Friday, 31 December 2010
Хэлний шинжлэлийн ухааны доктор, ардын билэг зүйч, угсаатны зүйч, зохиолч, орчуулагч, академич Бямбын Ринчен багш (1905- 1977)
Монголын алдарт бичгийн мэргэдийн нэгэн болох Бямбын Ринчен агсаны өв их сургаалаас уншигч танаа толилуулан барихын өмнө түүний товч намтарыг хүргэх нь зүйтэй хэмээн саналаа.
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагт (одоогийн Алтанбулаг сум)-д төржээ. Яс угсаа Буриад монгол. Овог Еншөөбүү. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд Орос, Чех, Польш, Франц, Англи, Герман, Эсперанто хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ.
Бямбын Ринчен нь "Цогт тайж" киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. "Үүрийн туяа" гурамсан роман, "Заан залуудай" балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа", "Ану хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Максим Горький, Владимир Маяковский, Михаил Шолохов, Ги Де Мопассан, Назым Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment