Thursday 27 January 2011

Халхын Очирбат сайн Түшээт хан нарын уг эх

Халхын Очирбат Түшээт ханы хэргэмийг нийт 15 хүн залгасан бөгөөд тэдгээр уг эхийн талаархи баримт материал Үндэсний Төв Архив болон Үндэсний Төв Номын  сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Мөн эрдэмтэн С.Ичинноров абугай өөрийн “ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД БА ТҮШЭЭТ ХАНЫ ХОШУУ” хэмээх бүтээлдээ ч Түшээт хан нарын   уг эхийг бүрэн оруулсан байдаг.
     “ЗАРЛИГААР ТОГТООСОН МОНГОЛ УЛСЫН ШАСТИР”-т Халхын Очирбат Түшээт хан нарын уг эхийн тухай ийн өгүүлсэн байна.

     “...Түшээт хан аймаг хэмээгч манай Халхын дундадахь зүүн зам мөн. Үүгээр Сүсэг хүчин төгссөн номун Очирбат Түшээт хан Доржсүрэнхоролжавын уг эхийг байцааваас, Доржсүрэнхоролжав Юан улсын Тайзу хааны үр Гэрсэнз Жалайр хун тайжийн залгамжир, Боржигэд овог, Хияд яс, уг өвөг язгуурын түшмэл байгуулсан Сүсэг хүчин төгссөн Очир сайн хан Чахундорж, Түшээт хан Гомбын /Гомбодорж/ ахмад хөвгүүн. Чин улсын Энх Амгалангийн  27-р онд дагаар оровой. 30-р онд хаан Долон нуурт өөд болоор одоод хурим хуримласанд Чахундоржийн хан цолыг хэвээр агуулан. Түүний ахмад хөвгүүн Галдан- доржийг ван өргөмжилж, албат ардыг сум зохиож Чахундоржийг хуучин хэвээр есөн цагааны алба бариулах явдлыг тогтоожээ. 39-р онд үгүй болжээ. АНХ удаа залгамжилсан нь ван эфү Дондовдорж, Чахундоржийн ач хөвгүүн. Энх Амгалангийн 39-р онд хан залгамжилжээ 41-р онд шилжүүлжээ. ХОЁРДУГААР удаа залгамжилсан нь Равдандорж, Чахундоржийн хоёрдугаар хөвгүүн. Энх Амгалангийн 41-р онд хан залгамжилжээ. 58-р онд үгүй болжээ. ГУРАВДУГААР удаа залгамжилсан нь Ванжилдорж. Равдандоржийн ахмад хөвгүүн. Энх Амгалангийн 58-р онд хан залгамжилжээ. 60-р онд Халхын Очирбат Түшээт ханы тамга хэмээх тамга шагнан олгуулж, Орос улсын захын хэргийг даалган шийтгүүлжээ. Найралт Төвийн 5-р онд чуулганы дарга талбижээ,  10-р онд үгүй болжээ.  ДӨРӨВДҮГЭЭР удаа эалгамжилсан нь Түдэндорж, Ванжилдоржийн хоёрдугаар хөвгүүн. Найралт Төвийн 10-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 11-р онд чин вангийн пүнлүүгээс илүү нэмж, мөнгө 2500 лан, торго дөчийг олгуулж, монгол ёсны хорин таван эайсан. далан таван хиагийн дотроос хорин таван түшмэл хиад зэрэг ялгаж отго хадуулжээ. Тэнгэрийн Тэтгэсний 8-р онд үгүй болжээ. ТАВДУГААР удаа залгамжилсан нь Дондовдорж, Түдэндоржийн дүү. Тэнгэрийн Тэтгэсний 8-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ.        10-р онд үгүй болжээ. ЗУРГАДУГААР удаа залгамжилсан нь Ямпилдорж, Дондовдоржийн ах. Тэнгэрийн Тэтгэсний 10-р онд Очирбат Түшээт хан эалгамжилжээ 13-р онд Хан уулын чуулганы даргын тамга олгуулжээ. Орос улсын захын хэргийг даалган басхүү Жавзандамба хутагтын Хүрээний хэргийг хамт шийтгүүлжээ. 