Monday, 7 November 2011

Монгол цэргийн цолны түүхэн уламжлал


Монгол цэргийн түүхэнд орчин үеийн цэргийн цол хэрэглэж эхэлсэн нь өнгөрсөн ХХ зуунаас эхлэлтэй ажээ. Монголчууд орчин цагийн цэргийн хэргийн хөгжлийн чиг хандлагын дагуу шинэ маягийн цэргийг байгуулж, сургаж бэлтгэхийн хамт зэрэг дэвийг илэрхийлсэн цэргийн цолыг хэрэглэж эхэлсэн байна. Ингэхдээ түүхэн хөгжлийн дагуу цэргийн цолондоо хас тэмдэг, өлзий хээ, таван хошууг хэрэглэж ирсэн байна.

Олноо өргөгдсөн Монгол Улсын цэрэгт 1914 оноос нийт цэргийг зэрэг дэвтэй болгосон нь өнөөгийн цэргийн цолны үүсэл байв. Цэргийн яамны сайдын 1914 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар цэргийн хэрэглэх ялгах тэмдгийг 4 зэрэг болгон баталсан ба 1 дүгээр зэрэг нь дээлийн энгэрийн голд, дундаа төвд Ум үсэгтэй алтадсан Нацагдорж, ар талдаа голдоо дугуй улаан дэвсгэр дээр шармал төвд Хун үсэгтэй алтан хүрд, баруун мөрөн дээрээ шар, зүүн мөрөн дээрээ улаан дэвсгэр дээр шармал Ум Аа Хун Суха (энэ нь хүнийг гай зовлон, хорлол, аливаа юмнаас хамгаалж, сүр хүчийг оруулдаг олон зүйлийн тарнийн номын хураангуй хэлбэр) гэсэн үсэг хадах болжээ. Малгайн өмнө талд мөн улаан дэвсгэр дээр шармалаар бичсэн Дамдины тарни байв. Хоёрдугаар зэрэг нь малгай, ар, өвөр талын тэмдгийн дэвсгэрийн өнгө нь дээрхийн нэг адил гагцхүү үсэг, зураг сэлтэд шар өнгө хэрэглэх болов. Гуравдугаар зэрэг нь малгай, ар, өврийн үсгийн дэвсгэр нь шар дээр улаан, улаан дээр шар өнгөтэй байжээ. Дөрөвдүгээр зэрэг нь малгай, ар, өврийн дэвсгэр нь цагаан үсэг, тэмдэг нь улаан, хоёр мөрөн дээрх үсэг, дэвсгэр нь гуравдугаар зэргийнхтэй адил байжээ.
Нэгдүгээр зэргийг жанжин сайд, хорооны дарга, жагсаалын түшмэд, хоёрдугаар зэргийг тавьтын дарга, гуравдугаар зэргийг аравтын дарга, дөрөвдүгээр зэргийг цэргүүд хэрэглэх болсон байна. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа Ардын журамт цэргийг дэлхий нийтийн жишгийн дагуу цэргийн цол, дэвтэй болгосон байна. Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын 1921 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар цэргийн цолны ялгах тэмдгийг баталжээ. Уг тушаалд зааснаар ялгах тэмдэг нь “шар өнгөтэй дээш талтай гурвалжин тэмдэг бөгөөд тал бүрийн урт нь 5 дюйм, гурвалжны дээд хагаст монголын үндэсний улаан даавуугаар хийсэн хас тэмдгийг хадаж, доод хагаст нь хааж буй албаны улаан дагавал дөрвөлжин ба ромбыг” хадна гэж заажээ. Эл тэмдгийг цэргийн албан хаагчид ханцуйн дээрээ хадаж байв.

Уг тэмдэг 1923 онд өөрчлөгдөж, ханцуйн тэмдэг нь хас тэмдэгтэй таван хошуу бүхий, төрөл мэргэжлийн цэргийг заасан их буу буюу пулемётын зурагтай болж шинэчлэгдэв. Тэмдгийг европ хувцсанд ханцуйны үзүүрт, монгол дээлний ханцуйны уг дээр хадах болжээ.

1931 онд Монгол ардын хувьсгалт цэргийг албан хаагчдын зэрэг дэвийг илэрхийлсэн ялгах тэмдгийг шинэчлэн баталжээ. Үүгээр цэргийн албан хаагчдын хувцасны ханцуйн уг ба үзүүр дээр хадаж байсан тэмдгийг цамц, шинелийн заханд хадах петлиц болон түүн дээрх тэмдгээр сольж өөрчлөв. Энэ удаагийн шинэ загвар нь хүрэн өнгийн пааландсан дүгрэг, дөрвөлжин, гонзгой дөрвөлжин, давхар ромбо хэлбэртэй болжээ.

1936 онд цэргийн цолонд зарчмын өөрчлөлт орсон байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр цолны ялгах тэмдгийн дэвсгэр нь шар, цагаан, хөх өнгөөр эмжсэн улаан өнгийн бөгөөд командлан захирагч, комиссар зэрэг дээд цолтнуудын цамцны заханд алтан өлзий, ханцуйнд алтан соёмбо бүхий сумны зэв хэлбэрийн тэмдэг, ахлах, дунд тушаалын цолтнуудын цамцны заханд мөнгөн өлзий, ханцуйнд мөнгөн соёмбо бүхий зэв буюу дөрвөлжин хэлбэрийн хатгамал тэмдэг хадах болсон байна. 1940 онд дээд цолтой дарга нарын ханцуйн тэмдгийн соёмбыг таван хошуу болгон өөрчилжээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн1944 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн дарга нарыг нийтэд нь офицер хэмээн нэрлэхээр болж, цэргийн цолыг шинэчилсэн ажээ. Үүгээр маршал, генералуудын хувцсанд бүтэн, хагас эполет тэмдэг, офицеруудын шинель, цамцны мөрөнд погоон (мөрдэс) зүүхээр болж, түүнд алт болон мөнгөн өнгийн давхар, хошуутай, дан хагас үндэсний өлзий тэмдэг байхаар болжээ. Цэргийн албан хаагчдын цэргийн алдар цол, хувцасны загварт үүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөлт орсон бөгөөд зарчмын нэгэн өөрчлөлт нь 1963 онд болсон байна. Энэ удаад офицеруудын цолонд хэрэглэж байсан үндэсний өлзийг таван хошуугаар сольсон явдал юм.

Өлзий хээ нь Монголын ард түмний хувьд маш эртээс аж амьдралдаа хэрэглэж ирсэн олон хээ угалзны нэг нь юм. Энэ ч үүднээс гучаад онд болон ерэн оны үед энэ хээг цэргийн цолонд авч хэрэглэсэн ажээ. Энэхүү хээг цэргийн цолонд авч хэрэглэх болсон түүхэн нөхцөл байдлыг нягтлан үзэх нь зүйн хэрэг юм.  Монгол ардын хувьсгалт цэрэгт 1936 онд нэвтэрсэн цэргийн цол нь тухайн үеийн ЗХУ-ын улаан армид хэрэглэж байсан цэргийн цолны хуулбар байсан бөгөөд гагцхүү уг цолонд хэрэглэж байсан таван хошууг өлзий хээ болгон өөрчилж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас, цолны тэмдгийн шинэ загварыг баталж, 1936-1963 онд цэргийн цолонд хэрэглэж байсан өлзийг дахин сэргээжээ. Гэхдээ монгол урчууд хээ угалзыг зөвхөн уран барилгад хэрэглээд зогсохгүй, өдөр тутмын хэрэгцээний гэр ахуйн зүйл, хувцас хунар, сав суулга, гэрийн модон хэрэгсэл, эмээл, хивс, ширдэг, морины хусуур, хөгжмийн зэмсэг зэрэг зүйлсийг чимэхэд хэрэглэдэг байжээ.

Өнгөрсөн зууны ерээд оноос Монгол Улсын Зэвсэгт хүчинд цэргийн шинэчлэлийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа бөгөөд үүнд цэргийн цолны асуудал ч хамрах юм. Дэлхий нийтээр даяаршсан, Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын хэмжээний ажиллагаанд оролцох болсонтой уялдаж, 2006 онд дэлхийн улс орнуудын цэрэг, армид түгээмэл байдаг бригадын генерал цолыг бий болгосон билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицеруудын цолны тэмдэг нь үндэсний уламжлалаа хадгалсан, дийлэнх тохиолдолд ахуйн хэрэглээнд ашигладаг өлзий хээтэй байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчний ихэнх нь таван хошуу хэрэглэсээр байгаа ажээ.

Аливаа улс орны цэрэг, армид үндэсний уламжлал, онцлогоо илэрхийлэн хадгалсан цолны тэмдэгтэй байж болох хэдий ч Зэвсэгт хүчин нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зогсох төрийн чухал хэрэгсэл, нөгөө талаас даяаршлын өнөөгийн эрин үед даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулах зайлшгүй нөхцөл, шаардлага үүсч байгаагаас үүдэн дэлхий нийтийн жишиг, жаягийн дагуу өөрчлөлт, шинэчлэлийг хийх нь зүй ёсны хэрэг юм. Энэ чиг хандлагын дагуу саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээд офицерын цолны өлзийг таван хошуу болгосон нь бас нэгэн өөрчлөлт, шинэчлэл болж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг чиг хандлагын дагуу шинэчлэгдэн хөгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл нь энд өгүүлэн буй цэргийн цолны өөрчлөлт болж байгааг цэргийн судлаачийн хувьд судлан үзэж сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлье.

