюу “хазгар шар” хэмээн хочилдог байв.
Нэг талаас гоминдан, нөгөө талаас босогчдын шахалт түрэлтэд хүчтэй автсан Шинжааны засгийн газар оршин тогтнох чадвараа алдан алдсаар 1942 оны эцсээр гоминданы засгийн газарт бууж өгсөн байна. Гоминданы төв засгийн газар Шинжааны хувьсгалт засгийн газрын толгойлогч цэргийн жанжин Арбайд /Шин Шичай/ ЗХУ-тай тогтоосон харилцаагаа бүрмөсөн таслахыг хатуу шаардсаны эцэст 1943 оны 3 дугаар сараас эхлэн Шинжаанд байсан Зөвлөлтийн цэргийн сургагч мэргэжилтнүүдийг гаргаж эхлэв.
Зөвлөлтийн удирдлага хүнд байдалд орсон боловч гарах арга замаа түвэггүйхэн олов. Энэ бол Оспаныг хятадын эсрэг ашиглах тактик байв. Харин яаж гэдгээ их л нухацтай бодож болгоосны эцэст монголоор дамжуулан энэ үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэсэн юм. Учир нь ЗХУ өөрөө хятадад хүн хүч, зэр зэвсэг, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байгаа шүү дээ. Харин Монгол бол Оспанд, хасагт туслаж болно. Үүнийг хувьсгалыг экспортлож байна гэж хэн ч хэлэхгүй. Хэлбэл монголыгоо бариад өгчихнө. Энэ ажиллагааг гардан удирдах ажлыг ЗХУ-ын Аюулаас хамгаалах яамны тагнуулын газрын дарга хошууч генерал Ланфанг, зөвлөх Греднев, Хба ДЦХЭГ-ын зөвлөх хошууч генерал Пахомов, зөвлөх Артоманов, Монголд суугаа элчин Иванов, Зөвлөлтийн байгалийн фронтын командлагч Рубин нар хариуцан гүйцэтгэсэн юм. Харин Монголын талынхан туслах дүрд тоглож байлаа.
Ингээд Оспан руу хэд хэдэн удаа тагнуул явуулж, аажим аажмаар итгэлийг нь олж эхлэв. Оспан 1943 оны дунд үед тагнуулаар очсон хүнд ийнхүү ярьжээ. “1940 онд бослого гаргаж одоог хүртэл Хятадтай тэмцэж байна. 1943 оны 7 дугаар сарын сүүлчээр 80 орчим хүмүүсээ монголтой харилцаа барьж болох боломж байгаа эсэхийг ажиглуулахаар монголын хил орчим явуулсан. Тэд хилийн шугамыг мэдэхгүйгээс хил нэвтрэн орж монголын хилийн манаатай тулгаран буудалцаж дөрвөн хүнийг алж, хоёр хүнээ алуулсан. Үүнийг нэхэн санахгүйгээр эв найрамдлын харилцаа тогтооход бэлэн байна.
Монгол, Хятадаас тусгаарлаж тусгаар улс болсны нэг адил хасаг бид төрсөн нутаг дээрээ тусгай улс болохыг хүсэж Хятадтай тэмцэн 3 жил болж байна. Хятадын хүчинд хавчигдах хүнд үе тохиолдвол манай гэр бүлийн хүмүүсийг түр байлгаж биднээс Хятадтай тэмцэхэд туслана уу. Мөн эд бараагаар гачигдаж байгаа тул бага зэрэг бараа, сайн дуран нэгийг өгнө үү” гэжээ. Харилцаа тогтоохыг зөвшөөрч байгаа Оспаны энэ хариуг сонсоод зөвлөх Пахомов, ДЯЯ-ны орлогч сайд Дүйнхэржав нар “Монгол Шинжааны хилийн шугам Хайртын даваан дээр 2 талаас уулзаж чухал яриа хийе” гэсэн хариу явуулж Оспанд бэлэг болгон 36 метр даалимба, нэг цай, нэг дуран өгчээ.
1943 оны 10 сарын 5-нд Монголын ДЯЯ-ны орлогч сайд Дүйнхэржав, зөвлөх Пахомов нартай Оспан өөрийн туслах 40-өөд хүнтэй ирж анхны уулзалт хийлээ. Оспан энэ уулзалт дээр Хятадын эсрэг тэмцэж бослого гаргасан тухайгаа танилцуулаад монголын талаас зэвсэг, бараа таваарын тусламж хүссэн бөгөөд 10 дугаар сарын 6-нд хоёр талын хамтарсан хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрээр дараах асуудлыг тохиролцжээ. Үүнд: -Эв найрамдлын хэлэлцээ тогтоолоо, -“Алтайн хасгийн бослогын байгууллагаас өөрсдийн Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө явуулж буй тэмцлийг монголын зүгээс талархан дэмжинэ.