23-р онд үгүй болжээ. ДОЛДУГААР удаа залгамжилсан нь Цэдэндорж, Түдэндоржийн хоёрдугаар хөвгүүн. Тэнгэрийн Тэтгэсний 24-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 30-р онд Халхын зүүн гарын цэргийг захирах жанжин талбижээ. 31-р онд урамдлын авд одсонд Жан чин мэнд явуулан гурван нүдний тогосын отго, шар хүрэм шагнан олгуулжээ. 34-р онд шадарт явуулан харавтар улаан жолоо шагнан олгуулжээ. 37-р онд шар жолоо шагнан олгуулжээ. 42-р онд туслагч жанжны тамгийг шилжүүлж чуулганы дарга талбижээ. 48-р онд өөр хүнд улаа унах тэмдэг бичиг олгосон зэрэг хэрэгт шадрыг байлгаж отго хүрмийг татжээ. 49-р  онд Гэрэн хотын газраа бараалхсанд хэвээр отго шагнан хадуулжээ. Дараагаар Жан чин мэнд явуулан, шар хүрэм шагнан олгуулжээ. Тавин гуравдугаар онд шадарт явуулжээ. 55-р онд Халууныг зайлах ордонд бараалхан Жавзандамба хутагтыг харгалзаж хойш буцаажээ. 58-р онд Эрдэнэ бандид номун ханы хувилгааны хэргийн учирт хан хэргэмийг байлгажээ. НАЙМДУГААР удаа залгамжилсан нь Минжүүрдорж, Цэдэндоржийн хөвгүүн. Тэнгэрийн Тэтгэсний 58-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. Мөн онд гурван нүдний тогосын отго хадуулжээ. 59-р онд үгүй болсонд 500 лан мөнгө буулгаж сайн хэрэг үйлдүүлэн басхүү түүний эцэг Цэдэндорж /46/ язгуураас олсон ял хүнд үгүй бас чин үнэнхүү санаагаар хишгийг сүслэж явсан учир хэргэмийг хэвээр дахиултугай хэмээжээ. ЕСДҮГЭЭР удаа залгамжилсан нь Цэдэндорж. Тэнгэрийн Тэтгэсний 59-р онд дахиж Очирбат Түшээт хан залгамжилжээ. 60-р онд дараа дараагаар Жан чин мэнд явуулан шар хүрэм шагнан олгуулжээ. Сайшаалт Ерөөлтийн тэргүүн онд торго шагнан олгуулжээ. 4-р онд чуулганы дарга талбижээ. 20-р онд үгүй болсонд 500 лан мөнгө буулгаж сайн хэрэг үйлдүүлжээ. АРАВДУГААР удаа залгамжилсан нь Ойдовдорж. Цэдэндоржийн тавдугаар хөвгүүн. Сайшаалт Ерөөлтийн 20-р онд Очирбат Түшээт хан эалгамжилжээ Урьд урамдлын авд одсонд шар хүрэм шагнан олгож Жан чин мэнд явуупжээ. 22 онд урамдлын авд одсонд гурван нүдний тогосын отго шагнан хадуулжээ. 23-р онд туслагч жанжин талбижээ. Төр Гэрэлтийн тэргүүн онд хааны баримтаг нэг. оюу эрх нэг. хавтага хошоод хосыг шагнан олгуулжээ.  2-р онд шадарт явуулан булган дах шагнан олгуулжээ 8-р онд үгүй болжээ. АРВАН НЭГДҮГЭЭР удаа залгамжилсан нь Еринтэй, Ойдовдоржийн ахмад хөвгүүн. Төр Гэрэлтийн 9-р онд Очирбат Түшээт хан залгамжипжээ. Мөн онд туслагч жанжины хэбэй талбиж, Жан чин мэнд явуулан гурван нүдний тогосын отго хадуулжээ. 10-р онд үгүй болжээ. АРВАН ХОЁРДУГААР удаа залгамжилсан нь Цэрэндорж, Ойдовдоржийн хоёрдугаар хөвгүүн. Төр Гэрэлтийн 12-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 17-р онд Жан чин мэнд явуулан гурван нүдний тогосын отго хадуулжээ. Хавтага зэрэг элдэв юм шагнан олгуулжээ. 18-р онд чуулганы дэд дарга талбижээ. 19-р онд шадарт явуулан харавтар улаан жолоо басхүү хааны бичсэн өлзийт үсэг, хавтага сэлтэсийг шагнан олгуулжээ. 