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан
доктор, профессор, дэд хурандаа С. Ганболд

НИЙСЛЭЛИЙН МАХНЫ АСУУДАЛ ӨНӨӨДӨР, ӨЧИГДӨР

 Дэлхийн улс үндэстэн бүхэн өөр өөрийн өвөрмөц ёс заншил соёлтойгоос гадна хоол хүнсэнд хэрэглэх зүйлсээрээ ялгагддаг. Махыг хүнсэндээ хэрэглэдэггүй улс орон бараг л үгүй. Айлчлан ирэх зочин гийчдийг идэж заншсан үндэснийх нь идээ ундаар зочлон дайлах нь тухайн орны нийтийн хоолны салбарын хөгжлөөс ихээхэн шалтгаалах буй.
Харин бид өдрөөс өдөрт нэмэгдэн ирж буй жуулчдыг тухайн үндэснийх нь дадсан хоолоор дайлж чадаж буй билүү? Гадныхан ч манайд ирэхээрээ голчлон иддэг хоол нь мах. Махнаас буцдаггүй хүн ч гэж юу байхав. Харин манай улсын зах зээлд махны үнэ нэмэгдсээр л, уг нь нэг хүнд ноогдох малынхаа тоогоор Азидаа төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогддог боловч махны үнийн өсөлт өдөр ирэх бүр нэмэгдсээр л, мацаг баригсад, цагаан хоолтоны тоо олширсоор л.
Махны холбооныхон үнийн өсөлтийг ченжүүдтэй холбон, тэд үнийн хөөрөгдөл үүсгэж байна хэмээн оношлож суух юм. Гэхдээ мэргэжилтнүүд хот суурин газар төвлөрөх махны үнийг хэдэн ченжүүд барьдаг нь юу л бол хэмээн дүгнэж байна. Ченжүүд бол зөвхөн худалдан авагчидтай нүүр тулж байгаа болохоос биш тэднээс илүү мал, махыг газар дээр нь хямдхан аваад өндөр үнээр худалдан авагчдад нийлүүлж дундаас нь ашиг гаргаж байгаа мах бэлтгэгч компаниудтай үнийн асуудлыг ярилцах ёстой гэж үзэж байна.
Одоогоор улсын хэмжээнд мах бэлтгэгч цөөнгүй тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Дээр нь хангалттай мах агуулах, зоорь сав ч бий. Тэгсээр байтал монголчууд махаар гачигдаагүй гэхэд өндөр үнээс болоод авч идэж чадахгүйд хүрчихээд сууж байна. Уг нь үнийг өсгөхгүй байх арга замыг холбогдох хүмүүс маань олж зохицуулмаар юм даа. Магадгүй хүн амын өсөлт, шилжилт, сууршилт нэмэгдсэнээр цайны газар, ресторан зэрэг үйлчилгээний газрууд олширч байгаагаар ч үүнийг тайлбарлаж болох юм.
Өнөөдөр үүсээд байгаа махны үнийн хөөрөгдөл тойрсон шиг асуудал түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байх юм. Үндэсний Төв Архивын сан хөмрөгийн арвин баримтаас үзвэл Шашин Төрийг Хослон барьсан Богд Хаант Монгол Улсын үед Нийслэл хүрээнд маань махны үнийн хөөрөгдөл, хомсдол үүсэн, энэ тухай зохицуулалт хийх гэж төрийн сайд түшмэд чамгүй л оролдож байсан бололтой.  
Хорьдугаар зууны эхэн үеийн Нийслэл Хүрээнд голчлон төрийн албан хаагчид, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг эрхлэн амьдрагч гадаад дотоодын харъяатууд, мөн түүнчлэн лам хуврагууд, малгүй болж амьжиргааны шинэ эх үүсвэрийг хайн суурин бараадан ирсэн борчуудаас бүрдсэн их хөлийн газар байжээ. Яг л өнөөгийн Улаанбаатар хот мэт.
Энд өгүүлэх гэж буй баримтанд маань доод тушаалын нэгэн түшмэдээс Улсын Дээд хуралд өргөн мэдүүлсэн бичигт Нийслэл Хүрээг зорин, алс зайдуу нутгаас туувраар ирсэн малыг замаас нь тосон худалдан авч, дамлан худалдах явдал газар авсан тул гээд үүнийг хориглоно хэмээн дараах зургаан зүйл бүхий дүрмийг батлаж өгөхийг хүссэн байх юмаа. Үүнд:
“... Нэгдүгээр зүй:, аливаа монголчуудын хөдөө газраас туун ирэх малын дотроос хонь үхэр болвоос дээдийн зоог ба хурал хуврагийн  цав басхүү олны хэрэглэхүүн зэрэгт чухал болвоос аливаа яргачин (мал нядлагчид) ба олон худалдааны хүн нар Нийслэл Хүрээний зүг зовхис тойрон нэг өртөө зэргэмжээнээс дотогш газар зам тосч эдгээр малыг худалдан авч улам улмаар дамжуулан гүйлгэж бусдыг хонжин мөлжиж /хохироох, ашиг олох/ чухал зүйлийг саатуулан олны хэрэглэхүүнийг боогдуулан гачигдуулах зэрэг гэмийг шууд цаазлан зогсоосугай.
Хоёрдугаар зүйл: Нийслэл Хүрээнээс аль хол нутагтай ба ойр тойрон нутаглах хошуу шавийн баялаг үгээгүй хүмүүсийн дотор хааяа малыг дам дамаар аль авах этгээдэд худалдаалж мөнгө цаас олж залгамжлуулах буюу амь биесийг тэжээхүйд тус нэмэр болгох зэрэг түргэн чухал хэрэг эрх биш байх бөгөөд түүгээр харилцан худалдаалахыг үл хэлэлцэн, гагцхүү нэгнээ худалдаалахаар авч гарсан малыг эзэд замын зуураа уг заасан газрын дотор худалдаалах ба авахыг цаазлан зогсоосугай.
Гуравдугаар зүй:, Хааяа аймшиггүй цаазалсныг зөрчиж үхэр, хонийг заасан газраас дотогш зам тосч худалдан авч нэгэнт байцаан гарч ирвээс даруй чангалан шүүж өчгийг тогтоон авч гянданд хорьж, цаазалсныг зөрчсөн хууль ёсоор цээрлүүлэн шийтгээд нэгэнтэйгүүр уул тосч авсан малын тоо олон, цөөнийг ялгаварлахгүй нэг дундуурыг хөөн тушаалгаж албанд оруулсугай.
Дөрөвдүгээр зүйл: Нийслэл Хүрээнээ худалдаалахаар ирэх олон монголчууд уг нутгаас нэгэнт туун гарсан үхэр, хонийг аль хүн хэчнээн үнэ өгөвч элдэвлэгч заасан газраас дотогш зам зуураа худалдаалахгүй, эрх биш Нийслэлд ирүүлж гаальд тушаасны хойно сая худалдаалбаас зохих явдлыг өөр өөрийн харъяат газраа нийтээр ухуулж дагаж явуулахаар зохих олон газраа зарлан тушааж хааяа зөрчигчид буй аваас тосч авагчдын нэг лүгээ адил биесийг цээрлүүлэн шийтгэсүгэй.
Тавдугаар зүйл: Аливаа яргачин хүн нар алж бэлтгэсэн малын махыг дав дуваар гаргаж худалдаалахгүй дарж хадгалан цагаар бусдыг боогдуулан хонжин мөлжих ба мөн яргачны алсан малын махыг аливаа хүн худалдан аваад хувьд хэрэглэхгүй дахин дамжуулан худалдах зэрэг хэрэг гарч ирвээс тосч авагчидын нэг лүгээ адил цээрлүүлэн шийтгэсүгэй.
Зургадугаар зүй: Хааяа Нийслэл Хүрээнд ирэх хонь, үхэр ховор болж дээдийн зоогийн зэрэг чухлыг саатуулахад хүрэх аваас хэрд зөвхөн тэр тухайн яргачин хүмүүст харъяат газраас хоногийн хугацаа бүхий үнэмлэх олгож, эрэн худалдан авахуулж уг бичгийг хойш хураалгасугай. Хэрэв харъяат яргачин хүмүүс дэмий цагаар шалтгаалан илүү зүйлийг гувчуулан авах буюу үнэмлэх бичгийг улмаар бусад яргачинд дамжуулан өгч хонь малыг авахуулах зэрэг хэрэг гарч ирвээс тосч авагчдын нэг лүгээ адил цээрлүүлэн шийтгэсүгэй, хэмээснийг Доод хуралд үзэж хянаваас Нийслэлд худалдааллаар ирэх аливаа зүйлийг дам худалдаалахыг цаазлахад бэрхтэй мэт гагцхүү дам авсан буюу ойр ирж улам үнэ олгохыг эрхлэн хураан хадгалуулахгүйгээр цаазлан тогтоовоос ямар хэмээх боловч энэ зүйл олны аж төрөх ашиг хөрөнгөд холбогдохын тулд Дээд хурлаас хянан тогтоох болов уу хэмээжүхүй...” гэжээ.
Уг бичгийн хариуд Дээд хурлаас өргөн мэдүүлсэн уг бичгийг ёсоор болгон дээрх зүйлүүдийг чандлан баталсан байх юм. Энэ мэтчилэн төрийн хатуу бодлогоор зохицуулалт хийх нь зөв мэт. Холоос ирж байгаа мал, мах олон хүний гар дамжин хэрэглэгчидэд хүрч байгаа нь махны үнийг нэмэгдүүлж байна. Тиймээс холбогдох яндагтангууд маань энэ мэтчилэн эх түүхийнхээ баримтаас жишээ аван нэгийг бодвол мацаг барих ард олны минь тоо нэгээр ч гэсэн цөөрөх ч юм болов уу хэмээн бодогдном.  