-Монголын тал хүсэлт ёсоор буу зэвсэг, таваарын зохих тусламж үзүүлнэ. –хэрэв хэрэг тохиолдвол босогчдын байгууллагын гэр бүл ба өөрсдийн биеийн монголын нутагт байрлуулж болно. –монголын талаас биет туслалцаа үзүүлэх зорилгоор 40-50 хүнийг босогчдын штабт суулгана, -энэ хэлэлцээрийг нийтэд дэлгэрүүлэхгүй нууцална гэсэн байна. Уулзалтын үеэр босогчдод винтов 27, сум 2600, маузер 10, бөс бараа 600 м Оспанд өөрт нь англи автомат 1000 сумтай өгсөнд Оспан хариуд нь морь 82, хивс 8, алт 137 граммыг бэлэглэв.
1943 оны 11, 12 дугаар сард Оспан гоминданы хятадын цэрэгт түрэгдэн монгол улсын хилийн дотор байрлахаар 360 өрхийн 2200 гаруй хүмүүстэй нэвтрэн ирсэнд монголын тал хэд хэдэн газар нутаг заан суулгасан байна. Үүнээс хойш Оспаныг мөшгөсөн гоминданы цэргийн анги монголын хилийг зөрчих болж хилийн тулгаралт байнга гарах болов. 1944 оны 2 сарын 25-нд Ховдын Булган голын Алаг тохой дахь застав дээр Х.Чойбалсан, зөвлөлтийн элчин Иванов, Байгалын фронтын командлагч Рубин, зөвлөлтийн тагнуулын газрын дарга Лафланг, ДЯЯ-ны сайд Шагдаржав, зөвлөх Греднев нар Оспантай уулзав.
Үүний дараахан буюу 1944 оны 3 сарын 1-нд Ховдын Булган сумын төвд Оспаныг баяр ёслолын байдалтай хүлээн авч орос винтов 395, сум 200,000, хөнгөн пулемёт 30, хүнд пулемёт 6, автомат 45, гранат 2000-ыг цэргийн яамны хэлтсийн дарга дэд хурандаа Сүхбаатарын Галсан гардуулж өгсөн байна.
1944 оны 3 сарын 5-нд Оспан, маршал Чойбалсанг тусгай бэлдсэн монгол гэрт урин ирүүлж уулзжээ. Удалгүй “Босогчдод туслах цэргийн групп” байгуулж улмаар түүнийгээ цэргийн зөвлөл болгон өргөтгөснөө сүүлд нь бүр “Алтайн эрх чөлөөт хасгийн түр засгийн газар” гэсэн нэр өгч, Оспаныг “Баатар хаан” хэмээн өргөмжлөв. “Баатар хаан” Оспан ч гоминданы Хятадыг балбаж эхлэв. 1944 оны 3 сарын 11-нд Хятадын цэргийн Лю Зухайн дивизийн гол хүчинд монгол, зөвлөлтийн нисэх эскадрил, цөөн хүнтэй морин цэргийн хүчээр Оспантай хамтран цохилт өгөв.
1945 оны зуны дунд үе гэхэд Шинжааны Алтайн босогчид баруун хойт хэсгийн Или Тарвагатайн аймгийн босогчидтой нэгдэн гоминданы хятадыг үндсэндээ шахан зайлуулж чадсан байна.
Ингээд одоогийн хятадын нутгийн бараг тал нь буюу Алаша хүртэлх өргөн уудам нутаг зөвлөлтийн гарт орж ирэв.
1945 оны 9 сард зөвлөлтүүд энэ нутаг дэвсгэр дээр Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулж шинэхэн улсынхаа Засгийн газрын ерөнхий сайдаар Алейхаан гэгч хүнийг тохоон томиллоо. Энэ том улсын бүрэлдэхүүнд Шинжааны Алтай аймгийг оруулж аймгийн тэргүүнээр нь “Баатар хаан” Оспаныг баталжээ.
Оспанд ёстой л газар тэнгэр хөмрөх шиг санагдсан байхдаа, үүнийг би санахдаа өөлдийн Амарсанаагийн үйл явдалтай таацуулан боддог бөгөөд түүх давтагддагийн нэг жишээ, их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр мэт.