28-р онд улбар шар жолоо басхүү хааны бичсэн буян үсэг шагнан олгуулжээ. Түгээмэл Элбэгтийн 2-р, 3-р онд пүнлуүний мөнгө ба хувиас мөнгө мал гаргаж их цэргийн хэрэглэлд тусалсанд хураахыг хэрэгсэхгүй болгож шагнан олгуулжээ. 4-р онд жинхэнэ чуулганы дарга талбижээ. 6-р онд хувиас их цэргийн хэрэглэлд агт морь тусалсан учир нэг нэмсэн, нэг тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. 11-р онд хувиас их цэргийн хэрэглэлд мөнгө тусалсан учир хоёр тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. Бүрэнт Засагчийн 2-р онд үгүй болжээ. АРВАН ГУРАВДУГААР удаа залгамжилсан нь Насанцогт, Цэрэндоржийн ахмад хөвгүүн. Бүрэнт Засагчийн 3-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 5-р онд цэргийн хэрэглэлд хувиас агт морь тусалсан учир нэг нэмсэн, нэг тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. 8-р онд    Шинэ хязгаарт дайлаар одох цэргийн хэрэглэлд мөнгө тусалсан учир гурван нүдний тогосын отго хадуулж, Жан чин мэнд явуулжээ. 10-р. 11-р, 12-р онд хувиас мал мөнгө гаргаж Солон ардын аж ахуй, цэргийн хэрэглэл,  өртөөнд тусалсан учир удаа дараа     дөрөв нэмсэн, хоёр тэмдэглэсэн зэрэг олгуулжээ. Бадаргуулт Төрийн 3-р онд дэд чуулганы дарга талбижээ.  6-р онд мөнгө тусалсан учир шар жолоо шагнан олгуулжээ. 9-р онд Хүрээний хэрэг шийтгэгч сайд талбижээ. 10-р, 20-р онд удаа дараа хишиг тархаахад   улбар шар хүрэм, хоёр нэмсэн зэрэг шагнан олгуулжээ. 22-р онд Жавзандамба хутагтын түлэгдсэн сүмийг шинэтгэх зэрэг зүйлд тусалсан учир нэг нэмсэн, хоёр тэмдэглэсэн зэрэг шагнан олгуулжээ. 23-р онд сайд Гүйбэнийг дагалдаж олон зүйлийн хэрэг үүсгэж, шарын шашинд харштай болсон учир Хүрээний сайдын тушаалаас байлгаж, 24-р онд Си юан мэний дотор морь унах ба мөсөн тэргэний суудал шагнан олгуулжээ. Мөн онд шадарт явуулжээ. 26-р онд үгүй болжээ.  АРВАН ДӨРӨВДҮГЭЭР удаа залгамжилсан нь Дашням. Насанцогтын ач дүү. Бадаргуулт Төрийн 30-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ.   Мөн онд хишиг тархаахад нэг нэмсэн зэрэг олгуулжээ. Мөн онд хувиас мөнгө туслан барьсан учир гурван нүдний тогосын отго хадуулжээ. Монгол улсын Олноо Өргөгдсөний тэргүүн он өвөл цаг Очирдара Богд гэгээнтнийг хаан өргөмжилж эрдэнийн сууринаа  залсан учир зарлигаар хишиг тархаахад үе улиран Халхын Очирбат Түшээт сайн хан    цол, шар хүрэм, улбар шар жолоо, ногоон жууз шагнан хүртээжээ. Мөн онд үгүй болжээ. АРВАН ТАВДУГААР удаа залгамжилсан нь Доржсүрэнхоролжав, Дашнямын хөвгүүн. Олноо Өргөгдсөний 2-р онд Очирбат Түшээт хан залгамжилжээ. 3-р онд Богд эзэн хишиг хүртээж гурван нүдний тогосын отго шагнан хадуулжээ. 5-р онд тусгайлан зарлиг буулгаж Сүсэг хүчин төгссөн номун хэмээх цол үе улиран шагнан хүртээжээ. Мөн онд орд сүмийн үйлдвэрт мөнгө туслан барьсан учир айлтгаад гурав нэмсэн зэрэг шагнан хүртээжээ. 8-р онд улсын санд мөнгө хариулан өргөсөн учир айлтгаад зарлигаар улбар шар торго арав нэмсэн, нэг тэмдэглэсэн зэрэг шагнан хүртээжээ...” гэжээ.