КГЗДАБТ

БНМАУ-ын Ардын уран зохиолч цол бий болсон тухай

ҮТА-ын сан хөмрөгт Монголын уран зохиолын нэрт төлөөлөгчдийн баримт хадгалагдаж байдаг бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын сарын 25-ны өдөр  “Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хувийн хөмрөгийн баримтыг төрийн архивт хүлээн авах ёслолын ажиллагаа” болсон билээ. Энэхүү  “Ардын уран зохиолч” хэмээх хүндэт цол хэрхэн бий болсон тухай архивын баримтыг түшиглэн сонирхуулъя. 
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид 1979 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  “БНМАУ-ын Ардын уран зохиолч цол бий болсон тухай”  01 дүгээр зарлигийг гаргасан байна.

Дээрх зарлигт  “Тус улсын утга зохиолыг хөгжүүлэх үйлсэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлийн гарамгай амжилт гаргасан Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч, яруу найрагч, утга зохиол судлагч, шүүмжлэгчдийг шагнаж байх  БНМАУ-ын Ардын уран зохиолч цол бий болгосугай”  гэжээ.
Энэхүү хүндэт цолыг олгох тухай дүрэмд “БНМАУ-ын Ардын уран зохиолч цолыг социализм байгуулах үйлсэд хөдөлмөрчдийг коммунист ёсоор хүмүүжүүлэх, тэдний оюун санааны баялгийг арвижуулах, шинэ хүнийг төлөвшүүлэхэд үлэмж үр нөлөө үзүүлсэн, үзэл суртал уран сайхны хувьд төгс боловсорсон зохиол бүтээл туурвиж, уран бүтээлийн ажлыг 15-аас доошгүй жил эрхлэн хийсэн тэргүүний зохиолч, яруу найрагч, утга зохиолын судлагч, шүүмжлэгч, уран бүтээлийн ажлыг удирдан зохион байгуулах, сурталчлах ажилд гарамгай амжилт гаргасан уран бүтээлчдэд олгоно” гэж заагаад, уг цолыг хүртэгсдэд “БНМАУ-ын Ардын алдар цолтны үнэмлэх, медаль”  олгож байх болжээ. 
“Ардын уран зохиолч” цолыг хамгийн анх 1986 онд эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн хүртсэн байна. 

Архивын баримтаас сонирхуулсан
ҮТА-ын Түүхийн баримтын төвийн
архивч  П.Алтанцэцэг

Хотгойдын жанжин Чингүнжав толь бүтээгдэж байна

Хотгойдын Шадар жанжин Чингүнжавын мэндэлсний түүхт 300 жилийн ой энэ жил тохиож байна. Олон эрдэмтэн судлаачид түүний түүхийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох материал баримтыг судлан шинжлэх, зохиол бүтээл туурвиж буй билээ.
Тэдгээрийн нэг нь Хотгойд судлаач, Доктор С.Чулуунаар ахлуулсан хотгойд, мянгад судлалын хэсэг эрдэмтдийн хүчээр "Хотгойдын жанжин Чингүнжав: толь бичиг 1710-2010" бүтээл хийгдэж эхэлсэн байна. Уг бүтээл нь Чингүнжавтай холбоотой түүх соёлын болон аман домог, газар ус, шүтлэг шүтээн ер түүний хамааралтай бүхий л зүйлийг багтааж аж. Тиймээс хотгойд түмний дотор тархсан домог хууч яриа, газар усны нэр ус, шүтлэг шүтээн, эд өлгийн зүйлс зэргийн тухай ер Чингүнжавтай холбоотой зүйлс байвал уг тольд мэдээлэхийг хүсэж байна. Чингүнжавын тухай өдий төдий сонин мэдээг ирүүлж, сонин чухал мэдээ зүйлийг уг тольд оруулах аваас Чингүнжав судлал эрчимтэй хөгжих болно. Та бүхний бичиж ирүүлсэн зүйлсийг ирүүлсэн хүний нэрээр тольд оруулах бөгөөд зохиогчийн эрх эдлэх болно. Судлаачид Чингүнжавын түүхийн хамгийн бодитой түүхийн баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгсөн бүтээл болно хэмээн ажлын хэсгийн ерөнхий редактор доктор С.Чулуун мэдээллэв.
Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар шуудан. 46  А. Хайрцаг 200. Утас: 98114924

Уул овоо тахих тухай товч мэдээ

 Уул ус, овоо булгийг шүтэх нь бөө мөргөлийн хөгжлийн нэгэн үе шат, нэг хэлбэр нь юм. Уул ус, овоо булгийн шүтлэг бишрэл нь хүрээлэн байгаа байгал орчинтойгоо нягт уялдаа холбоотой амьдардаг монголчуудын хувьд нилээд чухал үүрэг бүхий итгэл бишрэлийн хэлбэр болж байжээ. Бурхан Халдуныг түшиглэн Онон мөрнөөс ундлан, бага насаа өнгөрөөсөн Тэмүүжиний сэтгэл зүйд уул усны шүтлэг бишрэл бусдын нэгэн адил гүн нөлөөтэй байжээ.
Үүний тод жишээ нь: 1178 онд Хэрлэн мөрний эхэнд нутаглаж бүхийд Гурван мэргэд өш санан довтолж ирэхэд Тэмүүжин цатгалан могой шургах зайгүй Бурхан Халдуны шугуйд нуугдаж амь гарсан явдал юм. Энэ үйл явдлын дараа Тэмүүжин Бурхан Халдун ууланд гарч:
“Бурхан Халдуныг
Өглөө бүр мялаасугай
Өдөр бүр магтсугай
Ургийн ураг минь
Ухан мэдтүгэй” хэмээн малгай бүсээ авч нар өөд хандан есөнтөө сөгдөн цацал цацан өчил өчжээ. Энэ бол 16 настай Тэмүүжин мэргэдийн довтолгооноос амьд үлдсэндээ Бурхан Халдун уулын эзэд сахиусын ач тус хэмээн шашин суртахуунд гүн итгэл бишрэлтэй болж эхэлсний тэмдэглэл юм.
...Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа баримтаас иш татат хөрвүүлэв....
Цэргийн яамнаас Дотоод яамнаа хуудас илгээв. Явуулах учир,
эдүгээ Зарлигийг дагаж энэ зуны цаг Шашныг тэтгэгч Их Богд хан хайрхан, Хан хэнтий уулсыг тайж бэлэгтэй ёсоныг үйлдэхэд сур харвуулж, бөмбөг намнуулах өдрийг сонгон үзүүлбээс гарах зургаан сарын шинийн нэгний Баасан гариг, харагчин гахай өдрийг луу цаг хэмээснийг дээр сонсгон айлтгаад ёсоор болгосныг хичээнгүйлэн дагаж үүнийг дотоодын зэрэг дөрвөн яамнаас тус тус хуудас явуулаад байцаан үзүүлэхээс гадна сангийн яамнаас хуучин удаагаар нийлүүлэх зүйлийг тухай дор түүгээр гүйцэтгэх ажаамуу. Үүнийг Нийслэл Хүрээний Эрдэнэ Шанздовын яам, басхүү Түшээт хан, Сэцэн хан 2 аймгийн жанжин, чуулганы дарга, Засагт хан, Сайн хоён хан 2 аймгийн жасааны гүн түшмэд дор нэгэн адил мэдэгдэн тус тус эл хэрэглэхүүнийг хуучин удаагаар хүрэлцэхийг үзэж гүйцэтгүүлье. Үүний тул хуудас илгээв.

Долдугаар он, таван сарын хорин долоон.

Хуучин бичгээс хөрвүүлсэн ТБТ-ийн ахлах архивч Ж.Баасансүрэн

Монгол улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх болсон нь

 Өнөөдрөөс 12 жилийн өмнөх энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч  Нацагийн Багабанди нэгэн зарлиг гаргасан нь эх хувиараа Монгол улсын ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж байна. Энэ бол Монгол улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэ харилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол хэрэгцээ өсч байгаатай холбогдуулан Монгол улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэхээр зарлиг буулгасан явдал юм. Монгол улсын түүхийг бичиж 3 ботиор хэвлэн гаргаснаас хойш 40 шахам жил өнгөрч, энэ хугацаанд манай эрдэмтэд эх түүхийн асуудлаар шинэ баримт, үзэл санаа, дүгнэлт бүхий судалгааны олон бүтээл туурвисан бөгөөд хүн төрөлхтөн шинэ мянганд шилжиж буй үед олон арван зуунд оршсоор ирсэн Монгол улсын бодит түүхийг бичиж, залуу үед түүхийн ухамсар суулгах нийгмийн шаардлагыг харгалзан, ШУА-аас ирүүлсэн санал санаачлагыг дэмжиж энэхүү зарлигийг 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргажээ.
Энэ зарлигт Монгол улсын түүхийг шинээр туурвин бичиж хэвлүүлэх ажлыг 2000 онд багтаан зохион байгуулж гүйцэтгэхийг ШУА болон мэргэжлийн хүрээлэнгүүдийн удирдлагад үүрэг болгосон байна. Мөн Монгол улсын түүхийг туурвин хэвлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг төрийн холбогдох байгууллагуудад даалгажээ.
Үүний үндсэн дээр Монгол улсын түүхийг шинээр бичих ажил эхэлж, улмаар “Монгол улсын түүх”-ийн 5 боть зохиолыг бичиж дуусган хэвлүүлж, 2003 онд уншигч олны гарт хүргэсэн байна.


