1639 онд Түшээт
хан Гомбодоржийн дэд хөвүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнд өргөмжлөн
“Өргөө” байгуулан өгснөөр өдгөөгийн Улаанбаатар хотын үүсэл тавигдсан бөгөөд Их
хүрээ 1778 онд 27 дахь удаагийн нүүдлэлтээрээ Богд хан уулын ар, хатан Туулын
хөвөө, сэрүүн Сэлбийн хөндий, Хүн чулууны хонхорт сууршихдаа нүүдэллэн ирсний
тэмдэг болгож буган чулуун хөшөөгөөр шавь тавьсан байна. Энэхүү түүхэн үйл
явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан
газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын хөшөө босгосон.
1994 онд
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гарч, Нийслэл хот байгуулагдсаны 355
жилийн ойгоор Богд хан уул, Туул голын эрэг эрмэг түшин, сэрүүн Сэлбийн хөвөө,
Хүн чулууны хонхорт Нийслэл хотын суурин байгуулагдаж шав тавьсан газарт
дурсгалын цогцолбор хэсэг байгуулах саналыг Нийслэл хотын Засаг дарга асан
Ц.Баасанжав анх санаачилж, зураач Дашийн Наранжав зураг төслийг боловсруулжээ.
Уг дурсгалын
цогцолбор нь яст мэлхий хэлбэртэй пайлуур хөшөө, цэцэрлэг рүү ордог 6 ширхэг
арслангаас бүрдэнэ. Тус хөшөө - суурь, мэлхий хөшөө, пайлуураас бүрдэнэ. Суурь
нь монгол гэрийн буурийг бэлгэшээсэн бөгөөд Төрийн шагналт, яруу найрагч
Б.Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчууд нйислэлээ товлож шаваа тавьсан
газар энэ болой” гэсэн бичээсийг монгол бичгээр бичжээ.
Яст мэлхий нь
дорно дахины хот байгуулалтын түүхэнд хотоо энх амгалан, аливаа муу бүхэнд
өртөлгүйгээр урт удаан оршин тогтнохыг бэлгэдсэн утгатай ажээ. Пайлуурын дөрвөн
талд уйгаржин бичгийн эвхмэл хэлбэрээр “Өргөө - Номын хүрээ – Их хүрээ – Нийслэлээ хүрээ – Улаанбаатар” гэж
түүхэн хөгжлийн явцад нэрлэгдэж байсан таван өөр нэрийг тус тус бичжээ. Мөн
нийслэл хотын сүлд, Богд хан уулын савдаг Хангарьдыг хөшөөний дээд хэсэгт
байрлуулжээ.
Цэцэрлэг рүү
ордог өмнө талын хаалганы хоёр талд аливаа муу зүйлийг оруулахгүй хамгаалж байх
хоёр чулуун арслан тавьсан байна. Зүүн талын үүдэнд үеийн үед удам дамжин
мөнхжиж байх утга агуулгыг бэлгэдэн зулзагатайгаа хамт эрхлэж буй хос арсланг
байрлуулжээ. Хөшөөний умард талын үүдний арслан цэнгэлтэй амгалан байхыг
бэлгэдэж, бөмбөг наадаж буй хос арсланг байрлуулжээ. Эдгээр арслангуудыг
цоолборлож хийсэн байна.
Мэлхий хөшөөг Төв
аймгийн Авдар орд хэмээх газраас авчирсан амазонит гэдэг ногоон чулуун
боржингоор урлаж хийсэн бөгөөд энэ амазонит чулуу хатуулгаараа дэлхийд
гайхагддаг. Арслангуудыг мөн Авдрант, Өвөржанчивлангийн боржин чулуугаар
хийжээ.
Нийслэл хот
байгуулагдсаны 355 жилийн ойгоор пайлуур хөшөөг, 360 жилийн ойгоор үүдэн дэх
арслангуудыг тус тус босгож дуусгажээ. Тус дурсгалын цогцолборыг зураач
Д.Наранжав удирдлагаар Ц.Ваанчиг, Магсаржав, Сүхбаатар, Алтанхуяг нарын уран
бүтээлчид босгожээ.
Номч овогт Дашийн
Наранжавын бүтээсэн Нийслэлийн шав хөшөөний эх загвар өдгөө Улаанбаатар хотын
Түүх, Шинэчлэн байгуулалтын музейн үзүүллэгийн 2-р танхимд хадгалагдаж байна.
Сүхбаатар дүүргийн
8-р хорооны нутаг дэвсгэр, Гадаад харилцааны яамны хойд цэцэрлэгт байрлах
энэхүү дурсгалын цогцолбор нь Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг.
No comments:
Post a Comment