4.ОСПАНЫ ТӨГСГӨЛ
1945 оны дунд үеэс эхлэн Оспан монгол улсын баруун хил хязгаарыг байнга зөрчин дээрмийн чанартай халдлага өдүүлэх болов. Тэрээр хилийн цэргийн болон хил орчмоор оршин суугчдыг олзлон аваачиж эрүүдэн тамлах, эд хөрөнгө, мал хүнс дээрэмдэх зэргээр онц хэрцгий авирлаж эхлэв.Оспаны энэ үйл ажиллагааг таслан зогсоох улмаар Оспаныг устгах асуудал монголын ДЯЯ-ны өмнө нэн чухал асуудал болон тавигдлаа. Энэ асуудлыг монголын тал өөртөө бүрэн авсан бөгөөд овоо босгосон орос эзэд ор сураггүй алга болсон мэт байв.
Оспаныг устгах талаар явуулсан ажиллагаанууд дотроос хоёрыг сонгон авч уншигч та бүхэндээ товчхон толилуулъя.
Оспаны үйл ажиллагаанд хил орчмын ардууд ихэд жигшин дургүйцэж даруй сөнөөн дарахад бүхий л талаар тусалж байлаа. Оспан маш их хартай, харуул хамгаалалт сайтай, газар нутгийн байдлаа сайн мэддэг учир богино хугацаанд байрлалаа хурдан өөрчилдөг зэргээс шалтгаалан түүнийг тохиолдлын газар устгачихаж болохгүй байлаа. 1948 оны 1 дүгээр сард Оспан руу Өбчин овогтой Сагадай гэдэг хүнийг оргодол маягаар явуулав. Сагадай нь 1909 онд Шинжаан мужийн Хар Булган гэдэг газар төрсөн, 1933 онд Монголд амьдрахаар нүүж ирсэн хүн байлаа. Сагадай Оспаны дэргэд очоод түүнд итгэгдсэнээр барахгүй хамгийн ойр дотно шадар хүмүүсийнх нь нэг болжээ. Тэрээр Оспаныг боломж гармагц устгах даалгавар л хүлээж байлаа. Гэтэл яагаад ч юм төвөөс тийм даалгавар ирэхгүй байж байтал Оспан Сагадайг өөрийнхөө хамгийн шилдэг эрчүүд гэгддэг хорь шахам хүмүүсийн хамт гэртээ дуудуулжээ. Очтол Оспан, шилдэг 21 эрийнхээ даргаар нь Сагадайг томилж Монголын хилийн цэргийн дарга нараас хэн нэгийг нь эсвэл торгууд нараас нэг хүнийг амьд хэл болгон барьж ирэх даалгавар өгөв.
Сагадай хэсгээ удирдан 1948 оны 5 сарын 27-ны шөнө Хавтаг уулын орчмоор хил нэвтэрч, 6 сарын 1-нд Ховдын Булган сумын нутагт ирлээ. Нэг бол өөрийнхөндөө алуулах, эсвэл оспаныханд алуулах эгзэгтэй мөч Сагадайд тулгарав. Гэвч тэр ухаан сийллээ.
Сагадай хэсгээ хоёр хувааж ихэнхийг нь Булган голын өмнөх Ээвийн улаан үзүүрт нутаглаж байгаа торгууд айлаас амьд хэл олзлох даалгавар өгөөд өөрөө нөгөө хэсэгтэйгээ хамт Булган сумын ойролцоох Цөөхөр нуурын хөвөөнд тэднийг хүлээж байхаар тохирчээ. Хэл баривчлах хэсэг явсны дараа Сагадай бид энд хүлээхээ болъё. Баян суудлын Хар үзүүрт байгаа манай хасгийн хуучин өвөлжөөнд очиж хүлээе. Та нар тэнд яаралгүй сэмхэн яваад оч. Би энэ тухай нэг чухал даалгавар нөгөө хэддээ өгөхөө мартсан тул очиж хэлээд ирье гээд ганцаараа салж амжсан байна. Сагадай Булган сумын төв дээрх тагнуулын тасагт ирж болсон явдлаа дуулгав. Мэдээг авсан монголын хилчид тэднийг бүслэн авч 4 хүнийг алж, 3 хүн баривчилжээ. Бусад нь зугтааж амжсан байна. Энэ тулгаралтад хилийн албаны офицер Лхагвадорж, бэлтгэл офицер ард Халтмат нар амь үрэгдсэн бөгөөд Лхагвадорж улсын баатар болжээ.