Зарлигийг тоймлон хүргэсэн
Түүхийн баримтын төвийн
архивч П.Алтанцэцэг

МОНГОЛЫН ЭРТНИЙ ДУРСГАЛТ ХОТ БАЛГАСЫН ТУУРИЙН ТУХАЙ

Уйгурын Хар балгас
 Монгол улсын ҮТА-ын сан хөмрөгт тус улсын нутаг дэвсгэрт байсан эртний хот балгасын дурсгалын талаар олон сонирхолтой баримт хадгалагдаж байдаг. Нэрт эрдэмтэд, судлаачид, түүхчид тэдгээр дурсгалт газруудын талаар судалгаа шинжилгээний ажил хийж, танилцуулга, өгүүлэл, тайлбарыг бичсэн байдгийн нэг нь эртний дурсггалт “Хар балгас”-ын тухай эрдэмтэн Ц.Доржсүрэнгийн 1959 онд бичсэн товч танилцуулга юм. Одоогоос 52 жилийн өмнө бичсэн энэ баримтыг танилцуулж байна.
ХАР БАЛГАС
Энэ балгас тус улсын Архангай аймгийн Хотонт сумын нутагт оршино. Энэ нь YIII-IX зууны үед тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл байжээ. Хар балгас нь тус улсын нутагт байгаа сөнөсөн олон хотын дотор ихээхэн томын нэгэнд орох бөгөөд бараг 25 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ. Үүнээс гадна Хар балгас бүрэн бүтэн байх үедээ дорвилог их хот байсны нэг гэрч нь одоо түүний хэрэм 10м, цамхаг нь 12м тус тус өндөр байгаа ба мөн хотын дундах харуулын өндөр цонж 14м өндөр байгаад оршино. Хар балгас үндсэндээ 3 хэсэгт хуваагдах бөгөөд гол их хот нь эргэн тойрон цамхаг бүхий хэрэмтэй, орон байшин олонтой байжээ. Их хотын хэрмийн гадна өмнө талд мөргөлийн олон сүм, сууц байсны ор бий. Бас мөн их хотын зүүн хойт талд тусдаа эргэн тойрон хэрэмтэй хааны орд байсан ажээ. Энэ балгасыг арвитай их малтаж шинжилсэн зүйлгүй авч энд төрөл бүрийн гар урлалын газрууд байсан нь илэрснээс гадна хааны ордон ба орон сууцны барилгууд нь шавар баримал, зурмал гоёл чимэглэлтэй байжээ. Мөн хаалга үүд нь зэс гуулиар уран сайхан хөөлгөж хийсэн бариултай байсан ажээ. Барилгуудын ихэнх нь хана хоолойгоор халж дулаацуулах системтэй байжээ. Хар балгасан дахь дурсгалт сонин зүйлсийн нэг нь хааны ордон байсан хэсэгт орших Хятад, Уйгур, Тюрк бичээс бүхий гэрэлт хөшөөнүүд болно. 
Хар балгасын туйрын дэвсгэр зураг 
 Тэдгээр хөшөөний оройд луу, барын дүрс гаргаж уран сайхан сийлсэн байдаг. Хөшөөний бичээсэнд Уйгурын нэг хааны тухай дурсаж дурдсан байдгаас үзвэл энд тэр хааны бунх байсан байж ч болох билээ. Уйгурын хаант улсыг IX зууны дундуур Енисейн Киргизүүд довтлон ирж сөнөөгөөд өөрийн ноёрхлыг тогтоосон тэр үед Хар балгасанд түймэр гарч маш их эвдэрч сүйрээд дахин сэргээгүй болно. Хар балгаснаас гадна Тайжийн чулуу, Дойтон толгой, Байбалык /одоо нутгийн ардууд “Бийбулаг” гэдэг/ гэх мэтийн Уйгур хотын үлдэгдэл бий. Уйгурын хаант улсын үеийн эдгээр түүх соёлын дурсгалуудыг манай оронд ирсэн эрдэмтэн жуулчид, зорчин үзэгчид сонирхон шохоорхож үздэг билээ.   хэмээн бичсэн нь ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм.

Түүхийн баримтын төвийн архивч П.Алтанцэцэг

Мянгадад нутгийн захиргаа байгуулагдсан нь

 1922 оны үед Мянгад хошуу нь Дөрвөд баруун аймагт хамаарагдаж түүний чуулганд урьдын адил захирагддаг хэвээр байсны дээр Ховдод сууж хэрэг шийдэх ардын засгийн төлөөний сайд жанжины газруудад давхар захирагддаг байлаа.
1923 оноос Ховд хязгаарын хошуу нутгуудаар МАХН-ын орон нутгийн байгууллагууд шинээр байгуулагдаж эхэлсэн энэ ажлын явц дундуур Мянгад хошууны намын хороо 1923 оны 10 дугаар сард “Онинпэл” хэмээх газар анх эхэлж байгуулагджээ.
Мөн 1924 онд Мянгад хошууны сум, баг, арван гэрийн захиргаадыг Ховд хязгаарын нутгийн захиргааны дүрэм ёсоор жинхэнэ ардчилсан сонгуулиар байгуулж, мөн оны намар Мянгад хошууны ардын анхдугаар их хурал “Лайжин “ хэмээх газраа хуралдаж, хошуу захиргааг шинээр зохион байгуулсан юм. Энэ хурлаар Манжийн үеэс нааш Мянгад хошуу гэж нэрлэгдсээр ирсэн хошууны нэрийг хожмын хойшид “Хөхий уулын хошуу” хэмээн нэрлэж байхаар тогтоосноос гадна хошууны  даргаар урьд засаг гүн байсан Д.Санжжавыг сонгожээ. Хуучин засаг гүн явсан хүнээр ингэж дарга сонгосон явдал болбоос засаг ба засаг бус ван, гүн нарын эрх хэмжээний тухай 1923 онд Засгийн газраас баталсан дүрэм-д “Хэрвээ ардууд өөрсдөө зөвшөөрвөл ноёдынг хошуу засгийн тушаалд ардуудын хурлаар сонгож болно” гэж заасны дагуу үндэс болгосон хэрэг байжээ.
Хошууны их хурлаас ажил төрөл хариуцсан дөрвөн хэлтэс бүхий хошуу захигаа байгуулсан бөгөөд үүнд: захирах тушаах хэлтсийн даргаар Т.Цэнджав, зарга хэлтсийн даргаар Х.Дамдинсүрэн, цэргийн хэлтсийн даргаар Н.Дорлиг, албан татварын хэлстийн даргаар Д.Лхамжав нарыг тус тус сонгожээ. Мөн 6 баг, 2 сумыг шинэчлэн байгуулсан.
1925 оны 11 сард аймаг, хошууны анхдугаар их хурлаар Дөрвөд хоёр аймгийг нэгэн аймаг болгож, харъяат 27 хошууг 8 хошуу болгон цомхотгон аймгийн нэрийг “Чандмань уулын аймаг” гэж нэрлэхээр тогтжээ. Шинээр байгуулагдсан 8 хошууны нэг нь Хөхий уулын хошуу байсан бөгөөд уг хошууг мөн тэр нэрээр нэрлэж байхаар аймгийн их хурлаас дахин баталжээ.
1926 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар хурал, 1927 онд хуралдсан Чандмань уулын аймгийн 3 дугаар их хурлуудын шийдвэр ёсоор орон нутгийн сонгууль явуулсны үндсэн дээр Ховд, Увс хоёр аймаг болон хуваагдахад урьд Баянчандмань уулын хошуунд харъяалагдаж явсан Дэлгэрмөрөн, Чандмань сум нэгдэж, Цагаанбулан сум гэдэг нэртэйгээр шинээр байгуулан Ховд аймагт харъяалагдах болжээ. 1929 оны үед тус сум нь 640 өрхтэй, 3416 хүнтэй байжээ.
1931 онд засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлтөөр  Цагаанбулан сум гэдэг нэрийг өөрчилж,  Мянгад сум гэдэг нэрээр сольсон.
Шинээр байгуулагдсан Мянгад сум нь 12 багтай байсан бөгөөд түүний 1, 5, 6 багууд нь Увс аймгийн Завхан сумаас тасарсан Дөрвөд ястнаас бүрджээ. 1955 онд энэ гурван баг Мянгад сумаас тасарч байгуулагдаж байгаад мөн 1963 онд Мянгад сумтай дахин нийлэв.
Хувьсгалын анхны жилүүдэд Ховд хязгаарын засаг захиргааны зохион байгуулалтыг ийнхүү шинэчлэн тогтоож байсан явдал бол орон нутгийн ард түмний аж амьдралын онцлог байдалд тохируулан тус орны нутаг дэвсгэрийг эдийн засгийн талаар эмхлэн тогтоох явдлыг хангахад ихээхэн ач холбогдол бүхий зохион байгуулалтын арга хэмжээ юм.
С.Шижирбаатар

