Wednesday 12 January 2011

Хүрээ хийд бол архитектурын чуулга мөн


Монголын сүм хийд бүхэн бурхан шүтээний янз бүрийн байгууламжаас цогцлон бүрдэж байжээ. Хэлбэр маяг, архитектур хийцээрээ харилцан адилгүй мөртлөө хоорондоо тодорхой холбоо бүхий олон янзын шинж байдалтай сүм хийдүүдийн өөр өөр хэлбэр хэмжээтэй байгууламжууд нь архитектурын нэгэн нэгдмэл, горим, зарчимд захирагдаж байсан байна.      Сүм хийдийг байгуулахдаа газраа чадамгай сонгон авч орчин тойрны байгалийн байдалтай яв цав зохицуулдаг байсан учир барьж байгуулсан хийд нь өв тэгш нэгдмэл архитектурын чуулга болж чаддаг байв. Хүрээ хийд байгуулах газрыг сонгон авахдаа уг хийдийн сүм дуганы чухам ямар цэг дээр тухайлбал алтадсан ганжир, жанцан чойж-хорол зэргийн чухам алин дээр нь нарны туяа хэдийд хэрхэн тусахыг хүртэл харгалзан бодолцдог байжээ.
     Хүрээ хийдийн сүм дуганы чуулганы өнгө үзэмжийг хүний нүд булаахуйц байлгахын тул түүний будаг шунхыг тохируулах явдал багагүй ач холдогдолтой байсан байна. Монголын сүм дуганууд нь хятадынхыг бодвол гол төлөв цайвар буюу цагаан өнгөөр буддаг тул орчин тойрны байгалиас дурайтал ялгардаг байв.
     Сүм хийдийн олонхийг өндөрлөг газар барьж байгуулан, хурц цайвар цагаан өнгийн будгаар буддаг учраас зам дагуу яваа хүмүүсийн сэтгэл алс тэртээгээс татагддаг байна.
     Сүм хийд барьж байгуулах газрыг сонгон авах, түүний суурийг тавихдаа тусгай ёслол хийж гүйцэтгэдэг бөгөөд үүнтэй холбогдсон баяр ёслолыг үйлдэх өдрийг лам нар тусгайлан тогтоодог байжээ.
     Сүм хийдийн чуулгыг барьж бүтээх, түүний дотор тавигдах бурхан шүтээний бүх байгууламж тус бүрдээ сүмд орж ирсэн мөргөлчин хүн бүхний сэтгэл оюунд асар их нөлөө үзүүлж, бурхан шүтээн, лам хуврагт өөрийн эрхгүй бишрэн шүтэх сэтгэлийг төрүүлэхүйц байх хэрэгтэй гэж уран барилгачдаас захиалагчид шаарддаг байна. Ийм учраас уран барилгачид, лам нарын энэ хэрэгцээ, шаардлагад тохируулахын тулд барилга байгууламжийг чимдэг байв. Жишээ нь: сүмийн дээврийн өнцгийн яс модны үзүүрт лууны толгой сийлж, янз бүрийн хонх зүүдэг байсан нь салхины аясаар хөдөлж, хүн бүхний чихнээ жингэнэн сонсогдох сонин дуу чимээ гаргадаг байв. Олон хонхны энэ жингэнээн сүсэгтэн хүмүүсийн сэтгэлд баясал төрүүлж, тайван амарлингуй болгодог байжээ. Түүнчлэн монголын уран барилгад хэрэглэж байсан ганжир, жанцан, хүрд, Чойж-хорол, бойпор, арслан зэрэг нь сүм хийдийн чуулгын бүрэлдэхүүнд байдаг архитектур, гоёл чимэглэлийн зүйл байлаа.