Сагадай ирснийхээ дараа “... Та нөхөд анх намайг явуулахдаа бүрэн итгэж даалгасан бол би Оспаны дэргэд очсоныхоо дараахан л тун түвэггүйхэн тонилгочихоод толгойг нь авч ирэх байсан юм. Намайг өвдөж байгаад эдгэрсний дараа Оспан нэг өдөр уулзаж – Би суурьшил алдаж зүдэрлээ. Чи ч шоронд орж арай чарай гэж ирээд өвчилж хүнд зовлон эдэлж явна, хоёул морь унаж хээр салхинд явж уйтгар гунигаа сэргээе гэв. Ингээд бид хоёулахнаа хоёр сайн морь унаж Оспан өөрөө маузер, дуран зүүж, надад нэг винтов өгөн гэрээсээ 20 км алс гарсан. Бид айл амьтангүй элсэн дунд зугаалан бүтэн өдөржин явахдаа Оспан мориноосоо бууж элдвийг сонирхон, ялангуяа тогтмол үйлддэг мөргөлийнхөө цагт морь буугаа над өгөөд мөргөлөө хийж байсан юм. Яг энэ үед нь би түүнийг алж элсэнд булчихаад явчихаж болох байсан боловч ийм даалгавар аваагүй учир аль нэг талаар буруудахаас болгоомжлон тэвчин өнгөрөөсөн юм. Харин сүүлд нууц хайрцагтай бичгийг авч үзээд энэ нь Оспаныг алаад баримт болох зүйл авч ир гэсэн үг болохоос зайлахгүй гэж бодоод дээрх байдлаар дахин тийм завшаантай үе тохиолдвол алъя гэж бодож явтал Оспан гэнэт даалгавар өгч нааш явуулчихлаа” хэмээн харамсангүй ярьж суужээ.
Үүний дараа Оспаныг устгахаар улсын баатар Дандар ахлагчтай хэсэг хоёр удаа оролдсон боловч амжилт олсонгүй. Эхний удаа Оспаны байрлаж байгаа гэж мэдэгдсэн таван гэрийг бүслэж автомат, винтовоор нэг зэрэг галлажээ. Тэдний эсрэг хэн ч гарч ирсэнгүй. Дандарынхан үүргээ биелүүллээ. Оспаныг устгалаа гэж үзээд хойш буцсан байна. Гэтэл тэнд болсон үйл явдлын үр дүнд ганцхан эмэгтэй хүүхдийн хөл шархадсанаас өөр ямар нэг хохирол гараагүй болох нь хожим тодорхой болжээ. Хоёр дахь удаад нь Оспан зүүн өмнө зүгийн битүү аманд бүгсэн учир хэсгийнхэн очиж чадалгүй буцжээ. Үүнээс хойш түүнийг устгах томоохон оролдлого хийгээгүй байна. 1949 оны 9 сард Шинжааны засгийн газар Хятадын Коммунист Нам, ХАЧА-д бууж өгөхөө албан ёсоор зарлав. Энэ үеэс эхлэн Шинжаан, Ган-су мужид гоминдаан, америкийн даалгавраар ажиллаж байсан бүлэглэлүүд Шинжааны төв, Урүмчид сууж байсан америкийн дэд консул Дуглас Маккараны заавраар Оспаныг тойрон нэгдсэн байна. Дараахан нь Маккаран ч өөрөө Оспан дээр хасгийн нөлөө бүхий том эздийн хамт ирж нийлжээ.
Д.Маккаран тэнд 1 сар гаруй хугацаанд байж байгаад Түвдээр дамжин Энэтхэг явсан байна. Оспан 1950 оны 4 сараас эхлэн ХАЧА, Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж, сарнин бутрав. Оспан 1951 оны 2 сарын сүүлчээр Энэтхэг рүү оргон гарах гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газар ХАЧА-ийн ангид баригдаж Урүмчи хотод хүргэгдэн тэндээ цаазлагджээ. Олны өмнө дүүжлэн хороосон гэдэг.
Түүхэнд өгүүлсэн “Гоминданы зүгээс монголын энх цагийн бүтээн байгуулалтыг таслахын төлөө байнга хил зөрчиж байв” гэсэн нэг өгүүлбэрийн цаадах бодит үйл явдал ингэж өрнөжээ.
Архивын Ерөнхий Газрын дарга доктор
Дэмбэрэлийн Өлзийбаатар
Дэмбэрэлийн Өлзийбаатар
No comments:
Post a Comment