“ХУН ТАЙЖИЙН БАЛГАС”-ын тухай баримтаас

Цогт хунтайжийн цагаан байшин
Монгол орны нутагт байгаа эртний хот балгадын туурийн тухай танилцуулгын үргэлжлэл болгож “Хун тайжийн балгас”-ын тухай эрдэмтэн Ц.Доржсүрэнгийн бичсэн нэгэн баримтыг эх хувиар нь танилцуулъя. Энэ сонирхолтой баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм.  Үүнд:
Халхын Цогт тайж бол 1581 онд төрсөн билээ. Халх Монголд буддын шашны нөлөө дэлгэрч байх үед Цогт тайж түүнийг дэмжигч байсан. Цогт тайж нь бичиг эрдэм сайтай, ном судар их цуглуулдаг феодалын сэхээтэн байв. Шашны сүм дуган, орд харш хэд хэдийг бариулсан ажээ. 1601 оноос эхлэн 17 жилийн туршид зургаан сүм хийд бариулсан гэдэг билээ.
Түүний нэг нь Туул голын Тансаг тал хэмээх хөндийд Халдун Зүрх уулын өвөрт Сэтгэшгүй Чандмань гэдэг сүм бариулсан гэх бөгөөд тэнд Цогт тайжийн өөрийн сууж байсан ордон байжээ. Үүнийг одоо Туулын Цагаан байшин гэх буюу Цогтын цагаан байшин ч гэнэ. Хэрмийн өндөр нь 4м, цамхагийн өндөр нь 6м шахам, ханын урт нь 40м гаруй байна. Цогтын цагаан байшин гэдэг энэ балгасыг 1930 хэдэн онд бага зэрэг малтаж шинжилжээ. Энэ малталтаар гарсан зүйлсийг үзэхэд Цагаан байшин нь уран чимэглэгдсэн сууц ба бурхан шүтээн залах олон байшинтай байжээ. Энд луу, цэцэг, хээ, угалз зэрэг барилгын чимэглэл, бурханы толгой, хөл, хүзүүний чимэг зэрэг олон зүйлийн сонин материал олджээ. Уран чимэглэлийн зүйлсийг маш чадварлаг хийсэн байна. Энд бас тариалан нилээд явцтай байсны гэрч болох тариа цайруулах бул чулуу зэрэг байгаагаас гадна услах шуудууны ор мөр байна. Ордны урд талд чулуун мэлхий дээр зоосон түвд, монгол бичигтэй хөшөө байсныг эрдэмтэд шинжилжээ. Бас тус балгаснаас нилээд зайтай орших Төхмийн Дуут нуур гэдэг газар хадан дээр Цогт тайжийн тухай бичсэн хоёр хэсэг бичээсийг мөн эрдэмтэд уншиж судалжээ.
Цогт тайжийн бариулсан сүм дуганы нэг нь Улаанбаатараас Цэцэрлэг хот орох замд Харуухын (Хар бухын) голын зүүнтээ орших Харуухын буюу Хун тайжийн балгас гэдэг билээ. Энд занар чулуугаар барьсан их, бага 7-8 барилга, суварганы ор бий. Харин энэ сүм суваргыг хуучин балгасын ор дээр байгуулсан ажээ. Хуучин балгас нь ХI зууны үед холбогдох Кидан улсын хот суурины үлдэгдэл юм. Хуучин балгас нь шороо дагтаршуулан байгуулсан хэрэмтэй, хэрмийн дотор олон барилгатай байжээ. Түүнийг мөн 1930 хэдэн он ба 1949 онд бага зэрэг малтаж аль үед холбогдох дурсгал болохыг тогтоожээ.
Дээр дурдсан балгасууд нь Монголын хот сууринуудыг шинжлэн судлахад чухал холбогдолтой зүйл тул эрдэмтэн, зорчин үзэгчид их сонирхдог билээ
. гэж 1959 онд бичиж үлдээсэн түүхэн баримт байна.

Түүхийн баримтын төвийн архивч П.Алтанцэцэг

“ХАР ХОРИН ХОТ”-ын тухай баримтаас

    Та бүхэнд Монгол орны нутагт байгаа эртний хот балгадын туурийн тухай танилцуулж байгаа билээ.
Үүний үргэлжлэл болгож эрдэмтэн Ц. Доржсүрэнгийн 1959 онд бичиж үлдээсэн “Монголын эртний нийслэл Хар хорин хот”-ын тухай баримтыг эх хувиар нь сонирхуулъя.  
Үүнд:
МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАР ХОРИН
Монголыг хот суурин амьдрал, газар тариаланг үл мэдэх нүүдэлчин малчдын орон гэдэг үзэл их ноёрхож дэлгэрсэн билээ. Гэвч түүхийн бодит баримт энэ үзлийг шууд үгүйсгэж байгаа юм.
Үүний туйлбартай баталгаа нь Монголын эртний нийслэл Хар хорин хот болно.
Монголд Хүннү улсын үеэс эхлэн их бага хот суурин байгуулагдсаар ирсэний ул мөр одоо 200 шахам олдоод байгаа нь нийслэл Хар хорин хот, хот байгуулах эртний уламжлалын үндсэн дээр бий болсон бөгөөд монголчуудын цорын ганц хот биш болох нь илэрхий. Хар хорин нь сурвалж бичигт гардаг Тайхал шивээ гэдэг балгасны дэргэд байгуулагдаж богино хугацаанд түргэн өсөж Монголын феодалын улсын улс төр, худалдаа, гар урлалын төв болжээ. Энэ хотын талаар Рубрук зэрэг хүмүүс нилээд тодорхой тэмдэглэл үйлдсэн нь эртний судлалын шинжилгээгээр батлагдаж байна. Хар хорин хот нь Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн заагт Орхон Хөгшин хоёр голын хоорондох сайхан хөндийд Улаанбаатараас баруун тийш 300 гаруй км, Хужиртын алдарт халуун рашаан эмнэлгээс зүүйн хойш 60-аад км газар байдаг бөгөөд тэгш бус дөрвөлжин хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, хэрмийн дотор хөндлөн гудас хоёр их гудамжтай, төв хэсэгтээ орон барилга олонтой хөл үймээн их, худалдаа арилжаа дэлгэр байжээ. Арваад жилийн өмнө Хар хорин хотын төв хоёр гудамжны уулзуур дахь их барилга, их хэрмийн баруун буланд байсан хааны ордон, мөн их хэрмийн өмнөд хаалганы хавийн барилга зэргийг малтаж шинжилсэн билээ. Хааны ордон нь гадуураа тусгай хэрэмтэй, хэрмийн дундуур ордны гол барилга байсан ба түүний хоёр бөөрөнд тус бүр хоёр багавтар барилга байжээ. Хааны ордон нь 2м гаруй өндөр хиймэл дэвсэг дээр барьсан байсан ба 64 баганатай их танхимтай байсан ажээ. Ордоны шалыг ногоон паалантай улаан тоосгоор хийж, ногоон улаан өнгийн паалантай шавар баримал хээ угалз, луу, арслан зэрэг амьтны дүрсээр чимэглэгдсэн танхил сайхан танхим олонтой байжээ. Энд гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч байсан, түүний дотор нэрт жуулч Рубрук, Марко Поло нар ч оролцож билээ. Ордоны өмнөд хаалга нь үзэсгэлэнтэй сайхан уран зурмал чимэгтэй байжээ. Түүний урд, орой дээрээ бүрээ барьсан мөнгөн хүнтэй мод бүхий оргилуур байсныг Рубрук тодорхойлон бичсэн байдаг билээ. Хар хорины төв хэсэг нь барилга ихтэй байсан ба заримд нь ширэм, төмрийн үйлдвэр, шаазан ваарын үйлдвэр зэрэг олон төрлийн гар урлалын газар байжээ. Эртний судлалын талаар хийсэн малталтаар олдсон олдвороос үзэхэд энд сайн чанарын цагаан ширмэн эдлэл, цэргийн төрөл бүрийн зэр зэвсэг, тариалангийн ба бусад аж ахуйн зэвсэг багаж хэрэгсэл, сав суулга, гоёл чимэглэлийн зүйл арвин олдсоны дээр ширэм хайлах зуух, шаазан ваар боловсруулах зуухны үлдэгдэл олон байжээ. Энд нэг ширхэг нь 20 гаруй кг хүнд цөнгүүд их гарч бий нь монголын гэрт их тэрэг, бэхлэгдсэн хотын хэрмийг харваж эвдэх хэрэгсэл зоосон тэрэг зэрэгт хэрэглэж байжээ. Төмөрлөгийн зүйлсийг үйлдвэрлэхэд усан хөдөлгүүрт хэрэгсэл хэрэглэж байсан ажээ. Мөн хэрэм тэслэх бөмбөг үйлдвэрлэдэг байсан ажээ. Хар хорин нь худалдаа арилжаа их дэлгэрсэн хот байснаас гадна энэ хотын орчим үр тарианы газар их байсан байна. Үүний баталгаа нь хятад, монгол ба дундад азийн зоос, жин, жингийн туухай, анжис, бул зэрэг болно. Хар хорин хот нь дайн байлдааны хөлд хэд дахин их нэрвэгдэж эвдэрсэн ба 1380 онд Мин улсын цэрэг довтолж их сүйдэлснээс хойш сэргэж чадаагүй боловч XY зууны үе хүртэл мөн жижиг суурин байсаар байжээ. Хожим XYI зууны сүүлчээр Хар хорин хотын захад Эрдэнэ зуу хийд байгуулагдаж тэнд Хар хорин хотын нурангаас чулуу, тоосго зэрэг барилгын материалыг ашиглажээ. Хар хоринд ирсэн зорчин үзэгчид түүний дэргэд байгаа Эрдэнэ зуу хийдийг үзэхгүй өнгөрч чаддаггүй. Тэр хийд нь Халхын шарын шашны хамгийн анхны хийд билээ. Тэнд монголчуудын урлаж бүтээсэн асар үнэт соёлын дурсгалууд бийгээс гадна мөн Хар Хорин хотын түүхэнд холбогдол бүхий зүйл ч бий юм.
гэж 1959 онд бичсэн түүхийн ховор сонирхолтой баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж  байгаа  болно.