     Түшээт хан Насанцогтын бие барсаны дараа Түшээт ханы хэргэм зэргийг түүний    ач дүү болох Дэмчигдорж тэргүүний хүү Дашням (1885 онд төрсөн) Бадаргуулт Төрийн гучдугаар буюу 1904 онд  19 настайдаа Халхын Очирбат Түшээт ханы хэргэмийг залгамжилсан байна. Тэрбээр  1911 оны 7 дугаар сард Сэцэн хан Навааннэрэн, Сайн   ноён хан Намнансүрэн, Засагт хан Содномравдан  нарын зэрэг Халхын томоохон ноёдын хамтаар нууцаар зөвлөлдөн Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж, VIII Богд Жэвзүндамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд залсан гавъяа зүтгэлтэй хүмүүсийн  нэг билээ. Мөн Түшээт хан Дашням нь Хаант Орос Улсаас зэр зэвсэг болон мөнгөн тусламж авах, Манж Чин Улсын харъяалалыг устгаж Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг сэргээх тухай айлтгалыг Жэвзүндамба хутагтад өргөн барьж, уг бичгийг Орос улсын эзэн хаанд хүргэх төлөөлөгчдийг томилон явуулах зэрэг хэрэгт идэвхтэй оролцож, энэхүү тусламжийн бичигт Засагт хан, Сэцэн хан, Сайн ноён хан нарыг тэргүүлэн гарын үсгээ зурсан гавъяатай төрийн түшээ юм. Түүний энэхүү гавъяа зүтгэлээ үнэлэн 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хишиг тараах зарлигт: Дашням ханыг үе улиран Халхын Очирбат Түшээт хан цол шар хүрэм, улбар шар жолоо, ногоон жууз шагнан хүртээжээ.
     Манай түүхчдийн дунд Түшээт хан Дашням Жэвзүндамба хутагтыг хаан ширээнээ залахад их эсэргүүцэж, бусад хан ван нарт “Би та нарын ахмад тул хаан ширээнд би суух ёстой” гэж хэлсэн ба энэ үгнээсээ болж алагдсан гэсэн ташаа ойлголт байдаг. Түшээт хан Дашням үнэхээр энэ үгийг хэзээ, хаана хэлснийг магадласан архивын баримт байгаа эсэхийг сайн нягтлууштай.
