Thursday 27 January 2011

Сайд ноён хутагт Дамбийжанцан

Хорьдугаар зууны Монголын Улсын түүхэнд өөрийн ул мөрөө үлдээж чадсан харийн хүмүүсийн нэг яах аргагүй олноо Жа багш хэмээн алдаршсан Сайд ноён хутагт Дамбийжанцан юм. Тэрээр 1890-ээд оноос Хаант Орос улсын харъяа Халимаг-Торгуудын нутгаас Оросын Эзэн хааны зарлигаар Ар Монголыг тагнахаар ирсэн ба хожим Эзэн хааныхаа зарлигыг зөрчин Монгол улсын эрх ашгийн төлөө зүтгэсэн байдал нь түүнийг монгол цустай, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн байсныг харуулж байна. Дамбийжанцан Халхын Засагт хан аймгийн нутаг,  Дөрвөдийн зүүн баруун хоёр аймгийн нутагт “Жа багш” хэмээн алдаршсан нэгэн.
Дамбийжанцан нь Ховд хотыг чөлөөлөх дайнд Хатанбаатар бэйл Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нарын хүсэлтээр өөрийн 500 орчим цэргийг удирдан оролцон гарамгай гавъяа байгуулсан билээ. Түүний байгуулсан гавъяаг үнэлүүлэхээр Хатанбаатар бэйл Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нараас удаа дараацан Монгол Улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагтад захидал бичиг илгээн, Дамбийжанцанд Богд Эзэн хаанаас “Их монголын Зарлигаар өргөмжлөсөн баруун хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайд Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт” хэмээх цолыг өндөр хишгийн хамт хүртээсэн төдийгүй, Монгол Улсын Засгийн газраас Дамбийжанцанд шавь хошуу байгуулан өгч, тамгыг цутган өгсөн аж. Дамбийжанцан Богд эзэн хаанаас хишиг хүртсэнийхээ дараа Богд эзэн хаанд явуулсан бичигтээ “...Богд эзэн хэтэрхий сайшаан  олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайд тавьсан бас дараагаар Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр ноён хутагт номун хан цол өргөмжилж хүртээсэнд маш тэсгэлгүй баярлан зүтгэжээ, гэтэл үүний урьд баруун хязгаарын байдал төрх үнэхээрийн түгшүүртэй учраа, сайд хутагт миний газраас харъяат Дөрвөдийн зэрэг олон газраас бүгд гурван мянган илүү цэргийг дайчлан зарлаж хоромхон зуур хуралдуулж захиран авч, энэ он арван нэгэн сарын арван зургаанд Ховдын тус ойр гурван салааны газраа ирж, басхүү сайд бэйс Магсаржав мөн хүрч ирсэнд цэргийн элдэв хэргийг хамт боловсортол зөвлөлдөн шийтгэцгээж бүхүй дор огоот санамсаргүй мөн сарын хорин долооны нохой цагт хүлээн авсан Дотоод яамнаас уламжлан Дээд зарлиг буулгаж, шавь боол Дамбийжанцанд хязгаарын элдэв хэргийг шийтгүүлэхүйд хутагтын тамга шагнан олгуулж, бэйс Аюурзанад тушааж хүргүүлсэн зэрэг явдлыг сийрүүлэн гаргаж хүрч ирсэн цагт Дамбийжанцан би маш тэсгэлгүй дэвхцэн баярлаж хүжийн ширээ жагсааж  тэнгэрийн зүг хандаж ёслон мөргөжээ. Мэхийж хянаваас Дамбийжанцан  болваас нэгэн тусгаар улсын доорд шавь боол Богд эзэн удаа дараагаар хишиг зарлиг буулгаж өргөмжлөн улмаар хүнд тушаал сахилгыг дараацан хүртээсэн нь үнэхээрийн баярлавч барахгүй, үүнд дан ганц эл хязгаарын элдэв хэрэгт үнэхээрийн бие эцэстэл хичээнгүйлэн хичээж, чадахын чинээгээр цаг үргэлжид нойр зүүдэнд боловч сэрэгдэж чин үнэнхүүгээс өчүүхэн бага хариулан зүтгэхийг шамдан хичээмүй... “ хэмээн өгүүлсэн. Энэ нь түүний Монгол Улсын тулгар төрд үнэнчээр зүтгэх санааг илэрхийлсэн болно.
Тэрбээр Богд хаант Монгол Улсын тулгар төрд зүтгэхдээ Монгол Улсын  гол бодлого болох Нэгдсэн Монгол Улс байгуулах явдлыг хэрэгжүүлэх үүднээс хилийн чанад дахь Монгол аймгийн чухам чуулганы тэргүүдэд бичиг захидал явуулан, Богд хаант Монгол Улсад дагаар орж, шинээр тамгыг цутгуулахыг ухуулж байсан байна.
Сайд ноён хутагт Дамбийжанцан шавь хошууг байгуулсныхаа дараагаар  Дэчинровжалин хийдийг шинэчлэн байгуулж, Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийн лам хувраг нарыг цуглуулан, Баруун хязгаарт шашин суртлыг шинэтгэн сэргээхийг зорилго болгохын сацуу Богд эзэн хааны түмэн өлзийг батжуулахаар ном уншуулж залбирал үйлтгүүлж байжээ. Одоогийн Говь-Алтай аймгийн хууччуул “Жа багш” хэмээн түүний эрдэм чадлыг ихэд хүндэтгэн бишрэн, түүнтэй холбогдох аман түүхийг үеийн үед ярьсаар байна. Нэгэн аман түүхийг энд товчхон өгүүлбэл, “Засагт хан аймгийн Дайчин бэйлийн /Говь-Алтай аймгийн Тонхил сум/ нутагт Сайд ноён хутагт морьлон саатаж, мөргөл хийхээр ирсэн нутгийн олныг адислахдаа нэг хүүхнийг адислалгүй орхисон гэнэ. Түүнээс хожим асуун лавлахад тэр хүүхнийг чөтгөр шулам шүглэсэн хүүхэн тул адисласангүй гэжээ. Хожим тэр хүүхний ханилсан хань бие барж, гэр орон нь шатсан ба өөрөө ганц биеэр амьдран насыг барсан.”