Түүхийн баримтын төвийн
архивч П.Алтанцэцэг

ҮТА-д хадгалагдаж буй “Тамга тэмдгийн цуглуулга” хөмрөгийн баримтын тухай товчхон

МЭӨ 209 онд Хүннүгийн хаан ширээг авсан Модуны үеэс Монгол угсаатны төрт ёсны үндэс тавигджээ. Төрт ёсны илэрхийллийн нэг бол төрийн тамга байдаг. Төрийн тамга гэдэг нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, хууль цаазын батламж, төрт ёсны билэг тэмдэг юм.
Хууль зүйлийн бичгийн тамга тэмдэг олгох тухай 24-р дэвтэрт:
-. Нийслэл хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд дор Манж, Монгол, Хятад үсгийн тамга
-. Хүрээ, Хиагт дор суусан хэлтсийн түшмэл дор захирлага
-. Ав хомрогын бүгдийн дарга дор тамга
- Зүүн, баруун хоёр гарын дарга дор захирлага
- Дотоод, гадаад засаг, олон чуулган дарга дор тамга
- Дотоод, гадаад хошууг захирах засаг, сумын зэргийн газрын бүгдийн дарга дор цөм нийлсэн хотын хошууг захирагч сайдын хууль ёсоор өөр өөрийн нижгээд тамга
-. Дөрвөд хан нар дор засгийн хэргийг захирах тамга
-. Хошууд дор нэгэн хошууг нэмж байгуулж засгийн тамга
- Илийн Өөлд дор хоёр гар болж цөм бүгдийн даргын тамга
- Хойт харъяат ард дор нэгэн хошууг нэмж байгуулж засгийн тамга өгөх ... гэж заажээ.
ҮТА-д хадгалагдаж буй “Тамга тэмдгийн цуглуулга” хөмрөгийн баримтын тухай товч дурьдвал:
Тус Үндэсний Төв Архивт 1666-1920 оны 54 ширхэг тамга, тэмдэг, захирлага хадгалагдаж байна. Уг тамга тэмдгийн цуглуулгыг 1970, 1997, 2001 онд тус тус тоолж шалган бүртгэхээс гадна тухайн тамга бүрийн төр, он, уг эхийг нь тогтоох зэрэг ажлууд хийгдэж бүртгэлийг бүрдэл бүхий данс болгох ажлууд хийгдсэн болно.
Дээрх данс бүртгэлд орсон зарим нэг онцлог тамга, тэмдэг нь: Халхын Очирбат Түшээт ханы тамга, Халх дөрвөн аймгийн зарим хошуудын захирагчийн тамга, Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагт болон Сайн ноён хан  аймгийн Эрдэнэ мэргэн ноён хутагт нарын зэрэг хутагтын шавь нарыг захирах тамга, Өөлд, Мянгад, Захчины хошууг захирагч бүгдийн даргын тамга, Халхын баруун гарын цэргийг захирах туслагч жанжины тамга гэм мэт болно.
Эдгээрээс хамгийн том нь 4.2 кг жинтэй, 10.5х10.5 см хэмжээтэй Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны тамга юм. Түшээт ханы хошуу нь  одоогийн Төв аймгийн нутгийн зарим хэсгийг хамаарна.
Хамгийн жижиг тамга нь 150 гр жинтэй, 6х10 хэмжээтэй Жа хорооны цэргийг захирах даргын тэмдэг юм. Жа хороо гэдэг нь тэр үеийн цэргийн анги хороодыг үсгээр тэмдэглэдэг байсантай холбоотойгоор нэрлэгджээ.
Данс бүртгэлд бүртгэгдсэн нийт тамганы 41 ширхэг нь аймаг хошууг захирагчдын тамга, 8 ширхэг нь жасаадын хэргийг шийтгэгч засаг туслагч нарын тэмдэг, 5 ширхэг нь бүгдийн дарга, хэлтсийн түшмэл, дэс түшмэлийн захирлага зэргээс бүрдэл болж байна.
ҮТА Түүхийн баримтын төвийн ахлах архивч Ж.Баасансүрэн

Монгол улсад шатрын спорт хэрхэн хөгжиж байсан талаарх архивын баримтаас


ҮТА-ын сан хөмрөгт дэхь Биеийн тамир, спортын улсын хорооны 1956 оны баримтанд Монгол улсын шатрын хөгжлийн талаар бичигдсэн нэгэн өгүүлэл өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Энэхүү өгүүллийг бүрэн эхээр нь толилуулъя.

Монгол улсын шатрын хөгжил
Ардын хувьсгалын өмнө

Монгол улсад шатар тоглох явдал эрт үеэс үргэлжилсээр иржээ. Шатрын нүүдлийн журам нь бэрс урамгүй, хүү бүр, адил нүүхгүй ноёны солио хийдэггүй байсан зэрэг одоо үеийн
нийтийн шатрын тоглолтоос нилээд өөр  байсан байна. Ардын хувьсгалаас өмнө шатар нь нийтийн тоглоом болон дэлгэрч чадаагүй ба улсын хэмжээнд шатрын уралдаан тэмцээн
явуулж байсан удаагүй боловч сайн шатарчид зориуд хоорондоо өөрсдийн сайн дураар уулзаж хувийн халз тоглолтыг хийж байсан нь цөөнгүй байжээ. Ийм шатарчдын зарим нэрсийг дурдвал:
Автономит засгийн үед Сан бээсийн /Чойсалсанд/ гаргүй Гончиг, Равдан зайсан, Галсанжамц,
улаан Балдансамбуу, Цагаанчойдор, Говь мэргэн вангийн Дамжамц, Улаангомын Цэдэн-Иш,
Гандангийн лам Базар гэх зэрэг шатарчид байсан.
Ардын хувьсгалын жилүүдэд
Ардын хувьсгал 1921 онд ялснаас хойш шатар нь жил дараалан хөгжиж хувьсгалын эхний жилүүдэд баяр наадмаар тохиолдуулан үндэсний шатрын тэмцээнийг явуулж байжээ. Үүнд:   Одоо цагийн уралдааны журмаар бус бөхчлөх /Олимпиад систем/ журмаар тоглож байжээ. Ийм тэмцээнийг 1-2 өдөрт багтааж явуулдаг бөгөөд хожигдсон хүмүүс дахин тоглохгүй байсан юм. Тэмцээн бүрт 32-64 шатарчид оролцож, 1940 он хүртэл ийм маягаар үргэлжилж ирсэн байна. Үүнд:  Дорнод аймгийн шатарч Ёндон –Осор, Улаанбаатар хотын шатарч Санжаажамц нар голдуу түрүүлж байжээ. 1941 оноос 1947 он хүртэл мөн баяр наадмаар тохиолдуулан нийтийн шатрын тоглолтын журмаар бөхчлөх системээр тэмцээн явуулж байсан  Үүнд: Тус  бүр  64-128 шатарчид оролцож байсан ба түүнд шатарчин Ёндон-Осор, Цэдэнжав нарын зэрэг шатарчид голдуу түрүүлж байжээ.
Улсын аварга шалгаруулсан нь
Тус улсад шатрын хөдөлгөөн өрнөж  ирсэн учир нь : 1948 оноос эхлэн БНМАУлсын шатрын аваргыг шалгаруулж  байхын тулд жил бүр улсын хэмжээнд шатрын уралдаан явуулж байхаар болжээ.
Анх дугаар уралдаан
1948 онд БНМАУлсын шатрын аваргыг шалгаруулах анхдугаар бэлтгэл уралдааныг нийт даяар явуулжээ. Түүнд 1803 шатарчид оролцов. Бэлтгэл уралдаанаас шалгарч гарсан 16 шатарчдын бүрэлдэхүүнтэй улсын шатрын аваргыг шалгаруулах анхдугаар уралдааныг явуулсанд нөхөр Намсрай түрүүлж анхдугаар удаагийн аварга шатарчин болсон байна.
Хоёрдугаар уралдаан
1949 онд БНМАУлсын шатрын 2 дугаар удаагийн аварга шалгаруулах бэлтгэл уралдааныг Төв орон нутагт дэлгэрэнгүй явуулжээ. Түүнд 2481 шатарчид оролцов. Бэлтгэл уралдаануудаас шалгарч гарсан 24 шатарчдын бүрэлдэхүүнтэй улсын шатрын 2 дахь удаагийн аварга шалгаруулах уралдаан явуулсанд нөхөр Намсрай, Цэдэнжав, Жүгдэр, Дугар нар адил хожилтой гарсан тул дараагаар нь матч тэмцээн хийж  нөхөр Цэдэнжав түрүүлж ,улсын шатрын аварга болсон байна.
Гуравдугаар уралдаан
1951онд БНМАУлсын шатрын гурав дахь удаагийн аварга шатарчийг шалгаруулахаар бэлтгэл уралдаануудыг орон даяар дэлгэрэнгүй явуулжээ. Түүнд 3579 шатарчид оролцов. Бэлтгэл уралдаанаас шалгарч гарсан 24 шатарчдын бүрэлдэхүүнтэй улсын шатрын гурав дахь удаагийн аварга шалгаруулах уралдаан явуулсанд ахмад шатарч Ёндон-Осор түрүүлж улсын шатрын аварга болсон байна.
Дөрөвдүгээр уралдаан
1952 онд БНМАУлсын шатрын аваргыг шалгаруулах бэлтгэл уралдааныг орон даяар явуулжээ. Түүнд 4282 шатарчид оролцов. Бэлтгэл уралдаануудаас шалгарч гарсан 20 шатарчдын бүрэлдэхүүнтэй Улсын шатрын дөрөв дэх удаагийн аварга шалгаруулах уралдаан явуулсанд ахмад шатарч Дугар түрүүлж  улсын шатрын аварга болсон байна.
Тавдугаар уралдаан
1953 онд БНМАУлсын шатрын тав дахь удаагийн аврага шатарчийг шалгаруулах бэлтгэл уралдаануудыг улсын хэмжээн дээр дэлгэрэнгүй явуулжээ. Түүнд 5329 шатарчид оролцов. Бэлтгэл уралдаанаас шалгарч гарсан 16 шатарчдын бүрэлдэхүүнтэй улсын шатрын тав дахь удаагийн аварга шалгаруулах уралдааныг явуулсанд нөхөр Цэрэндагва түрүүлж ,улсын шатрын аварга болсон байна.
Зургадугаар уралдаан
1954 онд БНМАУлсын шатрын зургаа дахь удаагийн аварга шалгаруулах бэлтгэл уралдаан-уудыг бүх орон даяар дэлгэрэнгүй явуулжээ. Түүнд 6285 шатарчид оролцов.Бэлтгэл уралдаануудаас шалгарч гарсан 16 шатарчдын бүрэлдэхүүнтэй улсын шатрын 6 дахь удаагийн аварга шалгаруулах уралдааныг явуулсанд нөхөр Цэрэндагва 2 дахь удаагаа түрүүлж ,улсын аварга хэвээрээ үлдэв.
Долоодугаар  уралдаан
1955 онд БНМАУлсын шатрын долоо дахь удаагийн аварга шалгаруулах бэлтгэл уралдааныг төв орон нутагт дэлгэрэнгүй явуулжээ. Түүнд 8000 шатарчид оролцов. Бэлтгэл уралдаанаас шалгарч гарсан 20 шатарчдын бүрэлдэхүүнтэй улсын уралдааныг явуулсанд нөхөр Жүгдэр түрүүлж улсын аварга шатарч болсон байна.