     Олноо өргөгдсөний хоёрдугаар оны эхээр Түшээт хан Дашням Нийслэл хүрээнд дуудагдан ирж алба хааж байсан ба мөн оны /1912/ хоёрдугаар сард 27 насандаа   гэнэтийн үхлээр бие барсан, одоо хир түүний үхлийн шалтгаан тодорхой бус байдаг.  Чингис хааны алтан ургийн Түшээт хан Дашнямыг бие барсаны хойно Монгол улсын      эзэн хаан Богд Жэвзүндамба хутагт бээр ихэд харамсан, гашуудал илэрхийлж:
     "Тус улсын ихээхэн түшмэл Түшээт хан Дашням наснаас нөхцсөнд ихэд харамсан гашуудаж, нэгэнт нас нөхцсөн хүний хойноос буян номыг шамдан үйлдэж, аливаа амьтны амийг аварваас элбэрэл ачлал түүнээс эрхэм үгүй. Түүнд бэлбэсрэх хугацааг 49 хоног, ах дүүс нь 100 хоног буян үйлдэж, баяр цэнгэл, дуу хөгжим үйлдэхийг цээрэл энэ мэтийн их хүний хүүр ясыг эрхбиш нутагт нь аваачин байшин саванд агуулж, тусд нь хүндэтгэх       ёсыг илэрхийлвээс зохих болбуу. Хан Дашням чингэж бие өнгөрсөн нь үнэхээр хөөрхий нигүүслэлтэй тул түүний хойдын буянд сангаас 100 лан мөнгө олгогтун" /МУҮТА, Х-А47,    Д-1,  ХН-6. ХУУД. 210-214/ хэмээн зарлиг буулгасан байдаг. Түшээт хан Дашнямын шарилыг чандарлан,  өнөөгийн Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат сумын зааг нутаг Өлзийт овоо хэмээх газар чандарыг онголсон гэдэг.
     Түшээт хан Дашням цаг бусын үхлээр бие бараагүй байсан бол тэрбээр бусад олон ноёдын адилаар Монгол улсын тусгаар тогтнолын төлөө идэвхитэй зүтгэж, төрийн их үйл хэрэгт өөрийн биеийг  үл хайрлан зүтгэх байсан буй заа.
     Сүүлчийн Түшээт ханы хэргэмийг залгасан Доржсүрэнхоролжав нь 1912 онд 4 насандаа өөрийн эцгийн хэргэмийг Монгол улсын эзэн хааны зарлигаар залгаж,  Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны эдүгээгийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хөгшиний голын хөндийд ханы сууринд сууж, томоохон найр наадам болсон гэдэг. Мөн тэрбээр Олнаа өргөгдсөний тавдугаар (1915) онд Зарлигаар Сүсэг хүчин төгссөн номун хэмээх цол үе улиран хүртжээ. Ардын хувьсгал ялсны дараагаар урьд цагийн хаад ноёдын эрх мэдэл бууран устгагдаж байсан үед /1922 онд/ Доржсүрэнхоролжав бээр ханы хэргэмээсээ сайн дураар татгалзаж Дамдиндорж хэмээх сахилын нэрээр буян номын     мөр хөөсөн хуврага болжээ.
     Түшээт хан Доржсүрэнхоролжав /Дамдиндорж/ нь хүүхэд ахуй цагаасаа  бурханы шашны ном эрдэмд шамдан суралцаж, зурах, зорох, сийлбэрлэх зэрэг ур ухааныг   эзэмшин сийлбэр, бурхан зэргийг бүтээдэг нэгэн байсан ажээ.
     Очирбат Түшээт хан Дашнямын хөвгүүн Доржсүрэнхоролжав бээр феодал хэмээгдэн 1929 он, 1931 онд мал хөрөнгө, хөрөнгө зүйлээ хураалгаж, хорих газар ял   эдэлж явсан ба мөн тухайн үеийн алдаатай бодлого, цаг бусын аюулын улмаас улс   төрийн их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, “Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг”      гэх зохиомол хэрэгт гүтгэгдэн Онцгой бүрэн эрхт Комиссын 1937 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар хурлын тогтоолоор дээд хэмжээ буюу буудан хороох ялаар үгүй болсон билээ.
Очирбат Түшээт хан Д. Доржсүрэнхоролжав / Дамдиндорж/-т холбогдуулсан хэрэг нь хилс зохиомол байсан нь нотлогдсон тул уг хэргийг 1992 оны 2-р сарын 11-ний ДШЦК-ийн 21-р магадлалаар ялыг  хэрэгсэхгүй болгон цагаатгаж,  нэр төрийг нь сэргээжээ.

No comments:

Post a Comment