Сайд ноён хутагт Дамбийжанцанг харгис хэрцгий, алан хядагч байсан хэмээн үзэх нь тун буруу ойлголт юм. Дамбийжанцан хэрмэл тэнэмэл дээрэмчдийг өөртөө итгүүлэн нэгтгэсэн нь тэдгээр дээрэмчдийн хэрмэл тэнэмэл явдлаас энгийн олон ардыг сэргийлэн хамгаалсан хэрэг болсон байх магадлалтай. Өөрт нэгдэн орсон тэдгээр дээрэмчдийг тогтоон барихын тулд дэглэм тогтоож, дэглэмийг үл зөвшөөрснийг нь харгисладаг байжээ. Баруун хязгаарт удаа дараацан халдаар ирж баруун хязгаарын ард олныг түйвээн эд хөрөнгө, эмс охидыг дээрэмдэгч харгис балмад хасаг нарыг Сайд ноён хутагт Дамбийжанцан даран сөнөөж байв. Үүнээс улбаалан Баруун хязгаарын нутаг болох Засагт хан аймаг, Дөрвөдийн зүүн баруун хоёр аймгийн ард олон түүнийг Жа багш хэмээн хүндэтгэх болсон юм.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр оны /1914 он/ илүү арван хоёр сарын хорин зургаанд Монгол улсаас санаа урваж тэрслэн оргож Оросын хязгаарт орсон хасгуудыг хүчээр хураах хэрэгт томилон гаргасан хэмээх гурван орос түшмэл тавин цэрэгтэй ирсэн ба тэдэнд гэр хэрэглэл, морины тэжээл өвс зэрэг зүйлийг Монголын талаас нийлүүлэн өгсний маргааш өдөр хорин долоонд дахин хоёр орос түшмэл зуун цэрэгтэй нэмэн ирээд Сайд номун хан ноён хутагт лугаа уулзаж зөвлөн шийтгэх албаны хэрэг буй хэмээн хэлж гурван орос түшмэл цэргүүдийн нэгэн думдуурыг авч Хатанбаатар Магсаржавын хамтаар мордоод, сайд хутагтын суусан газарт хүрч гэнэт цэргээр хүрээлэн жагсаж сайд хутагтыг тус улсын хааны зарлигийг дагаж барьж аваачмой хэмээн хэлж шууд барин авчээ. Сайд ноён хутагт Дамбийжанцанг Орос улсад баригдсаны хойно түүний нэрийг ашиглан ашиг хонжоо олохыг санаархсан хэргүүд удаа дараа гарч байсныг архивын баримтууд нотлож байна.
“Жа лам эхлээд Томскт жил хэртэй хоригдож байгаад Якут руу цөлөгдсөн байна. Тэндээс Астраханд хүргэгдээд 1918 он хүртэл хоригдож байв. Гэтэл 1917-1918 оны бужигнаанаар суллагдаад, Сэлэнгээр /Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар орж ирсэн болно. Г.Намнансүрэн/  дамжин дахин Монголд орж иржээ. Хуучин дагалдагсад нь түүнийг талархан угтаж авлаа. Түүний нөхөр, туслагч байсан Жалханз хутагт түүнтэй Улиастайд уулзаад, Монголын баруун өмнөд хязгаарт байсан орлогч асан Жалцан бэйсийнд /Засагт хан аймгийн чуулган дарга Дайчин засаг хошууны бэйс Жалчингомбодоржийг хэлж байна. Г.Намнансүрэн/  хүргэж өгчээ” хэмээн Үндэсний Төв Архивын эрдэм шинжилгээний ажилтан Л.Хантөгс өөрийн эрхлэдэг блог дээр өгүүлсэн байна.  1918 онд Орос улсад үүссэн самууныг далимдуулан Дамбийжанцан Монголд Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар орж ирэн, Жалханз хутагтын хүрээнд очиж Самиди багш Жалханз хутагттай уулзаад, багш шавь барилдсан гэх Засагт хан аймгийн чуулган дарга Дайчин засаг хошууны бэйс Жалчингомбодоржийн хошуунд очсон гэдэг. Хоёр дахиа Монголд орж ирсэн Дамбийжанцанг Л.Хантөгсийн бичсэнчлэн талархан угтаж аваагүй ба харин ч түүнийг Монголын төр, ноёд түшмэд хүлээж авахаас татгалзаж байсан байна. Харин Дайчин бэйс Жалчингомбодорж урдын багш шавь барилдсан ёсыг санан Дамбийжанцанд шавийн ёсоор хандаж, хоол унд, гэр хэрэглэлээр туслаж байсан болно.
Дашрамд өгүүлэхэд Сайд ноён хутагт Дамбийжанцан чухам хэн болох, ямар бодлоготой байсныг харуулахын тулд түүнтэй холбогдох Үндэсний Төв Архивт хадгалагдаж буй бүх баримт бичгийг эмхтгэн, тун удахгүй нийтийн хүртээл болгохыг өчүүхэн би зорьж байна.

1 comment:

  1. Orosiin tagnuul gdg bol shal hudlaa.Bi sonirhoj baisan

    ReplyDelete