Чигорины 100 жилийн ойд явуулсан уралдаан
1950 онд Оросын их шатарч Чигорины 100 жилийн ойд зориулж улсын хэмжээн дээр төв ба орон нутгуудад шатрын  уралдаануудыг дэлгэрэнгүй зохион явуулжээ. Түүнд  10000 шатарчид оролцов. Эдгээр уралдаануудаас шалгарч гарсан 18 шатарчдын бүрэлдэхүүнтэй уралдааныг явуулсанд нөхөр Жүгдэр түрүүлсэн байна.
Үйлдвэрчний эвлэлийн аварга шалгаруулах уралдаан
1954 онд БНМАУ Үйлвэрчний эвлэлийн аварга шатарчийг шалгаруулах бэлтгэл уралдаануудыг төв орон нутгуудаар дэлгэрэнгүй явуулжээ. Түүнд 5000 гаруй шатарчид оролцов. Бэлтгэл уралдаануудаас шалгарсан 24 шатарчдын бүрэлдэхүүнтэй үйлвэрчний эвлэлийн анхдугаар аварга шатарчийг шалгаруулах уралдааныг явуулсанд нөхөр Жүгдэр, Намсрай нар адил хожилтой түрүүлсэн байна.
Идэрчүүдийн аврага шалгаруулах уралдаан
1951 онд идэрчүүдийн аварга шалгаруулах бэлтгэл уралдаануудыг төв орон нутгаар явуулжээ. Түүнд 300 гаруй шатарчид оролцов. Бэлтгэл уралдаанаас шалгарсан 12 залуучуудын бүрэлдэхүүнтэй уралдааныг явуулсанд 16 настай пионер Төмөрбаатар түрүүлсэн байна.
Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулсан нь

Анхдугаар уралдаан
1954 онд БНМАУлсын эмэгтэйчүүдийн шатрын аваргыг шалгаруулах анхдугаар уралдааныг явуулахын тулд аймаг хотуудад бэлтгэл уралдаануудыг явуулжээ. Түүнд 350 гаруй шатарчин эмэгтэйчүүд оролцов. Бэлтгэл уралдаанаас шалгарсан 14 эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэй улсын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах уралдааныг явуулсанд оюутан эмэгтэй Бямбаа түрүүлж улсын эмэгтэйчүүдийн аварга шатарчин болсон байна.
Хоёрдугаар уралдаан
1956 онд БНМАУлсын эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн аварга шатарчийг шалгаруулах бэлтгэл уралдааныг аймаг хотуудаар явуулжээ. Түүнд 600 гаруй эмэгтэй шатарчид оролцсон байна. Бэлтгэл уралдаануудаас шалгарч ирсэн 14 шатарчин эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэй улсын шатрын эмэгтэйчүүдийн 2 дахь удаагийн аварга шалгаруулах уралдааныг явуулсанд эмэгтэй шатарчин Ичинхорлоо түрүүлж улсын эмэгтэйчүүдийн шатрын аварга болсон байна.
Аймгуудын шатрын уралдаан
Аймгуудын аварга шатарчийг шалгаруулах уралдаан жил бүр явагдаж байдаг юм. Үүнд аймаг бүрийн бэлтгэл уралдаануудад 250-780 шатарчид оролцож байсан жишээтэй байна. Нэг баримтыг дурдвал 1955 онд Дорноговь аймгийн бэлтгэл уралдаануудад бүгд 52 багт 317 шатарчид 15 суманд 164 шатарчид, аймгийн төвийн 6 байгууллагад 96 шатарчид тус тус оролцож бүгд 789 шатарчид оролцсон байна. Тэрчлэн энэ аймагт шатарт 18 бүлгэм 149 шатарчид суралцаж байсан байна.
Хотуудын шатрын уралдаан
Хотуудад шатрын уралдаан жил бүр явагдаж хотын аварга шатарчинг шалгаруулж байдаг юм. Жишээ нь: Улаанбаатар хотын аварга шалгаруулах бэлтгэл уралдаанд 800-1600 шатарчид оролцох болсон байна.
Командын уулзалт
Аймаг хотууд ба аймгуудын шатарчид хоорондоо туршлага солилцох үндсэн дээр уулзалт явуулдаг юм. Зарим уулзалтуудын жишээг дурьдвал
Дундговьд
1953 онд: Дундговь, Өвөрхангай, Чойбалсан, Өмнөговь төв аймгууд ба Улаанбаатарын бүгд 6 командын уулзалт болжээ. Энэ командуудад оролцож тоглосон шатарчид 36, үзэж сонирхсон хөдөлмөрчид 50 гаруй байсан юм. Хотын шатарчид түрүүлсэн байна.
Улаанбаатарт
1954 оны эхээр Хэнтий ,Чойбалсан ,Сэлэнгэ ,Улаанбаатар зэрэг аймаг хотын командын уулзалт явжээ. Үүнд 30 шатарчид оролцсон юм. Түүнд үзэж сонирхогчид 200 гаруй байжээ.
Ховдод
1954 оны сүүлийн улиралд Увс, Завхан, Говь-Алтай, Ховд, Улаанбаатар хотын командууд Ховд аймгийн төвд уулзалт явуулжээ. Энэ тэмцээнд 25 шатарчид оролцож үзэж сонирхогчид 150 байсан байна. Энэ тэмцээнд Завхан аймгийн команд түрүүлжээ.
Сүхбаатарт
Сүхбаатарт 1955 онд Чойбалсан, Хэнтий, Сүхбаатар аймгуудын шатарчдын командын уулзалт болжээ. Үүнд 15 шатарчид оролцсон ба Сүхбаатар аймгийн шатрын команд түрүүлжээ. Энэ уулзалтанд үзэж сонирхогчид 300 гаруй байжээ.
Дорноговьд
1956 онд Улаанбаатар  хот ба Дорноговь аймгийн шатарчдын уулзалт Сайншандад болжээ. Энэ командын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 20 гаруй шатарчид оролцож Улаанбаатарын команд түрүүлсэн ба үзэж сонирхогчид 250 байжээ.
Шатрын боловсон хүчин
Манай улсад шатрын мастер, дэд мастер, тэрчлэн зэрэг бүхий шатарчид нилээд байгаа юм. Тухайлбал:  Мастерууд   Жүгдэр, Цэрэндагва, Ёндон-Осор, Дугар, Цэдэнжаб.
Дэд мастерууд  Жамсран, Намжил, Намсрай, Дүгэржав  1-р зэрэгтэй  шатарчид хэдэн аравын тоонд хүрэх ба бусад зэрэг бүхий шатарчид хэдэн зуугийн тоонд хүрэх юм. Тэрчлэн мастер ба дэд мастерийн норм биелүүлээд байгаа шатарчид нилээд бий болж байгаа юм.