 Ганжир
Сүмийн орой дээр байдаг шармал зэсэн чимэглэл юм. Ганжирын доторх хөндий зайд “маани” хэмээх хэвлэмэл уншлага хийдэг байжээ.
Жанцан
Энэ бол модон шонд угласан хөндий бортгыг хэлнэ. Жанцангийн хөндийг мөн л уншлагын номоор дүүргэдэг байжээ. Жанцанг шармал зэсээр хийх бөгөөд гадна талд нь элдэв дүрс хэлбэн товойлгож гаргадаг байна. Бас жанцанг ногоон, шар, цагаан, улаан, хөх, хар зэрэг олон өнгийн даавуу бөсөөр хийх ёс ч байв. Сүм дуганыг сүрлэг үзэмжтэй болгохын тулд шашны ёс дэглэм шаардлагын дагуу эдгээр алтадсан жанцанг сүм бүрийн орой дээр хоёр буюу эсвэл дөрвийг дээврийн дөрвөн өнцөгт юм уу орой ирмэг дээр нь босгодог байжээ.
 Хүрд
Хүрд бол тусгай гол дээр суурилуулсан эргүүлэх боломж бүхий их бага хэмжээний хөндий сав бөгөөд сүсэгтэн хүнийг ном уншиж бурханд мөргөх явдлыг ихээхэн хөнгөвчилж механикжуулсан байгууламж юм. Хүрдний дотор “маани” олон хуудас дармал ном хийдэг байжээ. Хүрдийг хэдхэн сантиметрээс эхлэн хэдэн метр хүртэл хэмжээгээр мод, төмөр, гууль зэрэг материалаар хийдэг байна. Сүсэгтэн хүн хүрд нэг эргүүлэхэд түүний дотор байгаа ном зохиолыг уншсантай адил буян хураана гэдэг байв. Зарим сүм хийдэд салхины хүчээр эргэлддэг хүрд ч байсан бөгөөд иймэрхүү салхин ажиллагаатай механизм бүтээсэн хүн бол өөрийгөө нүгэл хилэнцээсээ бүрмөсөн ангижрууллаа гэж боддог байв. Мөн усны хүчээр эргэлддэг хүрд ч байдаг байна.
Чойж-хорол
Энэ бол буддын билэг тэмдгийн гол зүйлийн нэг бөгөөд шашны сургаалын дагуу үйлдсэн найман цацрагт дугуй юм. Хоёр талд нь хоёр согоо байна. Чойжхоролыг сүм дуганы хаалганы оройд дээврийг голлуулж байрлуулна.
 Бойпор
Дотор нь үнэртний зүйл агуулдаг ширмэн савыг хэлнэ. Бойпорт арц, хүж зэрэг үнэртэн шатааж, гол сүмийн ойр орчим, үүд хаалгыг утаж “ариутгадаг” байна.
Зулын байшин
Энэ нь бага зэргийн цамхаг мэт байгууламж бөгөөд шилэн хоргоны дотор том зул тавьж үдшийн цагаар асаадаг байна. Зулын байшинг “далдын хүч чадалтай” хэмээн итгүүлэхийн тулд хийдийн өмнөд этгээдэд төв талбай дээр нь байрлуулдаг байжээ.
Арслан
Харуул хамгаалалтын тэмдэг болсон чулуугаар хийсэн арслангийн дүрсүүд юм. Арсланг голчлон бурхан шүтээний байгууламжинд орох хаалганы хоёр талд хос хосоор нь тавьдаг. Хятадууд арсланг гол төлөв ширэм, зэсээр хийдэг байсан бол монголчууд чулуугаар хийдэг байна.

Суврага
Сүм хийдүүд дэх бурхан шүтээний байгууламжуудын нэг зүйл бол эртний Балба ба Энэтхэгээс гаралтай суврага юм. Суврага гэдэг Энэтхэгийн одон орны судлалын ухаанд тодорхойлсноор “Тэнгэрийн хааны нутаглаж суусан Мөр уулыг дүрсэлсэн” дугуй ба дөрвөлжин хэлбэртэй байгууламж гэдэг.
Буддын шашин дэлгэрсэн бүх орны үгсийн санд суврагыг “Дагоба”, “Чоддин”, “Пагода” буюу ”Таа” гэх зэрэг янз бүрийн нэрээр нэрлэн тэмдэглэж байжээ. Буддын ёсоор суврагыг тодорхойлбол суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу ямар нэгэн түүхт үйл явдалд зориулж, уул үйл явдал болсон түүхт газарт барьж байгуулдаг барилга юм. Өөрөөр хэлбэл суврага нь дурсгалын ба хутагт хувилгаадын шарилыг сахиулан хадгалах хадгаламжийн байр бөгөөд харин түүхэн хөгжлийнхөө явцад хоёрдмол утга санааг тусгасан байна. Монголын сувраганууд нь өөрийн утга санаагаар Балба буюу Энэтхэгийн суврагатай адилавтар боловч архитектурын хэлбэрээр тэдгээрээс нилээд ялгагддаг байна. Энэтхэгийн суврагыг бодвол монголын суврага нь сэнтэй, бумба, чонхор гэдэг 3 үндсэн хэсгээс бүрддэг байшин маягийн нилээд нарийн хийцтэй барилга юм.

Хийд
Их төлөв аглаг ууланд барьсан сондгой ганц буюу бөөн хэсэг сүм дуганы барилгатай, лам нарын суух хороолол бүхий байгууламжийг хэлнэ. Жишээ нь: Манзширийн хийд, Бэрээвэн хийд г.м.
Хүрээ
Зохион байгуулалттай байрлуулсан иж бүрэн хэд хэдэн дуганаас бүрдсэн сүм хийдийг хэлэх бөгөөд түүний эргэн тойронд лам нарын суурин байрласан байна. Хүрээ нь гол төлөв дугуй хэлбэртэй байдаг байдаг байна. Хүрээлж, дугуйрсан хэлбэртэй энэ зохион байгуулалтыг “Хүрээ байрлуулалтын зарчим” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ зохиомж цогцолборын арга барил бол маш эртний уламжлалтай.

No comments:

Post a Comment