ТБТ-ийн архивч               П.Алтанцэцэг

Sunday, 6 November 2011

Хүн амын тооллогууд дахь “Хүний нэр”-ний тухайд

 Аливаа улс үндэстэн бүр өөрийн газар нутаг, хэл, соёл, зан заншил, улс төр, эдийн засгийн хувьд тусгаар тогтносон ард түмнийг бид улс гэж ойлгодог. Тэгвэл улс орны гол үндэс нь ард түмэн өөрсдөө юм. Ийм ч учраас ямарч улс орон өөрийн ард түмнийхээ хүн ам зүйг судлаж тоолж өөрсдийн хүч нөөцөө тодорхойлсоор ирсэн билээ. Тэгвэл манай улсын хувьд хүн амын тооллого системтэйгээр хийгдсэн анхных нь 1918 онд явагдсан байна. Үүнээс хойш Монгол улсын хүн амын нэгдсэн тооллогыг 1922-1929, 1933, 1944, 1947, 1956 ондуудад тус тус хийсэн бөгөөд үүнээс өмнө Манжийн ноёрхолын үед хошуудад цэрэг эрийн бүртгэл буюу төөлүүүр данс гэх хүн амаа тоолсон баримт нь одоо Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж  байна.
Хүн ам, хөрөнгийн тооллогууд нь тухайн тухайн цаг үеийнхээ хүн ам зүйн тоо баримт, хүйсийн тэгш эрх буюу жендер, насжилт, нийгмийн бүтэц, хүний нэр, овог, эдийн засаг гэх мэт олон сонирхолтой мэдээллийг агуулж байдаг.
Иймээс хүн амын тооллогод бүртгүүлсэн зарим хүний нэрний тухай болон овог нэрийн тухай өгүүлэхийг зорилоо. Хүн бүр аав ээжээс хайрласан дуудах нэртэй байдаг. Эдгээр нэрс нь тухайн цаг үе болоод нийгмийн сэтгэл зүй, сүсэг бишрэлийг өөртөө агуулсан байдаг. Хүн амын тооллогуудаас үзэхэд  Монголчуудын хувьд
•    Монгол
•    Түвэд
•    Орос  гэсэн гурван үндэстний  нэрийг үр хүүхдүүддээ өгдөг байсан нь ажиглагддаг.
Үүн дотроос Түвэд нэр ихэнх хувийг эзэлж байна. Үүнийг монголд шарын шашин дэлгэрч энэ шашныг шүтэн бишэрч ирсэн цаг үеэс эхлэн тайлбарлаж болох юм. Монголд шарын шашин дэлгэрснээр олон сүм хийд баригдаж үүнийг тойрсон  хот суурингууд бий болж, Түвэд, Санскрит хэл мэддэг монгол лам нар олширч энэ хэлээр ном зохиол бичих ном барлах, бурхан урлах зэрэг буддын шашны соёлын нөлөө хүчтэй дэлгэрсэн нь сүсэгтэн олон үр хүүхэддээ лам багш, хутагт, хувилгаадаас нэр авах, мөн  түвэд нэр сонгон өгөх явдал түгээмэл болсонтой холбон  тайлбарлаж  болох юм.
 Орос нэрний тухайд гэвэл 1929, 1933 оны тооллогуудаас илүү 1956 оны хүн амын тооллогод илүү түгээмэл ажиглагддаг. Энэ нь 1921 он Үндэсний ардчилсан хувьсгал ялж, Оросын нөлөөгөөр янз бүрийн үйлдвэр, артель, нөхөрлөл, хамтрал, , хоршоолол хөгжиж Монголд ажилчин ангийн  шинэ давхраа бий болж тэдгээрийн  эрх ашгийг тэргүүнд тавьсан социализм, комунизмын үзэл суртал хүчтэй нэвтэрч  орос үг, орос нэр,  Монгол хүмүүсийн нэрэнд төдийгүй бичиг соёлд гүнзгий нэвтэрсэн байдаг. Эдгээр үгс нь аажимдаа Монгол хэлэнд уусан нэвчиж монгол үг мэт хэрэглэгдэх болжээ. Жишээ нь машин, телевизор, радио, яблоки, морожен гэх мэт, хүнийн нэрэнд Сталин, Сэсээр,/СССР/, Александр, Нина, Индра, Коля гэх мэт олон орос үг,  орос нэртэй хүмүүсийн цөөнгүйг бид мэднэ. Тэгвэл  1933 тооллогоос илүү 1956 оны тоологод орос нэр нилээд түгээмэл ажиглагддаг ба  эдгээр  орос нэртэй  хүмүүсийн ихэнх нь 16-17 наснаас доош байгаа нь  бас нэгэн  жишээ байж  болох юм.
Тэгвэл Монгол нэрний тухайд цаг үе болон  бүсийн ялгаа  байдаг нь харагддаг Жишээ нь:  Баруун Монголчуудын   хувьд эртний шинжтэй нэр өгч байгаа  тохиолдол нь зүүн бүсийн болон төвийн бүсийн ард түмнээс илүү байдаг. Үүнээс дурдвал Увс аймгийн Сагил сумын хүн амын тооллогод Моголцог, Онч, Хасаг, Увш, Харүрэн, Мулцаг, Буйлаг, Зулаг, Илтэй, Журга, Үэжин, Идэш. Мөн аймгийн Түргэн сумын тооллогот Нингар, Хасуу, Жуталдай, Моголцог, Хөлөг, Гөлөм, Хөхөлдай, Хүлтэй, Чулуудай, Анжгай. Мөн аймгийн Бөхмөрөн сумын тооллогод Эргүүн, Харжаа, Огсог, Хүлгээ, Журай, Үрхай, Хатуу, Хадаасан, Мугал, Хүлтай гэх мэт олон нэрийг харж болно. Хүн амын тооллого хойшлох тусам хүний нэр нь орчин үеийн шинжтэй болж, мөн нэг гэр бүлийн ах дүүс нарыг илэрхийлсэн нэрний адилсал түгээмэл ажиглагддаг. Жишээ нь Батсүх, Батсуурь, Батдэлгэр гэх мэт тэгвэл 2000 оны хүн амын тооллогод Тэмүжин, Тэмүүлэн, Хасар, Есүй, Есүгэн, Анужин, Хулан гэх мэт түүхэн хаад, хатад, баатаруудын  нэр тохиолдож байгаа нь 1990 оноос хойш ардчилсан нийгэмд шилжин орж судлаачид ямар нэгэн үзэл сурталд баригдалгүй түүхийг бодитоор бичиж ард иргэдэд таниулснаар Мснголчуудын үндэсний үзэл сэргэсэн нь түүхэн хүмүүсийн нэрээр нэрлэх явдал түгээмэл болж байгаагаар тайлбарлаж  болно.

Овог нэрийн тухайд: 1929, 1933. 1944. 1947, 1956 ондуудын хүн амын тооллогуудын өрхийн тэргүүлэгчдийн нэр болон түүний ам бүлийн гишүүдийн овог нэрийг бүртгэхдээ.
•    Эцгээр  овоглох
•    Эхээр  овоглох
•    Эхийн эцгээр овоглох
•    Ахаар  овоглох
•    Бутачаар овоглох
•    Нөхрөөр   овоглох
•    Нөхрийн эцгээр овоглох зэргээр  бүртгэсэн байна.
1927,1929,1933 оны хүн амын тооллогод Бутач гэсэн нэрээр овоглсон элбэг байдаг бол 1956 оны тооллого болон сүүл үеийн тооллогуудад Бутач гэсэн нэр бараг тохиолддоггүй энэ нь нийгмийн сэтгэл зүйн хөгжлөө дагаад алга болсон бололтой.
1922, 1925, 1927, 1933, 1944, 1947, 1956 онуудад явагдсан хүн амын тооллогууд дахь асуулгууд нь тухайн үеийнхээ нийгмийн  давхраа янз бүрийн үзэл суртлыг илэрхийлж байдаг. 1922-1933 оны тооллогуудад “лам” гэсэн нийгмийн анги давхраа  байсан бол 1944-1956 онын тооллогуудад лам гэсэн нийгмийн давхраа үгүй болсноор тус  категори байхгүй болсон байна. Харин ажилчин, албан хаагч нарийн мэргэжил тусгасан асуулгууд их байгаа нь лам гэсэн анги давхраа устаж оронд ажилчин анги гэсэн цоо  шинэ давхраа түрэн гарж ирснийг харж болно. Үүнтэй уялдаад хүний нэрэнд тодорхой өөрчлөлтүүд гарч шинэ утга санаа бүхий нэрүүд бий болсон ажгуу.
Хүний нэр гэдэг нь тухайн улс орны зан заншил, шүтлэг бишрэл, хэл соёлын өвөрмөц утга, нийгмийн сэтгэл зүйн хөгжлийг илэрхийлэгч юм. Иймээс хүмүүс бидний нэр нь нийгмийн хөгжил дэвшлээ дагаад шинэ агуулга, утга санаагаар баяжигдан нэмэгдсээр байдаг билээ.
МАН-ын Баримтын төвийн сан хөмрөгч Б.Амартүвшин